Амьдралаа аппгүйгээр төсөөлөх боломжгүй болжээ. Хоол хүргэлт, такси дуудлага, скүүтер түрээс, харилцаа холбоо гээд өдөр тутмын бүх л үйлдэл тусгай аппуудын тусламжтай илүү хялбар, илүү хүртээмжтэй болж буй. Тэгвэл улс төрийн шийдвэр гаргалтад саналаа тусгах, нэр дэвшигчдийн талаар мэдээлэл авах, сонгуулиа өгөх үйл гар утасны аппын тусламжтай илүү хялбар болж болох уу?

Энэ асуултын хариултыг олохоор “Үндэсний Эвсэл”-ийн аппыг туршиж үзэв.

Апп татах: Android | IOS

Улс төр, нийгэм, иргэний оролцоо зэрэгтэй холбоотой ихэнх аппууд уламжлалт хэв загвартай, хэт их мэдээлэлтэй байх нь элбэг. Харин Үндэсний Эвсэл аппаас хамгийн их таалагдсан зүйлс бол гарцаагүй энгийн хийцлэл, өнгөний сонголт, цөөн товч, том цэс, гаргацтай текст зэрэг нь байлаа.

Одоо харин аппын функцуудтэй танилцъя. Энэ апп үнэхээр улс төрийг ойртуулж, хэрэглэгч буюу сонгогчдод улс төрийг ойртуулж чадах уу?

Холбоотой нийтлэл: "Үндэсний Эвсэл"-ийн мөрийн хөтөлбөрийг А-Я үсгэнд

Мэдээлэл

Аппын хамгийн гол функц нь мэдээлэл авах хэсэг. Мэдээний сайт болон сошиал аппууд шиг цаг хугацааны дарааллаар сонгогчдод хэрэгтэй мэдээллүүдийг нийтлэл байдлаар оруулжээ. Нийтлэлүүдийн зургийн байршил болон текстийн хэмжээ нь уншихад хялбар байв.

Мөн хэрэглэгч өөрийн сонирхдог сэдвүүдээ сонгож болох бөгөөд аппын “Миний сонирхол” хэсэгт тус сонголт дээр тулгуурлан зөвхөн сонгосон сэдвийн мэдээллүүд л харагдана.



Санал

Улс төрчид бол угтаа ард иргэдийн төлөөлөл. Тиймээс сонгогч бид төлөөлөгч нартаа үзэл бодол, санал шүүмжээ нээлттэй хэлж байх нь чухал юм. Орчин цагт хурал, цуглаанд нь тогтмол оролцоод байх боломжгүй учир гарцаагүй технологийн шийдэл хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ байгаа ч энэ төрлийн платформууд “албан ёсны” байж чаддаггүй нь үнэн.

Үндэсний Эвсэл аппд энэ хэрэгцээг хангах “Санал асуулга” цэс бий. Уг хэсэг рүү орсноор саналаа өгөх, асуултад хариулах боломжтой. Хэрэглэгчдийн санал, шүүмжийг үнэхээр л бодитой тусгаж авч чадах юм бол уг цэс нэн өгөөжтэй санагдлаа.

Зөвхөн сонгуулиар сонсохгүй. Үргэлж гишүүд, дэмжигчдээ сонсох нээлттэй платформ болгожээ.



Дэвшигчид

Томсгосон тойргийн тогтолцоогоор явагдах анхны УИХ-ын сонгууль болоход хэдхэн хоног үлдсэн байна. Тойрог томсохын хэрээр нэр дэвшигчдийн тоо ч нэмэгдэж, сонгогч бид сонголтоо мэргэн хийхийн тулд илүү олон хүнтэй танилцах хэрэгтэй болов.

Нэр дэвшигч бүрийн цахим хуудсаар зочилж, олон мэдээлэл дундаас хэрэгтэйгээ олж харна гэдэг амаргүй даваа. Харин Үндэсний Эвсэл аппын “Миний төлөөлөл” хэсэг рүү орж, өөрийн тойргоо сонгосноор тус тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн мэдээлэлтэй танилцаж болох аж. Энэ болоо сонголт хийхэд тустай, цагаа хэмнэх боломж.



Гишүүд

Уг аппаар дамжуулан тус эвслийн гишүүн болох өргөдлөө илгээх, гишүүн болсон бол эвслийн дотоод арга хэмжээний мэдээлэл авах, өөр хоорондоо зурвас илгэх, дуудлага хийх боломжтой болох гэнэ. Хүнд суртлаас ангид, өөр хоорондоо чөлөөтэй харилцах хэвтээ тогтолцоог байгууллагын хувьд хэрэгжүүлж байгаа нь энэ юм байна.

Дүгнэлт

Улс төрийн мэдээлэл зөвхөн олон нийтийн сүлжээ, телевизийн суваг, хэвлэмэл материалаар явагддаг бус ийнхүү тусдаа платформтой болж байгаа нь сонгогчдын хувьд маргаангүй сайн мэдээ. Хэнийг сонгох нь тухайн сонгогчийн эрх. Гэхдээ бүх сонгогч сошиал алгоритм, хэвлэлийн төсвөөс үл хамааран ижил түвшний мэдээлэл авна гэдэг нь хамгаас чухал билээ.

Энэхүү нийтлэлийг "Үндэсний Эвсэл”-ийн Сонгуулийн штабтай хамтран бүтээв.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.