Дурлал гэдэг...
Жаргаж байгаа нарны улбар туяаг харж буй мэт чиний нүд рүү эгцлэн харах дулаахан харц
Уруул нь чиний арьсанд хүрэлцэх үед биеэр чинь нэвт гүйх цахилгаан долгион
Голын мөсөн дээр оддыг харан хэвтэхэд зөвхөн чамд л сонсогдох зүрхний чимээ...

Хайр дурлал байгаагүйсэн бол бид илүү бага алдаж, илүү цөөхөн удаа зүрхээ шархлуулж, илүү их аз жаргалтай байх байсан мэт. Хэчнээн их өвддөгийг мэдэхийн дээдээр мэдсэн хэрнээ л дахиад л алдахыг, шархлахыг, цөхрөхийг хүсдэг энэ зүрх сэтгэлийг яалтай билээ. Магад хүн гэдэг амьтны амьдралаас амсаж болох хамгийн гэгээн, хамгийн сайхан зовлон нь дурлал учраас бид ийм сонголтыг хийдэг байж ч мэдэх. Бодох төдийд л нүүрэнд инээмсэглэл тодруулах увидастай сайхан хайрын дурсамж хэн бүхний сэтгэлийн гүнд хадгалаастай байдаг тул дурлаж, шархалж үзсэн зүрх бүхэнд энэ баяр жирийн өдрүүдээс илүүтэй сэтгэл гэгэлзүүлсэн, догдлом өдөр мэт санагддаг биз ээ.

Тиймээс бид та нартаа зориулан Гэгээн хайрын баярын өдрөөрөө үзэх, турших, сонирхох 100 зүйл бүхий жагсаалтыг хичээнгүйлэн бэлдлээ. Жагсаалтаа тухтай гэгч нь уншсаныхаа дараа хайртыгаа баярлуулах өөрийн жагсаалтыг даруйхан бичиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.


1-10: СОНИРХОХ БАРИМТУУД
11-20: ҮЗЭХ КИНОНУУД
21-30: СОНСОХ ДУУНУУД
31-40: ТУРШИХ САНААНУУД
41-50: ХИЙХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ (ШИНЭХЭН ХОСУУДАД)
51-60: ХИЙХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ (ХАМТ АМЬДАРДАГ ХОСУУДАД)
61-70: ӨГӨХ БЭЛГҮҮД
71-80: МАРТАГДАШГҮЙ БЭЛГИЙН ТҮҮХҮҮД
81-90: НАНДИН ДУРСАМЖУУД
91-100: ВАЛЕНТИНЫ МАРАФОН ХИЙХ ЦУВРАЛ КИНОНЫ АНГИУД



1. САРНАЙН ТҮҮХ

"Rose" буюу сарнай гэх үгийн үсгийн байрлалыг солибол эртний Грекийн хайрын бурхан Эросын нэр болон хувирдаг гэдгийг мэдэх үү? Хэдэн зууны турш энэхүү цэцэг дурлалт хосуудын хайрын үгсийг дайх хамгийн тохиромжтой бэлэг байсаар ирсэн. Дэлхий даяар жил бүр 250 сая сарнай цэцэг Валентины өдрөөр зарагдаж дуусдаг бөгөөд баглаа цэцэг худалдан авч буй хүмүүсийн 61 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэх сонирхолтой судалгаа бий.

2. ХАМГИЙН ЭРТНИЙ БЭЛЭГ

Эл баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадны түүх Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн 1868 онд эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцганд шоколад хийн бэлэглэснээс үүдэлтэй. Эдүгээ хайрын баярын бэлгэнд зориулан зөвхөн америкчууд гэхэд 26 сая кг шоколадыг ганцхан өдрийн дотор худалдан авдаг.

Сонирхолтой нь хосгүй хүмүүс ч энэхүү амттаны хамгийн том худалдан авагчдын нэг бөгөөд америк ганц бие залуусын 43 хувь нь энэ өдөр шоколадны цуглуулга өөртөө бэлэглэдэг гэнэ.

3. БЭЛГЭВЧНИЙ ЭРЭЛТ

Durex компанийн хийсэн тооцооллоор, гэгээн Валентины баяраар бэлгэвчний борлуулалт энгийн өдрүүдээс 20-30 хувиар өсдөг байна. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг.

4. ЖУЛЬЕТТАГИЙН ЗАХИДЛУУД

Валентины баярыг хамгийн анх зохиол бүтээлдээ дүрсэлсэн зохиолчдын нэг нь Уиллиам Шекспир бөгөөд “Гамлет” жүжгийн нэгэн хэсэгт гол дүр Офелия хайрт Гамлетдаа хандан "хайрын өдрийг хамтдаа өнгөрүүлье" гэх утга бүхий мөртүүдийг шүлэглэн хэлдэг. Сонирхуулахад, жил бүрийн гэгээн Валентины өдрөөр Ромео, Жульетта хоёрын амьдарч байсан гэх Италийн Верона хот руу Жульеттагийн нэр дээр 1,000 орчим захидал ирдэг аж.

5. МЭНДЧИЛГЭЭНИЙ КАРТ

Валентины өдөр хосууд нэг нэгэндээ сэтгэлээ илчилсэн хайрын үгстэй мэндчилгээний карт илгээх явдал дундад зууны үеэс түгээмэл болсон ба хамгийн эртний карт Их Британийн Йоркийн музейн сан хөмрөгт одоог хүртэл хадгалаастай байдаг.

6. ХАЙРЫН БЭЛГЭДЭЛ ШУВУУ

Дундад зууны үеийн Франц, Англид хоёрдугаар сарын 14-ний өдрийг тагтаа шувууд ижлээ олдог улирлын эхэн үе гэж үздэг байсан нь Валентины өдрийг улам романтик болгоход хувь нэмрээ оруулжээ. Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгон учрах хувь зохиолтой гэж эрт дээр цагаас бэлгэддэг байсан түүхтэй.

7. ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БЭЛЭГ

Америкийн Үндэсний Жижиглэн Худалдааны нийгэмлэгийн хийсэн судалгаагаар, Валентины өдөр хамгийн гүйлгээтэй байдаг бэлгийн нэгдүгээрт үнэт эдлэл жагссан байна. Тухайлбал энэ жилийн Валентинаар гэхэд, америкчууд нийтдээ 6.4 тэрбум долларыг хайртыгаа баярлуулах үнэт эдлэл худалдан авахад зарцуулах төлөвтэй байгаа аж.

8. ЗӨВХӨН ХОСУУДЫН ӨДӨР БИШ

Америкчуудын хувьд гэгээн хайрын өдөр бол зөвхөн хосуудад бус бүх хүмүүст хамааралтай баяр. Тэдний ердөө 56 хувь нь энэхүү өдөр дурлалт хосдоо зориулан бэлэг худалдан авдаг бол 20 хувь нь гэр бүлдээ тэр бүү хэл дөрвөн хувь нь гэрийн тэжээмэл хөөрхөн амьтдадаа сэтгэл шингэсэн бэлэг бэлддэг гээч. Жил бүрийн хайрын өдөр тэд дунджаар 367 сая долларыг гэрийн тэжээмэл амьтдадаа бэлэг авахад зарцуулдаг байна.

9. WHITE DAY

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд энэ өдөр таалагддаг залуудаа төрөл бүрийн шоколадны цуглуулга бэлэглэн сэтгэлээ илчилдэг бөгөөд бүсгүйн сэтгэлийг залуу хүлээн авсан тохиолдолд гуравдугаар сарын 14-нд түүнд эргүүлэн цагаан шоколад бэлэглэдэг уламжлалтай. Харин залуугаасаа татгалзсан хариу сонссон бүсгүйчүүд тухайн жилийнхээ хайр дурлалын барцдыг гарган дөрөвдүгээр сарын 14-нд жантай гоймон заавал иддэг. Японоос эхлэлтэй “White day” хэмээх энэхүү өвөрмөц уламжлал ази залуучуудын дунд түгээмэл тархжээ.

