Нийслэл хотынхон маань тэр чигтээ зуны эхэн сарын нар төөнөсөн амралтын өдрүүдэд зохиолч, уншигчдыг холбосон "Номын баяр"-аар саатан зочилж, ирэх саруудад унших номын бэлтгэлээ базааж байна. Шил дараалан нээлтээ хийх шинэхэн номын нээлт, номын хямдралтай худалдаа, зохиолч орчуулагчдын ээлжит уран бүтээлийн талаарх яриа хаа саагүй чих дэлсэж буй энэ цаг үед бид "Номтой яриа" булангийнхаа ээлжит зочноор ютүб хэрэглэгчдийн дунд Burii Universtiy гэх хаягаар эчнээ танил болсон нэгэн влоггер залууг урьсан билээ.
"Хэрэгтэй мэдээллийг товч бөгөөд тодорхой" гэх уриатайгаар номын тухай мэдээлэл бэлтгэн хүргэдэг сувгаараа дамжуулан тэрээр одоогийн байдлаар нийтдээ 51 номыг тоймлоод буй. Ингээд бид түүнтэй номын тухай хийгээд унших дадал, сонголтын талаар хэсэгхэн хугацаанд хөөрөлдсөн яриаг уншигч та хүлээн авна уу.
Зочны сошиал хуудсууд: Ютүб, Инстаграм
ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?
Ихэвчлэн баримтат төрлийн ном уншдаг. Уран зохиолын ном уншмаар байдаг ч цаг зав төдийлөн амжихгүй байх нь элбэг. Түүнчлэн уншсан номуудаа давхар ютүб сувагтаа бичлэг болгон оруулах зорилготой байдаг тул баримтат бүтээл ихэнхдээ сонгодог гэхэд болно. Яг одоо уншиж буй ном гэвэл Эрих Фром зохиогчийн "Escape from freedom" бүтээл.
Би чинь багадаа ном уншдаг төрлийн хүүхэд огт байгаагүй. Жил хагасын өмнөөс буюу ютүб сувгаа эхлүүлсэн цагаас хойш л тогтмол ном унших дадалтай болсон. Хамгийн анх "Ад үзэгдэх зориг" номыг номын баяр дээрээс санаандгүй байдлаар худалдан авсан юм. Нэгэнтээ авсан юм чинь уншаад дуусгачихъя гээд эхлүүлсэн энэ ном маань харин миний хүлээлтээс хавь илүү давсан гэхэд хилсдэхгүй. Яг л тухайн үед надад тулгараад байсан асуудлуудын хариуг номон дээр товч бөгөөд тодорхой биччихсэн мэт санагдаж, тэр цагаас хойш би ном их уншдаг болсон доо. Тэр хүртэл ном уншихын давуу тал хийгээд ном уншсанаар хүн ингэж төлөвших боломжтой гэх мэт бусдын яриаг хангалттай их сонсож байсан ч өөр дээрээ ерөөсөө хэрэгжүүлж үзээгүй болохоор яагаад ч юм надад хамааралгүй асуудал мэт санагдан, ном огт сонирхдоггүй байсан. Харин "Ад үзэгдэх зориг" яг л надад зориулагдсан мэт ном байж таарсан тул цаашид өөр бусад бүтээлүүдийг унших хүслийг маань өрдөж өгсөн байх.
ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?
Орчин цагт маш олон тооны хувь хүний хөгжлийн ном зах зээл дээр худалдаалагдаж байна. "Чи хичээх ёстой, хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй, өглөө эрт бос, өдөр бүхэн бясалга" гэхчлэн зөвлөгөөгөөр дүүрэн номоос илүүтэй хүнд хамгийн үлдэцтэй нь сэтгэлзүй болон философийн төрлийн бүтээлүүд юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэр ч утгаараа "Ад үзэгдэх зориг" ном надад хамгийн их нөлөөлсөн байх. Энэ номыг уншсанаас хойш би илүү хөнгөн, дарамт багатай амьдардаг болсон. Бусдын юу бодож байгаа талаар тэгтлээ санаагаа чилээхээ больж, хүн хоорондын харилцааг хүндээр тусгаж авахаа больсон гээд олон давуу талыг энэ номоос мэдэрсэн.
