Apple-ийн намрын танилцуулах арга хэмжээ албан бусаар үргэлжилсээр. Энэ долоо хоногт тэдний ухаалаг төхөөрөмжүүдийн үйлдлийн систем (iOS, MacOS, iPadOS, watchOS) шинэчлэгдэв.
Та шинэ iPhone авахгүй байж болох ч одоо байгаа утасныхаа үйлдлийн системийг нь заавал шинэчлэх хэрэгтэй. Ингэх нь бүтээмж талаасаа ч тэр аюулгүй байдал талаасаа ч тэр хамгийн зөв шийдвэр юм шүү. Товчхондоо, утсаа төлбөр төлөхгүй илүү гоё болгож байна л гэсэн үг шүү дээ. Ингээд шинэхэн үйлдлийн системээс онцлох 18 өөрчлөлтийг хуваалцъя.
iOS 18-ийг дэмжих загварууд: 2018 оноос хойш гарсан бүх iPhone-ууд: iPhone SE (2-р үе) болон iPhone XS - iPhone 16-ийн бүх хувилбарууд.

ДЭЛГЭЦ
1. ДУРЫН БАЙРШИЛ
Энэ удаагийн шинэчлэл хэрэглэгчдэд утсаа илүү өөриймшүүлж загварчлах боломж олгов. Үүний хүрээнд нэмсэн нэгэн функц бол аппуудаа нүүр дэлгэцийнхээ (home screen) хүссэн газар байршуулах боломж юм. Өмнө нь аппууд автоматаар эхнээсээ дараалан байршдаг байсан бол одоо та өгөгдсөн байршлуудаас хаана нь ч байрлуулж болно.
2. ХҮССЭН ХЭМЖЭЭ
Нүүр дэлгэц дээр widget-үүд чухал мэдээллийг богино хугацаанд харахад ихээхэн тустай байдаг. Өмнө нь widget-үүдээ зөвхөн цаанаас өгсөн хэмжээгээр байршуулдаг байсан бол одоо хүссэнээрээ томруулж, жижгэрүүлэх боломжтой болов.

3. СОЛОНГОН НҮҮР
Сүүлийн үед сошиал дээр төрөл бүрийн өнгөтэй дэлгэцийн зургууд яваад байна уу? Үүнийг iOS 18-ийн хамгийн зоригтой өөрчлөлт гэж хэлж болох юм. Тайлбарлаваас, хэрэглэгч нүүр дэлгэцээ хүссэн өнгөөр өөрчилж, туяа өгч болно. Мөн аппын айконуудын дэвсгэр өнгийг ч өөрчилж болно.
Дээрх гурван өөрчлөлтийг туршихыг хүсвэл нүүр дэлгэцийнхээ (home screen) аль нэг хэсэгт удаан дараад баруун дээд буланд гарч ирэх “Edit” цэс рүү нэвтрээрэй. Бүтээлч байдлаа илэрхийлэх нэгэн том боломж юм шүү.

4. ХОЁР ТОВЧ
Түгжээтэй нүүрний (Lock screen) баруун болон зүүн доод буланд байдаг камер нээх болон чийдэн асаах хоёр товчийг хүссэнээрээ солих боломжтой болов. Ямар нэгэн үйлдэл тохируулахаас гадна бүр хүссэн аппаа ч тааруулж болох гэнэ.
ЧАТ
Одоо харин зурвас бичихтэй холбоотой шинэчлэлүүдийг танилцуулъя. Энүүхэндээ гэж хэлэхэд Apple-ийн Message апп бидний ихэвчлэн ашигладаг чат аппуудаас хавьгүй илүү шүү. Одоо бүр ч илүү болсон. Заавал туршаад үзээрэй.

