Улаанбаатарын тод улаанаар тэмдэглэхүйц асуудалтай тэмцэж буй баатруудын түүхийг өгүүлэх УЛААН vs БААТАР цувралын тэргүүн дугаарт тавтай морил! Уг нийтлэлийн утга учир нь асуудлыг бус шийдлийг онцлоход оршино.
“Харь гарагийнхан Монголыг колоничлох гээд газарзүйн байршлаар нь хайж ирсэн ч манай улсыг ололгүй буцжээ.”
Олон нийтийн сүлжээн дэх хошигнол яриа
Энэ ярианд гарцаагүй үнэн нэг зүйл бий. Харь гарагийнхан байдаг гэдэг нь биш. Харин Монгол Улсыг олоогүй гэдэг нь… Харийнхан байтугай бид өөрсдийгөө ч олоход бэрх цаг болжээ. Өнгөрөгч амралтын өдрөөр Богд уулын энгэрээр мацан явахдаа эргэж хараад ийн бодсон бодол минь энэ. Монголын дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг ч цэлмэг тэнгэрээс доош тас хар утаа дахин нэг давхарга болж, агаарт хөвж байна. Хамгийн харамсалтай нь бид тэнд аж төрж байна.

Уншигч танд “цочроо” өгөхийн тулд нэг баримт дурдъя. Учир нь зарим талаар олон жилийн турш яригдсаар утааны асуудал “улиг” болчхоод байгаа шүү дээ.
Агаарын бохирдол нь мэдрэл ба сэтгэц, амьсгал, зүрх судас, хоол боловсруулах, нөхөн үржихүйн тогтолцоо зэрэг толгойн үснээс хөлийн үзүүр хүртэлх бүх биед нөлөөлдөг. Үүнд агаар мандалд буй олон төрлийн бодисууд дангаараа болон хавсарч нөлөөлдөг ч тэдгээрээс бүх эрхтэн тогтолцоог гэмтээх аюултай нь нарийн ширхэгт тоосонцор (PM2.5), озон (O3), азотын давхар исэл (NO2), хүхрийн давхар исэл (SO2), угаарын хий (CO) юм. Өчүүхэн жижиг хэмжээтэй тоосонцрууд ч хүний биед нэвчих чадалтай төдийгүй хамгийн эмзэглүүштэй нь нөхөн үржихүйн тогтолцоонд үзүүлж буй хор хохирол. Чухамхүү бидний хойч үе болсон бяцхан үрс эх дэлхийд мэндлэхээсээ ч өмнө эл асуудлын хохирогч болж байна.
Шотландын Абердин, Белгийн Хасселт Их сургуулийн эрдэмтдийн хамтран явуулсан судалгаагаар эхийн хэвлийд буй ургийн уушги, элэг, тархи зэрэг эрхтнээс хорт тоосонцор илэрчээ. Эдгээр тоосонцрууд эхийг жирэмсэн байх үед амьсгалсан агаараар цусанд нэвтэрч, цаашаа эхсээр дамжин урагт хүрсэн нь энэ аж. Дөнгөж түрүүхэн дурдсан хорт тоосонцрууд дээр нэмээд хүнцэл (As), хар тугалга (Pb), Нитрат (NO3-), Сульфат (SO₄²-), Органик болон хар нүүрстөрөгч гэх мэт бодисууд амьсгалын замаар маш амархан хүний биед нэвтэрч, дээрх асуудлын шалтгаан болж буй юм.
Санууштай нь дээрх судалгааг Шотланд болон Бельгид аж төрдөг тамхи татдаггүй эмэгтэйчүүдийн дунд явуулсны сацуу энэ хоёр улс манайхыг бодвол харьцангуй агаарын бохирдол багатай орнууд гэдгийг онцлох нь зүйтэй. Тодруулбал, энэ сарын 23-ны өдрийн байдлаар агаарын чанарын индекс Шотланд улсын нийслэл Эдинбургт 39 (сайн), Бельги улсын нийслэл Брюссельд 31 (сайн), харин Монголын нийслэл Улаанбаатарт 183 (эрүүл бус) байгааг Швейцарийн агаарын чанар хэмжигч компанийн IQAir вэбсайт харуулж буй. Уншигч та ч бас real-time байдлаар аль ч орны агаарын чанарын индексийг эндээс харах боломжтой.
“ДЭМБ-аас гаргасан Дэлхийн агаарын чанарын удирдамжид (Global air quality guidelines) зааснаар хүний 24 цагийн хугацаанд өртөж болох PM2.5-ийн дундаж хэмжээ нь 15 мкг/м3-аас хэтрэхгүй байх ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн хэмжээ ДЭМБ-аас заасан хүлцэх хэмжээнээс даруй 10 дахин өндөр байгаа аж. Гэвч дүн өвлөөр энэ тоо 100 байтугай өндөр хэмжээнд хүрдгийг нийслэлчүүд бид мэдэх билээ.”
Агаарын бохирдлын асуудлыг бичээд байвал дуусашгүй. Тэгээд ч энэхүү нийтлэлээр “улиг” болсон утааны асуудлыг дөвийлгөх бус эсрэгээрээ эл асуудлыг шийдэхээр зорьж буй эрхмүүдийн түүхийг хуваалцах зорилготой. Басхүү “нөгөө л” утааг чинь шийдэх хүмүүс бид өөрсдөө шүү гэдгийг сануулах учиртай.

