Unread-ийн санал болгодог "100 зүйл" жагсаалтад тавтай морил! Энэ удаагийн жагсаалт анхаарлын тань гадна үлдсэн заавал үзэх 100 киногоор үргэлжлэх болно.

Сайн кино үзэгчдэд хариулт өгөх бус асуулт үлдээхийг чухалчилдаг. Бид яг л тийм кинонуудыг эрж олон, үзэн сонирхож, сайтар судлан, нэгтгэн дүгнэж, экспертүүдийн үнэлгээ, олон улсын амжилт зэргийг харгалзсаны үндсэн дээр ээлжит жагсаалтаа гаргалаа.

Ингэхдээ Европ, Ази, Монгол, Холливүүд, Хүүхэлдэйн, Баримтат бүтээл зэрэг үндсэн зургаан бүлэгт хувааж тухайн бүтээлийн онцлог, гол санааг илтгэсэн товч тайлбар, үнэлгээ, трэлэйрийн хамт нийтлэв. Уг жагсаалт нь уламжлал ёсоор манай багийнхны өөрсдийн сонголт, хөдөлмөрийн шимээс урган гарсан оригинал контент бөгөөд аль нэг сайтын орчуулга, тодорхой шүүмжлэгчдийн гаргасан жагсаалт зэргээс огт хуулбарлаагүйгээрээ онцлог билээ.

Заримынх нь өдөр бүр үзэж таашаадаг байж болох ч ихэнхийнх нь хувьд анзааралгүй өнгөрөөсөн байж мэдэх тийм л чанартай бөгөөд дарагдмал кинонууд энд бий. Хамгийн арт хаус, уран яруу хийц, тансаг зураглал, этгээд өгүүлэмж, чанартай продакшнтай, хамгийн гол нь "underrated" буюу анхаарлын гадна үлдсэн байж мэдэх 100 киног таалан болгооно уу.

Аан тийм. Уншиж эхлэхээсээ өмнө бидний эхэнд байрлуулсан "ИНТЕРАКТИВ ХӨТӨЧ"-тэй танилцахаа бүү мартаарай. Та эндээс кинонуудыг төрөл, жанраар нь ангилж, дэлгэрэнгүй мэдээллийг нь авах боломжтой шүү.

За эхэлцгээе.



ЕВРОП


1. PETROV’S FLu (2021)

Найруулагч: Kirill Serebrennikov
Хэл: Орос
Жанр: Гэмт хэрэг, драм, инээдэм
IMDB оноо: 6.8/10

Петровын гэр бүлийнхэн ханиад томуу тусах үед өдөр тутмын бодит амьдрал үгүй болж галзуурал, уран зөгнөл, сюрреиализмд автана. ЗХУ задран унасны дараах Орос орныг найруулагч Kirill Serebrennikov - ын төсөөлөлд хэрхэн амилсныг тус бүтээлээс үзээрэй.

Трэйлэр

2. HUKkLE (2002)

Найруулагч: Gyorgy Palfi
Хэл: Харилцан ярианы өгүүлэмж үгүй
Жанр: Драм, авангард
IMDB оноо: 7.0/10

Хэрвээ та хорхой шавж, байгаль болоод эд зүйл харшиж дуугарахаас өөр чимээгүй ч нууцлаг, гэмт хэргийн өгүүлэмжтэй авангард бүтээл сорчилж үзэхээр бол уг киноноос татгалзах хэрэггүй. Унгарын буйдхан тосгоны хүн зон, ан амьтны хэсэг бусаг амьдрал хоас оршихуйн философи адил дэлгэцэд цувран хөврөх ба модон байшингийн гадна нарлаж суух нэгэн өвгөн тасралтгүй зогьсуулсаар байна.

Трэйлэр

3. THE GULLs (2015)

Найруулагч: Ella Manzheeva
Хэл: Буриад
Жанр: Драм
IMDB оноо: 6.7/10

Уг бүтээлийн зураг авалт, сцен, жижигхэн деталь бүр нь утга санаа агуулахаас гадна ямар ч уран зургаас илүүтэй тансаг мэдрэмжийг үзэгчдэд өгөх болно. ОХУ-ын Буриадын найруулагч Ella Manzheeva-гийн анхны бие даасан уран бүтээл болох тус кино арт хаус кино сонирхогчдоос өндөр үнэлгээ хүртсэн билээ.



4. THE SEVENTH SEAL (1957)

Найруулагч: Ingmar Bergman
Хэл: Швед
Жанр: Сэтгэлзүйн драм, түүхэн
IMDB оноо: 8.1/10

Олон давхаргат гүн агуулга, гайхалтай хөгжим, зураг авалт, харилцан яриа, Эрлэгийн элчтэй шатар тоглох Хөлөг баатрын сцен зэрэг нь уг киног сод туурвил гэж үзэх хангалттай шалтгаан мөн. Хүмүүний хувьд үхэл гээч нууц эсвээс мэдлэг болох зүйл бишээс гадна цаг нь ирэхэд бүгд л амьдрах хүсэлд автдаг билээ.

Трэйлэр

5. LUNACY (2005)

Найруулагч: Jan Svankmajer
Хэл: Чех
Жанр: Сэтгэлзүйн драм, бараан хошигнол
IMDB оноо: 7.1/10

Английн нэрт зохиолч Эдгар Аллан Погийн жигтэй, төсөөллийн түүхүүдээс уг киноны нэгээхэн сэдвийг урласан гэж бодохоор л бүтээлийн нэр ямархан бараан хошигнол, ёжтой мэдрэмжийг үзэгчдэд үлдээх бол гэдэг сониуч занг төрүүлнэ.

Трэйлэр

6.  A SHORT FILM ABOUT LOVE (1988)

Найруулагч: Krzysztof Kieslowski
Хэл: Польш, Португал, Герман
Жанр: Драм, романс
IMDB оноо: 8.2/10

Хайрын тухай хамгийн хөөрхөн, жигтэй ч байж мэдэх тус бүтээл өсвөр насны хүүгийн романтик дурлалын түүхийг таны өмнө дэлгэнэ. Киноны үйл явдал нь зохиолч Г.Аюурзаны "Анхны дурлалын намар" өгүүллэгийг эрхгүй санагдуулах буй за.



7. THE WITCH (2015)

Найруулагч: Robert Eggres
Хэл: Англи
Жанр: Аймшиг
IMDB оноо: 6.9/10

Зарим аймшгийн кинонууд үзэгчийн зүгээр л цочоох үүрэгтэй мэт санагддаг. Харин уг бүтээлд сатан ямаан дүрээрээ зочлохоос гадна жинхэнэ сэтгэлзүйн аймшиг, үлгэр домгийн символист илэрхийллийг тод томруунаар харуулна.

Трэйлэр

8. COMPARTMENT NUMBER 6 (2021)

Найруулагч: Juho Kuosmanen
Хэл: Орос, Польш
Жанр: Драм, романс
IMDB оноо: 7.3/10

Элдэв маяггүй жирийн харилцааны үнэ цэн, судалгааны ажлын төлөөх аялал нь гайхалтай үнэнч хайрыг мэдрүүлэх яруу тунгалаг, уран зураг шиг сценатай уг бүтээл үзэгчийг хором ч уйдаахгүй. Төгсгөлд нь Монголын нэгэн алдартай уран бүтээлчийн дуу эгшиглэх бөгөөд нэрийг нь нууцалчихъя.

Трэйлэр

9. THE LOBSTER (2015)

Найруулагч: Yorgos Lanthimos
Хэл: Англи
Жанр: Бараан хошигнол, драм, романс
IMDB оноо: 7.1/10

Ганц бие хүмүүс 45 хоногийн дотор хосоо олохгүй бол өөрийнх нь сонгосон амьтны дүрд хувиргаж ойд тавих ёстой байдаг уг киноны өгүүлэмж нь жинхэнэ утгаараа улс төрийн дистопи юм. Грекийн шинэ гаж кино урлаг хэмээн нэрлэгдэх хөдөлгөөний чухал төлөөлөгчийн эл бүтээл өвөрмөц зүйлсээр дүүрэн.



10. THE UmBRELLAS OF CHERBOURG (1964)

Найруулагч: Jacques Demy
Хэл: Франц
Жанр: Мюзикл
IMDB оноо: 7.8/10

Гэгээлэг зураглал, өнгө дүрстэй энэхүү киног хэдэн ч удаа үзсэн уйдамгүйгээс гадна кинонд дуулалгүйгээр хэлсэн ганц ч үг үгүй. Ямар ч диалогийг дуугаар илэрхийлж болно гэдгийг харуулсан уг бүтээлд дэлгэцнээ буусан цөөхөн хэдэн дуурь л дөхөж очно хэмээн судлаачид дүгнэдэг.