10. ХАЙРАА ИЛЧЛЭХ ЗОРИГТОЙ АРГА

Дундад зууны үед амьдарч байсан Европ залуус өөрсдийн дурлалт хүнийхээ нэрийг ханцуйн дээрээ оёж, олон нийтэд хайр дурлалаа ил зарладаг байсан түүхтэй. Бүтэн долоо хоногийн турш тэд хайртай хүнийхээ нэрийг ханцуйн дээрээ бичин алхдаг байсан бөгөөд дурласан хүн нь түүний сэтгэлийг хүлээн авсан тохиолдолд хамтдаа Валентины баяраа тэмдэглэдэг уламжлалтай байж. Одоо бодоход энэ арга сэтгэлээ илчлэх үнэхээр зоригтой алхам байж, тийм үү?



11. ABOUT TIME

Арван найман нас хүрэв үү үгүй юу аав нь хүүдээ гэр бүлийнх нь эрчүүд цөм өнгөрсөн рүү аялах чадвартайг хэлж, гүн цочролд оруулснаар эхлэх энэ бүтээлд өдөр бүрийн үнэ цэн, өрөөлийн болоод өөрийн жаргалын тухай тун гэгээлгээр өгүүлсэн билээ. Хөнгөхөн хийгээд сэтгэлд хүрсэн кино үзэхээр зэхэж буй хэн бүхэнд энэхүү бүтээлийг санал болгож байна.



12. ONCE

Гудамжны дуучин залуу, сонгодог төгөлдөр хуурч бүсгүй хоёр хөгжмийн хөг эгшгээр учран нэг нэгэндээ дурлах явцыг харуулах эл кино Ирландын зөөлөн салхийг сэтгэлд тань салхилуулам энгийн агаад энхрий хайрын түүхийг дэлгэцнээ авчрах буй.



13. BLUE VALENTINE

Бяцхан охиноо өсгөхийн зэрэгцээ цаг хугацааны цахилаанд нуран унаж буй харилцаагаа хамгаалахыг хичээх залуу хосын тухай өгүүлэх энэхүү бүтээл танд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах нь лавтай.



14. THE BRIDGES OF MADISON COUNTY

1960-аад оны Холливүүдийн “алт” гэгддэг алдарт Клинт Ийствүүдийн найруулаад зогсохгүй өөрөө Мэрил Стрийпийн хамт дүр бүтээсэн уг бүтээлд хугасхан учрал, хоосон харууслыг харуулсан төдийгүй Хойд Америкын үзэсгэлэнт байгалийг тун яруугаар буулгажээ.



15. ETERNAL SUNSHINE OF THE SPOTLESS MIND

Дурсах дургүй дурсамжаа бодлоосоо үүрд устгах боломж байсан бол та яах вэ? Эл асуултад тун сонирхолтойгоор хариулах тус кино хүний сэтгэл хөдлөл, хайрлах, хайрлуулах болоод дөрвөн улирал мэт хүйтэрч, дулаарах харилцааны динамикыг нэгэн хосын харилцаагаар харуулна. Мэдрэмж ба дурсамжийн хэлхээ гэхчлэн хүмүүний дотоод ертөнцийг дэлгэцнээ тольдох тус бүтээлийн хэсэг бүр гойд сонин үзэгдлээр дүүрэн байдаг нь үзэх ёстой онцгой шалтгаануудын нэг.


16. 10 THINGS I HATE ABOUT YOU

90-ээд оны фэминизм, ахлах сургуулийн ахархан шохоорхол, гранж рокын эргэн тойронд өрнөх энэхүү бүтээлийг алдарт Шекспирийн “Хэрүүлч эмийг номхотгох нь” хэмээх жүжгээс сэдэвлэсэн бөгөөд уг зохиолын санааг алдагдуулалгүй тухайн үеийнхээ нийгмийн хэм хэмжээнээс улбаалан бүтээсэн нь магтууштай.



17. WHEN HARRY MET SALLY

Романтик кино фанатуудын хайртай бас нэгэн классик бүтээл. Их сургуулиа дүүргэж, амьдралын босгон дээр зогсож байхдаа танилцан түр нөхөрлөөд зам салсан Харри, Салли хоёр таван жилийн дараа дахин уулзсанаар үйл явдлын ээдрээ эхэлнэ.



18. PORTRAIT OF A LADY ON FIRE

1970-аад оны Францад өрнөх энэхүү бүтээлд хуримлах гэж буй язгууртан бүсгүй болон түүний сүйн хөргийг зурахаар хөлслөгдсөн зураачийн хоорондох хориотой хайр сэтгэлийн холбоог үзэсгэлэнт үзэгдэл, гайхамшигт зураглалтай хослуулан кино хальсанд буулгажээ.



19. BRIDGET JONES DIARY

Алдарт Жэйн Остины “Бахархал ба Бардамнал” зохиолыг ид бужигнаж, түм түжигнэх 2000 оны Лондонд дүрсэлсэн эл кино нь Бриджит хэмээх ганц бие бүсгүй хэрхэн ажил, амьдралаа тэнцүүлж ядан явааг хөгжилтэйгөөр харуулсан ба ром-ком кино фэнүүдийн хайртай бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.



20. BEFORE SUNRISE TRILOGY

Наран жаргахаас үүр хаяарах хоорондын тэнгэр мэт хором азнахгүй хувьсан өөрчлөгдөх хосуудын харилцааг Жэссэ болон Сэлиний амьдралын харилцан адилгүй үеүдээр харуулах аж. Уг гурван анги бүхий цувралд цаг хугацааг тун үзэсгэлэнтэйгээр тусгасан нь үзэгчдийн сэтгэлд хэдэн аравны турш тодоос тод дурсагдах дурсамжийг үлдээжээ.




Дуу хөгжимгүйгээр хайр сэтгэл юу байх сан билээ. Хүний сэтгэл яг л хөгжмийн зэмсгийн утас шиг.

21. Б.БАДРУУГАН & Я.ОЮУНДЭЛГЭР - ХАЙРЫН ДУРСАМЖ

"Зүрхнээс хайлан ундрах, Зүйргүй ялдам аялгуунд" гэж Бадрууганы дуулахаас илүүгээр хайрыг илэрхийлэх үгс үгүй юм шиг. Эгэл энгийн юм шиг хэр нь ер бусын энхрий нандин үг, аялгуу.

Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино



22. DANIEL CAESAR & H.E.R - BEST PART

Хайртай хүнтэйгээ байгааг магад юунаас ч илүү батлан харуулдаг зүйл бол тав тух. Тэр хүний дэргэд байхад бүх зүйл сайхан мэт. Яг л тийм нэгэн мэдрэмжийг энэ дуу өгдөг. "Амьдрал кино юм бол хамгийн сайхан хэсэг нь чи", тийм биз дээ?

I just wanna see how beautiful you are
You know that I see it
I know you're a star
Where you go I follow
No matter how far



23. MARVIN GAYE - SEXUAL HEALING

Сонсмогц шууд л (орондоо) бүжиглэмээр санагдуулдаг "Sexual Healing" магад хамгийн тачаангуй үгтэй дуунуудын нэг байх. "Чи минь ирээд намайг тавируулна, хайр чинь намайг чөлөөлнө" гээд л дуулахыг нь сонсоод "жого" ургуулахгүй бол юунд гижиг хүрнэ гэж?

Come take control, just grab a hold
Of my body and mind, soon we'll be making it, honey
I'll be feeling fine
You're my medicine, open up and let me in
Darling, you're so great, I can't wait for you to operate



24. ТАТАР - ЧАМДАА ӨГСӨН ХАЙР

Хамгийн сайхан хайр нөхөрлөлөөс эхэлдэг гэж ярих нь бий. Хайрыг хамгийн сайхан, муухай гэж ангилж болохгүй ч гэлээ нөхөрлөлөөс эхэлсэн үерхэл илүү бат бөх байх нь олонтоо. "Энгийн найз явсан охиндоо дэндүү ихээр дасжээ, Нандин хайрын халуун гал болон зүрхэнд минь чи асжээ" хэмээн өгүүлснээр энэ дууны түүх эхэлдэг.