AIREE
Эхэнд дурдсанчлан бид ууланд алхах үедээ л ямар хотод амьдарч буйгаа нүдээр үздэг гэхэд хилсдэхгүй. Өнгө ижлээр Улаанбаатарын өрөвдөлтэй төрхийг олж харсан хүмүүсийн нэг нь М.Оюунгэрэл. Утааны эсрэг түүний шийдэл нь хонины ноосон шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч.
“Нэг өдөр гэрийнхэнтэйгээ хамт Скай ресорт руу явсан юм. Утаатай Улаанбаатарт амьдардаг гэдэгтээ нэгэнт дасчихсан, угаасаа л ийм байдаг даа гээд эвлэрчихсэн байсан үе. Уулын оройгоос нийслэлийн зүгт нүүгэлдсэн хар утаа үзэгдэхтэй зэрэгцэн “Наадах чинь Улаанбаатар” гэж хэлэх аавын үг толгой дэлсэх шиг болж билээ. Тэгж л би сурах гэж байсан мэргэжлээ солиод Хүрээлэн буй орчин судлалаар МУИС-д элсэн орсон түүхтэй. Тийнхүү оюутан болсон цагаас эхлээд л агаарын бохирдлын эсрэг дорвитой үйл хийж эхэлсэн.”

2021 оны зургаадугаар сар. Тэрээр “Greenpreneurs” тэмцээнд оролцохоор багаа бүрдүүлж, хамтрагч М.Батмөнхтэй холбогджээ. Анхлан дэлхийн нийт хүчилтөрөгчийн 40-70 хувийг үйлдвэрлэгч далайн замгийг ашиглан агаар цэвэршүүлэгч бүтээх санаатай байсан ч удалгүй үүнээс арай хямд бөгөөд олдоц ихтэй материалын эрэлд гарах хэрэгтэй болсон юм. Ийнхүү хайгуул хийх явцдаа хүрээлэн буй орчин судлал, агаарын бохирдлын мэргэжилтэн, биотехнологич, химич, үйлдвэрлэлийн дизайнер, IT инженер, санхүүч гээд олон салбарын хүмүүсээр “Мөрөөдлийн баг”-аа бүрдүүлж, улмаар гол орц болох хонины ноосон шүүлтүүр хийх шийдлийг олжээ. Ноос нь цахилгаан соронзон шинж чанартай бөгөөд агаарт дэгдсэн бохирдлыг өөртөө татах замаар ажилладаг. Харин тэд энэхүү онцлогийг ашиглан агаар цэвэршүүлэгч бүтээсэн нь Airee юм.
“Гадаад орчинд цэнгэг агаараар амьсгалж чадахгүй юм чинь ядаж дотоод орчинд цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй шүү дээ. Даанч импортын агаар цэвэршүүлэгч хангалтгүй, шүүлтүүрийг нь сольё гэхээр олдоц муутайн дээр үнэтэй. Мөн шүүлтүүрүүд нь синтетик материалаар хийгддэг болохоор эргээд байгальд задрахдаа микро пластик болдог гэх мэт олон асуудалтай. Үүний эсрэг хамгийн үр дүнтэй шийдэл нь Airee байж болох юм байна гэж бодсон. Ажиллах механизмыг нь товч яривал, манай агаар цэвэршүүлэгч хоёр давхар шүүлтүүртэй. Зузаан нь бүдүүн ширхэгтэй тоосонцруудыг, нимгэн нь нарийн ширхэгтэй бохирдлыг шүүдэг. Манай шүүлтүүр цэвэрлэгээний бодис, хиншүү, тамхины утаа зэрэг урт хугацаандаа хорт хавдар үүсэхэд нөлөөлөгч зүйлсээс ялгардаг VOC буюу дэгдэмхий органик нэгдлийг шүүж авдгаараа давуу талтай.”