Трэйлэр

11. AGA (2018)

Найруулагч: Milko Lazarov
Хэл: Болгар
Жанр: Драм
IMDB оноо: 7.2/10

Хаашаа л харсан цас үзэгдэх газар тэнгэрийн заагт амьдрал нь нэгнийхээ хуулбар мэт хөврөх ертөнцөд хоёр цаатан хөгшин аж төрөх ба гэргий Седна нь цаатны амьдралыг гол, иргэншилд хөл тавьсан охин Агагаа дурсдаг. Тэдний бие биедээ ярьдаг домог, зүүдний олон өнгө, зураачийн уран ажлыг кино үзэх явцад гайхаад барахгүй.

Трэйлэр

12. Toni Erdmann (2016)

Найруулагч: Maren Ade
Хэл: Герман, Австри
Жанр: Инээдэм, драм
IMDB оноо: 7.3/10

Наргиан, хошигнолд дуртай хөгшин аав үргэлж ажил ихтэй байдаг охиныхоо барааг бараг л хардаггүй гэхэд болно. Нэг л өдөр охинтойгоо илүү ойр байх шинэлэг санаа олж, улмаар амьдралын дасгалжуулагчийн дүрд хувиран түүний ажлын хүрээлэлд багтах нь тэр.



13. Ida (2013)

Найруулагч: Pawel Pawlikowski
Хэл: Польш
Жанр: Драм
IMDB оноо: 7.4/10

1962 он, дэлхийн хоёрдугаар дайны хохирол дундаас өндийхөөр тэмцэж буй Польш. Гэлэнмаа болохоор сэтгэл шулуудсан Анна сүүлчийн тангаргаа өргөхөөсөө өмнө цорын ганц хамаатан болох авгатайгаа уулзахаар шийднэ. Хар цагаан өнгөнөөс бүтсэн энэ бүтээлээр дамжуулан найруулагч хоосон ухуулгаар хүмүүсийн тархийг угаасан Сталинизмын увайгүй бодлого, холокостын хор уршгийн улмаас бүхэлдээ харанхуй бөгөөд сохор болж хувирсан нийгмийн үнэн төрхийг харуулжээ.

Трэйлэр

14. Portrait of a Lady on Fire (2019)

Найруулагч: Céline Sciamma
Хэл: Англи
Жанр: Драм, романс
IMDB оноо: 8.1/10

Юунд ч бүү харамс, дурсаж явахад л хангалттай…

Секунд бүрийг нь тастаж аваад ханандаа өлгөсөн ч болох мэлмий мялаасан зураглал бүхий киноны үйл явдал нь 18-р зууны Францад хуримлах гэж буй язгууртан бүсгүй болон сүйн хөргийг нь зурахаар хөлслөгдсөн зураач хоорондох хориотой хайр сэтгэлийн холбоог харуулна. Гол дүрүүдийн хооронд үүсэх нандин хайрыг урлагтай хослуулан тун нандин байдлаар илэрхийлсэн Францын залуу найруулагч Селин Сьяммагийн энэхүү бүтээл хэрэв танд таалагдваас "Ma vie de Courgette" гэх өөр нэгэн анимейшнийг нь сонирхоод үзэхэд гэмгүй.

Трэйлэр

15. Another Round (2020)

Найруулагч: Thomas Vinterberg
Хэл: Дани
Жанр: Комеди, драм
IMDB оноо: 7.7/10

Хүн согтолтын 0.1 хувь дээр өөрийнхөө хамгийн бүтээлч, эрч хүчтэй хувилбар руу шилждэг аж. Харин үүнээс хэтэрсэн алкохол өдөр бүр хэрэглэвэл яах бол? Асуултын хариуг та дунд сургуульд багшилдаг, дөрвөн найзын хөгтэй түүхээс олоорой. Дунд насныхны хямрал, нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын эгэл аз жаргалыг цомхон бөгөөд чансаатай үзүүлсэн "Another Round" 93 дахь удаагийн Оскарын наадамд Шилдэг олон улсын кино төрөлд ялагч болсон билээ.

Трэйлэр

16. cold war (2018)

Найруулагч: Pawel Pawlikowski
Хэл: Польш, Франц, Орос, Итали
Жанр: Драм, түүх, хөгжим
IMDB оноо: 7.5/10

Кино шүүмжлэгчдийн "зүрх шархлуулагч" хэмээн нэрийдсэн энэхүү кинонд хүйтэн дайны үед амьдарч буй хөгжмийн зохиолч эр, дуучин бүсгүйн хайрын түүхийг өгүүлнэ. Хар, цагаан өнгөтэй, 4:3 буюу бараг л шоо дөрвөлжин харьцаатай хийгдсэнээрээ онцлог юм. Киноны өнгө, дүрслэлийн гоо зүй нь хосын дүрэлзсэн хайрын түүхийг улам асааж өгсөн байдаг.



17. run lola run (1998)

Найруулагч: Tom Tykwer
Хэл: Герман
Жанр: Гэмт хэрэг, адал явдалт, аймшиг
IMDB оноо: 7.7/10

"Өдөр бүр хийж буй бяцхан сонголтууд бидний амьдралд том нөлөө үзүүлэх боломжтой." Энэ үгийг та цөөнгүй сонссон гэдэгт эргэлзэхгүй ч нүдээр харж, биеэр мэдрэхээс нааш бүрэн гүйцэд ухамсарлах нь төвөгтэй. Тэгвэл энэхүү кино нь танд нэг үйл явдлын гурван өөр сонголт, үр дагаврыг дүрсэлж харуулах юм. Үүнээс жижиг үйлдэл бүрийн үр нөлөө болон ирээдүйн тааварлашгүй байдлыг мэдрэх болно.

Трэйлэр

18. As we were dreaming (2015)

Найруулагч: Andread Dresen
Хэл: Герман
Жанр: Драм
IMDB оноо
: 6.3/10

Техно хөгжмийн эх нутаг Берлин хотод амьдарч буй гурван залуугийн түүх. Берлиний хана нураад удаагүй байгаа цаг үед залуус техно хөгжимд дурлаж, өөрсдийн клуб нээхээр зорино.

19. Enter the void (2010)

Найруулагч: Gaspar Noé
Хэл: Англи, Япон
Жанр: Драм, уран зөгнөлт
IMDB оноо: 7.2/10

Гайхалтай өнгө дүрслэл, өвөрмөц түүхийн өгүүлэмж. Секс, мансууруулах бодис, үхэл, эргэн төрөлт бүгд нийлээд оргүй хоосныг илтгэнэ. Энэ нь ч киноны нэрийг тайлбарлаж буй мэт.



20. Shame (2011)

Найруулагч: Steve McQueen
Хэл: Англи
Жанр: Драм, эротик
IMDB оноо: 7.2/10

Магадгүй та уг киноноос секс хийх дуртай, гаж донтны бэлгийн замбараагүй амьдралыг харах болно. Гэвч цааш ухаад үзвэл шуугиант хотын дундах нэгэн залуугийн орь чимээгүй ганцаардлыг мэдэрч чадна.

Трэйлэр

21. Stalker (1979)

Найруулагч: Andrei Tarkovsky
Хэл: Орос
Жанр: Уран зөгнөл, драм
IMDB оноо: 7.8/10

Сталкер (хөтөч) бол 20 жилийн өмнө солир унаснаас болж ямар нэг оюун ухаант хүч бий болсон гэх цуу тарсан хориотой бүсэд хүмүүсийг аваачдаг ажил хийдэг нэгэн. Зона гэх тэрхүү хориотой бүсэд унасан зүйл жирийн нэг солир биш байв.

Трэйлэр



22. HEAD-ON (2004)

Найруулагч: Fatih Akin
Хэл: Герман
Жанр: Бодрол, эротик
IMDB оноо: 7.9/10

Ээдрээтэй харилцаан дундаас үүссэн хайр сэтгэл, соёл иргэншлийн дундах хүмүүсийн харилцааны зааг ялгааг уг бүтээлээс олж харах болно. Стивен Шнайдерын "Үхэхээсээ өмнө заавал үзэх 1001" кино жагсаалтад нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг.


Трэйлэр


АЗИ


23. RAISE THE RED LANTERN (1991)

Найруулагч: Zhang Yimou
Хэл: Хятад
Жанр: Түүхэн, драм
IMDB оноо: 8.1/10

Хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал, эмэгтэй хүн зөвхөн гэр бүлийн ажлыг гүйцэтгэгч хэмжээнд үнэлэгдэх дорно болоод өрнийн соёлд үүрлэсэн бурангуй явдлыг халах хүний эрхийн тэмцэл болгон өргөсөн Хятадын домогт найруулагч Zhang Yimou-гийн оргил бүтээлүүдийн нэг. Уг киног Сю Туны "Улаан дэнлүү асаа" хэмээх жихүүцэм үнэнийг илчлэх романаас сэдэвлэн бүтээжээ.

