Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гар утасны апп, компьютерийн програм, тогтмол мэдээ, мэдээлэл авч буй вэбсайтыг хэрхэн хийдэг талаар сонирхож байсан удаа бий юу? Ганцхан удаа товшиход хүссэн бүхнээ олж үзэх, нэг л товч дарахад хайсан бүгдийг харуулж байгаа технологийн хэрэгслийн ард юу өрнөж байдаг бол?
Дэлхий дээр 6.3 тэрбум гар утас ашиглагдаж байгаагаас насанд хүрсэн америк хүн өдөрт дунджаар 262 удаа утсаа шалгадаг аж. Харин эдгээр хугацааны 80 хувийг апп-д зарцуулдаг. Тэгвэл Apple компанийн App store-т нийт 1.96, Google Play-д 2.87 сая апп байх агаад эдгээр аппууд хэрэглэгчийн сонирхлыг татахын тулд цаг ямагт өөр хоорондоо технологийн хөгжүүлэлтээрээ өрсөлддөг нь мэдээжийн хэрэг болов уу.
Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бидний хэрэглэдэг апп-ын өнгө төрх, хэрэглэгчид үзүүлэх хариу үйлдэлд технологийн шийдэл бий болгодог front-end хөгжүүлэлтийн талаар энгийнээр тайлбарлалаа. Мөн нийтлэлийн төгсгөлд front-end хөгжүүлэгчийн сонирхолтой зөвлөгөө бий шүү.

front-end ХӨГЖҮҮЛЭЛТЭЭС ӨМНӨ:
Хүмүүсийн 94 хувь нь аливаа апп, вэбсайтын өнгө төрхөөс үүдэн цааш үргэлжлүүлэх эсэхээ шийддэг гэнэ. Үүнээс үзэхэд анхны сэтгэгдэл тун чухал ба бид хэн нэгэнтэй уулзахдаа гадаад төрхийг нь эхлээд сонждог шиг апп, хэрэгслийг ч мөн ижил замаар таньж мэддэг аж. Тэгвэл front-end хөгжүүлэлтээс урьтаад UI (User interface), UX (User experience) гэсэн чухал ойлголтуудтай танилцах хэрэгтэй.
Тун энгийнээр тайлбарлавал...
Аливаа нэг апп яаж харагдах вэ гэдэг нь UI.
Хэрхэн ажиллах вэ гэдэг нь UX.
ТЭГВЭЛ UI БА UX ДИЗАЙНЕРУУД ЧУХАМ ЮУ ХИЙДЭГ ВЭ?
UI нь UX дизайны үйл явцын нэг хэсэг гэж ойлгож болно. Тэгвэл эдгээр хоёр дизайн хоорондоо хэрхэн огтлолцох вэ?
UI буюу хэрэглэгчийн интэрфэйс дизайнерууд нь аливаа технологийн бүтээгдэхүүн дэлгэц дээр хэрхэн харагдах, товчлуур нь хаана, ямар өнгө, фонт, гэрэл, дуу авиатай байх зэргээр хэрэглэгчийг бүтээгдэхүүнтэй холбоход шаардлагатай бүх зүйлийг зохион бүтээдэг. Харин UX дизайнер нь тухайн системд хандаж буй хэрэглэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг таньж үйлчилгээ үзүүлэхэд саад бэрхшээл гарч байгаа эсэхийг судалдаг. Өөрөөр хэлбэл, тухайн апп, хэрэгслийг хэрэглэгчдэд хамгийн сайн хувилбараар нь хэрхэн хүргэх тал дээр анхаарч ажилладаг хүн юм.
Нүд булаасан визуалтай боловч хайсан зүйл тань амар олдохгүй, ашиглахад хүндрэлтэй байгаа бол тухайн апп-ын UI дизайн сайн, UX дизайн муу байна гэсэн үг.
front-end ХӨГЖҮҮЛЭЛТ
UI болон UX дизайнууд front-end хөгжүүлэлттэй хэрхэн холбогддог вэ?
Аливаа апп-д серверийн тал буюу back-end, хэрэглэгчийн тал буюу front-end гэж бий. Харин бидний гол сэдэв болох front-end хөгжүүлэлт нь хэрэглэгчид харагдаж буй бүхий л хэсэг буюу UI дизайны үзэгдэх талыг програмчилж үзүүлдэг. Энгийнээр тайлбарлавал, тухайн дижитал үйлчилгээ, бүтээгдэхүүнээс бидний хүссэн мэдээллийг харуулахад тусалж буй бүх визуал элементийн кодыг бичиж, back-end хэсэг рүү шилжүүлэхэд тусална.

Тэгвэл front-end хөгжүүлэгч болоход академик ур чадвараас гадна хувь хүний ямар чадвар шаардлагатай вэ?
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай, ямар нэг хүндрэл чирэгдэлгүй хүлээн авах боломжийг олгож буй Clinica апп-ын front-end хөгжүүлэгч М.Мөнх-Абдулын дөрвөн зөвлөгөөг хүргэж байна. Ташрамд дурдахад тэрээр 2022 оны "DevSummit-Into the Metaverse" арга хэмжээнд илтгэгчээр оролцож байгаа билээ.

Сонирхдог байх
Мэргэжлээсээ кайф мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд багаасаа зохион бүтээх сонирхолтой хүүхэд байсан нь энэ мэргэжлээр сурах гол шалтгаан болсон гэж боддог. Хэдий технологийн салбарт хөгжүүлэгчээр ажиллаж, код бичиж байгаа ч эцсийн дүндээ бүтээл гаргаж байгаа шүү дээ. Тиймээс хийж буй ажилдаа дуртай, түүнээсээ сэтгэл ханамж авдаг байх нь чухал.
Бие даан суралцах
Технологийн салбар нь байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг. Харин хөгжүүлэгч үүнээс хэзээ ч хоцрох ёсгүй. Мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролоос хоцрохгүйн тулд бие даан суралцах чадвар шаардлагатай. Үүний тулд хязгааргүй их мэдээлэлтэй интернэт орон зайгаас өөрт хэрэгтэйгээ олж авах чадвар нэн тэргүүнийх. Энгийн мэт сонсогдох ч цахим орчноос үр ашигтай хайлт хийх нь чухал чадвар юм.
Тууштай байх
Мэргэжлийн дагуу академик боловсрол олж авсны дараа хувь хүний тууштай байдал сайн хөгжүүлэгч болж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхэд хамгийн их тусалдаг. Нэгхэн шөнийн дотор бүтчих зүйл биш шүү дээ. Тасралтгүй оролдлого, цуцашгүй чармайлт хэрэгтэй.
Залхуу байх
Хамгийн залхуу, хойрго хүн л бусдын ажил, амьдралыг хөнгөвчлөх шийдлийг олж чаддаг гэдэг дээ. Энэ нь залхуурч суух тухай бус хүндрэл бэрхшээлтэй зүйлийг хэрхэн амар хялбар, хүртээмжтэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн үг.
та мэдсэн үү?
Цар тахлын нөлөөгөөр хойшлоод байсан "DevSummit 2022" арга хэмжээ гуравдугаар сарын 19-нд зохион байгуулагдах гэж байна. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хүсэн хүлээдэг, тус салбарынхны хамгийн том цугларалт болсон уг эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 43.228.129.115
өбйөбый өбый өыбй өыйб өыйб өйыб өужцужы өабыөыйбөыйб өйы өйыб өыбй өйбы өыбй өйыб өйыб өйыб өыйб өыйб өый