BREATHE MONGOLIA ТББ
Оюутан байх үеэсээ агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, шинийг санаачилж ирсэн Оюукагаас энэ тухай нь лавшруулан асуухад 2019 онд түүний хамтран байгуулсан Breathe Mongolia ТББ-ын талаарх яриа яах аргагүй анхаарал татсан юм. Түүнтэй нийлээд дөрвөн эмэгтэй санаа зорилго нэгдэн агаарын бохирдол ба түүний үүдэл шалтгааныг олон нийтэд таниулах, сөрөг үр нөлөөтэй тэмцэх, улмаар агаарын чанарыг сайжруулах зорилгоор уг ТББ-ын үйл ажиллагааг эхлүүлжээ. Тиймдээ ч сэтгүүлч миний бие Breathe Mongolia ТББ-ын үйл ажиллагааны талаар илүүг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн хамтран үүсгэн байгуулагч Б.Энхүүнтэй уулзсан юм.
Тэд үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.
1. Олон нийтэд боловсрол олгох буюу агаарын бохирдолтой холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг түгээх, улмаар хувь хүн болон байгууллагууд үүнд хэрхэн оролцож болох тухай таниулах
2. Агаарын бохирдлыг шийдэх зорилготой, энэ үйлсэд хувь нэмрээ оруулж чадах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх
3. Шийдвэр гаргагчдаас баталж буй бодлого, дүрэм журмын хэрэгжилт, үйл явц хэр байгаа талаар нөлөөллийн ажлуудыг тус тус хийдэг аж.
“Агаарын бохирдлын талаарх мэдээлэл монгол хэл дээр төдийлөн элбэг бус байсан нь вэбсайтаа хөгжүүлэх үндсэн суурь шалтгаан болж байлаа. Үүний зэрэгцээ тухайн үед эл асуудлыг шийдэх зорилготой байгууллагууд хоорондын уялдаа, хамтын ажиллагаа үүсэх талбар байгаагүйг олж харсан. Юутай ч ажил хэрэг болгоод эхлүүлсэн нь зүйтэй гэж ярилцсан болохоор Улаанбаатар хотын агаарын чанарын индекс бүхий газрын зураг, мэдээ, мэдээллийн сан гэсэн гурван хуудастай вэбсайтыг 2019 онд босгоод байсан юм. Тэгтэл энэ үетэй давхцаж, НҮБ-ын Хүүхдийн сангаас нэгэн тендер зарласан нь бидний хүсэл зорилготой огтлолцон “Агаар Нэг” платформыг ажил хэрэг болгох явдал байлаа. Ийнхүү 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформын хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, цахимаар нээлтээ хийж байлаа.”