Трэйлэр

24. TUYA’S MARRIAGE (2006)

Найруулагч: Wang Quan’an
Хэл: Монгол
Жанр: Драм
IMDB оноо: 7.2/10

Өвөрмонголын тал нутагт хүн амины хэрэг гарах ба тус газрыг түр харж хандах үүрэг эх нутгийнхаа домогтой нарийн сэжмээр холбогдох хэтийн зорилго өвөрлөсөн малчин эмэгтэйд оногдоно. Хуримынхаа өдөр гашуун нулимс унаган суух Туяа бүсгүйн гүн гүнзгий эмзэглэлийг мэдрэх боломжийг олгосон эл бүтээл Берлиний кино наадмын дээд шагнал "Алтан баавгай"-г хүртжээ.



25.  A TALE OF TWO SISTERS (2003)

Найруулагч: Kim Jee-woon
Хэл: Солонгос
Жанр: Аймшиг, триллер
IMDB оноо: 7.1/10

Киноны ээдрээтэй үйл явдлын учгийг тайлахын тулд үзэгчид ой ухаанаа чинээнд нь тултал ажиллуулах хэрэг гарна. Аймшгийн кино гэхэд нууцлаг өгүүлэмжээр баялаг, хийцийн хувьд тун ч тансаг учир хэчнээн чансаатай бүтээл болохыг үзсэн хүмүүс ойлгох нь лавтай.

Трэйлэр

26. HIT THE ROAD (2021)

Найруулагч: Panah Panahi
Хэл: Иран
Жанр: Драм
IMDB оноо: 7.3/10

Ираны хил орчмын уулархаг нутгаар аялах нэгэн гэр бүлийн түүхийг өгүүлэх уг киноны утга агуулгыг мэдэрч чадсан үзэгч аливааг эргэцүүлэлгүйгээр суудлаасаа өндийх боломжгүй. Тосон угтах харгуй зам тэднийг гэрэлтүүлж, хоорондын харилцаанд ямархан нөлөө үзүүлэх бол...

Трэйлэр

27. BARKING DOGS NEVER BITE (2000)

Найруулагч: Bong Joon Ho
Хэл: Солонгос
Жанр: Бараан хошигнол
IMDB оноо: 6.9/10

Солонгосын алдарт Parasite киноны найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино. Нийгмийн асуудлыг хошигнол байдлаар егөөдөн гаргасан үйл явдлууд өрнөх ч чухам асуудлыг үүсгэгч гол эзэд нь цор ганц хувь хүн үү эсвээс бүлэг этгээд үү? хэмээх асуултыг киноны төгсгөлд өөртөө тавихаас өөр аргагүй.



28.  Bedevilled (2010)

Найруулагч: Cheol-soo Jang
Хэл: Солонгос
Жанр: Драм, аймшиг, триллер
IMDB оноо: 8.1/10

"Spring, summer, fall, winter and spring"-ийн туслах найруулагчаар ажиллаж байсан Жан Чул-Сугийн бие даан найруулсан анхны кино гэдгээрээ онцлог. Нүдний тань өмнө үйлдэгдэж буй аймшигтай харгислал, хүчирхийллийг нүдэн балай, чихэн дүлий хажуугаараа өнгөрүүлсэн нэгэн хэрэгтнээс ялгаагүй хүчирхийлэгч мөн үү?

Дээрх асуултад хариулт олохоор хичээх эл киноны турш та гол дүрийн гомдол цөхрөл, зовлон зүдгүүрийг буй биеэрээ мэдэрч, тэвчихийн эцэсгүй яргаллын зураглалууд нь тархинд нэг хэсэгтээ хадгалагдан сэтгэлийг тань шаналгах вий.

Трэйлэр

29. House (1977)

Найруулагч: Nobuhiko Ôbayashi
Хэл: Япон
Жанр: Аймшиг, бараан хошигнол
IMDB оноо: 7.3/10

Найруулагч Нобүхико анхандаа "Jaws" киноны remake хувилбарыг бүтээх гэж байсан ч охиныхоо нөлөөгөөр зохиолоо өөрчилсөн түүхтэй. Нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчдээс сөрөг сэтгэгдэл олныг цуглуулсан ч хожмоо blueray хувилбар нь цацагдсанаас хойш үзэгчдийн дунд огцом нэр хүндтэй болжээ.

Трэйлэр

30. Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003)

Найруулагч: Kim Ki-duk
Хэл: Солонгос
Жанр: Драм, романс
IMDB оноо: 8.0/10

Чухам яагаад Солонгосын кино урлагийн сэргэн мандалтыг Ким Ки Дук эрхмээс эхлэлтэй хэмээн үздэг юм бол гэж хэрэв та гайхширч байсан бол түүний бүтээлүүдээс "Spring, Summer, Fall, Winter ... And Spring"-ийг нэн тэргүүнд үзэхийг санал болгоё.

Зугтаж болохгүй хорвоогийн жам, үйлийн үр, хүнлэг ёс, хайр энэрлийн тухай анир чимээгүй хэрнээ гүн гүнзгий өгүүлнэ.



31. Blind Mountain (2007)

Найруулагч: Yang Li
Хэл: Хятад
Жанр: Драм, гэмт хэрэг
IMDB оноо: 7.5/10

Дүүгийнхээ сургалтын төлбөр, нас барсан эцэг эхийнхээ өрийг төлөхийн тулд залуу бүсгүй сайн ажил санал болгосон хүмүүсийн зальд хууртагдаж, Шаанси мужийн нэгэн бөглүү тосгонд сүйт бүсгүй болон зарагдсанаар үйл явдал өрнөнө.

Хятадын нийгэмд одоог хүртэл оршин тогтносоор буй эмэгтэй хүнийг богтлох, дамлан худалдаж хүчээр хүнтэй суулгах гээд хүний эрхийн ноцтой асуудлыг хөндсөн энэ түүх эх газрын үзэгчдээс тун өндөр үнэлгээ авсан.

Трэйлэр

32. Ran (1985)

Найруулагч: Akiro Kurosawa
Хэл: Япон
Жанр: Дайн, драм, адал явдалт
IMDB оноо: 8.2/10

Мори Мотинаригийн домог болон У.Шекспирийн "Лир ван" зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Хаан ширээний төлөөх тэмцэл, ах дүүсийн зөрчил, эцэг хүний зовлонг Дундад зууны үеийн Японы эзэнт гүрний дүрүүдээр харуулсан уг бүтээлийг монгол хэлнээ "Самуурал" хэмээн орчуулсан байдаг.

Трэйлэр

33. To Live (1994)

Найруулагч: Zhang Yimou
Хэл: Хятад
Жанр: Драм, дайн
IMDB оноо: 8.3/10

Алдарт найруулагч Жан Имоугийн шилдэг бүтээлүүдийн нэг. Жан Имоугийн нэр орсон ямар ч бүтээлд эргэлзэх хэрэггүйг кино сонирхогчид андахгүй тул энэ киноны талаар элдвийг нуршихгүй байж болно биз ээ. Зүгээр л үзээд үз.



34. Oasis (2002)

Найруулагч: Lee Chan Dong
Хэл: Солонгос
Жанр: Драм, хайр дурлал
IMDB оноо: 7.9/10

Хүүхэд шиг гэнэн цайлган мөртөө тийм ч цэвэрхэн түүхгүй, хайнга залуу болон тархины саажилттай охины дунд үүсэх онцгой харилцааны талаар өгүүлэх бүтээл. Азийн шилдэг найруулагчдын нэг Lee Chan Dong -гийн хамгийн өндөр үнэлгээтэй кинонуудын нэг.

Трэйлэр

35. The Handmaiden (2016)

Найруулагч: Park Chan-wook
Хэл: Солонгос
Жанр: Драм, триллер, хайр дурлал
IMDB оноо: 8.1/10

1930-аад оны Өмнөд Солонгос ба Их наран улс… Харц гаралтай солонгосчууд, язгууртан угсаатай япончууд… Тэдний сонгодог жишээ бол эл бүтээлийн гол дүрийн эмэгтэйчүүд. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, заль мэх, эмзэг турьхан хийгээд хүчирхэг чанарыг тодорхой өгүүлсэн уг киноны үзэгч болсон үеэс та тэдэнд цаг мөч бүрд дурлах болно.