Чамдаа би энэ дуугаа зориулж дуулахаас гадна
Yргэлж дандаа хамт байж чамайг хайрлаж чадна
Би чамайг элдэв янзын хүнд алдчих вий гэж айдаг
Хоёулаа үргэлж дандаа хамт баймаар байдаг
Чамтайгаа хамт байхад санаа амарч би минь хөнгөрдөг
Чамтайгаа удаан байя гэсэн ч цаг хурдан өнгөрдөг



25. ARETHA FRANKLIN - YOU SEND ME

Соулын хатан хаан Арета Франклин цуцашгүй, гайхамшигт хоолойгоороо "Хонгор минь чи намайг догдлуулдаг" хэмээн дуулж эхлэх үеэс ганц бие хүнд ч хайранд умбасан мэт сэтгэл гижигдсэн мэдрэмж төрдөг.

At first I thought it was infatuation
But, woo, it's lasted so long
Now I find myself wanting
To marry you and take you home, woah-woah



26. Т.БАТ-ОРГИЛ - МӨНХИЙН УС

Энэ насны амьдралаа түүнтэйгээ хамт туулахгүй бол амьдрахын хэрэг юу сан билээ гэх ер бусын романтик агуулга бүхий энэ дууг бид сайн мэднэ. "Цээжнээ долгиолох хайр минь, Цэнгэг мөнхийн ус ч юм уу" хэмээсэн нь эргэн эргэн очиж сонсмоор гэгээлэг бөгөөд утга төгс юм.

Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ



27. CRANBERRIES - DREAMS

Ирландын алдарт "Cranberries"-ийн "Dreams"-ийн эхлэл ая болохгүй бүтэхгүй зүйлгүй, бүх л зүйл боломжтой гэмээр өөдрөг, гэгээлэг мэдрэмж өгдөг. Тийм ээ, "Чи миний хувьд зүүд мөрөөдөл шиг".

A totally amazing mind
So understanding and so kind
You're everything to me
Sing it for me!



28. RIGHTEOUS BROTHERS - UNCHAINED MELODY

"Unchained Melody"-ийн "Woah, my love, my darling" гээд эхэлдгийг сонсож байгаагүй хүн цөөн биз ээ. 700 орчим уран бүтээлч орон орны хэл дээр бичсэн гэгддэг энэ дууг "Righteous Brothers" хамтлаг дуулсан нь эх хувилбараасаа алдартай. Үнэхээр сайхан дуу.

I need your love
God speed your love to



29. MEGHAN TRAINOR & JOHN LEGEND - LIKE I'M GONNA LOSE YOU

Заримдаа хэн нэгэнд ухаангүй хайртай үед түүнийгээ алдчих ч юм шиг, хамт байгаа хэр нь харам мэдрэмж төрдөг. Гэхдээ үүрдийн зүйл гэж үгүй шүү дээ. "I won't take you for granted, 'Cause we'll never know when, when we'll run out of time" буюу "хэзээ дуусахыг хэлж мэдэшгүй тул би чамайгаа хэзээд дэргэд байх юм шиг хэрхэвч үл тоохгүй" гэх хэсэг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм.

So I'll kiss you longer, baby (hey)
Any chance that I get
I'll make the most of the minutes
And love with no regrets



30. BRYAN ADAMS - (EVERYTHING I DO) I DO IT FOR YOU

"Нүд рүү минь хараад л чи миний хувьд хэн гэдгээ олж харна" хэмээн эхэлдэг Брайн Адамсын хамгийн алдартай бүтээл болох энэ дуу хайрынхаа төлөө бүхнийг хийе, намайг чадна гэдгийг чи мэднэ гэх итгэл сэтгэлийн гүн илэрхийллийг шингээжээ.

Don't tell me it's not worth tryin' for
You can't tell me it's not worth dyin' for
You know it's true
Everything I do
I do it for you




31. ЧАМИН ДОТУУР ХУВЦАС ӨМСӨХ

Юун түрүүнд хамгийн ойлгомжтойг нь дурдъя. Тэр бол мэдээж чамин, тачаангуй дотуур хувцас өмсөх. Шүүгээний тань мухарт барагтаа гаргаж өмсдөггүй, магадгүй бүр өмсөж ч үзээгүй "нэг зүйл" байгаа даа?

32. ДҮРД ХУВИРАХ

Сувилагч, үйлчлэгч, гал сөнөөгч: ёстой ямар л бол ямар дүр бодож олоод сексийн амьдралдаа өнгө нэмж болно. Дүрдээ ороход хэцүү байвал жаахан "ундаа" хүртчих. Мэдээж өмсөх хувцас, хэрэглэлээ урьдчилж бэлдэх хэрэгтэй шүү.

33. НҮД БООХ

Нүдээ боож байгаад хийгээд үз. Юм харахгүй үед бусад мэдрэхүй хавьгүй соргог, мэдрэг байх болно. Хоёулаа ч зүүсэн болно, эсвэл аль нэг нь нүдээ боолгоод, нөгөө нь тэсэхээ больтол нь өдөж байгаад хүссэнийг нь өгвөл ер бусын хүчтэй мэдрэмж авна даа. Зангиа, ороолт гээд л ашиглаж болох зүйлс зөндөө.

34. ТОГЛООМ АШИГЛА

Элдэв тоглоомуудаа өөрийгөө хангахаас бусад үед ашигладаггүй бол Валентины өдрийг тохиолдуулан ашиглаж үзээрэй. Секс хавьгүй сонирхолтой болно.

35. БИЕ ДЭЭРЭЭС НЬ ИДЭЖ УУХ

Усан үзэм, жимсний болон шоколадтай сироп, жимс, төрөл бүрийн амттан гээд олон сонголт бий. Гэхдээ ичимдэг хэсгүүдээсээ зайтай байлгаарай гэж анхааруулах байна. Цээж, гэдэс, гуя хас гээд байрлуулж болох газар цөөнгүй. Оргилуун дарс, тараг ч юм уу асгаж байгаад долоож ч болох юм. Эсвэл зүгээр л мөс байж болно.

36. МАССАЖ ХИЙ

Гэрээсээ гарах боломжгүй байгаа бол лаа асааж байгаад, хэрэв хүүхэдтэй бол унтуулчхаад хаалгаа хааж байгаад сайхан бариа хийж өгвөл хамгаас тохиромжтой. Мөр, толгойг нь илж хуян буулгах массаж хэлээгүйг ойлгож байгаа биз ээ. Эфирийн тос хэрэглэвэл бүр гоё.

37. РЕКОРД ТОГТОО

Тавих дөхөөд ирэхээр нь холдож, бага зэрэг тайвшруулж байгаад дахин өдөөсөөр оргазмыг аль болох хойшлуулах гээд үзээрэй. Бага зэрэг зовуурьтай ч эцэст нь гайхалтай мэдрэмж өгдөг зүйл. Зовуурь гэж байгаа нь мэдээж шууд утгаараа биш л дээ. Гэхдээ хэтэрхий удаан барьж болохгүй. Тэгвэл бүр унтарчихна.

38. BDSM

Туршиж байгаагүй бол, хоёулахнаа байгаа бол энэ валентинаар л үз. Юуг, хэрхэн ашиглахаа урьдчилж тохирох нь чухал шүү. Шинэ зүйл туршиж байна гээд жилд ганц тохиодог өдрөө хэрүүлээр дуусгавал хэчнээн гунигтай.

39. ШИНИЙГ ТУРШ

Урьд нь хэзээ ч хийж байгаагүй зүйлээ турш. Хос болоод удаагүй, бие биенийхээ сексийн туршлагын талаар хангалттай мэдэхгүй бол эвтэйхэн хуваалцаад шийдэлд хүрч болно шүү дээ. Таны төсөөлөл бодож байгаагаас тань ч баялаг гэдэгт итгээрэй. Байж болох хувилбаруудыг жагсаасан меню гаргаж хамтрагчдаа өгсөн ч болно. Тэр сонгог.

40. ӨДӨӨЛТИЙГ ӨГЛӨӨНӨӨС

Өглөөнөөс эхлээд л секси мессежүүд илгээгээд бай. Өөр өрөөнөөс, ширээний ард зэрэгцээд сууж байхдаа ч орондоо орохдоо (заавал оронд орох ч шаардлагагүй л дээ) юу хийхээ мессежээр бич. Догдол, догдлуул.


Шинэхэн хосууд маань доорх жагсаалтыг тэмдэглээд аваарай!