Уг платформ ашиглалтад орсноор төр, хувийн хэвшил нийлсэн 43 байгууллага гишүүнээр элсээд буй бөгөөд тэдний хамтран хэрэгжүүлсэн онцлох төсөл нь “Цэвэр агаарт таны оролцоо” байжээ. Aстразенека байгууллагын дэмжлэгтэйгээр эхлүүлсэн уг төслийн хүрээнд агаарын бохирдол, түүний сөрөг үр дагаврыг бууруулах арга замуудыг таниулах, мэдлэг түгээх зорилготой олон нийтэд чиглэсэн сар бүрийн сургалт хийх; түүхий нүүрс, уламжлалт зуухны хэрэглээг багасгахаар байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг гэр хороололд амьдарч байгаа 25 айлд нэвтрүүлэх; төслийн үр дүнг хянаж, мэдээлэл цуглуулан түүн дээр суурилсан агаарын бохирдлыг бууруулах шийдвэр гаргагчдын үйл ажиллагаанд нөлөөлөх ажлуудыг тус тус гүйцэтгээд буй. Харин технологийн шийдэл талаас монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг 25 айл өрхөд суурилуулж, тэнд амьдарч буй хүүхдүүдийн угаарын хийн архаг хордлогыг тодорхой хэмжээнд бууруулахыг зорьжээ. Уг төслийн үр дүн бүхий тайлан энэ сард олон нийтэд танилцуулагдах юм.
“Жил бүр 3.2 сая хүн хатуу түлш, керосин дутуу шатсанаас үүдэлтэй дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан өвчинд нэрвэгдэн цаг бусаар нас барж байна.”
– ДЭМБ
Өдгөө дэлхий даяар 2.3 тэрбум орчим хүн гэр хороололд агаарын бохирдол үүсгэж буй гол элемент болсон керосин, биомасс (мод, малын аргал, газар тариалангийн хаягдал) болон нүүрсээр халдаг уламжлалт зуух ашиглаж буй. Хэрэв та санаж байгаа бол ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу 24 цагт хүний өртөж болох PM2.5-ийн дундаж хэмжээ нь 15 мкг/м3-аас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь энэхүү хэмжээнээс давсан агаарын бохирдолтой оронд амьдарч байгаа бөгөөд үүнээс үүдэн жил бүр олон сая хүн нас барж байна.

Mukuru Clean Stoves
Дээрх баримтаар агаарын бохирдол бол зөвхөн Улаанбаатарын асуудал биш гэдгийг сануулах гэсэн юм. Тиймдээ ч бид олон улсын жишээг эрж хайсан ба байгаль орчинг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, жил бүр таван ялагч шалгаруулдаг Earthshot Prize-ийн 2022 оны ялагч Шарлот Магайитай холбогдож, түүний зөвшөөрөлтэйгөөр энэхүү түүхийг сийрүүлэн хүргэж байна.
Тэрээр Кени улсын нийслэл Найроби хотын Мукуру Ква Нженгагийн ядуусын хороололд арван настайдаа өнчирч үлдсэн нэгэн. Багаасаа амьдралын хатууг нуруун дээрээ үүрч явсан түүнийг 16 насанд нь ээж болох тавилан угтсан төдийгүй өөрийгөө болон охиноо тэжээхийн тулд сургуулиа орхиж, ажил хийхээр шийджээ. Гэвч тухайн үед түүнд байсан ганцхан сонголт нь ядуусын хороололд нүүрс зарах байв.
“Амьдрахын эрхэнд зарж буй нүүрсэндээ хордож, охин бид хоёр амьсгалын замын өвчлөлд өртсөн байлаа. Тэгтэл гай газар дороос гэгчээр миний охин хоёр настайдаа буюу 2012 онд ил зууханд түлэгдэж хүнд гэмтэл авсан юм. Тэр цагаас өөрийгөө ч, өрөөлийг ч хордуулж байгаа нүүрс болон уламжлалт зуухыг халах шийдэл хайж эхэлсэн нь одоогийн Mukuru Clean Stoves компанийн суурь болсон.”