Трэйлэр

36. Samurai Marathon (2019)

Найруулагч: Bernard Rose
Хэл: Япон, англи
Жанр: Адал явдалт, тулаант, түүхэн
IMDB оноо: 6.1/10

Японд жил бүр зохиогддог уралдаанаас санаа авсан уг бүтээл бол самурайн дүр төрхийг харуулсан амьд үйл явдал юм. Японы феодалын сүүл үеэр залуу нинжа Сато нь хөгшин ноён болон түүний ааш муутай охиныг тагнах нууц даалгавар авч буйгаар кино өрнөх болно.



37. The World of Kanako (2014)

Найруулагч: Tetsuya Nakashima
Хэл: Япон
Жанр: Нууцлаг, триллер, адал явдалт
IMDB оноо: 6.5/10

Анх үзсэний дараа "Нүгэлтэй гоё кино үзлээ. Одоо нүдээ угаая даа" хэмээн бодож билээ. Канакогийн ертөнц хэний ч төсөөлөөгүй зүйлсээр дүүрэн ба аав нь энэ тухай олж мэдэх тусам юм бүхэн урьдынх шигээ байхаа болино.

Трэйлэр

38. Poetry (2010)

Найруулагч: Lee Chang-dong
Хэл: Солонгос
Жанр: Драм
IMDB оноо: 7.8/10

Өтөл насны эмэгтэй яруу найргийг шинээр сонирхож, эргэн тойрны юмсыг ажиглан шүлэг бичих гэж оролддог. Кино эхлэлээс төгсгөл хүртэл яг л уран яруу шүлэг өрнөж, жирийн зүйлсийн гоо сайхныг нүдний тань өмнө нээж өгнө.

Трэйлэр

39. Our Little Sister (2015)

Найруулагч: Hirokazu Koreeda
Хэл: Япон
Жанр: Драм
IMDB оноо: 7.5/10

Эмээгийнхээ байшинд амьдардаг гурван эгч дүүс эцгийнхээ оршуулгад оролцохоор явна. Тэд аавтайгаа цуг өсөөгүй ба оршуулган дээр эцэг нэгт охин дүүтэйгээ танилцаж хамт амьдарч буй талаар өгүүлнэ. Ямар ч эргэлтийн цэггүй үргэлжлэх нь уг киног сатаарах зүйлгүй болгожээ.



40. Fallen Angels (1995)

Найруулагч: Wong Kar-wai
Хэл: Япон, Англи, Хятад
Жанр: Драм, гэмт хэрэг, инээдэм
IMDB оноо: 7.6/10

Урсан өнгөрөх мөчүүд, санамсаргүй учралаар дүүрэн кино. Бохир бизнесээс гарахыг хичээж буй хөлсний алуурчин залуу, түүний хамтрагч буюу зуучлагч бүсгүйн талаар өгүүлнэ. Хэн хэн нь анзааралгүй тэдний харилцаа ажил хэргээс хальж эхлэх юм. Киноны турш дүрүүд өөрсдийн бодол, мэдрэмжийг үзэгчдэд хүүрнэх боловч бие биетэйгээ ийнхүү харилцаж чаддаггүй.

Трэйлэр

41. Taste of cherry (1997)

Найруулагч: Abbas Kiarostami
Хэл: Иран
Жанр: Драм
IMDB оноо: 7.7/10

"Амьдрал гэдэг амьдрахуйц үнэ цэнтэй юу?" гэх асуултын хариултыг олоход зориулагдсан кино. Ихэнх кинонууд "тийм" гэдэг дүгнэлтийг үтэр түргэн гаргаж, бүх зүйл сайхан болно гэдэгт итгүүлэхийг оролддог бол Киаростами тэгэхийг огтхон ч хичээгээгүй юм.

Трэйлэр

42. money has four legs (2020)

Найруулагч: Maung Sung
Хэл: Төвөд-бирм
Жанр: Драм, инээдэм
IMDB оноо: 6.7/10

Нэр гараагүй найруулагч Вай Бон анхны театрын уран сайхны кино хийж эхлэх боловч мөнгөгүйгээс болоод үзэл суртлын цензур, эрх мэдэлтнүүдийн дарамт шахалттай учрах болдог. Согтуу хүргэн ах нь зураг авалтын үеэр үнэтэй камер эвдэх бөгөөд тэдний адал явдал үзэгчийн огт уйдаахгүй. Мөн уг бүтээлийн найруулагч киноныхоо дүр шигээ үзэл суртлын цензурт өртөж, кино хийснийхээ төлөө хоригдсон юм.



43. AN ELEPHANT SITTING STILL (2018)

Найруулагч: Bo Hu
Хэл: Мандарин
Жанр: Драм
IMDB оноо: 7.8/10

Нийтийн жишгээр амьдрал нь өөдөлж буй боловч хүсэл болоод оршихуйн хувьд цөхрөлд идэгдсэн хүмүүсийн түүнийг найруулагч судалсны эцэст "Нам сууж буй заан" кинондоо шингээж өгчээ. Мандарин хэл дээр бүтээсэн уг кинонд Хятадын хойд хэсэгт байрлах Манжуур хотод нэгэн заан нам суугаад ертөнцийг огоорно.

Трэйлэр


МОНГОЛ


44. ХЭВТРИЙН ХҮН (2020)

Найруулагч: С.Бямба
Хэл: Монгол
Жанр: Драм

Бид өөрсдийн хувь тавиланг өөрчилж чадахгүй, амьдрал боломжтой замаараа, болох ёстой зүйлүүд цаг хугацаанд түрэгдэн урсаж байж мэдэх юм. Харин өөрийгөө, дотоод мөн чанараа өөрчилж болно гэдгийг Г.Аюурзана зохиолчийн кино хийх бус уншихад ч төвөгтэй ижил нэрт, оп-романаас сэдэвлэсэн уг бүтээлээс үзэх боломжтой.

Трэйлэр

45.  АЛСЫН УДИРДЛАГА (2013)

Найруулагч: С.Бямба
Хэл: Монгол
Жанр: Драм

Дүрслэл, зураглалын өнцөг хэмнэлээр хүмүүний сэтгэл хөдлөлийг зурахыг оролдсон уг бүтээл үзэгч бүрд өөр өөр бодол санаа, оюуны дүгнэлтийг хүртээх болно. Нисэх гэдэг зөвхөн дээш дүүлэхийн нэр бус аливаад хүсэн тэмүүлэх зорилгыг илтгэж байдаг давхар агуулгатай билээ.

Трэйлэр

46. ЭМЭГТЭЙ (2020)

Найруулагч: Б.Отгонзориг
Хэл: Монгол, солонгос
Жанр: Уянга

Элдэв үйл явдал дээр суурилаагүй аясаараа өрнөж буй нь неореализмын гэрлийг Монголын кино урлагт асаасан юм. Солонгосын алдарт од уг кинонд дүр бүтээсэн бөгөөд хэн гэдгийг нь үзэж байж мэдэх эрхийг танд олгоё. Монгол орны дагшин байгаль, нүүдлийн аж ахуйн тансаг зураглалуудаар дүүрэн.



47. ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД (2017)

Найруулагч: Д.Золбаяр
Хэл: Монгол, англи
Жанр: Гэр бүл, драм
IMDB оноо: 7.0/10

Тэнгэрийн хаяанд аварга том шувуу далавчаа дэвэх шиг тоос харлан үзэгдэж, тал нутгийн чинадад унаач хүүхдүүдийн гийнгоолох дуун сонстож, дуран сунган суугаа өвгөн уяачдын нүдэнд нулимс мэлмэрч үзэгдэх талын нүүдэлчдийн эгэл даруухан амьдралыг тус кино сүржин бөгөөд хиймэл нь дэндсэн ямар нэгэн эсрэг дүр, хурц үйл явдал, элдэв чимэглэлгүйгээр үзүүлнэ.

Трэйлэр

48. ОД БА ГЭГЭЭ (2019)

Найруулагч: Л.Бат-Амгалан, Иэн Эллардайс
Хэл: Монгол
Жанр: Мюзикл, драм
IMDB оноо: 7.2/10

Утга уянгын мюзикл жанрт хамаарах эл кинонд "Хөгжмийг чихээрээ бус зүрхээрээ сонс" хэмээн Гэгээ гэх бүсгүй Одод хэлж буй нь гол философи санаа байв. Хөгжмийг тэд ингэж тодорхойлохоос гадна утга санаа бүрэлдэх үйл явц Гэгээгийн ээжийн дуулсан уртын дуугаар дамжин илэрхийлэгдэж байгаа нь нэн олзуурхууштай.

