Оны эхэнд манай редакц 2025 онд өөртөө тавьж буй “час хийсэн” ганц зорилт гарчиг дор 10 ертөнц, 10 өнцөг нийтлэлийнхээ ээлжит дугаарыг хүргэсэн билээ. Энэхүү нийтлэлийн эрхэм зочдын нэгээр өнөөдрийн онцолж байгаа аппыг бүтээгч М.Дөлгөөнбаяр оролцсон бөгөөд тэрээр ийнхүү зорьсондоо хүрч, Philosophy App-аа өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд олны хүртээл болголоо.

Түүний хувьд 2017 оноос философийн бүтээлүүд, онцлох эшлэл, үзэл санааг Философи Facebook хуудсаараа түгээж, мөн ижил нэрт подкастыг 2021 оноос сонсогчдын сонорт хүргэж буй. Ингээд түүний дараагийн шатны төсөл болох Philosophy App нэртэй гар утасны аппыг нь энэ удаагийн нийтлэлдээ тоймлож байна.

Энэ ташрамд дотоодын технологийн салбарт төлбөр, зээл гэх мэт түгээмэл аппаас өөр хэрэглээ бүхий гар утасны апп олны хүртээл болж байгаад манай редакц туйлын баяртай байгаа гэдгээ онцолъё.


Апп татах: iOS

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв уншигч та Философи подкастыг шимтэн сонсдог бол энэ апп гарцаагүй хэрэгтэй. Учир нь уг аппад подкастын Premium дугаарууд байрших ба сэтгэгчдийн намтар болон эшлэл тэргүүтэй шинэ агуулгууд өдөр бүр орох юм. Нэг ёсондоо YouTube-д байршдаг подкаст болон Facebook хуудсанд ордог постуудыг нэг дороос хүлээн авах боломжтой гэсэн үг.

Харин философийн ертөнцөд хараахан хөл тавиагүй уншигчдын хувьд хамгийн цэгцтэй бөгөөд хялбар ойлголтуудыг энэ аппаас авах нь лавтай. Ялангуяа философийн олон үзэл санаа бүхий ном, бүтээлийг төвөггүй ойлгоход энд байршсан контентууд тусаа өгөх юм.

“Philosophy App бол эрүүл ухааныг эрхэмлэх орон зай төдийгүй өдөр тутмын завгүй, элдэв зүйлсэд сатаарсан орчноос түр тасарч, амьдралын утга учрын талаар эргэцүүлэн түүхэн дэх сэтгэгчидтэй нэг орчинд байгаа мэт мэдрэмжийг өгөх болно.”

М.Дөлгөөнбаяр

ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?


User interface (UI): Юун түрүүнд таалагдсан зүйл нь тус аппын UI. Хар, цагаан, саарал өнгийн хоршил, тодорхой хэдхэн цэстэй нь миний туршиж үзсэн хамгийн минимал апп байсан гэхэд хилсдэхгүй. Элдэв хурц өнгөгүй энгийн UI-тай нь хэрэглэгчийн анхаарлыг гол агуулга бүхий контентууд руу шууд чиглэхэд хүргэж байв.

Үүний зэрэгцээ хэрэглэгчийн профайл хэсэгт нэгэн сонирхолтой нэмэлт бий. Энэ бол Memento Mori буюу таны үлдсэн амьдралын хугацааг хувиар илэрхийлж буй хэсэг. Гол нь тэрхүү тоо тасралтгүй нэмэгдэх бөгөөд яг л бидэнд олгогдсон цаг зогсолтгүй урссаар байгаа шүү гэх сануулгыг өгөх мэт. Сонирхуулахад, тус аппын санаа 2021 оноос эхтэй ба дуншиж явсаар 2024 онд албан ёсны ажил нь эхэлжээ.

User experience (UX): Хэрэглээ талаас подкастыг агуулгаар нь цэгцтэй хувааж, хүсвэл аль ч хэсгийг нөхөн сонсох эсвэл зөвхөн тэр хэсгийг татаж аваад дахин сонсох боломжийг бүрдүүлсэн байна. Дараа нь аль хэсэг хэдэн минут дээр гарлаа гэж толгой гашлах шаардлагагүй гэсэн үг. Мөн Сэтгэгч цэсээс өөрийн дуртай философичдыг сонгон дагах, зөвхөн тэдний намтар, эшлэл, бүтээлийн жагсаалтыг харах боломжтой нь тун сонирхолтой. Яг л дуртай нөлөөлөгчөө сошиал дээр дагадаг шиг.

