Хэрэгцээт мэдээллээ таалагдсан хэлбэрээрээ хүлээн авах тун амархан болсныг танд Mplus апп мэдрүүлэх болно. Эндээс та, хувь хүний хөгжил, уран зохиол, намтар, түүх тэргүүтэй төрөл бүрийн ном зохиолыг цахимаар уншиж, аудиогоор сонсохын сацуу сүүлийн үед гарч буй шинэхэн подкастуудыг нэг дороос цаг алдалгүй хүлээн авах боломжтой. 
Цаг үетэйгээ хөл нийлүүлж, ядарсан үедээ тархиа амраан, завгүй алхаж явахдаа ч алдалгүй өөрийгөө хөгжүүлж, уйдах цагтаа өөр ертөнцөд зочлохыг хүссэн хэн бүхний заавал хэрэглэвэл зохих Mplus аппыг танилцуулъя.


mplus.mn | Facebook | Youtube | Twitter | Instagram

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Өдгөө гуравдахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Mplus (М+) апп нь монгол хэл дээрх цахим ном, аудио ном болон подкаст бүхий платформ юм. Одоогоор цахим сандаа гадаад болон Монголын зохиолчдын 800 гаруй оюуны бүтээлийг нэгтгээд буй. Гол давуу тал нь энд буй бүхий л бүтээлүүд бүгд оюуны өмчийн эрхийг дээдэлсэн, албан ёсны эрхтэйгээр байршсанаас гадна та аль ч улсад бай энэ бүхнийг байгаа газраасаа хүлээн авах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, хэрвээ та гаднын улсад амьдардаг, эсхүл номын дэлгүүр орж амждаггүй байсан ч шинээр худалдаанд гарсан номуудыг цаг алдалгүй уншиж, хүссэн номоо хэвлэмэл хувилбараас нь ч хямд үнээр худалдан авч чадна гэсэн үг.

Аппын Цахим номын сангийн хувьд тун баялаг санагдав. Ялангуяа хуучны сонгодог болон сүүлийн үед гарсан онцлох ном олон байлаа. "Нийтийн оюуны сан" буюу төлбөргүй номын хэсэг "үнэгүй зүйл чанаргүй байдаг даа" хэмээх урт хугацаанд ухамсаргүйгээр суусан хэвшмэл хүлээлтийг давахуйц ажээ. Энд "Монголын нууц товчоо", "Монте Кристо гүн", их зохиолч Д.Нацагдоржийн түүвэр зохиол тэргүүтэй дэлхийн болон Монголын сонгодгууд зэрэгцэн байрласан нь тун өгөөжтэй.

Цаашлаад аудио номын хэсэг таныг гайхшируулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энд байрласан сонсдог номын тоо, чанар, эрэлтийг харахад Монголын ном, оюуны бүтээлийн зах зээл энэ хэмжээнд хөгжиж буйд эрхгүй баяр төрөх аж. Монголын түүхийн зузаан ботиуд, машинд явахдаа сонсох сургамжит өгүүллэгүүд, уншъя гэж бодоод завдал гардаггүй уран зохиолын номууд, бяцхан үрсээ хөгжүүлэх хүүхдийн номууд, өөртөө цаг гаргах сэдэл болох хувь хүний хөгжлийн номуудыг бүгдийг сонсож болно. Зарим аудио номыг тухайн номын зохиогчид өөрсдөө уншсан нь улам таатай, ойрхон мэдрэмжийг өгч байлаа.

Подкаст хэсэг ч мөн л таны цагийг хэмнэж, өгөөжтэй мэдээллийг үр дүнтэй өгөхөд анхаарсан сувгуудаар баян аж. Санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, бизнес, боловсрол, энтертайнмент гэх мэт салбар салбарын мэдлэгээс хүртэж, мэдээ мэдээлэл авч, экспертүүдийн байр суурьтай танилцахыг хүссэн хэн бүхэнд подкаст хэсэг яг тохирно. Дуртай сувгаа дагачихвал тухайн сувагт шинэ дугаар орох бүрд мэдэгдэл ирж байсан нь аятайхан.

Төлбөртэй бүтээлүүдийн хувьд банкны карт, интернэт банк, төлбөрийн шийдлүүдийг (Most money, Social pay) ашиглан төлбөрөө хийж болохоос гадна хэрвээ гаднын орноос хандаж буй бол Master Card, American Express, Visa ашиглах боломжтой юм байна. Мөн сүүлийн үед дотоодын аль ч банкны картаа HiPay-д нэг удаа холбоод л, цаашид төлбөрөө ганц товшилтоор хялбархан хийх шинэ нэмэлт орж буй аж.