Тэр хоёр жил сургуулиас завсардсан ч хураасан мөнгөөрөө дахин боловсрол эзэмшиж, нүүрс болон бусад хортой хатуу түлшний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар мэдлэг, мэдээлэл олж авчээ. Энэ бол түүний хувьд бизнесээ эхлүүлэх гол хөшүүрэг болсны сацуу үр дүнд нь хатуу түлшийг уламжлалт зууханд ил шатаахын оронд нүүрс, мод, чихрийн нишингэ зэрэг боловсруулсан биомассыг ашиглах боломжтой шинэ төрлийн зуухыг бүтээв. Ил галаас 90 хувь, уламжлалт зуухнаас 70 хувиар бага бохирдол үүсгэдэг энэхүү зуух нь үнийн хувьд ердөө 10 ам.доллар бөгөөд 2022 оны байдлаар Кени улсад 200 мянган хүн эл зуухыг хэрэглэж байгаа юм.
“Амьдралынхаа хамгийн том асуудалд олсон шийдэл нь Mukuru Clean Stoves. Бидэнд илүү хямд, аюулгүй зуух, түлшээр олон сая хүний амьдралыг өөрчлөх боломж бий.”

CHIP БАГЦ
Өвөлдөө -45 хэм хүртэл хүйтэрдэг Монгол Улсад даарахгүйн эрхэнд гэр, байшингаа дулаан байлгах нь хэн бүхний гол зорилго. Дээрх жишээ шиг хялбар шийдлээр зуухаа солиход хэтэрхий эрс тэс цаг агаартай ч дүн өвлөөр дулаан аж төрөх цөөнгүй сонголт бидэнд бий. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан, Пипл Ин Нийд ОУТББ, ТоС Холбоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хамтран хэрэгжүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцын төслийг онцолж болно.
2019 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр монгол гэрийн Cooking, Heating, Insulation Products - CHIP буюу Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг зохион бүтээж, Баянхонгор аймагт нэвтрүүлснээр энэхүү төсөл эхэлсэн түүхтэй. Дээр дурдсан “Цэвэр агаарт таны оролцоо” төслийн хүрээнд ч мөн адил эл багцыг 25 айлд суурилуулсан бөгөөд энэхүү багц нь монгол гэрийн бүтэц, хэлбэрийг өөрчлөлгүйгээр дулаан их алддаг хэсгүүдийг битүүмжлэн сайжруулж, нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр солиход зориулагдсан юм.

“Нүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан бөгөөд агаарын бохирдлын 80 орчим хувийг бий болгодог гэсэн судалгаа бий. Харин ЧИП багц бүтээгдэхүүн нь РМ2.5, РМ10 тоосонцор, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн давхар болон дутуу исэл зэрэг түүхий нүүрсийг шатаахад ялгардаг хорт бодисуудыг бууруулахад томоохон нөлөө үзүүлж байгаа.”
Одоогоор уг төслийн үр шимийг зургаан аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн хоёр мянга орчим өрхийн 6000 гаруй иргэд, 24 гэр цэцэрлэгийн 562 хүүхэд хүртэж буй. Үүний сацуу тав хүртэлх насны 1000 гаруй хүүхэд ил гал, зууханд түлэгдэх эрсдэлгүй, аюулгүй орчинд өсөн торниж байгаа аж.
Манай улсын нийт хүн амын 60 орчим хувь нь төвлөрөн амьдардаг Улаанбаатар хотод өвлийн улиралд амьсгалын замын өвчлөлийн тоо эрс нэмэгддэг. Мэдээж үүний суурь шалтгаан нь агаарын бохирдол. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд манай улсад агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнөөр жилд 300 хүн нас барж байгаагийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сан 2018-2023 оны тайлан
Polish Smog Alert
Энэ хүртэл агаарын бохирдлын эсрэг таны амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц арга зам бүхий түүхүүдийг хуваалцлаа. Харин одоо олон нийтээрээ юу хийж болох тухай нэгэн жишээг хүргэе. Манай редакц энэ түүхийн эзэнтэй мөн л цахим шуудангаар холбогдсон ба тэр бол Earthshot Prize 2023-ийн финалийн шатны оролцогч, Polish Smog Alert үндэсний хөдөлгөөний хамтран санаачлагч Анджей Гула юм.
Жил бүр Польш улсад 40 мянга орчим хүн ямарваа нэг бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Мэдээж эдгээр шалтгааны нэг нь агаарын бохирдол. ЕХ-ны хамгийн бохирдолтой 50 хотын 23 нь тус улсад бий бөгөөд үндсэн шалтгаан нь нүүрс түлдэг энгийн ахуйн зуух, автомашин, үйлдвэрээс ялгарах хорт утаа.
“2012 оны үед Краков хотод нөхцөл байдал хэрээс хэтэрч, агаарын бохирдлын хэмжээгээрээ Европт гуравдугаарт бичигдэж эхэлсэн. Тэр үед санаа нэгтэй хэдэн нөхөд нийлж, бидний эрүүл мэндэд утаа хэрхэн нөлөөлж буй талаар олон нийтэд мэдээлэл хүргэх аяныг эхлүүлсэн нь 2015 онд Polish Smog Alert үндэсний хөдөлгөөн болон өргөжин тэлж байв. Улмаар 2016 онд нүүрс, мод түлэхийг хориглосон Польшийн анхны хот болж, 2019 он гэхэд уг санаачилгад 20 хот нэгдсэн. Үүний зэрэгцээ улсын зүгээс энэхүү асуудалд анхаарал хандуулж эхэлсэн ба айл өрхүүдийг 100 хувь халаалтын системд шилжүүлэх зорилгоор олон тэрбумыг зарцуулж байна.”

