Зохиолч Мигель Де Унамуно "Зөвхөн сайн юм уншина гэдгийг чинь мэдэж байна. Роман байсан ч хамаагүй, унш. Бодит түүх гэлцдэг юм үнэндээ романаас дээрдэхгүй. Хүмүүсийн хов жив, цуу яриагаар тархиа дүүргэж байснаас ном уншсан нь хавьгүй дээр. Гэвч чамд баяр хөөр, намуухан таатай тайвшрал бэлэглэх номууд уншаарай" хэмээн бичсэн нь бий. Хүн төрөлхтөн эрт цагаас өнөөдрийг хүртэл ном, утга зохиолтой холбогдож, урт зууны туршид орхиж гээлгүй өдийг хүрчээ. Энэ бүхнийг дурдсаны учир нь өнөөдөр дэлхийн номын өдөр тохиож байна. 

Бид мэдээж номын сонголтод ихэвчлэн анхаарал хандуулдаг. Тэгвэл сайн номыг, хэрхэн худалдаалж, борлуулдаг, хаанаас хэрхэн худалдаж авах тухай төдийлөн дурддаггүй. Үүнээс гадна дэлгүүрүүдийн номын агуулга, худалдааны менежерүүдийн мэдлэг, орчин нөхцөл зэрэг нь өмнөх онуудтай харьцуулахад асар хурдтай сайжирснаас гадна, цоо шинэ дэлгүүрүүд ч үүд хаалгаа нээсэн билээ. Ийнхүү уншигчдадаа Улаанбаатар болон хөдөө орон нутагт байх онцлох номын дэлгүүрүүдээр зочлох боломжийг уг нийтлэлээрээ олгож байна. 

1. ИНТЕРНОМ – СОЁН ГЭГЭЭРЭЛ 


Үйл ажиллагааны чиглэл: Ном, бичиг хэрэг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, соён гэгээрлийн арга хэмжээ, хэвлэлийн үйлчилгээ
Онцлог: Төрөлжсөн номын дэлгүүр. Төв салбарын хоёр давхарт байрлах 4450 кофе шоппд үйлчлүүж, ном уншин тухлах боломжтой.
Байршил: СБД, 8-р хороо, Амарын гудамж 2 (Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд)
Харьяалагдах хэвлэлийн газар: Монсудар

"Интерном" бол Монголын хамгийн том төрөлжсөн номын дэлгүүр. Анх 2000 онд "Мэдээллийн технологийн үндэсний парк"-ийн урд номын жижиг мухлаг нээгдэж байв. Энэ нь өдгөө Улаанбаатар хотноо 10, хөдөө орон нутагт 12 салбараа нээсэн тус дэлгүүрийн үндэс суурь байлаа. Харин үүнээс дөрвөн жилийн дараа төв салбарын байрандаа номын төрөлжсөн их дэлгүүр байгуулж, өдгөө хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Өдгөө тус дэлгүүрт боловсрол, заах арга зүй, нарийн мэргэжил, хөдөө аж ахуй, түүх, уран зохиол, толь бичиг, улс төр зэрэг төрөлжсөн номуудаас гадна хүүхдийн номын тусгай тасаг хүртэл бий. “Интерном” нь Монсудар хэвлэлийн газрын 30 гаруй мянган нэрийн номоос гадна англи ном, сэтгүүл, бэлэг дурсгал, бичгийн хэрэгсэл зэргийн өргөн сонголттой.



Үүнээс гадна шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт, хэлэлцүүлгүүд, "Соён гэгээрэл"-ийн арга хэмжээг тогтмол явуулж байдгаараа онцлогтой. Мөн төв салбарын хоёр давхарт 4450 нэртэй кофе шопп байрладаг бөгөөд дотоод хийц, засалдаа ном, утга зохиолын сэдвийг шигтгэж өгсөн нь уншигчдын зорьж очих дуртай газрын нэг билээ.

