Нийгмийн эерэг нөлөөллийн төсөл шалгаруулах “Алтан Сарнай” наадам 22 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Шинэ оны босгон дээр “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо”-ноос нийгэмдээ үнэ цэн бүтээж, олон нийтийн сайн сайхны төлөө үр дүнгээ өгсөн төсөл, хөтөлбөрүүдэд эл шагналыг гардуулдаг уламжлалтай билээ.
Өнгөрсөн жилийн тухайд тэд уг наадмын өнгө төрхийг шинэчилж, “Боловсрол”, “Эрүүл мэнд”, “Байгаль орчин”, “Инновац”, “Хүртээмж” гэсэн таван төрөлд түүчээлж буй таван төслийг шалгаруулсан. Тэгвэл энэ жил “Хүртээмж” төрлийг шинэчилж, “Монгол Бахархал” нэрэн дор дэлхийд эх орныхоо нэрийг алдаршуулж яваа, түмэн олныхоо бахархал болсон хувь хүн, байгууллагын төслүүдийг шалгаруулахаар болжээ.

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “АЛТАН САРНАЙ” НААДМЫГ АХИН САНАХУЙ
1997 онд байгуулагдаж асан “Социал Демократ Монголын Залуучуудын холбоо” 2001 онд хамгийн анхны “Алтан Сарнай” наадмыг зохион байгуулж байв. Тухайн үед жил бүр уламжлал болгосоор 2020 он хүртэлх 19 удаагийн наадмыг нийгэм-эрүүл мэнд, соёл урлаг, спорт, эдийн засаг-бизнес, бүтээн байгуулалт-инновац, үйлчилгээний салбарын онцлох хүн болон Дэлхийн Монгол Хүн гэсэн долоон номинацаар шалгаруулдаг байжээ.
Тийнхүү 19 жилийн турш монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монголын шилдэг төлөөллүүдийг шалгаруулдаг байсан “Алтан Сарнай” наадам 20 дахь жилийнхээ ойн босгон дээр агуулгаа дахин нэг удаа шинэчилж, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төслүүдийг онцлох болсон юм. Улмаар боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, инновац, хүртээмж гэсэн таван төрлөөр цомын эздийг шалгаруулж эхлэв.
“Өнгөрсөн хугацаанд тэд 105 гаруй хувь хүн, хамт олон, 5 байгууллага, 11 төсөлд “Алтан Сарнай” цомыг нийгэмдээ үнэ цэн бүтээж байгааг нь үнэлэн гардуулжээ.”
“АЛТАН САРНАЙ 2024” ЦОМЫН ЭЗДИЙГ ЭРГЭН САНАХУЙ
Эрүүл мэнд – “80 насалъя”
Оюу толгой компаниас 2022 оноос санаачлан хэрэгжүүлж буй Монгол эрэгтэйчүүдийн дундаж насыг нэмэгдүүлэх зорилготой “80 насалъя” аян энэ төрөлд шилдгээр шалгарсан билээ. Уг аяны хүрээнд монгол эрчүүдийг эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө халамжлах, улмаар нийгэм, гэр бүлдээ олон жилийн турш түшиг тулгуур нь болоход уриалах ажлуудыг өрнүүлсэн юм.
Эрчүүдийн дундаж наслалтыг дээшлүүлэх "80 насалъя" төслийг алдаршуулах нь

Боловсрол – Unitel STEAM Hub
Энэ төрөлд 21 аймгийн хүүхэд залууст STEM боловсрол олгож, робот угсрах, код бичих, электроникийн суурь ойлголтуудыг өгөх сургалтыг тогтмол явуулж, ирээдүйн инженерүүдийн анхны гараагаа эхлэх цэг нь болж буй Unitel HUB төсөл шалгарсан юм. Тэд “Хамгийн өргөн боломжийг хүн бүрд жигд хүртээнэ” хэмээх эрхэм зорилго дор хүүхэд бүрд тэгш боломж хүртээн ажилласаар байгаа билээ.

Байгаль орчин – Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц
НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд Пипл ин Нийд ОУТББ (People in Need), ТоС Холбоо, ШУТИС-ын Барилга, архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж буй Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц төсөл энэ төрөлд шалгарчээ.
Агаарын бохирдлыг бууруулах хямд, хялбар шийдлийг танилцуулах нь

Хүртээмж – "Тэгш тусгал" ТББ
Энэ төрөлд Тэгш Тусгал ТББ-ын хэрэгжүүлж байгаа “Монголын сонсголгүй иргэдийн адилслыг бэхжүүлэх” төсөл шалгарсан. Уг төслийн хүрээнд 21 аймгийн сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгийг оролцуулан томоохон судалгааг гүйцэтгэж, монголын анхны дохионы хэлний цахим толийг танилцуулжээ.

Инновац – IVA виртуал ажилтан
Анхны хиймэл оюунт ажилтанг танилцуулсан Чимэгэ Системс компанийн IVA виртуал ажилтан энэ төрөлд шалгарсан юм. Энэ бол харилцагчийн үйлчилгээний чиглэлд мэргэшсэн виртуал ажилтныг ажлын талбарын хамт бэлтгэн төвлөрүүлсэн систем. Уг систем нь кирилл, латин текстийг таньж, монгол, англи хэлээр чөлөөтэй ойлгох чадамжтай.
Монгол хүний бүтээмжийг өсгөх IVA виртуал ажилтныг алдаршуулах нь

“АЛТАН САРНАЙ 2025” НААДАМД НЭР ДЭВШИХИЙГ УРЬЖ БАЙНА
22 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Алтан Сарнай” наадамд өөрийн төсөл болон бусдын төслийг нэр дэвшүүлэхийг хүсвэл доорх холбоосоор орж хүсэлтээ илгээнэ үү. Арванхоёрдугаар сарын 10-ны 23:59 хүртэл үргэлжлэх уг асуулгад таны санал бүхэн үнэ цэнтэй байх болно.


Сэтгэгдэл бичих

