Та оффист ажилладаг уу? Өдрийн ихэнх хэсгийг компьютерын ард өнгөрүүлдэг үү? Тэгвэл таны хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар буюу програм бол гарцаагүй интернэт хөтөч (web browser) байж таараа. Магадгүй таны хамгийн бага анхаарал хандуулдаг програм ч мөн л интернэт хөтөч биз ээ. 

Интернэт гэх ертөнцтэй харьцах цонх, гүүр болсон энэхүү програмыг хамааран ажиллах арга барил өөрчлөгдөж улмаар ажлын бүтээмж нэмэгдэж эсвэл буурдаг. Хэрэв та компьютерынхоо default буюу “цаанаас ирсэн” Chrome, Edge, Safari зэргийг л ашигладаг бол маш их боломжоос хоцорч байж болох юм. 


Иймд энэхүү нийтлэлээрээ өнгөрсөн хугацаанд өөрийн ашиглаж байсан, зах зээлдээ тэргүүлэгч 8 интернэт хөтчийн онцлог талуудыг бичлээ. Ингэхдээ хүмүүсийн хамгийн сайн мэддэг Chrome-оос эхлэн хамгийн бага мэдэх Vivaldi-гаар төгсгөв. Та өөрт тохирох, ажлын тань үнэнч хамтрагч, туслах байж чадах хөтчийг олно гэдэг итгэлтэй байна.

Бүх хүнд төгс таарах шилдэг хөтөч гэж үгүй бөгөөд тухайн хүний ажлын онцлог, хувийн сонирхлоос хамаараад олон янз тул та бүхэн өөрсдөө туршиж үзээрэй.


Chrome - Хамгийн аюулгүй сонголт

Интернэт хөтчийн зах зээлийн 65 хувийг дангаар эзэлдэг Chrome бол энэ салбарын үнэмлэхгүй аварга. Google хөгжүүлэлтийг нь хариуцдаг тул үргэлж шинэчлэл гарч, функц нэмэгдэж, ажиллагаа нь сайжирч байдаг. Мөн Chrome-д олон мянган extension буюу нэмэлт байдаг тул хөтчөө өөрийн хүссэнээрээ “тохижуулж” болно. Нээсэн хуудаснуудаа бүлэглэхээс эхлээд нууц үгээ хадгалах, олон төрлийн profile нээх боломжтой. Хамгийн гол нь эдгээр мэдээллүүд gmail буюу таны Google хаягт хадгалагдах учир бүх мэдээлэл нэг дор оршино гэсэн үг.

Хэнд тохирох вэ?

- Цахим хөтчөөсөө нэмэлт олон зүйл шаарддаггүй
- Янз бүрийн хаяг нээх хүсэлгүй, цахим минамалист
- Google-ийн бусад үйлчилгээ, платформыг ашигладаг

Татах


Safari - Алим л бол алим

Chrome-той өрсөлдөхүйц нөөцтэй ганц хөтөч бол Apple-ийн Safari. Уг хөтөч Apple-ийн бүх төхөөрөмж дээр гайхалтай зохицон ажиллах бөгөөд цэнэг зарцуулалт бага (жишээ нь, бичлэг тоглуулахад нэг цэнэглэлтээрээ Chrome-оос 4 хүртэлх цаг удаан ажилладаг гэнэ), ажиллагаа хурдан гэдгээрээ ялгарна.

Мэдээж Apple тул Safari-гийн нууцлалд эргэлзэх хэрэггүй. Тодруулбал, веб болгон зочилж буй хэрэглэгчийг ямар нэг байдлаар “мөшгөж” мэдээллийг нь цуглуулж, тэрхүү мэдээллээ төрөл бүрээр ашиглаж байдаг. Худалдааны сайт руу орсны дараа сошиал сүлжээнд тэр төрлийн зар сурталчилгаа харагдаж эхэлдэг нь үүнээс нь гаралтай. Safari-г Apple-аас бусад төхөөрөмж дээр ашиглах боломжгүй нь сул тал мөн ч нөгөө талаар давуу тал болно.

Хэнд тохирох вэ?