5. Цэнхэр vs Ногоон
Хамгийн эхний өөрчлөлт болон олон жил маргаан дэгдээсэн RCS буюу Apple-ийн утаснаас бусад утас руу мессеж илгээх үед гардаг байсан асуудлууд. Зарим хүмүүс рүү бичсэн зурвас цэнхэр харагддаг атлаа зарим нь ногоон харагддагийг санаж байгаа биз?
Товчхондоо, Apple-тай хүмүүсийн өөр хоорондоо бичилцэх зурвасууд цэнхэр өнгөтэй харагдаж, хариу үйлдэл дарах (reaction), бичиж буй нь харагдах (typing), интернэттэй бол үнэгүй зурвас шидэлцэх зэрэг тусгай эрх эдэлдэг байв. Энэ асуудал шийдэгдэж, төхөөрөмжөөс үл хамааран хүссэн хүн бүр илүү гоё “чаталдаг” боллоо. iPhone утаснаасаа Андройд утастай найз руугаа чат бичээд үзээрэй.

6. Төлөвлөгөөт зурвас
Хар шөнө ажлын зурвас явуулах тиймхэн шүү дээ. Тэгвэл iOS 18- үйлдлийн системээ татаж аваад явуулах зурвасаа хоёр долоо хоногийн хугацаанд урьдчилан тааруулж болохыг дуулгая.

7. Жуман эможи
Apple-ийн Message бусад чат апуудаас илүү гарч эхэлснийг батлах шинэ нэмэлт бол аливаа зурвасанд хүссэн хариу үйлдлээ үзүүлэх (reaction) боломж юм. Цаашлаад хэрэглэгч өөрийн хүссэн эможигоо хиймэл оюун ухаан ашиглан үүсгэх боломж ч нэмэгдэнэ. Мөн текстний хэлбэр, дүрсийг өөрчилдөг функц ч нэмсэн байна лээ.
АПП
8. Тооны мангас
iPhone-ий тооны машин нэлээн хэдэн шатаар дээшлэв. Буруу тоо бичсэн бол нэг орныг нь устгах энгийн боломжоос гадна “Convert” функцээр олон төрлийн ханш, хэмжээсийг хөрвүүлж болно. Мөн өмнө бодсон тоонуудыг харуулах "түүх" хэсэг нь илүү амар болсныг онцолъё.

9. хичээлийн туслах
Хамгийн сонирхолтой нэмэлт бол “Math Notes”. Notes апп дээрээ бодох гээд байгаа бодлогоо зурахад л ид шидийн гэмээр хариу нь гараад ирнэ. Бүр хариу нь таны бичгийн хэвтэй адилхан гарна гээч. Бага насны хүүхдүүдийн тооны хичээлд ихээхэн тус хүргэх болов уу.

10. НУУЦ АВДАР
Бүх нууц үгээ аюулгүй хадгалах нэгдсэн апптай боллоо. Өнгөрсөн жилийн iOS 17-д Journal нэртэй тэмдэглэл бичих цоо шинэ апп байсан бол энэ удаа бүх нүүц үгийг хадгалдаг Password апп нэмэгдэв. Төрөл бүрийн веб, wifi сүлжээний нууц үгнүүдээ хадгалах, бусадтай хуваалцах, цахим халдлагад өртсөн эсэхийг мэдэх зэрэг тун чиг хэрэгтэй функцүүдийг багтаасан энгийн атлаа хэрэгтэй апп шиг санагдлаа.

11. ТҮГЖЭЭТЭЙ АПП
Хэрэв утсан дээр тань хүн бүрд харуулаад байх хүсэлгүй апп байдаг бол анхаарлаа хандуулаарай. iOS 18 суулгаснаар та хүссэн аппдаа нэмэлт түгжээ (Face ID) хийх аль эсвэл тэр чигт нь нуух (Hide) хийх боломжтой боллоо. Ингэхийн тулд тухайн аппын айкон дээрээ удаан дарахад л түгжих болон нуух сонголт гарч ирнэ. Нуусан аппууд тусдаа Hidden гэсэн хавтаст харагдах болно.
БУСАД
12. Дуутай тэмдэглэл
Notes апп дээрх жижиг ч гэсэн дурдахгүй өнгөрч үл болох өөрчлөлт бол аудио хэлбэрээр тэмдэглэл хөтлөх боломж нь. Үүний тулд Notes апп руугаа ороод доод хэсгээс цаасны хавчаарыг сонгоод Record Audio-г дарахад л хангалттай.
13. Тохируулдаг гэрэл
Бодит амьдралд хэр олон удаа хэрэг болохыг мэдэхгүй ч нэн сонирхолтой санагдсан функц бол flashlight буюу утасныхаа гар чийдэнгийн тусгалыг өөрчлөх юм. Энэхүү “тансаг” функцийг iPhone 14, 15, 16 загваруудыг зөвхөн Pro хувилбарт ашиглах боломжтой. Хэргийг нь гаргасан бол ямар тохиолдолд яаж ашигласан гэдгээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

