Сурах арга барилаа олоогүй хүн хэчнээн хичээсэн ч үр дүн гаргахад бэрх. "Study Less, Study Smart" буюу ухаалгаар суралцахыг илүүд үзэх болсон энэ цаг үед бид амжилттай суралцахад туслах апп-уудыг танилцуулж байна. Бүтээмж нэмэх, гадаад хэл сайжруулах, ном унших, илтгэл танилцуулахад туслах олон төрлийн платформ бий болсон. Тэдгээрээс онцлох апп-уудыг шилэн санал болгож байна. 

1. Notion - Бүтээмж нэмэгдүүлэх, тэмдэглэл хөтлөх, төлөвлөх

"Notion" бол ашиглахад хялбар, уян хатан, загвар дизайны хувьд шинэлэг, бүтээмж сайжруулахад хэрэгцээтэй төрөл бүрийн функц агуулдаг. Апп-д жил, сар, долоо хоногийн төлөвлөлтүүдээ хийж болохоос гадна хичээл, хурлын тэмдэглэл, төслийн санаануудаа бичиж тэмдэглэх, дадал хэвшил болоод хувийн санхүүгээ ч хянах боломжтой. Мөн шууд татаж аваад ашиглах боломжтой олон жишээ загвар (template) байдгийг дурдах нь зүйтэй.

Тэмдэглэж, бүртгэж болох зүйлсийн жишээнүүд:

  • Хичээлийн тэмдэглэл, төлөвлөлт
  • CV / Resume
  • Дүнгийн тооцоолол
  • Унших номын жагсаалт болон хичээлийн хуваарь

Татах: iOS | Android


2. Тэтгэлэг - Гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлгийн тухай мэдээлэл

Тэтгэлэг хүртсэн хүмүүсийн хамгийн том зөвлөгөө юу гээч? Тун энгийн. Тэтгэлгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй тогтмол хүлээн авах. Түүний дараа, цагийг нь тулгалгүй эртнээс материалаа бүрдүүлэх.

"Тэтгэлэг" бол гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлгийн талаарх мэдээллийн цогц апп. Залуусын хувьд тэтгэлэг авах, олон улсын хурал, сонирхолтой хөтөлбөрт хамрагдах нь ирээдүйн карьерт нөлөөлөх чухал алхам учраас цэгцтэй, системтэй мэдээллийг нэг дороос аваарай.

Татах: iOS | Android


3. Teleclass.mn - гадаад хэлээ сайжруулах

"TeleClass" бол гар утсаараа дамжуулан төрөл бүрийн багш нараас хичээл авах боломжтой апп. Англи, япон, хятад, франц, монгол хэл болон ерөнхий боловсролын бүх хичээлийн давтлагийг апп-аар дамжуулан авах боломжтой.

Үүнээс гадаад хэлний давтлагуудыг онцлууштай. Хэрэв олон хүний дунд чөлөөтэй ярьж, мэдэхгүй зүйлээ асуухаас санаа зовдог бол "TeleClass" апп-ыг утсандаа суулгаарай. Ингэснээр багш нартай сонирхсон сэдвээрээ цаг товлон ярилцаж, ярианы чадвараа сайжруулж болно.

Татах: iOS | Android


4. Grammarly - Дүрэм, үгийн сонголт шалгах үйлчилгээ

Орчин цагт англиар бичих, ярих хэрэгцээ хаа сайгүй. "Grammarly" хэмээх англи хэлний дүрэм шалгах үйлчилгээ нь оюутнууд төдийгүй ажлын талбарт аль ч насны мэргэжилтнүүдийн чухал хэрэгсэл болсон. Имэйл бичих, гадаад хүнтэй чатлахаас эхлээд эсээ бичих, илтгэл танилцуулах, тайлан бэлдэх зэрэгт алдаагүй зөв бичих нь чухал. Тэр үед хамгийн тус болох апп бол энэ юм.