- Төхөөрөмжийнхөө цэнэг, тооцоолох хүчийг гамнах хүсэлтэй
- Apple-ийн төхөөрөмжүүдтэй, алимын үнэнч фен
- Цахим орчинд хийж буй үйлдлүүдээ нууц байлгах хүсэлтэй

Татах


Microsoft Edge - Хуучин бууны хугархай

Бидний ихэнхийг маань интернэттэй анхлан танилцуулсан хөтөч бол Microsoft-ийн Internet Explorer. Яваандаа энэхүү хөтөч хоцрогдож, удаан, хөгшин гэх тодотголтой болж олон ч хошин агуулгад дурдагдах болсон билээ. Хэдий тийм ч сүүлийн жилүүдэд Microsoft интернэт хөтчийн зах зээлд улам хүчирхэг болж, Microsoft Edge хөтчийг шинээр хөгжүүлсэн юм. Windows үйлдлийн систем, Word, Excel, PowerPoint, Teams зэрэг оффис програмуудтай хоршин ажиллахаас гадна энэ хөтөч дээр хиймэл оюун ухааны Copilot туслах таныг үргэлж дагалдах болно.

Хэнд тохирох вэ?

- Ажлын харилцаа Microsoft-ийн оффис програм дээр суурилдаг
- Windows-ийн харагдац, хэрэглээнд дуртай
- Хиймэл оюуныг ихээр ашигладаг

Татах


Opera - Хөгшин гэхдээ хоцрогдохгүй

Энэ жил 30 насны төрсөн өдрөө тэмдэглэх Opera бол хэрэглээнд байгаа хамгийн хуучны хөтчүүдийн нэг юм. Хэдий тийм ч хийц, хэрэглээ талаасаа огт хуучин санагдахгүй. Зөвхөн тоглоомчдод зориулсан Opera GX хувилбараас эхлээд сүүлд нэмэгдсэн хиймэл оюун ухаант туслах, хажуу хэсэгт байх чат аппууд, үнэгүй VPN гээд орчин цагийн хэрэглэгчид хэрэгтэй бүхэн бий. Гэхдээ тэд аюулгүй байдлын тал дээр тийм ч нэр хүндтэй биш.

Хэнд тохирох вэ?

- Аль нэгэн том компанийн харьяалалгүй, бие даасан хөтөч хайж байгаа
- Орчин үеийн, догь харагдах хүсэлтэй
- Мэдээллийн нууцлалт тийм ч их анхаарал хандуулдаггүй

Татах


Firefox - Ганц дайчин ганцаардахгүй

Энэ жагсаалтад дурдагдах Safari, Firefox-оос бусад бүх хөтчүүдэд нэгэн ижил тал бий. Тэд бүгд нэгэн ижил суурьтай. Тодруулбал, Google-ийн эзэмшлийн Chromium нэртэй, нээлттэй эхтэй (open source) хөтөч/төсөл бол орчин цагийн ихэнх хөтчүүдийн ашигладаг суурь технологи юм. Мэдээж бүх хөгжүүлэгчид өөрсдийн гэсэн өнгө төрх, загвар хэрэглээтэй хөтөч хөгжүүлж буй ч суурь технологи нь ижил гэхээр зарим хүмүүст тийм ч таатай санагдахгүй нь лав. Ингэж бодсон нэг компани байсан нь ашгийн бус Mozilla Foundation юм.

Ийнхүү тэд 20 жилийн өмнө суурь технологио шинээр хөгжүүлж, нээлттэй эхтэй хөтөч болох Firefox-ийг танилцуулсан билээ. Энэхүү хөтчийн хамгийн том онцлог нь бусдаас ангид оршиж буй явдал нь.

Хэнд тохирох вэ?

- Linux үйлдлийн систем ашигладаг
- Нэг технологи/компанийн монопол байдлыг багасгах хүсэлтэй
- Мэдээллийн нууцлал, цахим аюулгүй байдалдаа дээр зэргээр анхаардаг

Татах

Одоо харин хүмүүсийн бага мэдэх хөтчүүдийг танилцуулж эхэлье. Сануулж хэлэхэд, доор дурдах хөтчүүдэд нь энгийн хөтчүүдээс илүү ярвигтай байж болох юм шүү. Хэрвээ та илүү, дутуу хөтөч шиг л хөтөч хүсэж байгаа бол дээр дурдсан таван хөтчөөс сонгоорой. Харин зүгээр нэг хөтөч биш элдэвтэй хөтөч хайж байгаа бол үргэлжлүүлэн уншаарай.