41. ПЛЭЙЛИСТ БЭЛДЭЖ ӨГӨХ

"Begin Again" кинон дээр “плэйлистийг нь хараад л хажууд байгаа хүнийхээ талаар олон зүйлийг хэлэх боломжтой” хэмээн хэлдэг дээ. Хүн бүхэн давтагдашгүй байдагтай адил бидний хөгжмийн мэдрэмжүүд ч тэс өөр. Таалагддаг хүнийхээ мэдрэмжид зориулж плейлист бэлдэн өгөх нь түүний дотоод ертөнцийг өөртөө илүү их нээхийг хүсэж буйгаа илэрхийлэх романтик алхмуудын нэг.

42. ХАМТДАА КИНО ҮЗЭХ

Tele party веб нэмэлтийг ашиглан Netflix-ээс хамтдаа кино үзэх ч бас хол зайн харилцаан дунд дажгүй болзооны санаа шүү. Хөнгөн, хөгжилтэй ром-ком үзэхийг хүсэж буй хосууддаа баярын өдрөөр олны хүртээл болох Players киног санал болгоё.

43. TIKTOK БИЧЛЭГ ХИЙХ

Заавал олон нийтийн сүлжээнд цацах албагүй шүү дээ. Tiktok дээрх бүтээлч санаануудаас жишээ авч, хамтдаа хөгжилтэй бичлэг хийгээрэй.

44. ХАМТДАА ХИЙХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ ҮҮСГЭХ

Ойрын хугацаанд хамт хиймээр байгаа зүйлсийнхээ жагсаалтыг цаасан дээр буулгаарай. Төлөвлөөгүй зорилго гэдэг хүсэл төдий зүйл. Ажил хэрэг болгон “wishlist” үүсгэчихвэл энэ жилдээ та хоёр шинэ болзооны санаа олох гэж толгойгоо өвтгөх шаардлагагүй болно гэж мэд.

45. ДУРЛАЛЫН ТҮҮХЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ

Өглөө сэрээд утсаа шалгах үед нь түүнийг бөөн бөөн notification-ээр бөмбөгд. Хамтдаа авхуулсан царайлаг зураг, нандин дурсамж, хайртынхаа дуртай зан чанар гээд түүний тухай дараалсан инстаграм сторинуудыг өөрийн хуудсандаа оруулж, дурлалын түүхээ бусадтай хуваалцаарай.

46. ХОСЫН ЧЭЛЛЕНЖ ТУРШИХ 

7 seconds, chubby bunny, telepathy зэрэг YouTube-ийн трэнд болсон хосын чэлленжүүдийг хамтдаа туршаад үз.

47. ХОЁР БИЕНЭЭСЭЭ АСУУЛТ АСУУХ

Нью-Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач Артур Ароны судалгаан дээр үндэслэсэн энэхүү гурван бүлэг бүхий 36 асуултыг хоёр биенээсээ асуугаарай. Дөнгөж танилцсан хийгээд хамтдаа урт хугацааг туулж буй хосууд ч хоёр биенээсээ асуух боломжтой дээрх асуултын тусламжтайгаар та хамт байгаа нэгнийхээ үзэл бодол, итгэл үнэмшил, амьдралын үнэт зүйлстэй илүү дотно танилцана.

48. ТӨГС БОЛЗОО ТӨЛӨВЛӨХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ

Мэдээж та хоёр олон удаа сонирхолтой болзоонд явж үзсэн байх. Эсвэл хэрхэн төгс болзоонд явах талаар үргэлж шинэ санаа ярилцдаг байж ч болох юм. Гэхдээ юм бүхэн төгс байх албагүй. Энгийн зүйлс ч сэтгэл догдлуулах хүчтэй шүү дээ. Жишээлбэл, гэрийнхээ ойролцоох Caffe Bene-ийн салбарт болзоо товлож болно. Түүний уух дуртай зүйлийг захиалах зуураа цэцгийн бяцхан баглаа, амтат шоколадтай бялууны "Be My Valentine" бэлгийн багцаар гэнэтийн бэлэг бариарай. Тэр догдлох нь гарцаагүй.



49. УТСААР СЕКС ХИЙХ

Эхлээд хайрттайгаа энгийн яриа өрнүүлээд аажмаар тачаангуй үгс хэрэглээрэй. Өөрийнхөө өмсөж буй дотуур хувцас, шүршүүрт урьд нь хийсэн та хоёрын секс зэрэг тухайн орчныг “халууцуулах” үйл явдал байсан ч болно. Утсаар хийсэн секс таалагдвал дараа нь веб секс хийж үзсэн ч болно шүү дээ. Дараалал нь ижилхэн.

50. СТРИПТИЗ ҮЗҮҮЛЭХ

“Aerosmith” хамтлагийн “Crazy” дууны клипийг анхааралтай үзээрэй. Түүнд хувцастай хэрнээ хэрхэн стриптиз үзүүлж болохыг харуулсан байгаа. Олон жил шүүгээнийхээ мухарт хадгалсан тачаангуй дотуур хувцасныхаа хэргийг одоо л гаргах цаг.


Хамт амьдардаг хосууд маань доорх жагсаалтыг туршаад үзээрэй!


51. КИНО МАРАФОН ХИЙХ

Хамгийн энгийн болзооны санаа бол яахын аргагүй кино марафон. Ямар кинонууд үзэхээ хараахан шийдээгүй бол бид нийтлэлийнхээ дээд хэсэгт шипи өгчихсөн байгааг анзаарсан биз дээ. Валентины баяр тул хайртыгаа баярлуулах хундага дарс, бяслагны цуглуулга, дуртай амттаныг нь бэлдэж тавихаа мартуузай.

52. ОРОН ДОТРОО ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХ

Та хоёр сүүлийн хэдэн өдрийн турш сүүтэй цай, нийслэл салат, таваг дүүрэн буузаар ходоодоо дүүргэсэн байж таарна. Энэ өглөөг гэхдээ хэрхэвч халаасан буузаар эхлүүлж болохгүй шүү. Хайртыгаа сэрэхээс урьтаж хөнгөхөн өглөөний цай бэлдэн мэндчилгээний карт дээр “Би чамд хайртай” хэмээн бичээд оронд нь хүргээд өг.

53. ХӨӨСТЭЙ ВАННД ХЭВТЭХ

Энгийн санаа юм шиг сонсогдовч байнга хийх боломж гардаг гэж үү? Цаг гарган болзооны тоонд оруулаад хамтдаа халуун онгоцонд хэвтэж, бие бие рүүгээ хөөс үлээж тогло. Халуун ванн дотор хоёр биенийхээ сэрлийг хангалттай өдөөсний дараа шүршүүрт хийх сонирхолтой сексийг ч туршиж болох.

54. ВИДЕО ТОГЛООМ ТОГЛОХ

“Утас, компьютерээ ширтсээр байгаад гэр бүлдээ огтхон ч цаг гаргахгүй байна” хэмээн тоглоомын хорхойтон нөхөртөө та байнга гоморхдог уу? Тэгвэл энэ өдөр хайртынхаа дуртай тоглоомыг хамтдаа тоглож, хөгжилдөх гээд үз. NBA 2K20, Fortnite, Pubg гээд тэдний улайран тоглох дуртай видео тоглоомын учрыг нэг л олчихвол хэсэгтээ л хөгжилтэй байх болно. Хүнддээд байвал бооцоотой Ludo ч тоглож болох юм.

55. ЗАХИА БИЧИХ

Хуучинсаг мэт санагдах авч хамгийн сэтгэл догдлуулмаар бэлэг болох чин сэтгэлийн захиа. “Хүүхдүүдээ сайн хүн болгохын төлөө борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа чамаараа маш их бахархдаг. Надад зориулж буй сэтгэлийг чинь ойлгож чадахгүй гомдоодогт уучлаарай” гээд түүндээ хэлж чадаагүй бүхнээ бичээд өгөөрэй. Хүн гэдэг хэзээд сайхан үгсээр дутаж явдаг амьтан.

56. БИЕ БИЕДЭЭ МАССАЖ ХИЙЖ ӨГӨХ

Youtube-ээс массажны бичлэгүүд үзэж байгаад бие биедээ хийж өгөн, эмзэг цэгүүдийг нь сэрээж өг. Энэ удаад яаруу, сандруу, хурдан, нойроо харамласан биш тайван, тухтай, таашаалтай сексийг удаан гэгч нь мэдрээрэй.