Трэйлэр

49. БУМЕРАНГ  (2018)

Найруулагч: Ч.Батбаяр, Ч.Ганзориг, П.Дэлгэрбаяр, Ш.Доржсүрэн, Б.Чингүүн, Б.Ганболд
Хэл: Монгол
Жанр: Драм, инээдэм, триллер, гэмт хэрэг

Зургаан найруулагч "үйлийн үр" хэмээх амьдралын философийн гүнзгий, ярвигтай ойлголтыг нэгэн дор зангидаж бүтээсэн кино. Үйл явдлын эргэлт, газар орныг нэг шугамаар хэлхэн холбосон антологи төрлийн бүтээл монголд ховорхон биз ээ.



50. ХУДАЛДАГЧ ОХИН (2021)

Найруулагч: Ж.Сэнгэдорж
Хэл:
Монгол
Жанр: Драм

Дотооддоо төдийлөн сайн үнэлэгдээгүй уг бүтээлийн олон улсын кино наадамд шалгарсан болон шагнал хүртсэн жагсаалтыг гаргавал таван хуруунд багтахгүй. Өнгөцхөн хараад өнгөрвөл секс шопд худалдагчаар түр ажиллаж буй охины тухай гарах ч садар самуун дүрслэл, ёс бус агуулга эл киноноос харагдахгүй гэдэгт итгэж болно.

Трэйлэр

51. АЛТАН СУДАЛ (2020)

Найруулагч: Д.Бямбасүрэн
Хэл:
Монгол
Жанр: Драм, гэр бүл
IMDB оноо:
7.0/10

Дан ганц монголын тал нутаг бус дэлхий нийтээр байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хөндсөн тус кино 70 жилийн түүхтэй Берлиний кино наадмын үеэр нээлтээ хийж дэлхийн үзэгчдэд хүрсэн билээ. Киноны гол дүрийн хүү болох 11 настай Амараа аавыгаа таалал болсноос хойш онгон дагшин байгалийг эвдэн сүйтгэх уурхайчдын эсрэг тэмцэх болно.



52. ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ (1980)

Найруулагч: Р.Доржпалам
Хэл:
Монгол
Жанр: Уянгын

Хэн бүхэн л нэгнээ андалгүй таних их говийн дундах эгэл жирийн суурин. Гэхдээ энэ л амьдрал дунд хүмүүсийн хүнлэг сэтгэл, хайр дурлал, ёс суртахуун зэрэг бүхий л зүйлс багтахаас гадна уг кино Монголын анхны арт хаус бүтээлүүдийн нэгт зүй ёсоор багтдаг.

Танилцах

53. БҮЛЭЭН НУРАМ (1990)

Найруулагч: Г.Жигжидсүрэн
Хэл:
Монгол
Жанр: Уран зөгнөл

АУЗ Б.Лхагвасүрэн агсны он цаггүй домгоос сэдэвлэн бүтээсэн "Мөхлийн ирмэгт" цувралын хоёр дахь бүтээл. Галав юүлсний дараах ертөнцөд хоёр охинтойгоо эсэн мэнд үлдсэн Агчин өвгөний түүхийг бүтээсэн кино багийнхан аавын хаалга татахад хүртэл хүрсэн гэдэг.

Трэйлэр

54. МИНИЙ МУУ ААВ (2010)

Найруулагч: Ц.Ганбат
Хэл: Монгол
Жанр: Инээдэм, драм

1990-ээд оны нийгмийн шилжилтийн улмаас амьдрал карьераараа золиослогдсон нэгэн үеийнхний алдаа оноо, аж байдлыг инээдмийн бөгөөд эмгэнэлт хэлбэрээр тун ч уран илэрхийлсэн уг энгийн бөгөөд чамин кино үзэгчдийн анхаарлыг тийм ч сайн татаж чадаагүй нь нэг бодлын харамсалтай. Архинд хөлчүүрхэх нь олон ч амьдралдаа хайртай, өмсөж зүүхээр дутмагхан ч хүн чанараа гээгээгүй цайлган цагаан тэр л үеийн төлөөлөл болсон Эстрад Жагаа, Леннон Батаа болон түүний нөхөд үзэгчдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгаж чадна. Киноны дуу ч тун донжтой, бас агуулгатай.



55. БИ НАР (2019)

Найруулагч: Ж.Сэнгэдорж
Хэл:
Монгол
Жанр: Хүүхдийн, адал явдал, инээдэм

Кино социализм, түүний дараах ардчиллын эхэн үе, орчин үеийн гэсэн гурван хэсэгт хуваагдан үйл явдлууд өрнөх хүүхдийн сэдэвт бүтээл юм. Хүүхэд томчуудад гурван зүйл заадаг. Ямар ч шалтгаангүйгээр аз жаргалтай байх, ямар нэгэн зүйлтэй ноцолдож байнга завгүй байх, энэхүү хүсэл тэмүүлэл хаанаас ундарч байгааг олж мэдэх хэмээн алдарт зохиолч Пауло Коэло хэлсэн байдаг нь уг киноны агуулгыг бүхэлд нь тодорхойлж болохуйц үгс юм.

Трэйлэр

56. ХАР СҮҮ (2020)

Найруулагч: Б.Үйзэнмаа
Хэл: Монгол, герман
Жанр: Драм
IMDB оноо: 6.3/10

Найруулагч өөрийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг киноноос хайр дурлал болон байр суурийн төлөөх тэмцэл хэрхэн өрнөхийг харж болно. Дөрвөн настайдаа Герман руу нүүж хоёр улсын соёлын дунд өссөн нь найруулагчийн бүтээл туурвилынх нь гол "мотив" болсон гэж судлаачид дүгнэдэг.

Трэйлэр

57. ДУРЛАЛЫН ГЭМТ хэрэг (2013)

Найруулагч: П.Дэлгэрбаяр
Хэл:
Монгол
Жанр: Гэмт хэрэг, драм

Гэмт хэрэг, сэтгэлзүйн өвөрмөц өгүүлэмжээр баялаг, зөгнөлийн шинжтэй энэ төрлийн уран бүтээл манай улсад шижир эрдэнэ мэт цөөхөн байдгийн нэг нь уг кино гэдэгтэй уншигчид санал нэгдэх биз ээ. Үнэхээр хүний ой санамжийг бүрэн арилгаж чадах бэлдмэл гартаа оруулчихвал та юу хийх байсан бэ?



58. шилүүс (2020)

Найруулагч: П.Лхагвадулам
Хэл: Монгол
Жанр: Драм
IMDB оноо: 5.6/10

Каннын кино наадамд монголоос анх удаа шалгарч урилгаар оролцсон богино хэмжээний тус бүтээл олон улсын кино наадмуудад удаа дараалан шалгарч оролцсон билээ. Бидний сэтгэл дотроо хүсдэг тэр л эрх чөлөө, дураараа байх дотоод мөн чанарыг хаанаас хэрхэн эрж олох вэ гэсэн асуултын хариуг эл киног үзсэн хэн ч болов өөрөөсөө эрэх болно.

Трэйлэр

59. шат (2020)

Найруулагч: П.Золжаргал
Хэл: Монгол
Жанр: Драм

Гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор залуу үсчний сургалтад сурахаар шийднэ. Түүний өмнө даван туулах төрөл бүрийн "шат" тулгарч буй тухай өгүүлнэ. Тусгай хэрэгцээт залуус дуу хоолойгоо нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээснээрээ онцлог юм.

Трэйлэр


ХОЛЛИВҮҮД


60. MOTHER  (2017)

Найруулагч: Darren Aronofsky
Хэл: Англи
Жанр: Нууцлаг, гэмт хэрэг, драм
IMDB оноо: 6.6/10

Байгаль орчинтой холбоотой асуудлыг хүмүүний үйлдлээр харуулахыг зорьсон уг кино далд утга, символист бэлгэдлээр дүүрэн. Киноны туршид ямар ч дүрийн нэр дурдагддаггүй ба киноны гол дүр нь бидний оршин ахуй цэнхэр гарагийг бүрнээ төлөөлдөг.

Трэйлэр

61. WAITING FOR THE BARBARIANS (2019)

Найруулагч: Ciro Guerra
Хэл: Англи, Монгол
Жанр: Драм
IMDB оноо: 5.9/10

Улс орон болгонд зэрлэгүүд байв. Харин тус нэрийг зүүх ёстой жинхэнэ зэрлэгүүд нь хэн байв гэх мөнхийн асуултад уг кино хариулахыг оролджээ. Нобелийн шагналт Ж.М.Күтсигийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн.