Дээрээс нь ихэнх аппад байдаг Bio буюу товч намтрын оронд уг аппын профайл хэсэгт философийн чухал асуулт болох таны амьдралын утга учрыг тодорхойлох хэсгийг багтаажээ. Энэ мэтчилэн UX-ийн сонирхолтой шийдлүүдийг тус аппаас турших боломжтой.



Сошиалд хуваалцах боломж: Хэрэглэгчийн нийтлэг ашигладаг олон нийтийн сүлжээний аппуудтай хоршин ажиллах боломжтой нь бас нэгэн давуу тал байв. Таалагдсан эшлэл, баримт, подкастаа Facebook, Instagram, Messenger гэх мэт апп руу пост эсвэл стори байдлаар хуваалцаж болно. Мөн хүссэн подкастын дугаараа татаж аваад интернэтгүй үед сонсож болох нь заавал өөр апп татаж сонсдог байсан асуудлыг шийдвэрлэжээ.

Төлбөртэй контент: Аппын өөр нэгэн давуу тал бол төлбөртэй подкастууд. Philosophy App-ын бүтээгчид нэг долоо хоног үнэгүй дугаар, нэг долоо хоног төлбөртэй дугаар гэх байдлаар сөөлжилж нийтлэхээр төлөвлөсөн гэх ба төлбөртэй дугаарт монгол хэл дээр орчуулагдаагүй философийн номууд байх аж. Нэг төлбөртэй дугаарын үнэ 3,900₮ гэсэн тогтмол дүнтэй. Энэ бол бүрэн ойлгоход бэрх философийн агуулгуудыг эх хэл дээрээ цэгцтэй ойлгох таатай боломж билээ.

“Бидний зорилго бол 100 гаруй философичийн цээж баримал, 50 мянга орчим ном, нэмэлт 1000 үзмэр бүхий дэлхийн философийн музейг байгуулах. Эхний ээлжид энэ зорилго маань асар их хэмжээний зардал шаардах тул уг музейг дижитал хэлбэрээр бүтээсэн маань Philosophy App юм. Бид 2030 он гэхэд биет музей байгуулах зорилгодоо хүрнэ гэж харж байна. Магадгүй хэдэн жил сунах л байх.”

М.Дөлгөөнбаяр

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Профайл дахь хэрэглэгчийн үлдсэн амьдралыг харуулж буй хэсэг нэг талаараа таалагдсан ч байнгын өсөж байгаа нь дарамттай мэдрэмж төрүүлж байгааг нуух юун. Хэдийгээр цаг хугацаа биднийг хүлээхгүй урагшилдгаараа урагшилж байгаа гэх үнэнийг илтгэх боловч цаг тулахаар үүнийг үргэлж санах нь тийм ч таатай мэдрэмж биш юм.

Дээрхээс бусдаар ашиглахад хэцүү, ойлгомжгүй зүйл бараг л байсангүй. Магадгүй Философи подкастыг сонсож байгаагүй эсвэл сонсдоггүй хэрэглэгчдийн хувьд уг апп тийм ч онц санагдахгүй болов уу. Гэхдээ подкастыг шимтэн сонсогчдын хувьд гэвэл бүх хэрэгцээт контент нь нэг дор байршиж байгаа нь таатай санагдах биз ээ.

UNREAD ХЭДЭН ОНОО ӨГӨХ ВЭ?

Unread редакцын зүгээс 10-аас 8 оноо өгч байна. Хэдийгээр өөр өөр платформд байршдаг контентуудыг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн нь сайшаалтай ч зөвхөн аппад зориулсан тусгай нэмэлтүүд тийм ч олон биш байгаа нь дээрх оноог өгөх үндсэн шалтгаан боллоо.

Гэхдээ энэ бол Philosophy App-ын дөнгөж 1.0 дэх хувилбар гэдгийг санууштай. Тиймээс цаашид шинэ боломж тогтмол нэмэгдэх нь гарцаагүй. Апп бүтээгчдийн хэлж буйгаар ойрын хугацаанд төлөвлөж байгаа нэмэлт нь хэрэглэгчид өөрсдөө пост оруулах “Клуб” цэс болон хиймэл оюуны тусламжтай философийн агуулгын хүрээнд ярилцах цэс юм. Тэгэхээр энэ аялал цааш хэрхэн үргэлжлэхийг харах л үлдэж байна.