57. ДУРСАМЖАА УУДЛАХ

Хайрттайгаа хуримын өдрийн бичлэгүүдээ үзэж, анх танилцсанаасаа авхуулаад хамтдаа даруулсан бүх зургаа үзэж хэвтээрэй. Зүгээр ч нэг үзэх биш, тухайн зургийг авхуулах үед хамтдаа юу хийж байсан тухай ярилцаж, дурсамжаа сэдрээж болох юм. Эсвэл зөвхөн тухайн жилийнхээ “дүгнэлт”-ийг ч хийж болно.

58. АНХНЫ БОЛЗООГОО ДАВТАХ

Анх болзсон цагаасаа хойш та хоёр хэдэн арав, хэдэн зуун болзооны ард гарсан байж таарна. Гэхдээ анхны болзоо хэзээ ч давтагдашгүй, нандин дурсамж болон үлдсэн байдаг. Тэгвэл энэ өдөр хэдэн жилийн өмнө та хоёр анх хэрхэн болзож байснаа эргэн нэг санаарай. Нэг нэгнээ огт танихгүй хүмүүсийн дүрд тоглож анхны нандин болзоогоо эргэн нэг товло. Хэрвээ тэр өдөр өмсөж байсан хувцас одоог хүртэл шүүгээнд тань хадгалаастай байдаг бол гаргаж ирээд өмсөөрэй.

59. ЗУРАГ АВАЛТ ХИЙХ 

Валентины баяраар хайртыгаа өөрийн хувийн зурагчин болгож ашигла. Байгалийн гэрэл үзэсгэлэнтэй тусдаг гэрийнхээ аль нэг буланг бяцхан тохижуулаад бие биенийхээ зургийг дараарай. Нэгэнт гэртээ байгаа юм чинь хагас нүцгэн, чамин дотуур хувцастай гээд хөндлөнгийн хүнээр даруулахаас санаа зовом эротик зураг авхуулж болно шүү дээ.

60.  "ЭХНЭРИЙН ЗААВРААР" НЭВТРҮҮЛГИЙГ ТУРШИХ 

Хамтрагч тань одоог хүртэл хоолныхоо давсыг гал тогооны амтлагч дундаасаа хайгаад олдоггүй хэнэгдүүхэн нэгэн үү? Үргэлж гадуур ажилтай, завгүй байдаг түүнийг гэртээ байгаа цагаар та хоёр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийг туршаад үз. Хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн хажуугаар хайртынхаа гарын хоолоор оройн зоогоо бэлдэх давхар ашигтай санаа шүү.



Бидний бэлтгэн гаргасан "Гэгээн хайрын баяраар зөвхөн түүнд зориулах 100 бэлгийн санаа" бэлгийн хөтчөөс дэлгэрүүлэн санаа авч, түүнийг догдлуулах бэлэг сонгохоо мартуузай.

61. АМАНД ХАЙЛАХ АМТТАН

Үндэсний кофе шопын сүлжээ Caffe Fonte-оос барьж буй ээлжит бэлгийн багцыг санал болгож байна. Хайртай түүнийгээ гэсэн халуун илчит сэтгэлийн илрэл болгож, бяцхан цэцгийн баглаа, моча бялууны хослол LOVE IN A BOX бэлгийн багцыг сонгоорой. Амьд цэцэг, аманд хайлах амттанаас буцах эмэгтэй гэж хаа байх билээ. Энгийн хэр нь эгдүүтэй эл багцыг авахыг хүсвэл Хүннү 2222-ийн Caffe Fonte салбарыг зорих эсвэл тэдний сошиал хуудсаар холбогдон урьдчилан захиалах боломжтой.

Багцын үнэ: 30,000₮



62. АРЬСАА БАЯРЛУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Хайраа илэрхийлэх хамгийн нандин бэлэг хайж байна уу? Тэгвэл L’Ooccitane брэнд-ээс цөөн тоогоор худалдаанд гаргасан Cherry Strawberry Blossom цувралын бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Прованс нутгийн Интоорын цэцгийн сэтгэл татам үнэрийг гүзээлзгэнэтэй хослуулсан уг цуврал нь хаврын улирлыг санагдуулж, анхилам бөгөөд дурлам мэдрэмжийг төрүүлэх аж. Мөн савлагааг 50 хувь дахин боловсруулагдсан материалаар үйлдвэрлэсэн гэдгийг онцлууштай.

Багцын үнэ: 272,700₮



63. СЭТГЭЛ СЭРГЭЭХ ЦЭЦГИЙН БАГЛАА

“Эрүүл, Эерэг, Урлаглаг” уриан дор 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй Little Heaven in UB-ийн хайр дурлал, үнэнч сэтгэл, бат бөх харилцааг бэлгэдэн гаргасан гоёмсог цэцгийн баглаануудаас сонголтоо хийгээрэй. Бид “Heavenly” 11 цэнхэр алтанзул, “Mi amor” улаан сарнайн баглаа, “Grace” 21 ягаан сарнайн баглааг онцлон санал болгож буй. Мөн эдгээр гоёмсог цэцгийн баглаанаас гадна өөр олон төрлийн цэцгийн сонголт бий бөгөөд өхөөрдөм бяцхан сахиусан тэнгэрүүд, амтат шоколад нэмээд багц болгон авах боломжтой.

Heavenly blue tulip - Үнэ: 150,000₮
Mi amor - Lovely red roses with black box - Үнэ: 220,000₮
Grace - Үнэ: 240,000₮



64. +21

BDSM сонирхогчид болон харилцаандаа шинэ зүйл туршиж үзэхийг хүссэн бүх хосуудад тохиромжтой бэлгийн багцыг Wild cherry-ээс санал болгож байна. Дотно харилцааны үед нүдээ боож, гар хөлийг нь гавласнаар урьд өмнө мэдэрч байгаагүй шинэлэг мэдрэмж төрөх болно. Тэр тусмаа гоёмсог хайрцаг, веган арьсан материал, гал улаан болон хар өнгөний хослол та хоёрт романтик агаад тансаг мэдрэмж бэлэглэх нь гарцаагүй. Ташрамд, эл багцаас гадна өөр олон “дүрсгүй” бэлгүүд хүлээж байгааг дуулгая.

Багцын үнэ: 60,000₮



65. НҮД БУЛААХ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Гоёл чимэглэл гэдэг хэзээд тансаг бөгөөд үнэ цэнтэй мэдрэмжийг өгдөг. Тиймдээ ч өгч буй хүндээ, авч буй эзэндээ гарцаагүй таалагдах сонголт болж чаддаг.

Тиймээс бид Pegasus.mn-ий Валентины тусгай багц бүхий гоёмсог ээмэг, зүрхэн хэлбэрт хүзүүний зүүлтийг санал болгож буй. Сонирхуулахад тэд олон давхар уут сав ашиглахгүйгээр монголдоо минимал загвараар оёсон дахин ашиглах боломжтой тааран уут дагалддаг юм билээ.

Ээмэг: 54,000₮
Хүзүүний зүүлт: 62,000₮
Үнэт эдлэлийн хайрцаг: 29,000₮



66. РЕДАКЦЫН СОНГОЛТ

Ажил, гэрийн алинд ч тохирох Bubble Plus ус хийжүүлэгчийг манай редакцын зүгээс санал болгож байна. Тог цахилгаан шаардлагагүй уг төхөөрөмжөөр хийжүүлсэн уснаас гадна жимсний өтгөрүүлсэн шүүс нэмээд амтат ундаа, коктейль хийх боломжтой. Зуны аагим халуун өдөр амны цангааг тайлж, зуу зуун хуванцар хаягдал бий болохоос сэргийлж буй энэхүү ус хийжүүлэгч нь гарцаагүй байгальд ээлтэй бөгөөд халамжтай бэлэг байх болно.