Трэйлэр

62. ETERNAL SUNSHINE OF SPOTLESS MIND (2004)

Найруулагч: Michel Gondry
Хэл: Англи
Жанр: Романс, шинжлэх ухааны уран зөгнөлт
IMDB оноо: 8.3/10

Шинжлэх ухаан болоод логикт ч үл захирагдах хүчирхэг хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Жоел муудалцаж салсан найз бүсгүйтэйгээ эвлэрэхээр очиход нь Клем түүнтэй холбоотой бүх дурсамжуудыг ой санамжаасаа устгуулсан байдаг.



63. Good time (2017)

Найруулагч: Benny Safdie, Josh Safdie
Хэл: Англи
Жанр: Гэмт хэрэг, драм, триллер
IMDB оноо: 7.3/10

Банк дээрэмдсэн дүүгээ шоронгоос гаргахын тулд Нью-Йорк хотын далд ертөнцтэй танилцахаас аргагүй болсон нэгэн ахын түүх.

Трэйлэр

64. Everything everywhere all at once (2022)

Найруулагч: Daniel Kwan, Daniel Scheinert
Хэл: Англи
Жанр: Адал явдалт, тулаант, инээдэм
IMDB оноо: 8.3/10

Multiverse буюу пралель ертөнцүүдтэй холбогдон, аялах чадвартай Хятад гаралтай цагаач эмэгтэйн адал явдлыг өгүүлнэ. Энэ онд нээлтээ хийсэн уг кино жагсаалтад маань хэтэрхий шинэдэж мэдэх ч үйл явдал, хийцийн хувьд оруулахгүй байхын аргагүй бүтээл болсон билээ.

Трэйлэр

65. Captain Fantastic (2016)

Найруулагч: Matt Ross
Хэл: Англи
Жанр: Инээдэм, драм
IMDB оноо: 7.8/10

Тайван амгалан ахуйг мэдрэх хүсэлтэй нэгэн гэр бүл Баруун хойд Номхон далайн ойд өөрсдийн бүтээсэн диваажиндаа аж төрдөг байлаа. Гэвч гол дүр Бэн нэгэн биеийн нөгөө тал болсон эхнэрээ, хүүхдүүд нь ээжийгээ өвчнөөр алдах хүртэл л энэ бүхэн үргэлжилсэн юм. Ээжийгээ илүү сайхан газар руу үдэн сэтгэлээсээ инээмсэглэн дуулж буй зургаан хүүхдийн нүднээс та амьдралын үнэнийг олж харна гэдэгт итгэлтэй байна.



66. The Neon Demon (2016)

Найруулагч: Nicolas Winding Refn
Хэл: Англи
Жанр: Аймшиг, триллер
IMDB оноо: 6.1/10

16 настай Жесси загвар өмсөгч болох хүсэлдээ хөтлөгдөн Лос Анжелес хотыг зорьж, харгис хатуу загварын ертөнцөд хөл тавина. Та уг бүтээлийг үзэж эхэлсэн цагаасаа л "Байзаарай, хорвоо ертөнцөд чинь юу болоод байна аа?" гэж өөрөөсөө асуух вий. Өнгөц харахад өнгөлөг бүхнээр халхалсан зугаа цэнгэл боловч илүү гүн гүнзгий ойлгохуйд загварын салбарын араатан ба олзны тухай асар том зүйрлэлийг олж харна.

Трэйлэр

67. Gia (1998)

Найруулагч: Michael Cristofer
Хэл: Англи
Жанр: Хайр дурлал, драм, намтар
IMDB оноо: 6.9/10

1970-аад оны сүүл үеэр алдар хүндийн оргилд хүрч чадсан, Итали-Америк гаралтай загвар өмсөгч Жиа Карангигийн эмгэнэлт амьдралыг жүжигчин Анжелина Жоли өөрөөрөө дамжуулан өгүүлдэг. Өршөөл үгүй загварын ертөнцөд гоо үзэсгэлэнгийн охь байсныхаа өр төлөөс болгож 26 насандаа хорвоог орхисон түүнийг хэчнээн эмзэг нандин эмэгтэй хүн байсныг эл бүтээлээс үзээрэй.

Трэйлэр

68. Beautiful Boy (2018)

Найруулагч: Felix Van Groeningen
Хэл: Англи
Жанр: Намтар, драм
IMDB оноо: 7.3/10

Мансууруулах бодист донтсон хүүгээ эмчилж, гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцэж буй аавын бодит түүхээс сэдэвлэн урласан бүтээл. Эмчилгээгүй хэмээн эмнэлгээс буцаагдсан хүүгээ эдгээхээр хичээж яваа түүний түүх ижил зовлонд нэрвэгдсэн олон гэр бүлд урам зориг өгөх болно.



69. I Origins (2014)

Найруулагч: Mike Cahill
Хэл: Англи
Жанр: Драм, нууцлаг, хайр дурлал
IMDB оноо: 7.3/10

Шинжлэх ухаан ба шашин шүтлэг, баримт ба итгэл хоёрын хоорондын зөрчил нь олон зууны туршид агуу уран зохиолын эхлэл цэг байсаар ирсэн. Эл бүтээлийн найруулагч тэс ондоо санагдах эдгээр үзэл бодлын зөрчилдөөнтэй, эсвэл илүү сонирхолтой огтлолцлыг уг бүтээлээрээ харуулахаар зорьжээ.

Трэйлэр

70. Girl, interrupted (1990)

Найруулагч: James Mangold
Хэл: Англи
Жанр: Драм, намтар
IMDB оноо: 7.3/10

1960-аад онд зохиолч Сусана Кэйсэний сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 18 сарыг өнгөрүүлсэн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино. Тэрээр эмнэлэгт түүний амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлэх өөр шиг нь дотоод асуудалтай эмэгтэйчүүдтэй нөхөрлөх юм.

71. We the Animals (2018)

Найруулагч: Jeremiah Zagar
Хэл: Англи
Жанр: Драма
IMDB оноо: 6.9/10

Энэхүү бүтээл нь 16 мм-ийн хальсан дээр бичигдсэн гэдгээрээ их онцлог. Нью-Йорк хотод амьдрах гурван Пуэрто-Рико хүүгийн талаар өгүүлэх бөгөөд камер тэдний нуруун дээр байгаа мэт өнцгөөс киног дүрсэлжээ. Эцэг эхийнх нь харилцаа нуран унаснаар хүүхдүүдэд анхаарал, халамж ихэд дутагдаж, өөрсдөдөө хэрхэн санаа тавьж байгааг харуулдаг.



72. Florida project (2017)

Найруулагч: Sean Baker
Хэл: Англи, Испани, Португал
Жанр: Драма
IMDB оноо: 7.6/10

Кино бүтээлийн чанарыг шинээр тодорхойлсон уран бүтээлүүдийн нэг. Ядуу, зүдрүү айлын гурван хүүхэд зочид буудалд амьдарч буй тухай өгүүлэх ер бусын хэрнээ тансаг бүтээл. Тэдний амьдрал болон нөхөрлөлийг чин үнэнээр нь, мөн гоо зүйн нарийн мэдрэмжээр илэрхийлжээ.

73. Honey Boy (2019)

Найруулагч: Alma Har'el
Хэл: Англи
Жанр: Драм
IMDB оноо: 7.2/10

Жүжигчин Shia Laboeuf өөрийнхөө гэр бүлийн амьдралыг өгүүлсэн зохиол бичиж, уг киног бүтээжээ. Сэтгэлзүйн хүчирхийл бүхий эцэг эх, хүүхэд хоорондын харилцааны талаар өгүүлэх энэхүү кинонд Shia Laboeuf аавынхаа дүрд өөрөө тоглосон нь онцлог юм.

74. C'mon C'mon (2021)

Найруулагч: Mike Mills
Хэл: Англи
Жанр: Драм
IMDB оноо: 7.5/10

Сонсох тухай кино - чин үнэнээсээ бусдын хэлэх зүйлсийг сонсох талаар өгүүлнэ. Радио сэтгүүлч нагац дүүтэйгээ аялж, Лос-Анжелисаас хол амьдралыг таниулах адал явдлын эрэлд гарна.



75. the cart counter (2021)

Найруулагч: Paul Schrader
Хэл: Англи
Жанр: Драма, гэмт хэрэг
IMDB оноо: 6.3/10

"The Card Counter" бол харуусал, эрсдэл, шийтгэлийн тухай таныг бодлогошруулах бүтээл юм. Түүнчлэн Оскар Исаакын ер бусын жүжиглэлт киног улам чимжээ. Өнгөрсөнд үйлдсэн зүйлсийнхээ төлөөсийг амсаж буй мөрийтэй тоглоомд донтсон хуучин цэргийн тухай өгүүлнэ.