2. НОМТ – СОНГОЛТОНД ТАНЬ ТУСАЛЪЯ


Үйл ажиллагааны чиглэл: Номын худалдаа, уншигч зохиолын уулзалт хийх, номтой холбоотой тусгай эвент зохион байгуулах
Онцлог: Хөдөө орон нутагт номын соёлын хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж буйгаараа онцлогтой.
Байршил: Баянхонгор аймаг, "Буянтбогд" худалдааны төвийн 3 давхар, 3-4 тоот

"Номт" номын худалдааны дэлгүүр нь Баянхонгор аймгийн Буянтбогд худалдааны төвд 2021 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдгөө тус номын дэлгүүрт төрөл бүрийн 1000 орчим тооны ном худалдаалагдаж байна.

"Шинээр нээгдсэн номын дэлгүүрийн давуу тал нь үүд хаалгаа нээсэн цаг үеэс чанартай номыг уншигчдадаа хүргэж том боломжтой байдаг. Үйлчлүүлж буй хүмүүстээ ном унших сэдэл төрүүлж, номын сонголтоо хийхэд нь чин сэтгэлээсээ ярилцан хамт сонгодог. Бид номын сонголт сайтай, тухтай таатай орчин, шинэлэг үйлчилгээ үзүүлэхийг зорьж буй. Уншигчдынхаа нас, сэтгэхүй, сонирхолд тохирох номын сонголтыг бүрдүүлэх нь бидний ажлын зорилго" хэмээн үүсгэн байгуулагч Ц.Энхчимэг хэлж байв.



Тус дэлгүүрийн хамт олон "Дэлхийн номын өдөр"-тэй холбогдуулан Баянхонгор аймгийн Соёлын газартай хамтран тус аймгийн бүх сумдын номын санч, ажилтнуудын дунд "Ном бидний амьдралд" уулзалт зохион байгуулжээ. Хөдөө орон нутагт ном соёлын хүрэлцээ, унших номын сонголт өдгөө ч хомс хэвээр байдаг. Тиймдээ ч "Номт" дэлгүүр нь дотуур байрны сурагчид, номд шимтэн дурслагсдын хүсэлтээр тогтмол уулзалт, арга хэмжээг зохион байгуулж, "Шүлэгтэй болзоо" эвент зэргийг хийхээр төлөвлөжээ.

3. NINE BOOKSTORE – ШИНЭ ХЭВ МАЯГ 


Үйл ажиллагааны чиглэл: Номын худалдаа, кофе шопп хосолсон үйлчилгээ
Онцлог: Тус номын дэлгүүр нь энэ онд шинээр үүд хаалгаа нээсэн билээ. Цөөн тооны чанартай номоос сонгож худалдан авах, хоёр төрлийн кофе амтлан тухтай орчин номын тухай яриа өрнүүлэх боломжтой.
Байршил: MERU Tower, 1 давхар (Blue Sky-ийн чанх урд)

Байгуулагдаад удаагүй байгаа тус дэлгүүр нь номтой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үүнээс гадна маш цөөхөн буюу 350-400 нэр төрлийн, хамгийн сүүл үеийн чанартай бүтээлүүд дундаас худалдан авагч сонголтоо хийх боломжтой юм.

Мэдээж хүн бүр зав чөлөөгүй амьдралынхаа дундуур хэвлэгдсэн ном бүрийг уншиж амжихгүй. Тиймээс л сонголт маш чухал. Кофены хувьд ч тэр хүмүүсийн өргөнөөр хэрэглэж заншсан американо, латте гэсэн хоёр төрлийн сонголттой юм. Мөн энэ сард худалдан авалт хийсэн хүн бүрд үнэгүй кофе бэлэглэж байгаа билээ.



Басхүү ном тус бүрийг төрөлжсөн сэдвийн дагуу бус хавтасны өнгөөр нь ялгаж, зохиомжлон байрлуулсан нь үйлчлүүлэгчид номын галлерейд зорчиж буй мэт онцгой сэтгэгдлийг төрүүлнэ. Одоогоор тус номын дэлгүүр 9 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

4. АЗ ХУР – ЖИШИГТ НИЙЦСЭН ЧАНАР


Үйл ажиллагааны чиглэл: Номын худалдаа, сурах бичиг, бичгийн хэрэгсэл, дурсгалын зүйлсийн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, номын нээлтийн арга хэмжээ, хэвлэл
Онцлох: Дэлгүүрийн дотоод засал, тав тухтай орчин, хамгийн олон төрлийн номын сонголт, тэмдэглэлийн дэвтэр
Байршил: СБД, 3-р хороо, "Нарны зам" дагуу
Харьяалагдах хэвлэлийн газар: Болор судар



Монголын хамгийн олон сонголттой номын дэлгүүрийн нэгт "Аз Хур ХКК" нэрлэгдэх нь дамжиггүй. 2015 онд олон жишиг стандартад нийцсэн хаягжуулалт, номын нөөц, тав тухтай орчныг бүрдүүлж чадсаныг нь уншигчид андахгүй.