Oceana I загвар - Үнэ: 330,000₮
Oceana II загвар - Үнэ: 385,000₮



67. УЯРЧ УХААРАХ НОМ

Хүмүүн бид баяр гуниг ээлжлэн хөврөх амьдрал хэмээх их далайг гатлан туулдаг. Гагцхүү хүмүүний амьдралын шаргал хуудас болсон эгэл өдрүүдийн дурсамж, хайр дурлал, хагацал гуниг, дур тачаал, хошигнол, хорсол, тэсвэр тэвчээр, ганцаардал, худал хуурмаг, үнэнч сэтгэл, төсөөлөл мөрөөдөл гээд амьдралын олон өнгө, мэдрэмжийг Нэгдүгээр биеийн ганц тоо номд өгүүлэх аж. Харилцан адилгүй цаг хугацаанд амьдралынх нь нэгээхэн хэсэгт тохиосон үйл явдал болон нууцлаг, өвөрмөц дүрүүдийг дуу хөгжим, спорттой холбон дүрсэлсэн нь нандин мэдрэмж төрүүлэх биз ээ.

Номын үнэ: 24,900₮



68. ХЭЗЭЭД ХЭРЭГ БОЛОХ ХЭРЭГСЭЛ

Хайртай бүсгүйн тань сарын тэмдэг ирэх үед хэвлий болон нуруугаар нь зовуурилдаг уу? Тэгвэл өвчин намдаах эмнээс илүү үр дүнтэй Сарын тэмдгийн өвдөлт намдаах Momi аппарат-ыг түүнд бэлэглээрэй. Гурван янзын халуун массажийг нэг төрлийн төхөөрөмжөөс мэдрэх боломжтой ба энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт намдаж, зангирсан булчин суларна. Мөн гэдэс дүүрч цанхайх үедээ ч хэрэглэхэд тохиромжтой.

Momi аппаратын үнэ: 179,000₮



69. ДОНЖ МАЯГИЙГ ТОДОТГОХ ДОТУУР ХУВЦАС

Өөрт тохирсон, биед эвтэйхэн дотуур хувцас гэдэг эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг үлэмж нэмдэг шидтэй зүйл билээ. Тэгвэл Гэгээн хайрын баяраар онцгой түүндээ бэлэглэх дотуур хувцсыг michid_lingerie-ээс сонгоорой. Гал халуун хайрыг илэрхийлэм ялдам улаан өнгөтэй Valentino set тэргүүтэй олон загварыг тэд эх орондоо үйлдвэрлэж буй.

Valentino багцын үнэ: 59,000₮



70. БААРАГГҮЙ БАЯРЛУУЛАХ БЭЛГИЙН КАРТ

Дурлалт түүндээ хувцас бэлэглэхийг хүсэж байгаа ч хэмжээг нь мэдэхгүй байгаа бол bluclothingstore-ийн гурван төрлийн үнийн дүнгийн сонголттой бэлгийн картаас сонголтоо хийгээрэй. Эх орны үйлдвэрлэл, минимал загвартай, чанартай материалтай олон төрлийн загвар таныг хүлээж буй. Энэ бол үгээр бус үйлдлээр хайраа илэрхийлэх боломж шүү.

Gift card - Үнэ: 50,000₮ ; 70,000₮ ; 100,000₮




71. ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬСАН

Валентин гэхээр л хамгийн түрүүнд бодогддог сайхан дурсамж бол дөрвөн жилийн өмнөх гэрлэх санал. Тухайн үед үерхээд жил гаруй л болж байсан юм. Монголд ер нь гэрлэх санал гэхээс илүү жирэмсэн болоод бэр гуйх нь элбэг байдаг шүү дээ. Тийм ч болохоор би гэрлэх саналын тухай нэг их бодож, мөрөөсөж байгаагүй. Харин тэр жил Валентинаар "Хамтдаа нэг гоё романтик өдрийг л өнгөрүүлнэ дээ" гээд төлөвлөж байсан. Гэтэл хоол идсэний дараа жижигхэн хайрцагтай бөгж гаргаж ирээд "Хайр аа, надтай гэрлээч" гэхэд чих дүнгэнээд, нулимс дүүрээд, эргэн тойрон жингүйдээд л ирсэн. Ийм санал байсан ч, байгаагүй ч бид хоёрын хэн хэн нь ирээдүйгээ хамтдаа төсөөлж байсан болохоор үр дүн нь тодорхой байсан л даа. Гэхдээ тийм албан ёсны саналыг бүр Валентины өдрөөр тавих нь эмэгтэй хүний хувьд амьдралынх нь хамгийн гоё мөч болж дурсамжид нь үлддэг юм билээ. Х.У

72. ХОЛООС ХЭЛЭЛГҮЙ ХҮРЭЭД ИРСЭН

Би Шанхайд оюутан насаа өнгөрүүлсэн юм. Уг нь амралтаараа нутагтаа харьдаг ч тэр жил хуваарь нэг л таарч өгөөгүй. Тиймээс Валентиныг хамтдаа зайнаас тэмдэглэх төлөвлөгөө гаргаж, түүнд хэрэгтэй зарим нэг зүйлсээ бэлдээд л байж байлаа. Тэгтэл яг 14-нд хаалга тогшоод ороод ирдэг байгаа. Эртнээс энэ өдөр намайг юу хийхийг мэдээд, сэжиг авхуулахгүйн тулд Хятадад ирэнгүүтээ дугаар авч интернэттэй болох, нэг өрөөний охинтой маань танилцаж мэдээлэл авах гэх мэт бүх зүйлсээ бэлдчихсэн байсан юм билээ. Тэр л миний хувьд Валентинаар авч байсан хамгийн гоё бэлэг байсан. Б.Г

73. ХӨТЛӨЛЦӨХДӨӨ ӨМСӨХ ХОСЫН БЭЭЛИЙ

Монголын өвөл хүйтэн шүү дээ. Найз охинтойгоо хөтлөлцөөд алхах гэхээр гар их даарна. Бээлийтэй хөтлөлцөх утгагүй, куртканы халаас жижиг болохоор нэг л болж өгдөггүй байлаа. Би ч үүнд нэг их юм боддоггүй тухайн үедээ ярилцаад л, болгоод л явдаг байсан. Гэтэл Валентинаар "Уг нь гоё үйлдвэрийн бээлий авах гээд хайсан ч олдоогүй" гээд өөрөө оёчихсон хосууд хөтлөлцөхдөө өмсөж болох өргөн бээлий бэлэглэсэн. Тухайн үедээ инээгээд өхөөрдөөд өнгөрсөн ч бодох тусам үерхлээ сайхан байлгах гэсэн, харилцааныхаа жижиг деталь бүр дээр анхаарсан маш гоё сэтгэл байсныг нь улам бүр ойлгодог. Г.Л

74. РОМАНТИК ҮГ БҮХИЙ PUZZLE

Найз залуу маань их ичимхий хүн байсан. Үерхээд нэлээн хэдэн сар болсны дараа л арай гэж гараас минь хөтөлж байлаа. Тийм хүнээс элдэв романтик юм хүсэх бол хаа холын, бараг л бүтэшгүй асуудал гэмээр. Удалгүй Валентин болж би уламжлал ёсоор шоколад хайлуулаад л өгсөн. Тэгтэл өнөөх маань надад жижиг хайрцагтай юм өгөөд хариад хараарай гэж билээ. Догдолж догдолж очоод нээтэл пазл байсан. Улаан өнгө бага зэрэг орсон, бичиг бололтой хэсгүүдтэй болохоор анхаарал татаагүй. Урам хугарсхийгээд нэг их яаралгүй байж байгаад эвлүүлж үзэхэд "Би чамд хайртай" гэсэн үг байсан юм. Тийм хүнээс ийм үг гарсанд нь үнэхээр их баярлаад, надад хайртай гэдэгт нь бат итгэж, байгаагаар нь хайрлах хүслийг улам бадрааж өгсөн шүү. Х.А

75. АЯЛЛЫН ЭРХ

Цалингаа хагас жил цуглуулаад Хятадын Занжиажиэ буюу алдарт "Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд аялах эрх бэлэглэж байсан. Үнэхээр санаанд оромгүй гэнэтийн, гоё, том бэлэг байсан. Хайртай хүнтэйгээ сайхан газарт аялахаас илүү романтик бэлэг гэж юу байх билээ. А.Ч

76. БИДНИЙ ТҮҮХ БҮХИЙ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН БИЧЛЭГ