УНШИХ НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
Ер нь номын дэлгүүрүүдээр ороод "window shopping" хийсний эцэст унших номоо сонгодог доо. Түүнчлэн goodreads дээрээс номын үнэлгээ, сэтгэгдлийг харж байгаад сонголтоо хийнэ. Goodreads дээр сайн үнэлгээтэй, монгол хэл дээр орчуулагдсан ном байх юм бол эргэлзэх зүйлгүйгээр номын дэлгүүрээс худалдаад авчихдаг. Харин хараахан орчуулагдаагүй номуудыг kindle дээрээсээ уншина.
НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?
Хүслээр болдогсон бол цайны цагаараа амжуулаад номоо уншмаар байдаг. Даанч тэр цагаараа унтчихдаг нь харамсалтай. Харин гэртээ хариад өдөр бүхэн 30 минутаас нэг цагийг зөвхөн ном унших дадалдаа зарцуулдаг. Ном унших үйлд төвлөрч буй үедээ бол тэмдэглэл хөтлөх гэх мэт давхар ажил хийх дургүй. Эхний удаа номоо гүйлгээд уншина. Би ер нь номыг бүрэн дуусгалгүй, алгасаж уншдаг төрлийн хүн. Унших хоорондоо таалагдсан ишлэл, номын хэсэг, баримтууд байх юм бол тодруулж аваад номоо хаадаг.
Харин номоо уншиж дууссаны дараа ютүб суваг дээрээ оруулах үедээ дахин нэг удаа сөхөж хараад хаана ямар утга санаа илэрхийлж байсан, ямар онцлох баримтууд байв, юуг нь илүү их онцолж ярих ёстой вэ гэх асуултууддаа төвлөрч, бичлэгийнхээ ерөнхий зохиолыг бичдэг дээ.
ЮТҮБ СУВАГ ЭХЛҮҮЛЭХ БОЛСОН ШАЛТГААН?
Би өөрөө сурсан зүйлсээ бусадтай хуваалцахгүй бол байж сууж чаддаггүй төрлийн хүн. "Тэр ажлыг ингээд амархан хийчхэж болох юм байна лээ шүү, энэ алдааг харин давтаж болохгүй шүү" гэх мэт байдлаар алхам тутамдаа өөрийн сурсан жижиг ч хамаагүй зүйлийг бусадтай хуваалцах дуртай. Харин сүүлийн үед нийгмийн сүлжээ энэ хүслийг маань маш хялбар аргаар бүтээж өгч байна. Ялангуяа ютүб.
Ютүб суваг эхлүүлэхээсээ өмнө би бүтэн номыг эмхтгээд хамгийн хэрэгцээт хэсгүүд, гол санааг нь эмх цэгцтэй тоймлож хүргэдэг гаднын олон контентуудыг шимтэн сонсох дуртай байсан юм. Хэдийгээр тухайн үед Монголд номын талаар ярьдаг подкастууд хэд хэд байсан ч нэгээс хоёр цагийн турш үргэлжилдэг маш их цаг хугацаа шаардсан контентууд байсан л даа. Улаанбаатар шиг завгүй хотод ажиллаж, амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ тэр урт контентыг дуустал нь сонсож чадахгүй шүү дээ. Тиймдээ ч өөрийнхөө сонсох дуртай гаднын сувгуудтай адил номыг эмх цэгцтэй яриад өгчихдөг богино хугацаатай контент яагаад байж болохгүй гэж бодоод л Burii Universtiy дээр бичлэгээ цацаж эхэлсэн түүхтэй.
БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?
Хамгийн түрүүнд санаанд бууж байгаа гэвэл философийн ном ялангуяа эртний Грекийн цаг үед туурвисан бүтээлүүдийг онцолъё.
Орчин үеийн баримтат бүтээлүүдийг анзаараад байхад дийлэнх нь арилжааны бүтээгдэхүүн тал руугаа чиглэсэн байдаг. Зохиолч нь анхнаасаа номоо бичихдээ л яавал уншигчдын анхаарлыг татах вэ? илүү олон хувь борлуулах вэ? гэдэг дээр төвлөрөн ажилладаг юм шиг ээ. Харин эртний Грекийн философи жишээлбэл Сократ, Аристотель гэх мэт суут сэтгэгчдийн бүтээлд номоо хэрхэн сайн зарах талаар сурталчилгааны өнгө аяс огтхон ч агуулагдаагүй байдаг. Тэдгээр хүмүүс насан туршдаа нэг сэдвийг дагнан судалсны эцэст шавь нар нь үзэл санааг нь цаасан дээр буулган үлдээсэн байдаг шүү дээ. Ийм төрлийн ном унших явцад хүний ертөнцийг харах үзэл илүү өргөн бөгөөд уудам болно гэдэгт итгэлтэй байна.
