Apple-ийн iPhone ухаалаг утасны шинэ загвар танилцуулагдаад нэг сар болж байна. Өмнөх загвараасаа дорвитой өөрчлөгдөөгүй гэх олны шүүмжлэлийг дагуулсан уг загвар үнэхээр л гадна талаасаа харагдах өөрчлөлт багатай ч нүдэнд үл анзаарагдам олон дэвшлийг багтаажээ. Иймд энэхүү загварыг авах эсэхээ шийдэж байгаа уншгчдадаа зориулан худалдан авах 16 шалтгааныг жагсаалаа.
Олон хэмжээст бичлэг
Юун түрүүнд iPhone 16-ийн энгийн болон Plus хувилбарын камераас эхэлье. Эдгээр хувилбаруудын хоёр камер нь нэгэн шугамд орж илүү цэгцтэй харагдах болсноос гадна өмнө жил танилцуулсан “Spatial Capture” горимыг дэмжих болов. Энэхүү горим нь аливаа дүрсийг гурван хэмжээстээр бичиж, Apple Vision Pro тэргүүтэй VR төхөөрөмжөөр үзэхэд илүү тааламжтай, олон мэдээлэл, дүрслэл харагдах боломжийг бүрдүүлдэг билээ.
“Авдаг” товч
iPhone 16-ийн бүх хувилбарт нэмэгдсэн шинэ товч бол “Capture Button”. iPhone утаснууд хэзээнээс л камерын чанараараа танигдсан тул iPhone-чид утсаараа зураг, бичлэг хийх нь элбэг. Энэ үйлдлийг илүү хөнгөвчлөх “Capture Button” нь нэг товшиход шууд камер нээж, ахин дарахад камерын төрөл бүрийн тохиргоог яг л биет камер мэт тохируулах боломжийг олгодог.
Дэвшилтэт микрофон
Энэ удаа тэд бичлэгийн дууг илүү чанартай хураахад туслах тун сонирхолтой функц нэмжээ. Тэр бол “Audio Mix”. Дүрс бичлэг авсны дараа танд гурван төрлийн сонголт гарч ирнэ. In-Frame нь зөвхөн дүрсэнд байгаа хүн болон бусад биетийн дууг бичих бол Studio нь мэргэжлийн студидэд бичсэн мэт, Cinematic нь уран сайхны кино мэт сонсогдохоор бичнэ. Хамгийн гайхалтай нь энэ бүгдийг хийхэд ямар ч нэмэлт төхөөрөмж, төлбөр шаардахгүй. Гар утсаараа бичлэг хийдэг, тэр дундаа влог тэргүүтэй яриа их бичдэг бол энэ функц гарцаагүй таны контентыг дараагийн түвшинд хүргэнэ. Технологийн хөгжил өө гэж.
Илүү гоё фильтер
Утсаараа зураг их авдаг хэрэглэгчдэд таалагдах өөр нэгэн нэмэлт бол “Photographic Styles”. Өмнө нь Effects нэртэй байсан хар, шаргал, дулаан, хүйтэн гэх мэт зургийн фильтерүүдийг улам боловсронгуй болгож зураг авах болон зураг авсны дараа хүссэнээрээ тохируулдаг болов. Мөн та өөрийн арьсны өнгөндөө тохируулан үндсэн тохиргоогоо хадгалах боломжтой. Гэрэл сүүдрийн урлагийг сонирхогч та заавал туршаад үзээрэй.
Удаашруулсан бичлэгийн мастер
Одоо харин зөвхөн Pro болон Pro Max хувилбарын камертай холбоотой дэвшлүүдийг танилцуулъя. Та Pro загвартай болсноор 4K нягтшилтай бичлэгийг 120 fps хурдаар бичих боломжтой. Энэ бол мэргэжлийн камерын түвшний хүчин чадал юм. 120 fps гэдэг нь нэг секундэд 120 дүрс бичнэ гэсэн үг бөгөөд спорт, ан амьтан гээд хурдан хөдөлгөөнтэй зүйлсийг маш өндөр нарийвчлал, давтамжтай бичнэ. Олон нийтийн сүлжээнд харагддаг удаашруулсан (slowmotion) бичлэгүүдийг гар утсаараа хийж болох цаг үе иржээ.
Хэт хүчтэй хэт өргөн камер
Хэт өргөн (Ultrawide) камерын нийт пикселийн хэмжээ өмнөх загвараас дөрөв дахин ихсэв. Ийнхүү таны авсан өргөн өнцгийн болон ойрын (macro) зураг илүү их пикселтэй, тод харагдана гэсэн үг. Байгаль, арга хэмжээ гээд олон зүйлийг багтаасан зураг авдаг хэрэглэгчдэд таалагдах нь дамжиггүй дэвшил.
