Бид өмнөх дугаартаа UI (User interface), UX (User experience) дизайн болон front-end хөгжүүлэгчийн зөвлөгөөг хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ VR (Virtual reality), AR (Augmented reality), MR (Mixed reality) технологийн талаарх ойлголтын хамтаар VR хөгжүүлэгчийн таван зөвлөгөөг хуваалцах болно.
Өмнөх нийтлэлийг унших – Front-end хөгжүүлэгч: UI, UX-г ойлгох нь
ТОДОРХОЙЛОХ НЬ
VR – Virtual reality буюу виртуал бодит байдал нь компьютерийн програм хангамж болон тусгай толгойн өмсгөлийн хамтаар биднийг бодит ертөнцөөс дижитал орчинд аваачих технологи юм. Энэ нь хүний таван мэдрэхүйн гуравт нь буюу харах, сонсох, хүрэх мэдрэхүйд нөлөөлж тухайн газарт очсон мэт мэдрэмж өгч чаддагаараа давуу талтай. Түүхийг сөхвөөс VR нь анх 19 дүгээр зууны панорамик уран зургаас эхлэлтэй бөгөөд хүний нүдний харагдах орчинг дүүргэхүйц өргөн хүрээнд зурж, бидэнд аливаа үзэгдлийг илүү бодитоор мэдрүүлэх боломж олгодог байсан нь өнөөгийн VR технологийн зорилготой ижил буй. Цагийн явцад VR нь шинжлэх ухаан, кино урлаг, видео тоглоом зэрэг олон төрлийн салбарт ашиглагдсаар 1987 онд одоогийн “Virtual reality” хэмээн нэрлэгдэх болжээ.

AR – Augmented reality нь дээрх виртуал бодит байдлын дараагийн үе шат бөгөөд бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах нөхцлийг бүрдүүлдэг. Тодруулбал, компьютерийн програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн аливаа графикыг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин гэж ойлгож болно. Хүний нүдэнд үл харагдах, ойлгоход ярвигтай зүйлс эсвэл очих боломжгүй газрыг бидний байгаа байршлаас шууд үзүүлэх боломжтой нь энэ технологийн гол давуу тал. VR-аас ялгаатай нь та бодит орчинд байхдаа таван мэдрэхүйгээ бүрэн ашиглах боломжтой. Энэхүү технологийг аль ч салбарт өргөн ашиглах боломжтойгоос гадна боловсролын салбарт хамгийн үр өгөөжтэй гэж үзэж болно. Жишээлбэл, байгалийн шинжлэх ухааны зарим хичээл дээр бидний нүдэнд үзэгдэх боломжгүй химийн нэгдэл хэрхэн явагддаг, эсийн хуваагдал яаж өрнөдөг зэргийг үзүүлэх боломжтой.

MR – VR, AR технологийг хослуулсан Mixed reality нь бодит байдал ба виртуал орон зайг нэгтгэж, хэрэглэгчид тухайн орчинд буй дижитал элементтэй харилцах боломжийг олгодог. Уг технологийн хамгийн энгийн жишээ бол Microsoft HoloLens.

Маш энгийнээр тайлбарлавал…
VR нь бидэнд виртуал ертөнцөд нэвтрэх боломжийг өгдөг бол AR нь бодит ертөнцөд виртуал элементүүдийг авчрах нөхцлийг бүрдүүлдэг. Харин MR нь эдгээр нэмэлт виртуал элементтэй харилцах боломжийг олгоно.
VR ХӨГЖҮҮЛЭГЧ БАЙХЫН ТУЛД
“Digital Solutions” компанийн VR хөгжүүлэгч, төслийн менежер Б.Намууны таван зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр мэдээлэл технологийн инженерээр 2018 онд МУИС-ийг төгсөж, 2019 оноос тус компанид ажиллаж буй. Ажлын гараагаа эхэлснээс хойш “Виртуал Хархорум”, Орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжисний 100 жилийн ойд зориулсан “Шинжлэх ухаан-100” виртуал музей төсөл, VR дээр суурилсан “Боловсролын 21 контент” зэрэг төсөлд VR хөгжүүлэгч, төслийн менежрээр ажилласан туршлагатай. Тэрээр одоо “Метавэрс” төсөл дээр level дизайны багийг ахлан ажиллаж байна. Ташрамд дурдахад, Б.Намуун бол “DevSummit 2022” арга хэмжээний илтгэгч билээ.

DevSummit 2022 “Into the Metaverse” арга хэмжээний талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Optimization буюу оновчлол ашиглах
Энэ бол VR хөгжүүлэгчдийн хувьд хамгийн чухал шаардлагуудын нэг. Бидний гаргаж буй аль ч төрлийн програм ямар ч хүчин чадалтай компьютер, тоног төхөөрөмж дээр гацахгүй ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, олон тооны өгөгдлийг нэг дор үзүүлэхэд оновчтой, хурдтай үзүүлэх шаардлага гардаг гэсэн үг.
Физикийн хуулиудыг сайн мэддэг байх
Бодит ертөнц дээрх физикийн хууль VR ертөнц дотор ч мөн ижил үйлчилснээр хэрэглэгчдэд жинхэнэ мэт мэдрэмж өгч чадна. Харин энэ мэдрэмжийг өгөхийн тулд бид өөрсдөө физикийн хуулиудийг ашиглаж мэддэг байх нь чухал. Жишээ нь, нум сум харвадаг тоглоом хийлээ гэж бодоход бид хэр хүчтэй татаж байгаагаас эхлээд тухайн нум сумын өнцөг, гардус, таталтын хүч гээд бүхий л зүйлийг тооцох шаардлагатай.
Simplify аргуудыг ашиглах
Аль болох бүхий л 3D объектуудыг энгийн, бага хэмжээтэй байлгахыг зорих ёстой. 3D моделиуд хэт олон нарийвчилсан хэсэгтэй байвал гацалт үүсэх гол шалтгаан болдог.
Performance budget буюу гүйцэтгэлийг үнэлэх
Виртуал орчныг рендер хийж байх үед аль хэсэгт ямар хэмжээний ачаалал өгч байгааг олж илрүүлэх нь чухал. Учир нь гар утас, дэлгэц эсвэл VR төхөөрөмжийн алийг нь ашиглаж байгаагаас хамааран гүйцэтгэлийн үнэлгээ өөр өөр байдаг.
Төрөл бүрийн видео тоглоом тоглох
Тоглоом тоглосноор хэрэглэгчийн туршлага буюу UX, хэрхэн харагдах буюу UI болон тоглоом хөгжүүлэлтийн талаар илүү их мэдлэг, туршлагыг олж авдаг. Ингэснээр дараагийн үйл ажиллагааг хөнгөвчилж өгөхөд тусална.

Digital Solutions компанийн бүтээлүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 66.181.188.94
Wow олон хүний ажил, цаг завыг хэмнэж байгаад баярлалаа. Мундаг амжилт хүсьё та бүгдэд ????????????????????????????