Татах: iOS | Android


5. Mplus - Цахим номын сан

Орчин цагийн завгүй амьдралын хэмнэлд ном унших цаг гаргана гэдэг амаргүй явдал болжээ. Үүнд туслах хамгийн оновчтой шийдэл бол цахим болон аудио ном, подкастын платформ "Mplus" апп юм. Гэрээ цэвэрлэх, хоол хийх, машинаа барих зуур чихэвчээр номоо сонсож, автобусанд түгжрэх зуураа гар утсаараа дуртай номоо уншиж явбал сайхан биш гэж үү?

Татах: iOS | Android


Холбоотой нийтлэлүүд:
Танилц, Mplus - Таны цахим номын сан
"Mplus" цахим номын сангаас онцлох 10 ном
Апп тойм: Mplus - Цахим ном, аудио ном, подкастын цогц платформ


6. Focus Plant - Төвлөрөх

"Focus Plant" бол ухаалаг утаснаасаа түр ч болов холдож, амьдралынхаа үнэ цэнтэй чухал зүйлсэд цаг зарцуулахыг хүсэж буй хэн бүхэнд хэрэгцээтэй апп юм. Ажиллах зарчим нь тун энгийн. Дэлгэцээс хол байж, хийж буй ажилдаа төвлөрч "дусал ус" цуглуулна. Энэхүү усаараа 200 гаруй ургамлыг апп дотроо тарих боломжтой.

Татах: iOS | Android


7. Reddit - Интернэтийн эхний нүүр

"Reddit" бол сошиал мэдээнүүдийн нэгдэл. Аливаа мэдээнд үнэлгээ өгч, олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх хамгийн алдартай платформуудын нэг юм. Цахим сүлжээний хязгаарлагдмал орчинд цэгцгүй мэдээлэл авахаас зайлсхийж байвал татаад үзээрэй. Дэлхий дахинд өрнөж буй тренд сэдэв, мэдээг цаг алдалгүй авах боломжтой.

Татах: iOS | Android


8. Canva - Презентац, зурагт хуудас, бичлэг хийх

"Canva" нь график дизайны хамгийн энгийн шийдэл бүхий цогц платформ. Апп-ыг ашиглан график, танилцуулга, зурагт хуудас зэрэг төрөл бүрийн контентыг богино хугацаанд бүтээх боломжтой. Хүмүүсийн хэрэгцээнд зориулсан олон жишээ загвар бэлэн байдаг нь тун амар. Түүнээс өөрийн сэдэвт тохирох дизайн, зураг, график дүрслэлийг сонгон ашиглаарай.

Татах: iOS | Android


9. Quizlet - Тест ажиллах, өөрийгөө сорих

Аливаа шалгалт, шүүлэгт бэлдэхдээ тухайн сэдэв, бүлэг эсвэл үндсэн чухал ойлголтын дагуу асуулт зохиож, өөрийгөө сорих нь амжилттай стратеги болдог тухай бид өмнөх нийтлэлдээ дурдаж байсан. Тэгвэл "Quizlet" апп-аар дамжуулан тэрхүү стратегийг сонирхолтой, хүртээмжтэй, хялбар байдлаар хэрэгжүүлэх боломжтой.

Татах: iOS | Android


10. Photomath - Математик тооцоолол, тайлбар

Ойлгохгүй бодлогынхоо зургийг дарахад л хариулт, тайлбарууд нь гараад ирнэ гээд бод доо. Заавал багш нараасаа асуух гэж хүлээхийн оронд богино хугацаанд элдэв математикийн тооцооллын хариуг олж мэдэх, учрыг нь олоход тусална. "Photomath" апп-ыг татаад, бодож чадахгүй байгаа бодлогынхоо үйлдэл, тайлбар, хариултыг олж аваарай. Алдаагаа засахдаа ашиглавал бүр ч үр дүнтэй.

Татах: iOS | Android