Анх танилцаж байсан үеийн чат, анхны болзсон газар, тэр үед явж байсан дуу, хамтдаа авхуулсан зураг, бичлэгүүдийг нийлүүлээд үнэхээр гоё бичлэг хийчихсэн байсан. Тэгэхэд л намайг ямар их хүндэлдэг болохыг, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа, дурсамжаа хэчнээн чухалчлан нандигнадгийг ойлгоод илүү их хайрламаар санагдсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн бэлэг байсан шүү. Л.Ц

77. ДУРТАЙ ХАМТЛАГИЙН МААНЬ БҮТЭЭГДЭХҮҮН

Би "Beatles"-д үнэхээр дуртай. Гэхдээ түүхийг нь судлаж, дууг нь сонсохоос цаашгүй уйтгартай "ашиггүй фэн" л дээ. Нарийн, харамч ч гэж хэлж болохоор. Харин найз охин маань Валентинаар "Beatles"-ийн “Sgt. Pepper's Lonely Hearts Club Band” цомгийн 50 жилийн ойн футболкыг пянзных нь хамтаар бэлэглэж байсан. Ер нь төрсөн өдрөөрөө ч тийм үнэтэй, намайг л баярлуулахаар зорьж авсан бэлэг авч байгаагүй юм шиг санагддаг шүү. Д.М

78.  ЧАДДАГГҮЙ Ч ГЭСЭН ХООЛ ХИЙЖ ӨГСӨН

Найз охин маань айлын ганц, эрх хүүхэд юм л даа. Хоол хийж чаддаггүй, өөрөө ч түүнийгээ мэддэг. Гэтэл Валентинаар "Lady And The Tramp" кинон дээр гардаг шпагеттиг долоо хоног бэлдэж байгаад хийж өгсөн. Ёстой амттай, сэтгэл шингэсэн, хөдөлмөр орсон бэлэг байсан. Одоо бол хоолыг уяраадаг болсон доо. З.Ү

79. ХҮНЭЭС ТОМ ЧИХМЭЛ

Би яагаад ч юм өхөөрдөм, хөөрхөн зүйлсэд дуртай. Чихмэлийг бол цуглуулах шиг болно. Болзох бүрдээ л кино театрын тоглоом хэсэгт байдаг чихмэл шүүрдэг хайрцагнаас чихмэл авах гэж зүтгэдэг байсан. Харин найз залуу маань энэ занг минь сайн мэддэг болохоор Валентинаар хүнээс том хэмжээтэй аварга чихмэл бамбарууш бариад үүдэн дээр зогсож байсан. Үнэхээр гоё байсан шүү. Х.Ш

80. ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ТАНИЛЦУУЛСАН

Валентины өдрөөр хадмындаа анх орж байсан хүмүүс хэр их байдаг юм бол доо. "Гэрт хэн ч байхгүй, гэрт тэмдэглэе" гэхээр нь сарнай, дарс хоёроо барьж очоод байж байтал гэрийнхэн нь хүрээд ирсэн. Хаалганы хонх дуугараад, хүмүүс орж ирснээс хойш юу болсныг одоо ч сайн санадаггүй. Үнэхээр их сандарсан. Тухайн үедээ хамгийн бүтэлгүй, утгагүй Валентин байсан ч одоо бодоход хамгийн дурсамжтай, хөгжилтэй баяр тэр л байж. Ү.Э



81. ЖИЛ БҮР ИРДЭГ ААВЫН ШОКОЛАД

Хайртай хүнтэйгээ учирч, гэр бүл болсон ч аав маань жил бүрийн Валентины баяраар шоколад авч өгдөг. Хүүхэд байхаас л ээж бид хоёрт шоколад бариад ирдэг байсан юм. Өнгөрсөн жил аав, ээж хоёртой хамт дөрвүүлээ хамт гадуур хоолонд гарсан нь их гоё дурсамжтай байсан шүү. Б.А

82. ИРЭЭДҮЙД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ

Бидний хувьд Валентины баярыг даруухан тэмдэглэн өнгөрүүлдэг. Баяр гэхээрээ л ганц өдөр баярлуулах учиртай юм биш шүү дээ. Гол утга учир нь хамтдаа дулаан уур амьсгал, дурсамжийг бүтээхдээ байдаг учраас өдөр бүрийг валентин шиг байхыг хүсдэг юм. Өнгөрсөн жил гэртээ хамтдаа оройн хоолоо хийж, дуртай киногоо үзээд бие биедээ зориулж захидал бичээд хадгалсан. 20 жилийн дараа эмээ, өвөө болсон хойноо задалж уншина гээд нандигнаж байгаа. У.Х

83. ХҮҮХДҮҮДИЙН БЭЛЭГ

Би хоёр хөөрхөн хүүтэй. Тэд нар маань өнгөрсөн жил мэндчилгээний зураг зурж, ээждээ өглөөний цай бэлдэж өгсөн. Аавтайгаа нийлээд цээжилсэн шүлгээ уншиж, оройн хоолыг хамт бэлдэж өгсөн нь үнэхээр хөөрхөн санагдаж билээ. Хүүхдүүд маань том болж, ирээдүйн эхнэр, хайртыгаа ингэж баярлуулна байх даа гэж төсөөлөхөд л хайр хүрээд явчихсан. Би ч хүүхдүүд, хайртдаа бэлдсэн бэлгээ өгч, сайхан тэмдэглэсэн. Л.Г

84. БАЯРААР МЭНДЭЛСЭН ОХИН 

Яг 10 жилийн өмнө Валентины баяраар эхнэр маань төрж, анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Төрснийх нь дараа эхнэрээ баярлуулах гээд цонхны дор зүрхтэй шаар, цэцэг бариад зогссон. Жил бүрийн Валентинаар хүүхдийнхээ төрсөн өдөр, хайрын баярыг хамтад нь өргөн тэмдэглэдэг болсон шүү. Б.Б

85. ТАНИХГҮЙ ХҮМҮҮСИЙГ БАЯРЛУУЛСАН НЬ

Би хэдэн жилийн өмнө зургаан настай охинтойгоо нийлж Валентины баяраар цаасан дээр гоё үгс бичээд, гудамжинд зөрсөн хүмүүст шоколадтай чихрийн хамт бэлэглэсэн юм. Охин маань дуртай чихрээ бариад хүмүүст өөрөө очиж өгсөн. Тэдэнд ч их таалагдаад баярлалаа гээд инээмсэглээд өнгөрч байсан даа. Валентин бол хайрын баяр учраас зөвхөн дотнын хүмүүс гэлтгүй танихгүй хүнд ч гэсэн хайр түгээж болдог шүү гэдгийг охиндоо ойлгуулахыг хүссэн. Ц.У

86. ЦАСХАН

Олон жилийн өмнө Валентины баяраар хүү маань гудамжнаас муурын зулзага аваад ирсэн. Гадаа хүйтэн, цастай байхад цав цагаан цас шиг бяцхан муур буланд даарч байхыг хараад өрөвдөөд аваад ирсэн юм билээ. Гэнэт авчирсан болохоор самгардаад яахаа мэдэхгүй, хүүгээ жоохон зэмлэсэн. Одоо тэр Цасхан маань таван нас хүрээд манай гэрийн том босс болчихсон бөөрөнд наалдаад л байж байна даа. С.Т

87. ГЭНЭТИЙН ЗОЧИН

Би оюутан байхдаа эхнэрээсээ дөрвөн цагийн зайтай газар сурдаг байлаа. Валентины баярын өдөр хичээлдээ суугаад, орой нь цагийн ажилтай байсан тул бид хоёр дараа тэмдэглэхээр ярилцсан юм. Орой ажлаа тараад гэр лүүгээ алхаж явтал гэрийн үүдэн дээр эхнэр маань вино барьчихсан зогсож байсан. Үнэхээр гайхсан шүү. Жинхнээсээ гэнэтийн бэлэг болсон. Ш.М

88. ХҮЛЭЭЛТ

Нөхөртэйгөө ханилаад 12 жил болж байна. Хэдэн жилийн өмнө Валентины баярын орой гэртээ ажлаа тараад ирэхэд нь авсан шоколадаа бэлэг болгож өглөө. "Баярлалаа" л гэж байна. Эргүүлээд юм өгөх болов уу гэтэл хувцсаа солиод хоолоо идэж эхэлдэг байна шүү. Хүлээгээд л байлаа. Байдаггүй. Сүүлдээ гомдоод уйлчихсан. Нөгөөх маань сандраад гарч гүйгээд амттай юм авчирч байж гайгүй болсон доо. Одоо бодоход ичмээр ч юм шиг явдал болсон доо.

