Харилцаа холбоо, мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед хүүхэд багачууд уншиж сурахаасаа урьтаж ухаалаг төхөөрөмжүүдийг чадмаг эзэмших болжээ. Энэ ч утгаараа ойрын ирээдүйд кодчлол, программын хэл нь суурь боловсрол, бичиг үсэгтэй дүйцэхүйц чухал зүйл болох нь нэгэнт тодорхой болоод байна. Иймд хүүхдэдээ эртнээс код бичих, программ хөгжүүлэхийг сургаж, энэ чиглэлд хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг уг нийтлэлдээ онцоллоо.

1. зах зээлийн өсөлт: Зайлшгүй ирээдүй

Судалгаагаар, 18-24 насны залуус сард ойролцоогоор 90.6 цагийг ухаалаг гар утас, 34.7 цагийг таблет дээрээсээ ямар нэг онлайн апп, программ ашиглан өнгөрүүлж буйг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, дижитал платформууд нэгэнт байнгын, салшгүй хэрэглээ болсон учир үүнийг цаашид хориглох, хязгаарлахаас илүүтэй, зохицуулах, зөв чиглэлд хөгжүүлэх нь илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд онцолж байна.

Нөгөө талаар, энэ нь ирээдүйн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлж буй тул дэлхийн олон сургуулиуд бага сургуулийн сургалтын хөтөлбөрт компьютер программчлалын хичээлийг оруулах болоод буй. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад, дэлхий даяар нийт 19 сая программ хөгжүүлэгч идэвхтэй ажилладгаас 8.7 сая нь зөвхөн гар утасны апп хөгжүүлэлтээр дагнан ажилладаг гэнэ. Өнөө цагийн хамгийн эрэлттэй мэргэжил сонголтод дээгүүр жагсах болсон программ хөгжүүлэх ажил зүгээр ч нэг цаг үеийн трэнд биш юм шүү.

2. ЭРЭЛТ хэрэгцээ: ажлын байр

Дэлхийн нийт хүн амын 59 хувь буюу 1.7 хүн тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр интернэт ашигладаг. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дараа дараагийн жилд ч эрчимтэй үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Статистик судалгаанд 2023 он гэхэд апп хөгжүүлэлтийн зах зээл нэг их наяд ам.долларт хүрэх төлөвтэй хэмээж буй. Ингэснээр олон шинэ төрлийн программ, апп, дижитал бүтээгдэхүүнүүд өдөр тутмын амьдралд хүч түрэн орж ирж байгаа бөгөөд бид үүнийг криптовалют, цахим хэтэвч, жолоочгүй машин тэргүүтэй бүтээгдэхүүн үйлчилгээнээс харж болно. Энэ бүхэн улам илүү хөгжиж, тэдгээрийг дагасан шинэ ойлголтууд ар араасаа гарсаар байх нь тодорхой учир ирээдүйн нийгэмд амьдрах иргэний хувьд технологийг өндөр түвшинд ашиглах, цаашлаад тэднийг хөгжүүлэх нь наад захын бөгөөд хамгийн чухал чадвар болно.


13 НАСТНУУД ХӨГЖҮҮЛЭГЧЭЭР АЖИЛЛАНА

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын "Nest Education" сургуулийн 6-7 дугаар ангийн дөрвөн сурагч “Ток Ток” компани буюу Тоk Тоk аппын мэдээллийн технологийн албанд хөгжүүлэгч (developer)-ээр ажиллах урилга авчээ.

Эдгээр сурагчид хэдийгээр дунд ангийнхан боловч хэдийн өөрсдийн гар утсан дээрх апп болон тоглоомыг хөгжүүлэн, туршиж үзжээ. Цаашид технологийн салбарт ажиллаж, ирээдүйд хүнд тустай технологийн хөгжүүлэлтүүдийг хийх мөрөөдөлтэй ба тэдний мөрөөдлийг хамтдаа биелүүлэхээр “Ток Ток” компани бяцхан хөгжүүлэгчдэд ажлын санал тавин гэнэтийн бэлэг барьсан байна.


3. математик сэтгэлгээ: системтэй арга барил


Программын үндсэн зарчим математикт суурилдаг. Ихэнх хүүхдийн төвөгшөөдөг, бүрэн утга учрыг нь ойлгоогүйгээс бууж өгдөг математикийг код бичих, программ хөгжүүлэх замаар сонирхолтой, урамтай байдлаар хүргэх боломжтой. Код бичих нь хүүхдэд цэгцтэй сэтгэх, логик сэтгэлгээгээ хөгжүүлэх, дараалалтай ажиллах, анхаарлаа төвлөрүүлэх, сууж сурах, хийж буй ажлаасаа урам зориг авах зэргээр сэтгэлзүйн болон сахилга батын өндөр ач холбогдолтой юм.

Өдгөө Play Store дээр 2.2 сая, App Store дээр 2 сая, Windows дээр 0.7 сая гаруй утасны апп байршиж буй. Тэгвэл хүүхэд байхаасаа апп хөгжүүлж эхэлснээр тэр бүхнээс ялгарах, хэрэглэгчид илүү давуу тал бий болгохын тулд хайрцагнаас гадуур сэтгэн, бүтээлч байдлаа нэмэгдүүлэхэд ухамсаргүйгээр суралцаж, тийм зан төлөвийг өөртөө эртнээс төлөвшүүлдгээрээ давуу талтай.

4. нийтлэг ойлголт: хөгжүүлэгч болох хэцүү юу?


2025 онд ч ШИМТ салбарт (STEM буюу шинжлэх ухаан, инженер, математик, технологи) ажиллах чадварлаг боловсон хүчин дутагдалтай хэвээр байна гэсэн тооцоо бий. Одоогоор ШИМТ салбарт ажиллаж буй нийт хүмүүсийн 71 хувь нь компьютерын чиглэлд ажилладаг ч тэдний дөнгөж найман хувь нь мэргэжлийн сургууль төгссөн байдаг аж. Үүнийг судлаачид программ хөгжүүлэх, код бичих нь хэцүү ажил гэж боддогтой холбоотой хэмээн үздэг бөгөөд зөв арга барилаар хөгжүүлж чадвал хэн ч хийх боломжтой, иймдээ ч ирээдүйд улам нийтлэг болно гэж үзэж буй.

Ирээдүйд компьютерын чиглэлээр мэргэшин ажиллахаас үл хамаарч энэ чадварыг хөгжүүлсэн хэн бүхэн ажлын байран дээрээ бусдаас ялгарч, цаг хугацаа хэмнэх билээ.


Tok Tok нь онлайн плафторм ашиглан Улаанбаатар даяар хүргэлтийн үйчилгээ үзүүлэгч, 130 ажилтантай үндэсний компани юм. Мэдээлэл технологийн албанд нь одоогоор 10 хөгжүүлэгч ажилладаг байна. Технологийн салбарт илүү дэвшилтэт, хялбар, хэрэгцээт бүтээгдэхүүнийг хөгжүүлэн гаргаж Монголын хэрэглэгчдэдээ хамгийн хурдан хялбараар ашиглах боломжийг олгох зорилготой тул хөгжүүлэгчид нь судалгаа, цахим ертөнцийн шилдэг туршлагуудад үндэслэн загварын шинэчлэлийг хийн ирээдүйтэй мөр зэрэгцэн алхахыг зорьдог. Ийм ч учраас уг ажлын санал "Nest Academy"-ийн сурагчдад сонирхолтой туршлага болох нь гарцаагүй ээ.