Энэхүү кампанит ажилд агаарын чанарыг хамгаалах чиглэлээр ажилладаг хуульчид, уушги, зүрхний эмч нар тэргүүтэй олон салбарын мэргэжилтнүүд оролцож, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний тухай олон нийтэд ухуулан ойлгуулах ажлуудыг ар араас нь хийж байна. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар орон нутгийн 50 гаруй байгууллага агаарын бохирдлын эсрэг тэдэнтэй нэгдэн ажиллаж байгааг дурдууштай. Цаашид Polish Smog Alert үндэсний хөдөлгөөний хамт олон 2026 он гэхэд Польш даяар нэг сая байшинд нүүрсний шаталтыг зогсоож, агаарын чанарыг ДЭМБ-ын стандартад нийцүүлэхээр зорьж байгаа юм.

Польш улсын жишээнээс аливаа асуудлыг шийдвэрлэхэд тууштай байдал хэр чухал вэ гэдгийг бэлээхэн харж болмоор санагдана. Учир нь 2012 оноос Краков хотод нүүрс, мод шатаахыг хориглосноос хойш агаар дахь хорт тоосонцрын агууламж болон шаталтын бохирдол хоёр дахин буурсан үзүүлэлт гарчээ. Тэд эхнээсээ шийдвэр гаргагчдад шууд нөлөөлөөгүй нь мэдээж. Гагцхүү нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлыг тасралтгүй хэрэгжүүлж, эгнээндээ илүү олон хүн, байгууллагыг нэгтгэн дуу хоолойгоо нэгтгэсэн аж.

Монголчууд бид агаарын бохирдлын асуудлыг ярьсаар хэдэн аравныг өнгөрүүлж, хэдэн зуун тэрбум төгрөгийг энэ чигт зарцуулсан ч өнөөгийн нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн ямар ач холбогдолтой байсныг гэрчилж буй. Гэсэн ч бид асуудлыг сөрөг талаас нь харж, үүнтэй эвлэрч хойш суух бус хүн нэг бүрийн оролцоог чухалчилж, шийдлийг өөрсдөөсөө эхлэх нь зөв юм. Тиймдээ ч бид энэхүү нийтлэлээрээ олон улс болоод дотоодод хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудаас онцлох тавыг нь хуваалцлаа. Үүний цаана олон хүн тус тусын арга замаар нийтийн асуудлын эсрэг ажиллаж байгааг дурдууштай.

Сэтгэгдэл бичих