89. БЯЦХАН ЦЭЦЭГ

Найман настай хүү маань Валентины баяраар ангийнхаа харж явдаг хөөрхөн охинд цэцэг өгмөөр байна гээд хичээлдээ явах замаараа бид хоёр цэцгийн дэлгүүрээс хэдэн хөөрхөн ягаан цэцэг аваад явлаа. Хүү цэцгээ яаж өгөхөө ярилцаад, олон найзуудынхаа өмнө биш дуудаж байгаад өгнө гээд намайг дуудуулах ажилд татан оролцуулав. Сургууль дээрээс өнөөх охиныг хайж олоод тийшээ яваарай гээд заагаад өгтөл хөөрхөн гүйгээд явчхав. Буцахдаа энгэртээ цэцгээ наачихсан, хацар нь байдгаараа улайчихсан зөрж билээ. Үнэхээр хөөрхөн санагдсан. Ц.Б

90. ЗАХ ОРСОН НЬ

Оюутан болоод удаагүй байхдаа нэг хөвгүүнтэй уулздаг байлаа. Валентины баяраар уулзах уу гэхээр нь баярлаад дотуур байрных нь гадаа очлоо. Тэгсэн хоёулаа замаараа "Сандэй плаза" хальт ороод ирэх үү? Өрөөндөө авах хэдэн юм байна" гээд хамт явлаа. Өнөөх чинь үсний шампунь, гарын саван, угаалгын нунтаг, түмпэн гээд л ахуйн хэрэглээний хамаг хэрэглээгээ базааж аваад хоёр тор дүүрэн юм бариад гарсан. Би ч тухайн үед юм бодоогүй хамт юмнаас нь өргөлцөөд хүн ихтэй автобусанд чихэлдээд явж байлаа. Одоо бодоход үнэхээр инээдтэй санагддаг шүү. Яагаад намайг дагуулж явсан юм бол доо. Б.Ц



91.  MODERN FAMILY S1E15

“Зөв хүнтэйгээ таарвал өдөр бүхэн Валентин” гэх үгсийг мартаж үз. Хамаг чадлаараа романтик бай гэж тусдаа өдөр хүртэл гаргаж өгсөн байхад жирийн өдрүүдтэй адил өнгөрүүлж огтхон ч болохгүй. Романтик, хөгжилтэй, дэггүй санаа толгойд чинь орж ирэхгүй бол цуврал киноны түүхэн дэх хамгийн романтик дүрүүдийн нэг болох Камерон Такер, Фил Данфи хоёроос санаа ав.



92. FRIENDS S1E14, S6E17, S8E15

Бодох нь ээ, арван жилийн турш үргэлжилсэн “Найзууд” цуврал Валентины өдрийн тухай ангиудаар тун ч баялаг юм билээ. Хоёр биедээ гараар хийсэн бэлэг бэлдэж өгөх гэж хөглөж, эцэст нь Жанисийн бэлдсэн хөгжмийн хуурцган дээр бүжиглэх Чандлер, Моника хоёрын бүтэлгүйтэл хамгийн хөгжилтэй Валентины ангиудын нэгд зүй ёсоор тооцогдох байх.



93. THE OFFICE S2E16, S5E18

“Миний хувьд хамгийн төгс Валентины баяр хэрхэн өнгөрдөг вэ гэж үү? Пицца, газтай ундаагаа хуваалцах хэн нэгэн дэргэд байхад л болох нь тэр” - Кэвин

Валентины өдөрт зориулсан “The Office” цувралын ангиуд таны элгийг хөшөөх нь гарцаагүй. Гэдсэн доторх эрвээхийгээ улам хүчтэй эргэлдүүлэхийг хүсэж байвал Жим, Пам хоёрын хайрын түүхийг өгүүлсэн энэхүү видеог араас нь үзээрэй.



94. ORANGE IS THE NEW BLACK S2E6

Шорон дотор бүхий л үйл явдал нь өрнөдөг гэхэд романтик мөчүүдээр арвин цуврал бол OITNB. Гэсэн хэдий ч Пүссигийн туулж өнгөрүүлсэн гунигт түүх, Беннетт, Даяа хоёрын богинохон романс, Марица болон Флакагийн бүтэлгүй дурлал гээд Валентины өдөрт зориулсан энэхүү анги магадгүй тус цувралын хамгийн гунигтай ангиудын нэг болчихсон мэт.



95. GRAY'S ANATOMY S2E05

"Чиний сонголт энгийн. Тэр, эсвэл би... Дерек, би чамд хайртай, маш, маш их. Намайг сонго, намайг хайрла" гэж Мэрэдитийн хэлдэг хэсэг бол "Grey's Anatomy"-ийн мартагдашгүй мөчүүдийн нэг. Ер нь Жорж цахилгаан шат дотор хагалгаа хийдгээс эхлээд энэ анги маш сонирхолтой. Жаахан гунигтай ч гэлээ ер бусын романтик анги даа.



96. HOW I MET YOUR MOTHER S6E16

Яг л Барнитай адил Валентин танд бүхэлдээ хэнд ч хэрэггүй, утгагүй баяр мэт санагддаг байж болох ч ганц бие хүмүүсийн хувьд өөрт таалагддаг нэгэндээ сэтгэлээ илчлэх, үгүй ядах нь ээ сэтгэлийг нь догдлуулж буй хэн нэгэн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ашиг тустай баяр юм шүү. Хэрвээ гэгээн хайрын өдөр байгаагүй сэн бол Барни Норад сэтгэлтэй гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан биз.



97. MAD MEN S7E14

"Mad Men" дээрх хайрын түүхүүдийг үлгэр жишээ гэхэд хэцүү. Харин Пэгги, Стэн хоёр нөхөрлөл нь хайр болсныг ухаарах мөч энгийн бөгөөд ер бусын. Стэн "Чамтай байхаас өөрийг хүсэхээ болилоо" гэх мөчид Пэгги цочирдовч удалгүй өөрөө ч хайртайгаа ойлгодог. Рожер, Мэри хоёрыг хамт байгааг харах мөн гайхалтай.



98. THE GOSSIP GIRL S5E15

Валентины өдөр бидний дааварт хэтэрхий их өөрчлөлт орж, санаанд багтамгүй тэнэг алхам хийхийг алийг тэр гэх вэ. Жишээлбэл, сайн найзынхаа хайртай залууг үнсэх ч юмуу. Тус цувралын хамгийн санаанд оромгүй хосын нэг болох Блэйр, Дэн хоёрын хайрын романс хэрхэн эхэлсэн түүхийг энэ ангиас үзээрэй.



99. THE BIG BANG THEORY S7E06 

Ражийн кинолог төсөөлөл, Ховард Бэрнадэттэй анх болзсон өдрийнхөө ойг тохиолдуулан дуу бичиж өгч, нөгөөдүүлтэйгээ хамтран тоглосноос (хөөрхөн!) өгсүүлээд Пэнни Леонардтай хамт өнгөрүүлсэн дурсгалт мөчүүдээсээ авч үлдсэн зүйлсээ үзүүлэх хүртэл энэ анги тэр чигтээ сэтгэл хөдлөм.


100. THE GLEE S2E12, S3E13

“Дахиад л энэ баярыг ганцаараа өнгөрүүлэх нь дээ” гэж гуниглаж суугаа бол "Glee" цувралын дээрх хоёр ангийг дараалуулан үзээрэй. Ялангуяа энэ дуу сэтгэлийг тань сэвхийтэл өргөх нь лавтай.


Хостой ч бай, хосгүй ч бай Валентины баярыг бусад өдрийн адил өнгөрүүлнэ гэдэг хэтэрхий хайран. Иймд бидний бэлтгэсэн дээрх 100 жагсаалтын дагуу эл өдрийг мартагдашгүй өнгөрүүлээрэй.

Unread HQ