Өдгөө тус дэлгүүрийн төв салбар нь 1000 м.кв талбайд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ 10 мянга гаруй нэр төрлийн номын сонголттой. Мөн бичгийн хэрэгсэл, тэмдэглэлийн дэвтрүүд нь уншигчдын сонирхолд ихээхэн нийцдэг.

"Аз Хур" нь дотроо кофе шопп, уншигчид хүссэн номоо бариад тухлах орон зай, уужим саруулхан танхимуудтай бөгөөд уншигч, зохиолчдын уулзалт, номын нээлт, уран бүтээлчид ба номд дуртай хүүхэд залуус зориулсан тусгай арга хэмжээг тогтмол явуулсаар иржээ.

5. BOOKS IN ENGLISH – СОНГОДГУУДЫГ ДЭЛХИЙН ХЭЛЭЭР


Үйл ажиллагааны чиглэл: Англи номын худалдаа
Онцлох: Зөвхөн англи хэл дээрх ном зохиол, сэтгүүл, сурах бичиг, товхимлуудыг борлуулдаг гэдгээрээ онцлогтой.
Байршил: Чингэлтэй дүүрэг, 3-хороо, Улсын Их Дэлгүүрийн баруун урд



Өдгөө хүн бүр өөрсдийн боловсролд анхаарал хандуулж, залуусын ихэнх нь англи хэлээр ярилцаж, дуртай номоо болж өгвөл дэлхийн хэлээр унших эрмэлзэлтэй болсон билээ. Тиймээс ч англи хэл дээрх цорын ганц төрөлжсөн номын дэлгүүр гэдгээрээ "Book In English" онцлог, давуу талтай. Дэлхий дахинаа борлуулалтаараа тэргүүлдэг сонгодог зохиол бүтээлүүдийг дэлхийн хэлээр унших боломжийг тус дэлгүүр олгодог.

"Book In English" нь 2003 оноос эхлэн англи номын худалдаалж эхэлсэн ба одоогийн байршилдаа 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус номын дэлгүүр шинэ, хуучин төрөл бүрийн 3000 орчим ном бий.

6. ALPHA BOOK – НОМ БА ПЯНЗ 


Үйл ажиллагааны чиглэл: Номын худалдаа, бичиг хэргийн дурсгал, пянзны худалдаа, хэвлэл
Онцлох: Тус дэлгүүр нь номын худалдаанаас гадна "Пянзчин" дэлгүүртэй хамтран номыг хөгжимтэй хослуулсан үйл ажиллагаа явуулдаг.
Байршил: "Blue Sky" зочид буудлын нэгдүгээр давхар

Alpha Book номын дэлгүүр нь өнгөрсөн 2019 онд нээлтээ хийсэн бөгөөд өдгөө дөрвөн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүс номын дэлгүүрт биечлэн очиж ном худалдан авах нь элбэг болсон тул дэлгүүрийн хамт олон дотоод засал, үйлчилгээний соёлыг эхнээс нь тун нарийн шийдэж, пянзны худалдаа, хөгжим сонсонгоо ном унших бяцхан буланг уншигчдадаа нээж өгсөн байдгаараа онцлогтой юм. Та дуртай пянзаа тоглуулан хөгжмийн аянд уярч, дуртай номоо сонгон унших боломжийг нэг дороос авна гэсэн үг.

Мөн эко хэрэглээг эрхэмлэж гялгар уутны хэрэглээнээс бүрэн татгалзсан бөгөөд хүргэлтийн савлагаа боодлыг дахин боловсруулан хэрэглэх боломжтой цаасан боолтод шилжүүлжээ. Үүнээс гадна захиа бичих болон, кофены булан байх бөгөөд хайртай нэгэнтэйгээ холбогдож болох, яг л кинон дээр гардаг шиг телефон утасны бүхээгтэй.