Цахилгаан автомашины борлуулалт, хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Tesla компанийн Европ дахь анхны үйлдвэр Gigafactory Berlin-Brandenburg-ийн дата инженер Э.Жавхлан эх орондоо түр хугацаагаар ирээд буй. Тэрээр амралтынхаа энэ үеийг ашиглан Улаанбаатар хотын иргэн бүрд нэн хэрэгтэй нэгэн ботыг хөгжүүлснийг танилцуулъя.
СЭДЭЛ ТӨРӨВ
2023 оны наймдугаар сарын 5. Цэвэр агаар, зуны дэлгэр цагийг бараадсаар зуслангийнхаа байшинд ирж Герман дахь оффистоо зайнаас ажиллаж байсан Э.Жавхланд нэгэн дуудлага ирсэн нь “Бороо их орж байна. Үер болж магадгүй байна шүү.” гэх ээжийнх нь анхааруулга байв. Цонхоор харж, байдлыг ажингаа “Гайгүй байлгүй дээ” гэж бодсоор утсаа тасалсан тэр өдөр үнэхээр л энэ зуны, шуудхандаа бол 21 дүгээр зуун гарсаар Улаанбаатарт буусан хамгийн хүчтэй үер тохиож, улмаар дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдаж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин их урсгалд өртсөн юм.
Тун ч гэнэтийн уг үйл явдал түүнд үер болох эсэхийг урьдчилан таамаглаж, өмнө нь бэлдэх боломжтой болов уу гэх бодлыг төрүүлсэн байна. Инженерийн давуу талаа ашиглан энэ төрлийн технологиудыг судалсаар Англи Улсад ашигладаг, цаг агаарын урьдчилсан мэдээлэлд тулгуурлан үерийн эрсдэлийн мэдээлэл хүргэдэг ботыг олжээ.
ГАРЦ ХАЙВ
Уг ботыг хараад “Монголд ч бас үүнийг нэвтрүүлж болох юм” гэх санаа төрөв. Түүний үзэж буйгаар энэ төрлийн ботууд үерийн аюулыг тооцоолж, урьдчилан бэлдэх боломжийг бүрдүүлж чадах гэнэ.
Энэ тухайд тэрээр “Үнэндээ өчигдрийн үерт бэлдэх хугацаа бидэнд хангалттай байсан. “Онцгой байдлын ерөнхий газар”-ын вебсайт дээр наймдугаар сарын 4-ний 10 цагт үерийн анхааруулга гарсан. Харамсалтай нь энэ мэдээллийн хүртээмж асар хангалтгүй байсан учир өчигдөр 19 цагт бороо ороход ямар ч бэлтгэлгүй байсан. Үүнээс болж дөрвөн хүний амь үрэгдсэн. Тэдний нэг нь дөнгөж 10 сартай хүүхэд байсан гэхээр маш харамсалтай.” хэмээн үерийн маргааш өдөр нь жиргэжээ.
ШИЙДЭЛ ОЛДОВ
Судалгаагаа үргэлжлүүлсээр “Цаг уур, орчны шинжилгээний газар”-аас гаргадаг цаг агаарын урьдчилсан мэдээн дээр тулгуурлан үер буух магадлалыг тооцон гаргаж, түүнийгээ олон нийтэд хүртээмжтэй, цаг алдалгүй түгээх боломжтойг олж илрүүлжээ. Ийнхүү хэдхэн цагийн дотор Ulaanbaatar Ready! ботын анхны хувилбар мэндэлсэн байна.

Ажиллах зарчим нь тун энгийн:
1. Улаанбаатар хотыг дайран урсаж буй голын усны түвшин, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг нээлттэй мэдээллүүдийг хуулж, нэг дор цуглуулна
2. Цуглуулсан мэдээллээ боловсруулж шүүгээд ямар тохиолдолд үерийн аюулын дохио илгээхийг тохируулна
3. Тэрхүү тохиргооны дагуу бот аль байршилд, ямар гол, үерлэх магадлал хэдэн хувьтай байгааг тооцоолж, сэрэмжлүүлэх мэдээллийг автоматаар, хүний оролцоогүй илгээх юм.

Уг ботыг уншигч та энэ холбоосоор орон дагаарай. Одоогийн хувилбарт үер болох магадлалыг мэдээлэхээс гадна Улаанбаатар хотыг дайран өнгөрдөг таван голын үерлэх магадлалыг тус бүрд нь таамаглан гаргаж байгаа юм.
Энэхүү ботоо ирээдүйд хэрхэн хөгжүүлж болохыг тодруулахад: “Мэдээлэл ямар байна түүнд тохирсон үр дүн л гарна. Жишээлбэл, цаг агаарын мэдээ тав хоногийн өмнө гарч байгаа ч голын усны түвшний мэдээлэл түүнээс хоёр хоногоор хоцорч гарч байна. Хэмжилт хийдэг байгууллагатай илүү нягт хамтран ажиллавал гамшгийн мэдээг өндөр нарийвчлалтай, цаг алдалгүй хүргэх бүрэн боломжтой. Зөвхөн үер ч бус хэт халалт, их хэмжээний хур тунадас, агаарын бохирдол, газар хөдлөлт, өвчний тархалт гээд асар олон мэдээллийг ийм байдлаар хүргэж болно. Гол нь тэдгээр шаардагдах мэдээллийг тогтмол, чанартай цуглуулдаг болох хэрэгтэй.” хэмээн хариулсан юм.

УРИАЛГА
Байгалийн өмнө бид гарцаагүй хүчин мөхөс. Хүн төрөлхтөн байгалийг удирдаж чаддаг болтол хэдэн зуун жилийг технологийн хөгжилд зарцуулах шаардлагатайг бид мэдэхгүй, огтоос боломжгүй байх магадлал ч их. Тиймээс одоо байгаа боломжоо ашиглан урьдчилан сэргийлдэг, тохиох магадлалтай байгалийн гамшигт үзэгдэлд бэлддэг байх нь нэн чухал юм. Ингэхдээ бодит мэдээлэл ашиглаж, түүнийг хүний оролцоогүй технологиор боловсруулах нь олон улсад түгээмэл ашиглагддаг үр дүнтэй арга билээ. Энэ талаар бид "Улаанбаатар хотын "23 оны" их үер + Байгалийн гамшгийн үеэр ашигладаг улс орны сайн жишгүүд” нийтлэлдээ илүү дэлгэрэнгүй дурдсан.
Э.Жавхлангийн хөгжүүлсэн энэхүү бот нь олон нийтэд нээлттэй байдаг мэдээллийг боловсруулан гаргаж байгаа энгийн л үйлдэл мэт харагдах ч цаад утгаараа технологийн дэвшлийг ашиглаж чадвал бид эд хөрөнгөө гэнэтийн эрсдэлээс хамгаалж, цаашлаад амь насаараа хохирохоос сэргийлэх боломжтойг илтгэж буй. Ниргэсэн хойно нь хашхирах бус ниргэхийг нь урьдчилан мэддэг, түүнд бэлддэг болцгооё.

Сэтгэгдэл бичих