Мэдээж орчин цагийн хувь хүний хөгжлийн номыг тэр чигт нь үгүйсгэж байгаа хэрэг биш л дээ. Гэхдээ ийм төрлийн олон ном дараалаад уншвал заавал хөгжих ёстой, бусдаас мундаг байх ёстой мэт дарамттай мэдрэмж хүнд мэдрэгддэг сул талтай. Харин философийн бүтээл бол уншигчийн өөрийнх нь нүд, тархиар нь энэ ертөнцтэй хэрхэн зөв харьцаж орших ёстой вэ? гэсэн хүний оршихуйн үндсэн асуултад тодорхой хэмжээнд хариулт өгч чаддагаараа онцлогтой.
ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?
Философийн талаар ном байх болов уу. Гэхдээ шинжлэх ухаан, олон төрлийн баримт нотолгоон дээр суурилсан бус зүгээр л хувь хүний маань үзэл бодол шингэсэн бүтээл байна хэмээн таамаглаж байна. Хагас жилийн өмнө би Японы нэрт уран бүтээлч, зохиолч Окоматү Тарүгийн нэгэн номыг уншаад маш их таалагдсан юм.
Тухайн ном дээр зохиогч жирийн нэгэн Япон хүний галзуу амьдралын туршлагаас өөрт мэдрэгдсэн зүйлсээ хэн нэгэнд хандан халуун дулаан дулаан дотнын үг хэлж буй мэт өнгө аясаар бичсэн байдаг. Зарим үед хүмүүст шинжлэх ухааны олон тоо баримтууд бус зүгээр л хэн нэгний туслалцаа дэмжлэг, халуун дулаан үг хэрэг болох нь бий. Хэрэв би хэзээ нэгэн цагт ном бичвэл яг л тэр орон зайг нөхсөн ном бүтээнэ байх аа.
НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?
Номыг заавал бүтнээр нь унших дуусгах алба байхгүй гэж хэлмээр санагдаад байдаг юм. Гол шалтгаан нь гэвэл хүмүүс ном авчхаад зайлшгүй дуустал нь уншиж дуусгах ёстой хэмээн бодож нэг ч үг, өгүүлбэр гээлгүй хамгийн сүүлийн төгсгөлийн цэг дээр очих гээд байдаг. Энэ бодлоосоо улбаалаад номоо дуусгах ёстой гэсэн дарамт мэдэрч, цаг хугацаа ч алддаг. Харин ном унших гээд байгаа анхдагч зорилгоо эргээд санах юм бол бид асуудлаа шийдвэрлэх ямар нэгэн хариулт эрэлхийлж л тухайн бүтээлийг худалдан авсан шүү дээ. Дуусгах нь гол зорилго биш. Хэрэв таны уншиж буй ном дотор өөрт тань таалагдахгүй, үзэл бодолтой нь зөрчилдөж байгаа хэсгүүд байх юм бол тэр хэсгийг алгасаад гялс уншаад дуусгахад буруудах зүйл байхгүй. Ялангуяа энэ зарчим сүүлийн үеийн хувь хүний хөгжлийн номуудад хамааралтай.
Жишээлбэл, "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" хэмээх ном дээр зохиолч нь өөрөө бичсэн байдаг шүү дээ. Номоо бичиж дуусгаад редактортаа хүлээлгэн өгтөл редактор нь "Наад ном чинь хэтэрхий богино байна. Дундаж номын хуудас хамгийн багадаа 150 байх ёстой" гэж хэлсэн тул мань эр үлдсэн номын зай дээрээ аян замын тэмдэглэлээ хуваалцлаа хэмээсэн байдаг.
Яг энэ жишээтэй адил сүүлийн үед гарч байгаа ихэнх номуудын гол санааг 20-30 хуудсанд хангалттай багтаачхаж болохоор. Тэрхүү гол агуулгаас бусад хэсгүүд нь өмнөх санаагаа янз бүрийн жишээгээр баяжуулаад л ахин дахин давтаад л байдаг мэт. Нэгэнтээ зах зээл дээр худалдаалагдаж буй дийлэнх бүтээл дээрх бүтцээр бичигдсэн байдаг хойно үг өгүүлбэр бүхнийг дуустал нь уншина гэж өөрийгөө зовоолгүйгээр зүгээр л хэрэгтэй хэсгийг нь уншаад явбал богино хугацаанд олон номын ард гарах боломжтой.