Хэдхэн жилийн өмнө бид хэтэвч, картгүй л бол ямар ч төлбөр тооцоо хийж, үйлчилгээ авах боломжгүй байсан бол өдгөө энэ бүхэн ердийн үзэгдэл болжээ. Энэ бол хиймэл оюун, блокчейн, дата зэргийг ашиглан санхүүгийн үйлчилгээг финтек салбар асар хурдтай хөгжиж буйн энгийн жишээ юм. Бид энэхүү нийтлэлээрээ финтек гэж юу болох, Монгол дахь финтек салбарын сорилт, хуулийн зохицуулалтын талаар хөндөхөөс гадна Монголын Финтекийн Холбооноос 11 дүгээр сарын 24, 25-нд зохион байгуулж буй "Frontier Fintech Summit 2021" арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе.
Финтек салбар гэж юу вэ?
Финтек (Fintech) гэдэг нь Financial Technology буюу санхүүгийн технологи гэсэн үгийн товчлол. Финтек салбарын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хямд, хялбар, хүртээмжтэй байж, цаг хугацаа хэмнэн, эцсийн дүндээ хэрэглэгчийн амьдралыг энгийн, амар болгодгоороо уламжлалт бизнесээс ялгарч, эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болдог.
2021 оны байдлаар дэлхийн 2.5 тэрбум хүн бичил санхүүгийн үйлчилгээг дижитал хэлбэрээр авч байгаа ба 2026 он гэхэд энэ тоо 4.2 тэрбум болж өсөх төлөвтэй байна гэж "Juniper Research"-өөс мэдээлжээ. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 75 хувь нь финтектэй холбоотой ажлын байр шинээр бий болгож байгааг онцолсон байна.

Монголын өнөөгийн финтек салбарын нөхцөл байдал
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны арван хоёрдугаар сард гаргасан тайланд Монгол Улсад финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 орчим байгууллага байгаа аж. Эдгээр нь санхүүгийн үйлчилгээ, зээлийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын сан, crowdfunding, крипто бирж зэрэг олон чиглэлээр төрөлжиж буй.
Монголын зах зээлд финтек бизнес моделийг анхлан нэвтрүүлэгч байгууллага бол ЛэндМН ББСБ юм. Энэхүү үйлчилгээг бид “Techworm” буландаа онцолж байсан билээ. Тэд 2018 оноос LendMN аппликэйшнээрээ дамжуулан хэрэглээний бичил зээлийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 900 мянга гаруй харилцагчдад хүрч ажиллажээ. Мөн 2020 онд л гэхэд LendMN зээл авахад зарцуулах байсан 1.5 тэрбум төгрөг, 31.8 жил/цагийг хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ.
Түүнчлэн манай "Онцлох бизнес" буланд орж байсан Zeely, Storepay зэрэг олон компани финтек салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Монголын финтек компаниудын дараагийн алхам нь олон улсад гарах явдал бөгөөд хэд хэдэн компани гараагаа амжилттай тавьжээ.

Финтек салбарт тулгарч буй сорилт бэрхшээл, зохицуулалт
Финтект суурилсан бизнесийн үйл ажиллагаа эдийн засгийн өсөлт дагуулж байгаа ч тоглогч олшрохын хэрээр эрсдэл нэмэгдэж буй. Тиймээс холбогдох зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор бий болж байна. Манай улсад одоогоор финтек салбартай холбогдох хэд хэдэн зохицуулалт хэрэгжиж байгаа аж. Тодруулбал:
- Сэндбокс зохицуулалтын журам: Энэ нь аливаа бизнест тусгай зөвшөөрөл, лиценз олгохоос өмнө тэдгээрийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж, бизнес моделийг сайн судалж үзсэний үндсэн дээр зах зээлд нэвтрүүлэх үйл явц юм.
- Цахим мөнгө: Одоогийн байдлаар Монгол банкнаас цахим мөнгөний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Мобифинанс, Супер ап хэтэвч, Ардкредит, Эм Пи Эс Си, Инвескор хэтэвч, Хай пэймэнт солюшнс гэсэн зургаан байгууллага аваад байгаа юм.
- Виртуал хөрөнгө: Монгол улсад виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчин одоогоор байхгүй тул иргэд сонгосон арилжааны сувгуудаа ашиглан виртуал хөрөнгө зарах, худалдан авах, хөрөнгө оруулах, олборлох зэргээр зах зээлд оролцож байна.

"Frontier fintech summit" арга хэмжээ
Энэхүү арга хэмжээний хүрээнд финтек салбарын тоглогчид хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой асуудлууд дээр шийдэл эрэлхийлэх юм. Тухайлбал, финтек салбарт тулгамдаж буй асуудлууд, блокчэйн, крипто зах зээл, мөн дижитал төлбөр тооцоо, банк зэрэг финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг зохицуулах хууль, эрхзүйн шийдлүүдийн талаар хэлэлцэх юм. Мөн санхүүгийн технологийн салбарын хөгжил, шинэ үеийн технологийн талаар хэлэлцэн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох аж.

Арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд та урьдчилан бүртгүүлэх шаардлагатай тул ЭНД даран бүртгүүлэх боломжтой. Мөн дараах QR кодыг уншуулан нэвтрэх боломжтой.



Сэтгэгдэл бичих