Баталгаат хугацаа
Манай редакцын итгэлт түнш Ayanga Store-ийн хамт олон Vega City-д шинэ салбараа нээснээс гадна iPhone 16-ийн бүх загвартаа 24 сарын баталгаат хугацаа олгож, энэ хугацаандаа дэлгэц болон арын тагийг нэг нэг удаа солиулах эрх бэлэглэж байгаа гэнэ. Мэдээж хүссэн гар утсаараа бүх төрлийн зээлээр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Хүчирхэг чип
Хүчирхэг чип
Одоо харин уг гар утасны тархи болсон A18 Pro чипийг танилцуулъя. Энэ загварын чипээр тоноглогдсон iPhone 16 Pro нь 12 Pro-гоос 60-120 хувь, 13 Pro-гоос 40-50 хувь, 14 Pro-гоос 30-40 хувь, 15 Pro-гоос 15-20 хувь хурдан агаад хүчирхэг гэнэ. Хэрэв та ухаалаг утсаараа контент бүтээх, олон апп зэрэг ачаалуулах зэрэг хурд, хүч их шаардсан ажил хийдэг бол шинэ iPhone тун сайн хөрөнгө оруулалт болох нь.
Аварга батарей
Чип илүү хүчирхэг болохын сацуу эрчим хүч зарцуулалт нь багасжээ. Түүнээс гадна утасны дотоод бүтэц өөрчлөгдөн илүү том батарейтай болсон байна. Ингэснээр iPhone 16 Pro Max хамгийн удаан ажилладаг, цэнэгээ хамгийн сайн барьдаг iPhone-оор тодроод буй. Тодруулбал зөвхөн дүрс бичлэг үзэхэд 33 цагийн турш ажиллах гэнэ. Энэ бол өмнөх оны iPhone 15 Pro Max хувилбараас даруй 10 цагаар илүү үзүүлэлт юм. Гайхалтай дэвшил шүү.
Тоглоомын шинэ эрин
Хүчирхэг чипийн ачаар улам сайжирсан өөр нэгэн функц бол тоглоом тоглох. Ray tracing буюу тоглоомын гэрлийг илүү бодит болгодог чадамж нь л гэхэд өмнөх A17 Pro чипээс хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр аливаа тоглоом илүү бодит мэдрэгдэх юм.
Ухаалаг алим
Сүүлийн хэдэн жилд эрчийг авч буй хиймэл оюун ухааны шуурга Apple-д Apple Intelligence нэрээр тусав. Шинэчлэгдсэн Siri, дурын эможигоо шинээр бүтээх боломж, зургаас хүссэн биетийг арилгах, бичсэн текстийг найруулах зэрэг олон боломжтой уг функц ирэх долоо хоногт албан ёсоор нээгдэх юм. Үүнийг iPhone 15 Pro-ийн хоёр хувилбар, iPhone 16-ийн дөрвөн хувилбар дэмжинэ. Apple Intelligence-ийн функцүүд шууд төхөөрөмж дээр ажилладаг буюу таны мэдээллийг өөр нэгэн сервер рүү дамжуулахгүй, өөр төрлөөр ашиглахгүй гэдгээрээ онцлог. Энэ тухай манай редакц ирэх долоо хоногт дэлгэрэнгүй нийтлэл оруулах болно.
Шинэ үйлдлийн систем
Шинэ үйлдлийн систем
Шинэ iPhone-той цуг олон нийтэд танилцуулсан үйлдлийн систем бол iOS 18. Уг үйлдлийн систем 2018 оноос хойших бүх iPhone дээр ашиглаж болох ч хамгийн сүүлийн үеийн утсан дээр ашиглавал тун чиг таатай байх нь мэдээж. Шинэ үйлдлийн системтэй илүү ойроос танилцахыг хүсвэл Яг одоо туршаад үз: iOS 18-аас онцлох 18 өөрчлөлт нийтлэлийг уншаарай.
Керамик дэлгэц
Apple шинэхэн утасныхаа дэлгэцийг ямар ч төрлийн ухаалаг утасны дэлгэцээс хоёр дахин бат бөх хэмээж буй. Түүнчлэн уналтын тэсвэр нь өмнөх iPhone-ий загваруудаас дөрөв дахин өндөр гэнэ. Энэ бол хамгийн сүүлийн үеийн Ceramic Shield технологийн ач.
Титан гадаргуу
Өнгөрсөн жилээс хойш Pro хувилбарын iPhone-ууд титан гадаргуутай болсноор илүү хөнгөн, илүү бат бөх, илүү тансаг харагдацтай болсон юм. Энэ жил ч гэсэн iPhone 16 Pro хувилбарууд сайжруулсан титанаар бүрхэгджээ. Харин энгийн iPhone 16 хувилбарууд дээд зэргийн хөнгөн цагаан бүрэлттэй юм. Аль ч тохиолдолд барихад эвтэйхэн, харахад үзэмжтэй байж чадна.
Нарийн хүрээ
Apple-ийн бүтээгдэхүүнүүд дотроо iPhone 16 загварууд хамгийн нарийн хүрээтэй гэнэ. Нарийн хүрээний ачаар үндсэн утасны хэмжээ бараг л нэмэгдээгүй ч дэлгэц нь мэдэгдэхүйц том болж, Pro хувилбар 6.3 инч (өмнө нь 6.1 инч), Pro Max хувилбар 6.9 инч (өмнө нь 6.7 инч) дэлгэцтэй болжээ.
Шинэ өнгө
Шинэ өнгө
Жил бүрийн iPhone-ууд шинэ өнгөөрөө ялгардаг. Энэ удаа Pro загварт “Desert Titanium” буюу цөлийн титан, энгийн загварт “Pink” буюу ягаан өнгийг нэмсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцээд буй.
Сэтгэгдэл бичих