"Номтой яриа" булангийнхаа энэ удаагийн дугаарт "Unread"-ийн "гавьяат уншигч"-ийг урилаа. "Гавьяат уншигч" гэсний учир нь манай редакц жилээс жилд оны онцлох номуудын талаарх нийтлэлдээ түүнийг урьж оролцуулж (2016, 2017, 2018, 2020), номын тухай санал бодлыг нь сонсож ирснийх билээ. Колумбын их сургуулийн төгсөгч, олон улсын харилцаа судлаач Г.Түвшинзаяа уншиж буй, өөрт нь хамгийн ихээр нөлөөлсөн номын тухай, унших дадал, сонголтынхоо талаар хуваалцсаныг хүлээн авна уу.

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Ном уншихын хамгийн оргил мэдрэмж нь шинэ зүйл мэдэх биш, харин толгойд эргэлдэж байгаа санаануудыг илүү цэгцтэйгээр, илүү гүнзгийгээр илэрхийлсэнтэй таарах. Алхаж явахдаа, хүнтэй ярилцах үедээ бодож олсон санааг чинь Марсель Прүст эсвэл Милан Күндера номдоо дурайлгаад биччихсэн байхтай таарах удаан эрсэн эрдэнээ олохтой ижил. Өөртэй чинь адилаар ертөнцийг хардаг хүн байгаад тэр нь суут сэтгэгч байх шиг сэтгэл сэргээм зүйл өөр юу байх билээ.

Тэгэхээр тухайн цаг үед юу эргэцүүлж байгаагаас шалтгаалж унших ном өөрчлөгддөг. Суурь мэргэжил минь улс төрийн философи тул хуучны тулгуур бүтээлүүдийг байсхийгээд сөхдөг. Мөн Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бэлтгэл офицер тул цэргийн түүх, стратегийн номууд уншина. Төрийн албан хаагч тул бас төрийн реформыг хэрхэн хийх, төрийн ажлыг хэрхэн эрхлэх талаар санаанууд энд тэндээс шүүрдэнэ.

Яг одоо миний унтлагын орны дэргэд байгаа ном бол Лю Цы Синий "Three-Body Problem", Mэтт Эндрьюсийн "Limits of Institutional Reform in Development" хоёр. Эхнийх нь гэр бүлийн хүнд маань ихэд таалагдсан тул уншиж буй. Зөгнөлт зохиолуудад дургүй тул нэлээд хүчилж уншиж байна. Удаах нь өндөр хөгжилтэй орнуудын туршлага хөгжиж буй оронд яагаад хэрэгждэггүй тухай. Бид гадаадад сургуульд сурч мэдсэн зүйлсийнхээ хэмжээ хязгаар, боломж бололцооны талаар илүү гүнзгий ярилцах цаг ирсэн.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Рори Стюартын "The Places in Between" шууд толгойд бууж байна. Оюутны сургалтын төлбөрөө олох гэж кафед ажилладаг байхдаа Рори Стюартын ярилцлагыг олж үзсэн юм. Сэтгэл хөдлөөд тэр өдөртөө номын сан орж номыг нь авч уншиж билээ. Би хэзээ ч энэ шотланд эр шиг сонирхолтой амьдралыг туулж, уран яруугаар өөрийгөө илэрхийлж чадахгүй байх. Гэхдээ ид өвлөөр банхараа хөтлөн Афганистаныг хөндлөн гулд алхсан түүний энэ түүх амьдралдаа хийсэн олон шийдвэрт маань мөрөө үлдээсээр байгааг сүүлд анзаарсан.

