"Techworm" булангийнхаа ээлжит нийтлэлээр өдөр тутам ашиглаж болох бидний эрүүл мэндэд тустай зөөврийн тек хэрэгслүүдийг танилцуулж байна. Хэрэв танд нуруу өвдөх, зүрхний хэм алдагдах, ойр ойрхон стресст автах зэрэг зовууриуд илэрдэг бол энэхүү нийтлэлээс өөрт хэрэгтэй төхөөрөмжийг олж мэдэх боломжтой. Мөн ямар нэг зовуурь илэрдэггүй ч эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж буй хэн бүхэнд өнөөдрийн нийтлэлээ зориуллаа.

1. ТАРХИНЫ ДОЛГИОН МЭДРЭГЧ БЯСАЛГАЛЫН ХЭРЭГСЭЛ
Бясалгал хийж сурахыг эсвэл нойрны тогтвортой хэмнэлд орохыг хүсэж буй хүмүүст тохирох тек хэрэгслийг танилцуулъя.
Толгойндоо зүүх зориулалттай энэхүү төхөөрөмж нь тархины долгион, зүрхний цохилт, амьсгал, биеийн хөдөлгөөнийг хэмжин biofeedback буюу физиологийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг аж. Төхөөрөмжөө "Muse" утасны апп-тай холбосноор уг мэдээллийг авах боломжтой. Түүнчлэн энэхүү апп-д олон төрлийн бясалгалын зааврууд багтсан байна. Мөн таны нойрны төлөв байдлын анализыг хийж, илүү чанартай нойр авах зөвлөмжүүдийг өгөх аж. Энэхүү толгойн төхөөрөмж нь 10 цагийн турш цэнэгээ барих чадвартай.
"Amazon"-д байгаа эсэх: Тийм
Үнэ: 170$

2. ухаалаг усны сав
Олон удаа ашиглагдах усны сав зуу зуун төрлөөрөө үйлдвэрлэгдэж байна. Тэднээс ялгагдах энэхүү усны савыг ухаалаг гэж нэрлэсний учир нь өөрөө өөрийгөө цэвэрлэдэгт оршино. Дэлхийн хамгийн анхны "self-cleaning" усны сав "LARQ"-г танилцуулж байна.
Зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн энэхүү усны сав нь "UV-C" лед гэрлийн тусламжтайгаар 60 секундийн дотор ус цэвэршүүлдгээс гадна өөрийгөө хоёр цаг тутам цэвэрлэдэг аж. Түүнчлэн усны саван дээрх товчийг хоёр удаа дарснаар “adventure mode” буюу адал явдлын горимд шилждэг байна. Ингэснээр гол, горхины усыг гурван минутын турш цэвэршүүлж уух боломжтой болгох юм. Энэхүү хэрэгсэл нь цэнэгээ нэгээс хоёр сарын турш барьдгаараа онцлог аж.
"Amazon"-д байгаа эсэх: Тийм
Үнэ: 99$

3. "oura" бөгж
Эрүүл мэнд болон фитнест зориулсан хамгийн сонирхолтой, өвөрмөц бүтээгдэхүүнүүдийн нэг бол "Oura" бөгж. Долоо хоногийн 24 цагт зүүх боломжтойн дээр таныг загварлаг, чамин харагдуулна. Бөгжний мэдрэгчүүд нь мэдээлэл цуглуулж, ухаалаг гар утас руу шууд шилжүүлэх боломжтой.
Энэхүү титанум бөгж нь цэнэгээ дөрвөөс зургаан өдрийн турш барьдаг. Мөн усны хамгаалалттай учир бөгжөө тайлах шаардлагагүй гэдгээрээ онцлогтой. "Oura" бөгжний гуравдугаар үеийн загвар нь автоматаар таны зүрхний цохилт, биеийн температур, цусан дахь хүчилтөрөгчийн түвшин, алхмын тоо, алхсан болон гүйсэн зай, шатаасан калори, өдөрт идэвхгүй байсан хугацаа гэх зэргийг хэмждэг байна.
Amazon-д байгаа эсэх: Үгүй
Вэб хуудас: ouraring.com
Үнэ: 299$

4. өвчин намдаах төхөөрөмж
Хуян, ууц нуруу, үе мөчний өвдөлтийг намжаах "TechCare Massager Touch 24 Modes" төхөөрөмжийг танилцуулъя. Уг төхөөрөмж нь арьсанд бага вольтын цохилт өгөх замаар мэдрэлийн судлыг сэргээж, тархинд очих өвдөлтийн дохиог хаадаг аж. Литиум цэнэг хураагуураар ажилладаг энэхүү төхөөрөмж нь 24 ширхэг массажны горимтой.
"TechCare Massager Touch 24 Modes" төхөөрөмжийг эмчийн зөвшөөрөлтэй хэрэглэхийг зөвлөж байна.
Amazon-д байгаа эсэх: Тийм
Үнэ: 36$

5. үр тогтолтын явцыг харуулах бугуйвч
Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хамгийн хэрэгцээтэй тек хэрэгслийг танилцуулж байна. "Ava" брэндийн энэхүү бугуйвч нь температур, амьсгалын хурд зэрэг хүний биеийн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг ашиглан эмэгтэй хүний нөхөн үржихүйтэй холбоотой датаг тодорхойлон гаргах аж. Та "Ava" утасны апп-тай төхөөрөмжөө холбон, бугуйвчаа зүүгээд унтахад л хангалттай. Өглөө гэхэд апп дээр нь жирэмслэх хамгийн их магадлалтай таван өдрийн мэдээлэл гарч ирэх юм.
Amazon-д байгаа эсэх: Үгүй
Вэб хуудас: avawomen.com
Үнэ: 279$

6. стрессийн түвшинг бууруулах бугуйвч
"The Apollo Neuro" бугуйвч нь зөөлөн чичиргээ ашиглан таны мэдрэлийн системийн тэнцвэртэй байдлыг хадгалж, стресст автах эрсдэлийг бууруулдаг аж. Энэ нь таны нойрны чанар, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, сэтгэл түгших эмгэг болон стрессээс салахад туслах юм. Уг бугуйвч цэнэгээ зургаагаас найм хоногийн турш барьдаг. Түүнчлэн долоон өөр горимд тохируулан ашиглах боломжтой. Бусад бугуйвчнаас ялгаатай нь та тайвширч, амрахыг хүссэн үедээ хэдхэн минут бугуйвчаа зүүхэд л хангалттай аж.
Amazon-д байгаа эсэх: Үгүй
Вэб хуудас: apolloneuro.com
Үнэ: 349$
Санал болгох нь: Эрүүл мэнддээ анхаарагч хэн бүхэн сонирхууштай 14 апп