Трэйлэр

76. coffee and cigarette (2003)

Найруулагч: Jim Jarmusch
Хэл: Англи
Жанр: Драма, инээдэм
IMDB оноо: 7/10

Кофе уун тамхи татаж буй хүн хоорондын харилан яриа бүхий богино үзэгдлүүд ар араасаа цуварна. Уг бүтээлийн зураг авалт 17 жилийн турш үргэлжилжээ. Харилцан яриа бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд нас, соёл, амьдралын ялгааг энэхүү бүтээлээс ажиглаж болох юм.

Трэйлэр

77. death proof (2003)

Найруулагч: Quentin Tarantino
Хэл: Англи
Жанр: Триллер
IMDB оноо: 7/10

Мэргэжлийн орлон тоглогч Майк чөлөөт цагаараа "Үхлээс хамгаалагдсан" машиндаа бүсгүйчүүдийг суулгаж зугаалах дуртай. Харин бүсгүйчүүдийн хувьд энэ нь зугаалга биш үхлийн унаа байх болно. Үзэсгэлэнтэй, цовоо сэргэлэн эмэгтэйчүүд үхэлтэй ийнхүү нүүр тулахыг харах нь үзэгчдийг суудлынхаа ирмэгт өндөлзөхөд хүргэнэ. Гэвч киноны уур амьсгал хормын дотор л өөрчлөгдөж, үзэгчдийг тайвшруулах аж.



БАРИМТАТ КИНО


78. НОХОЙН ОРОН (1998)

Найруулагч: Д.Төрмөнх, П.Бросенс
Хэл: Монгол, герман
IMDB оноо: 7.3/10

Уг кинонд модернист яруу найрагч Б.Галсансүх шүлгүүдээ дуудаж, хотын захирагчийн тушаалаар бууны суманд өртсөн нохой дараагийн төрлөө олох түүхийг ийнхүү шүлэгтэй уялдуулан бүтээсэн байна. Олон улсын кино наадмуудаас нийт 23 шагнал хүртжээ.

Трэйлэр

79.  УРАН ХАС (2014)

Найруулагч: Ш.Ихбаяр
Хэл: Монгол

Одоо цагт уран бүтээлээ ид туурвиж буй залуусын гэр бүлийн амьдрал, бүтээн туурвиж буй үйл явцаас үзүүлэхдээ бүтээлчийн мятаршгүй хүсэл тэмүүлэл, цуцашгүй зоригийг уран яруугаар үзүүлнэ. Бүтээл туурвих явцад гаргасан эрч хүч л хүртэж болох хамгийн сайхан таашаал билээ.

80. ХҮРД (2020)

Найруулагч: Л.Номин
Хэл: Монгол

Амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхэн болон амиа хорлохоор оролдож байсан хүмүүстэй хийсэн цуврал ярилцлагаас эл кино бүтжээ. Гэхдээ хамгийн хүнлэг, өр нимгэн уг киноноос элдэв уянгын халил, илүү дутуу харилцан ярианы өгүүлэмжийг лав үзэхгүй.

81. EASTERN MEMORIES (2018)

Найруулагч: Martti Kaartinen, Niklas Kullstrom
Хэл: Англи, Монгол, Япон, Хятад
Жанр: Баримтат, түүхэн
IMDB оноо: 7.3/10

Хонь гаргаж буй монгол залуу болон хотын шөнөөр цэнгээний газар бүжиглэж буй залуусын хооронд "араатанлаг" шинжтэй ямар нэгэн зүйл адилхан агуулагдаж байгааг далдуур илэрхийлж байв. Эдгээрийг хооронд нь жишин харьцуулж ямархан сүүдэр өнгөрсөнд үлдсэн уламжлалын гэрлийг үмхлээд авахыг зоримог хурц дүрслэлүүдийн нийлэмжээр харуулсан нь киноны онцлог гэлтэй.



82. KHADAK (2006)

Найруулагч: Peter Brosens, Jessica Woodworth
Хэл: Монгол
Жанр: Драм, романс
IMDB оноо: 6.9 /10

"Монголын гур­вал" хэмээн алдаршсан "Та­лын хот", "Нохойн орон", "Монголын яруу найраг" баримтат киноны найруулагч Пи­тер Бронсенс бүтэн гурван жилийн хугацаанд манай оронд амь­дарч бөөгийн шашны талаар арвин судалгаа хийсний дүнд кино зохиолоо бичсэн гэх.

Монгол хүн халуун хошуут мал сүргийнхээ буян заяаг барж, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоогоо тасалбаас ямар гэгчийн үгээгүй хоосрол биднийг угтан буйг зөгнөсөн тус киноноос "Алтан ураг" хамтлагийн хөгжим, Галсансүх найрагчийн монологийг онцлохгүй байхын аргагүй.

Трэйлэр

83. Монголын дуу, Мөнхийн хөдөлгүүр (2002)

Найруулагч: С.Бямба
Хэл: Монгол
IMDB: Монголын дуу

Найруулагч С.Бямбын бас нэгэн сонирхолтой бүтээл. Хоёр зууны зааг дээр хийгдсэн эдгээр бүтээлүүдэд тухайн үеийн Монголын нийгэм, хүн зоны амьдралыг тун ч энгийн мэт хэр нь онцгой өнцгөөс гаргаж чаджээ. Цөөн хэдэн эх сурвалжаас нь андан байж үзэхгүй л бол трэйлэр нь интернэтээс ч олддоггүй нууцхан эрдэнэс мэт чамин бүтээлүүд.

Ар араасаа ажил нь цуврах түргэн хэмнэлтэй амьдрал дунд дуу чимээ, дуу хөгжим хүмүүсийн амьдралд хэрхэн хань болдгийг харуулах "Монголын дуу", хотын захад орших сүмд өсөж өндийх бяцхан охидын амьдралыг яг л байгаагаар нь хальсанд буулгасан "Мөнхийн хөдөлгүүр" танд дурсамж, бодрол, тийм гэхээргүй нэг л онцгой мэдрэмжийг өгч чадах шидтэй. С.Бямба найруулагчийн бүтээлүүд зураг авалтын уран өнцгүүдээрээ эрхгүй ялгарч чаддаг бөгөөд энд ч тэр л хэвээрээ бий.

84. tell me who i am (2019)

Найруулагч: Ed Perkins
Хэл: Англи
IMDB оноо: 7.6/10

Мотоциклын осолд орж, ой санамжаа алдсан Алекс Лэвис утас, зурагт гэж юу гэдгийг ч мэдэхгүй. Мөн тэрээр эцэг эхээ ч санахгүй хэрнээ өөрийн ихэр Маркусын талаарх бүхнийг санадаг. Маркус өөрсдийн гэр бүлийн түүх, өнгөрсөн амьдралын тухай ихэртээ ярихдаа хүүхэд насныхаа хар бараан дурсамжийг хэлэхгүй үлдээж, дурсамжийг нь өөрчлөхийг оролдоно. Ах дүүгийн нандин харилцааг харуулсан гунигтай хэдий ч сэтгэл татам бүтээл.

Трэйлэр

85. honeyland (2019)

Найруулагч: Ljubomir Stefanov, Tamara Kotevs
Хэл: Турк, Македон
IMDB оноо: 8/10

Фермд бус зэрлэг байгальд зөгийчин хийх чадвартай хүн дэлхий дээр ганц л үлджээ. Сүүлчийн зөгийчин Муратовагийн амьдралыг гурван жилийн турш баримтжуулснаар энэхүү бүтээл төрсөн аж. Үзэсгэлэнт байгаль, гайхалтай өнгө дүрслэлээр таны нүдийг баясгана гэдэгт итгэлтэй байна.



АНИМЕЙШН


86. SHADOW (2021)

Найруулагч: М.Аззаяа
Хэл: Монгол
Жанр: Драм

Киноны агуулга нь сүүдрээр илэрхийлэгдэж үзэгчдэд хүрэх бөгөөд хүмүүс хоорондын амьд харилцааны тухай өгүүлэхээс гадна, цар тахлын үеийн сэдвийг ч хөндөнө. Сүүлийн үед монголд бүтээгдсэн хамгийн өндөр үнэлгээтэй хүүхэлдэйн киноны нэг.

Трэйлэр

87. THE SUICIDE SHOP (2012)

Найруулагч: Patrice Leconte
Хэл: Франц
Жанр: Бараан хошигнол, мюзикл
IMDB оноо: 6.2/10

Нэр шигээ бараан дүр зурагтай хэсгүүд нь кинонд харин ч хөгжөөнтэй байдлаар дүрслэгдсэн юм. Хотын бүх л иргэд амьдралд цөхөрч туйлдаад уй гашуудаа автсан саарал гудамжаар Ален хүү “Амьдрал сайхан шүү” хэмээн чангаар хэлээд инээмсэглэн алхах нь бусдад итгэл найдвар төрүүлэх болно.