Апп татах:

- iOS
- Android
- Huawei

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ? 

Юуны өмнө олон уран бүтээлчийн, төрөл бүрийн бүтээлүүдийг тун цэгцтэй, ойлгоход хялбараар байршуулсан нь таалагдлаа. Хэрэгтэй зүйлээ хайж олоход ямар нэг хүндрэл, төөрөгдөл үүссэнгүй. Нэмээд, унших зориулалттай цахим номыг дөрвөлжин дүрсээр, аудио номыг гурвалжин дүрсээр, подкастыг дугуй дүрсээр илэрхийлсэн нь тун минималист бөгөөд сонирхолтой, урт хугацаандаа хэрэглэхэд ойлгомжтой дизайн байв.

Аппыг онцлох гол давуу тал нь оффлайн буюу интернэтгүй орчинд ажиллуулах, төлөвлөсөн номоо сүлжээнээс хамааралгүй унших боломж. "Дэлхийн хаанаас ч, хэзээ ч" хэмээх тэдний үгс оффлайн үед л төгс биелэх юм. Амралтаараа хөдөөгөөр амарч явахад замын урт, холын аяны үнэнч нөхөр, гол дүр Mplus байсныг энэ завшаанд дурдмаар байна. Сүүлийн үед ч аяллын үеэр аудио ном сонсох хандлага элбэг болсон нь ажиглагдсан.

Мөн онцлохгүй байхын аргагүй нэг үйлчилгээ нь цахим болон сонсдог номыг багтаасан "Цэнэг" гишүүнчлэлийн үйлчилгээ юм. Дотоодын болоод олон улсын зах зээлд их эрэлттэй, шилдэг ном бүтээлүүдийн цахим болон аудио (сонсдог) хувилбаруудыг "Цэнэг" санд нэгтгэжээ. Сар тутам шинэ бүтээлээр арвиждаг бөгөөд хэрэглэгч энэ үйлчилгээг авснаар багадаа 90 хувийн хэмнэлт хийх юм. Уг үйлчилгээний нэгэн хэрэглэгч "Хоолоор яривал гуляш, цуйван, банштай цай гурвыг нэгтгээд ганц хуушуурны үнээр авч буйтай адил" хэмээсэн нь яг л оносон тодорхойлолт мэт.

Хүссэн номоо худалдаж авахын өмнө эхлэл хэсгээс нь уншиж эсвэл сонсож үзээд шийдвэрээ гаргах боломжтой нь бодит номын дэлгүүрт буйтай адил мэдрэмж төрүүлж байлаа. Хүсвэл Mplus-ын Youtube сувгаас аудио номын эхлэл хэсгүүдийг нэг дороос харж, сонсоод шийдэж болох юм билээ. Уншигчдад заавал санал болгох нэг зүйл бол долоо хоног бүр зарлагддаг хямдралтай номын хэсэг. Энэ хэсэг тогтмол шинэчлэгддэг бөгөөд зарим номууд 50 хувь хүртэл хямдарсан байх нь бий. Гол нь сонор, соргог байх хэрэгтэй шүү.



САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС 

Цахим, технологийн бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх бүр өсөж, энэ төрлийн оюуны бүтээлтэй харилцах хэрэглэгчдийн мэдлэг боловсорч буй энэ үед хэрэглэгчдийг урамшуулах, ашиглаж хэвшихэд нь туслах зорилгоор "Нийтийн оюуны сан" буланг улам арвижуулж, тэр дундаа хүүхдэд хандсан бүтээлүүд түлхүү нэмбэл гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ уг булан дахь номын тоо цаашид өсөх нь тодорхой болов уу.

Хэрэглэгчийн зүгээс аппын санг тасралтгүй өргөжүүлж, хэрэглээг илүү хялбаршуулахыг шаардсаар байх нь дамжиггүй. Mplus-ын хувьд хэрэглэгчийн энэ хүлээлтийг хөсөрдүүлэхгүй биз ээ.

Санал болгох:

WorldPlus - Сэтгүүлээ уншиж, шинийг сэд

M+ Music - Хөгжмийн ертөнцөд тавтай морил