Хэдийгээр хоёр дайныг эхлүүлсэн боловч (нэг дайнд нь би өөрийн биеэр оролцсон тул сайн мууг нь мэднэ) Америкийн төрд чухал ул мөрөө үлдээсэн хүн бол ердөө хэд хоногийн өмнө өөд болсон Доналд Рамсфэлд. АНУ-ын Батлан хамгаалах яамны хамгийн залуу, мөн хамгийн настай сайдаар хоёронтоо ажилласан түүний ямар ч ажлыг гараасаа гаргадаг чадвар нь гоц гойд. Монголд бүр гурван ч удаа ирж байв. Түүний төрийн ажил эрхлэх арга барилаасаа хуваалцсан "Rumsfeld’s Rules" ном төрийн албан хаагчаар ажиллахад минь их хэрэг болсон. Зөвлөмжүүдийг нь ажил хэрэгтээ ашиглахыг хичээдэг.

НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?

Миний арга барил их болхи. Хүндэлдэг хүмүүсийнхээ зөвлөснөөр, аль эсвэл "The New York Review of Books", "Financial Times" гэсэн хоёр хэвлэл дээр дурдагдсан тохиолдолд. Дурдагдаагүй өөр бусад чухал номуудаас хоцорч байгаагаа мэдэж байна л даа, гэхдээ энэ арга барил наддаа л "хаваасаг".

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Номыг тухалж суугаад, тухтай уншихаа байсан. Нэгд, тэгээд байх зав барагтай гардаггүй. Хоёрт, тухтай орчин, бүтээмж хоёр зарим үед урвуу хамааралтай. Тухгүй орчинд хүн илүү дутуу зүйлд сатаарахгүй зөвхөн урдахаа л түргэн хийж дуусгадаг. Зарим хүмүүс чимээ ихтэй кафед бичих, унших ажлаа амжуулдаг нь үүнтэй холбоотой. Би 2015 оноос эхлээд босоо ширээн дээр ажилладаг болсон. Удаан зогсох тусам хөл чилэх тул тэр хэрээрээ ажлаа гараасаа түргэн гаргадаг юм билээ. Ноам Хомский “Би хүйтэн цаг агаарт дуртай, ихийг хийж амждаг болохоор тэр” гэж бас зүгээр ч нэг хэлээгүй байх.

Ямар мэдээлэл авах нь юугаар дамжуулж авснаас хамаарна гэдэг шиг яг тогтож унших шаардлагатай, уран зохиол, философийн, эсвэл зураг, диаграм ихтэй, зууралдаж байж гараасаа гаргадаг номуудыг цаасан хэлбэрээр нь уншихыг боддог. Харин хэлхсэн олон санаатай, хэлэмж нь хөнгөн сүүлийн үеийн номуудыг e-book хэлбэрээр нь гүйлгээд харчихвал надад лав амар байдаг. Гэхдээ хүн бүрд илүүд үздэг өөр өөрийн арга барил байдаг биз ээ.

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ?

Манайд бакалаврын түвшинд шууд нарийн хичээлүүд үзээд мэргэшүүлээд мэргэшүүлээд явчихдаг. Харин Баруунд бакалаврын түвшний сургалтыг илүү ерөнхий боловсролын үргэлжлэл гэж хардаг. Оюутнууддаа ямар мэргэжил эзэмшиж байгаагаас нь үл шалтгаалж эхлээд амьдарч байгаа нийгмийнх нь талаар цэгцтэй суурь мэдлэг өгдөг. Тэгэхгүй бол мэргэжлээрээ ихэд амжилттай яваа нэгэн гэнэт нийгмийн талаар том том нээлтүүд хийгээд унадаг, сургамжтай жишээнүүд манайд бишгүй бий.

Ардчилал, шударга ёс, өмч хөрөнгө зэрэг ойлголт гэнэт оргүй хоосноос гарч ирээгүй. Олон зуун жилийн турш олон зуун хүн тал бүрээс нь бүтээлүүдээрээ хэлэлцсэний үр дүнд бидэнд өвлөгдсөн. Тиймээс тулгуур бүтээлүүд рүү л өнгийж байж цэгцтэй ойлголттой болно. Энэ тухайд, Баабарын “Дори Идэр дүүдээ” бол миний үеийнхэн дундаа классик.