Brave - Хөтөч биш экосистем

Хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээнд энэ хөтчийн зар сурталчилгааг харж байсан уу? Тухайн үед шинээр хүн татуулах бүрд урамшуулал өгдөг байсныг санах нэг нь санаж буй биз ээ.

Brave бол зөвхөн хөтөч гэхээсээ илүү уламжлалт зар сурталчилгааг халж, хувь бүтээгчдийг дэмжих экосистем гэж хэлж болно. Криптовалютыг ихэд дэмждэг, өөрийн гэсэн цахим хэтэвчтэй, тэр байтугай зар сурталчилгаа үзээд цуглуулж, түүгээрээ ваучер авах эсвэл бусдад өгөх боломжтой BAT хэмээх токентой.

Хэнд тохирох вэ?

- Зар сурталчилгаа ихтэй олон вебээр зочилдог
- Крипто сонирхдог, хийж буй үйлдэл бүрээсээ токен цуглуулах хүсэлтэй
- Уламжлалт хөтөч болон зар сурталчилгааны загварт дургүй

Татах


Arc - “Залуу нас”-ны бүтээмжээ Аркаас

Миний хувьд өдөр бүрийг интернэтэд холбоотой өнгөрүүлсэн сүүлийн 10 жилд дээр дурдсан бүх л хөтчийг ашиглажээ. Ингэж явсаар сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үнэнчээр ашиглаж буй Arc бол товчхондоо таны ашиглаж үзсэн бүх хөтчөөс өөр байх болно. “Хөтөч яагаад заавал ийм байх ёстой вэ?” гэх эсэргүү бодлоос эхэлсэн энэхүү хөтчийн функц бүр нь нээрээ л анхнаасаа бүгд яагаад ийм байж болоогүй юм бол гэх бодлыг төрүүлнэ.

Дээр биш хажууд байх үндсэн цэс, дурын вебээ өөрийн хүслээр засаж янзлахаас эхлээд олон зүйл нь “дассанаас чинь өөр” тул тухтай ашиглаж суртлаа тодорхой хугацаа зарцуулах ч нэгэнт дассан бол бусдыг нь ашиглаж чадахгүй болохыг анхааруулж байна. Мөн үндсэн хөгжүүлэлт нь саяхнаас зогссон тул ирээдүй нь бага зэрэг бүрхэг байгааг сануулъя.

Үргэлжлүүлэн унших: 500 хоног ашиглав: Амьдрал хөнгөвчлөх Arc интернэт хөтөч

Хэнд тохирох вэ?

- Интернэт хөтчийн уламжлалт загвараас уйдсан
- Ямар сонин хөтөч вэ гэх асуултыг олон дахин авахад бэлэн
- Бүтээмжээ нэмэгдүүлж, “интернэт дэх өөрийн гэрээ” бий болгох хүсэлтэй

Татах

Vivaldi - Мөрөөдлийн хөтчөө бүтээ

Энэ бол өнөөдрийн нийтлэлд дурдагдсан хөтчүүдээс хамгийн их тохиргоотой, дээд зэргийн “уян хатан” хөтөч. Магадгүй хөтөч бус бүхнийг багтаасан програм ч гэж нэрлэж болмоор. Холбож болох үйлчилгээ, хоршуулж болох платформуудын тоо гэж замбараагүй олон. Энэ хөтчийн өчүүхэн жижиг товчоос эхлээд бүхнийг өөрийн хүслээр өөрчилж болно. Сонирхсон хүмүүст зориулаад удахгүй дэлгэрэнгүй нийтлэл бичнэ ээ.

Хэнд тохирох вэ?

- Цахим орчны хамгийн архаг, элит “power user”-үүд
- Эмх цэгцэд дуртай, өөрөөр хэлбэл тэрүүхэндээ OCD-тэй
- Хөтчөө бүхний эхлэл цэг болгож ашиглах хүсэлтэй

Татах

Төгсгөлд нь ахин дурдахад, хүн бүрийн хэрэгцээ, шаардлага өөр тул бүгдэд таарсан төгс хөтөч гэж үгүй. Chrome, Safari, Edge зэрэг аваргууд бол мэдээж хэн бүхний хэрэглээнд таарна. Гэхдээ интернэтийн цонх, гүүр болсон хөтчөө шинэ түвшинд ашиглая гэвэл энэ нийтлэлд дурдагдсан бусад хөтчүүдийг туршаад үзээрэй.

Таны хувьд шилдэг хөтөч юу вэ? Яагаад?