Трэйлэр

88. loving vincent (2017)

Найруулагч: Dorota Kobiela, Hugh Welchman
Хэл: Англи
Жанр: Намтар, гэмт хэрэг, драм

Алдарт зураач Ван Гогийн амьдралын сүүлийн өдрүүдийг түүний уран зургийн дотор орж үзэх энэхүү гайхалтай бүтээл нь дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний бүтээл. 6500 фрэйм тус бүрийг тосон будгаар 125 зураач өөрсдийн гараар урлажээ.



89. KUBO AND THE TWO STRINGS (2016)

Найруулагч: Travis Knight
Хэл: Англи
Жанр: Адал явдал, мюзикл
IMDB оноо: 7.7/10

Дорнын соёлыг агуулснаас гадна зохиол, хийцээрээ шүүмжлэгчдээс тун өндөр үнэлгээ хүртсэн уг бүтээлийн алдартай хөгжимчний сүнсний шидийг өвлөсөн Кубо хүүтэй хамт аялалд гарахад та бэлэн үү?

Трэйлэр

90. I lost my body (2019)

Найруулагч: Jérémy Clapin
Хэл: Франц
Жанр: Драм, уран зөгнөлт
IMDB оноо: 7.5/10

Габриэл нэрт бүсгүйд дурласан Наофел хэмээх залуу хүүгийн түүх. Тэдний хайрын түүх задлан шинжилгээний лабораториос оргож биетэйгээ эргэн нэгдэхээр хичээж буй тасарсан гарын адал явдалтай хэрхэн холбогдох бол?

Трэйлэр

91. The Breadwinner (2017)

Найруулагч: Nora Twomey
Хэл: Англи
Жанр: Драм, гэр бүлийн
IMDB оноо: 7.7/10

2001 он. Афганистан улс Талибанчуудын захиргаанд байв. Аав нь баригдаж явсны улмаас гэр бүлээ тэжээхийн тулд аргагүйн эрхэнд эрэгтэй хүүхдийн дүрд хувирч буй охины түүх энд өрнөнө. Нэрт жүжигчин Анжелина Жоли продюсерээр нь ажиллаж, "Song of the Sea" анимейшнийн баг бүрэлдэхүүн бүтээсэн уг бүтээл таны сэтгэлийг хөдөлгөж чадах нь эргэлзээгүй.



92. Ghost in the shell (1995)

Найруулагч: Mamoru Oshii
Хэл: Япон
Жанр: Адал явдалт, гэмт хэрэг, уран зөгнөлт
IMDB оноо: 7.9/10

1995 онд бүтээгдсэн уг анимейшнд 2029 оны ирээдүйг дүрсэлжээ. Техник технологи хэт хөгжиж, киборг роботууд энгийн үзэгдэл болсон тэр ирээдүйд хошууч Макото Кусанаги хүний тархинд ч нэвтрэх чадвартай мэргэшсэн хакер, кибер гэмт хэрэгтнийг барих амаргүй үүрэг хүлээх болно.

Трэйлэр

93. My life as a Courgette (2016)

Найруулагч: Claude Barras
Хэл: Франц
Жанр: Анимейшн, драм, гэр бүл
IMDB оноо: 7.7/10

Бяцхан хүү ээжийгээ алдсаны дараа өөртэйгөө ижил насны бусад өнчин хүүхдийн хамт асрамжийн газарт амьдарч буйгаар үйл явдал өрнөнө. Тэрээр жинхэнэ хайр, нандин нөхөрлөлд суралцах агаад уншигч та уг бүтээлийн хөнгөн яриагаар илэрхийлсэн гүн гүнзгий утгатай мөр бүхнийг анхааралтай үзээрэй. Сонирхуулахад энэхүү бүтээл нь 2017 оны Оскарт "Шилдэг анимейшн" төрөлд нэр дэвшиж байсан юм.

Трэйлэр

94. It's Such a Beautiful Day (2012)

Найруулагч: Don Hertzfeldt
Хэл: Англи
Жанр: Анимейшн, драм, инээдэм
IMDB оноо: 8.2/10

Гурван бүлэг бүхий насанд хүрэгчдэд зориулсан анимейшн. Хүн бүр өөрсдийн өнцгөөс дүгнэх богино хэмжээний бүтээлүүд. Амьдралын тухай нэгийг бодуулах орон зай болохуйц уг бүтээлийн дууны эффект, дүрслэл, өгүүлэмж, хөгжмийн сонголт зэрэг нь танд гарцаагүй таалагдах болно.



95. Porco Rosso (1992)

Найруулагч: Hayao Miyazaki
Хэл: Япон
Жанр: Анимейшн, адал явдал, инээдэм
IMDB оноо: 7.7/10

1930 оны үеийн Итали. Тэнгэрийн дээрэмчид гэгдэх хоёр онгоц хөрөнгө чинээтэй аяллын хөлөг онгоцуудыг айлгаж байлаа. Харин энэ гай гамшгийг зогсоох зоригтой цорын ганц нисгэгч нь Дэлхийн I дайны үеэр гахай болон хувирсан Порко Россо байсан юм.

Трэйлэр

96. Liz and the Blue Bird (2018)

Найруулагч: Naoko Yamada
Хэл: Япон
Жанр: Анимейшн, драм, мюзикл, уран зөгнөлт
IMDB оноо: 7.1/10

Энэхүү бүтээл нь Аяано Такэдагийн "Sound! Euphonium" зохиолоос сэдэвлэсэн мюзикл драм юм. Тус анимэд ахлах сургуулийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн Мизорэ, Нозоми нарын нөхөрлөлийн тухай өгүүлдэг бөгөөд өсвөр насныханд тулгамддаг асуудал, эмзэг байдлын талаар хөндөж өгснөөрөө онцлогтой.

Трэйлэр

97. Isle of dogs (2018)

Найруулагч: Wes Anderson
Хэл: Англи, Япон
Жанр: Адал явдалт, инээдэм
IMDB оноо: 7.8/10

"Хүн төрөлхтний хамгийн сайн найзад юу тохиолдоо вэ?" гэх асуултыг тавьсан энэхүү анимейшн нь уран зөгнөлт Япон Улсыг тэр дундаа нохдын амьдралыг дүрсэлсэн бүтээл юм.



98. Аkira (1998)

Найруулагч: Katsuhiro Otomo
Хэл: Япон
Жанр: Тулаант, адал явдал, уран зөгнөлт
IMDB оноо: 8.0/10

1998 онд бүтээгдсэн уг киберпанк кинонд ирээдүй буюу 2019 оны сүйрлийн ирмэгт тулсан Токио хот гарна. Тецү хэмээх өсвөр насны хөвгүүн, түүний мотоциклийн баг болоод ер бусын чадвар нь киноны өгүүлэмжийг бүрдүүлнэ. Эл бүтээл мэндэлснээр Японы анимэ урлагийн түүхэнд эргэлт авчирсан гэж судлаачид үздэг.

Трэйлэр

99. lotus lantern (1998)

Найруулагч: Guang Xi Chang
Хэл: Хятад
Жанр: Тулаант, адал явдал, ид шид
IMDB оноо: 6.7/10

Дарь эх ид шидэт бадамлянхуа дэнлүүний хамтаар дэлхий дээр бууж их мэргэн Лю Янчантай гэрлэснээр Ченсан хүү төрдөг. Үүнд дарь эхийн ах нь болох Эрлан бурхан дургүйцэж Ченсянийг хулгайлж, дүүгээ бадамлянхуа дэнлүүнд буцаж орохыг шаардана.

Трэйлэр

100. Josee, the Tiger and the Fish (2020)

Найруулагч: Kotaro Tamura
Хэл: Япон
Жанр: Анимейшн, драм, романс

IMDB оноо: 7.6/10

Тамүра Котарогийн найруулсан "Josee, the Tiger and the Fish" нь Сэико Танабэгийн ижил нэртэй богино өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээл юм. Энэхүү анимэ нь хөндөж буй сэдэв, өгүүлэмжээрээ цоо шинэ эхлэлийг тавиагүй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх дүрүүд, сэтгэлд дулаахан дүрслэл, хөгжим, ноцтой асуудлуудыг бодитоор харуулж чадсан гэдгээрээ онцлог.


"100 зүйл" цувралын бусад контенттой танилцах:

- Unread-ийн санал болгож буй яг одоо үзэж эхлэх 100 цуврал кино
- Unread-ийн санал болгож буй яг одоо уншиж эхлэх 100 ном

Unread Media