Харин Барууны оюутнууд хичээл дээрээ ямаршуухан бүтээлүүд нухаж, ямаршуухан мэдлэг олж авдгийг коллежийн хөтөлбөрүүдээс нь мэдэж болно. Болбол бүгдийг нь судлаад дуусгах хэрэгтэй. Америкийн зарим нэг коллежийн дараах хөтөлбөрүүд алдартай: Columbia Literature Humanities, Columbia Contemporary Civilization, Stanford SLE, University of Chicago Basic Program of Liberal Education.

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Шимтэж уншдаг сэтгэгчид маань голдуу Лео Штраусын школынхон. Коллежийн багш нар маань ч энэ школын шошготой профессорууд байсан. Ойр зуурын, удахгүй ач холбогдол нь буурах хэдэн зуун номоос илүүтэйгээр тулгуур болсон цөөн бүтээлийг ул суурьтайгаар судлах ёстой гэж тэд бидэнд сургасан. Коллежид Хомэр, Платон, Ж.Локк, Ж.Ж.Руссогоор дөрвөн жил нүдсэн. Үр дүнд нь харин ч орчин үеийн нийгмийн үзэгдлүүдийг илүү углуургаар нь харж чаддаг болсон гэж боддог.

Дипломын ажлыг маань удирдсан багш сүүлд нэлээд алдартай зохиолч нийтлэлч болсон. Шинэ тутам бүрэлдэж буй Евразийн тив, Бүс ба зам санаачилга, Доналд Трампын Америк зэрэг сэдвээр ганган ганган санаануудтай бүтээлүүд угсруулан гаргасан. Хэрвээ сачий хүрвэл хэзээ нэгэн цагт тиймэрхүү номууд бичих мөрөөдөлтэй.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Харолд Блүүмийн "Ном уншина гэдэг цагтай уралдахыг хэлнэ" гэсэн нь хүн бүрийн анзаараад байдаггүй санаа. Унших ёстой бүтээлүүд өдөр бүр нэмэгдээд л байх. Харин бидний амьдрах хугацаа цаг тутам хорогдоод л байгаа. Хязгаартай энэ амьдралдаа аль болох олон бүтээл уншиж амьдралаа утга учиртай болгохын тулд цагтай уралдаж уншихаас өөр аргагүй. Нөгөөтээгүүр, хурдан уншиж байна гээд Вүүди Аллэны кинонд гардаг шиг '“Дайн ба энх"-ийг цагийн дотор уншчихлаа, лав л Оросын тухай гардаг юм байна” гээд сууж байж болохгүй.

В.Набоков "Номыг уншдаггүй, харин дахин уншдаг" гэснийг бас мартаж болохгүй. Нэг уншаад номыг ойлгочихлоо гэж хэлж болдоггүй. Коллежид Платоны “Төр улс” зохиолын эхний ганц өгүүлбэрийн цаад санаа нь юу болох талаар бүтэн хичээл орсныг мартдаггүй. Энгийн үгсийн ард олон давхар санаан нуугддаг тул тэднийг олон дахин уншиж байж л ухаж ойлгоно. Залхуурч болохгүй.

Нарийн яривал, ном уншина гэдэг нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ойр дотныхонтойгоо яриа дэлгэхдээ, олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хуваалцахдаа санаагаа баримттай, ул суурьтай тавина гэдэг бусдыгаа хүндэтгэж, нийгэмдээ хувь нэмрээ бодитойгоор оруулж байгаа хэрэг. Үүний тулд ямар ч энгийн сэдэв байсан гэсэн тэр талаар өмнө нь хэн юу гэж хэлснийг олон номоос нямбай шүүрдэж унших хэрэгтэй гэж боддог.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

Өнгөрсөн онд Йелийн их сургуулийн шилдэг сурган хүмүүжүүлэгч шагналыг хүртсэн, "Хобби" сургуулийн дэд захирал Г.Нэмүүн, үндсэн хууль судлаач О.Машбат, БХЯ-ны ТЗУГ-ын дарга асан, хурандаа Д.Мөнх-Очир нарыг танай буланд ярилцлага өгвөл бултаараа сонирхож уншина гэдэгт эргэлзэхгүй байна.