14. Бүхний удирдлага
Утсаа цөөн үйлдлээр удирдах бүр л хялбар болж байна. Control Center буюу WiFi нээж хаах, дуугаа нэмж хасах зэрэг хэрэгтэй бүхний багтаадаг удирдлага хэсэг илүү олон, магадгүй хэт олон сонголт нэмэгджээ. Мөн нүүр дэлгэц шиг удирдлагын товчнуудынхаа хэмжээ, байршлыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

15. Шидэт толь
iPhone-ий дүрсээ Mac руугаа хуваалцах (Mirror) бүр хялбар болов. Үүний тулд iOS 18-аас гадна Mac үйлдлийн системийн шинэ хувилбар болох Sequoia-г суулгасан байх хэрэгтэй. Суулгасан бол компьютер дээрээ “iPhone Mirroring” аппыг нээгээд л нэмэлт холболт шаардахгүй утсаа холбож, бүр компьютероосоо удирдаж болох нь. Энэ шинэчлэлт олон сонирхолтой хэрэглээг дагуулах нь ойлгомжтой. Sequoia үйлдлийн системийн талаар дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй өгүүлье.

16. Сатааруулахгүй хөтөч
Apple-ийн интернэт хөтөч Safari илүү ухаалаг болов. Ингэхдээ тэд хэрэглэгчийг сатааруулж болох зүйлсийг багасгахыг зорьжээ. Тодруулбал, та хүссэн веб хуудасныхаа хармааргүй байгаа хэсгийг түр хугацаанд нууж болно. Түүнээс гадна шинэхэн Reader горимын ачаар веб хуудсыг ганцхан товч дараад л номын хуудас мэт болгож, яг л Books апп шиг фонт, өнгө гээд бүхнийг нь өөрчилж, өөртөө эвтэйхнээр унших боломжтой.

17. зургийн цомог
Photos апп дизайны хувьд шинэчлэгдэв. Зургийн цомог илүү олон төрлөөр үүсэж, зураг хайх функц ч улам сайжирчээ. Утсан дээрээ хэдэн зуу бүр хэдэн мянган зурагтай хүмүүсийн цагийг хэмнэх нь дамжиггүй.

18. Apple Intelligence
Энэ жилийн хамгийн өндөр хүлээлт бол гарцаагүй Apple Intelligence нэртэй хиймэл оюун ухааны функцүүд. Харамсалтай нь өчигдөр гарсан iOS 18 хувилбарт энэ функц байхгүй бөгөөд ирэх сараас гарах 18.1 хувилбараас нэмэгдэх гэнэ. Гарсан үед нь дэлгэрэнгүй нийтлэл оруулах болно. Apple Intelligence-ийг iPhone 15-ийн зөвхөн Pro болон iPhone 16-ийн бүх хувилбар дэмжинэ гэдгийг сануулъя.
Ингээд онцлох 18 функц дууслаа. Уншигч танд аль нь илүү амьдралтай, хэрэглээтэй санагдаж байна вэ? Надад лав хэт олон өнгөтэй нүүр дэлгэц, аппын айконуудыг нэгдсэн байдлаар хар өнгөтэй болгох нь таалагдав.


Сэтгэгдэл бичих

