2010 он. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр цамхаг ёслол төгөлдөр нээлтээ хийв. 828 метрийн өндөртэй нүсэр энэ барилгын ажил зургаан жил үргэлжилсний эцэст амжилттай дуусаж буй нь тэр байлаа. Барилгын цэвэр жингээрээ гэхэд л 500 мянган тонн жинд хүрэх "Бурж Халифа"-ийн хэдэн давхарт нь ч гарсан сэтгэл амар зорчиж, аюулгүй болгодог гол хүчин зүйл нь "бетон". 163 давхар, 57 цахилгаан шат бүхий уг цамхгийг барихын тулд 45 мянган куб.метр талбайд, 50 метр хүртэлх гүнд 110 мянга гаруй тоннын бетоныг цутгасан гэдэг. 

Энэ мэтээр тэнгэр баганадсан цамхаг, шилэн оффис, амьдрах орон сууц, тоглоомын талбай гээд XXI зууны иргэншил, хөгжил дэвшил, оршихуй бүхэлдээ бетон дээр тогтдог гэхэд болно. Хана, багана, суурь, зам, засвар, дээвэр, зоорь гээд бүтээн байгуулалтын "А" үсэг болсон бетоныг өнөөдрийн дугаарт тайлбарлаж байна.


яагаад энэ сэдэв чухал вэ?

Аливаа ямар ч бүтээн байгуулалт амьдралын чанарыг дээшлүүлэх, хөгжил дэвшлийн гэрч болох үндсэн хоёр зорилгод хуваагддаг. Энэ ч утгаараа бүх төрлийн бүтээн байгуулалт эрсдэлээ тооцохоос эхлэх учиртай. Зориулалт, ашиглах хугацаа, хэрэглээний онцлог зэргээс хамаарч ямар материалыг, хэрхэн хэрэглэхээ тодорхойлсноор тухайн бүтээн байгуулалтыг хийх болсон суурь шалтгаан биелэгдэх боломжтой. Тэгвэл барилгыг хүний бие гэж төсөөлөхөд булчин нь бетон болж өгдөг. Өөрөөр хэлбэл бетонон барилгын даац, эдэлгээ, насжилт гээд голлох үзүүлэлтүүд бетоны чанараас хамаардаг байна.

2022 оны байдлаар дэлхийн хүн амын 55 орчим хувь нь урбан хотод амьдарч байгаа бөгөөд энэ тоо ирэх 15 жилийн хугацаанд дахин 15 хувиар өснө гэх тооцоо бий. Гэтэл 1980-аад онд байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зардал жилд 50 тэрбум ам.доллар байсан бол сүүлийн 10-хан жилийн хугацаанд 200 тэрбум ам.доллар болтлоо өссөн нь нэг талаас хүн амын нягтаршил нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйтай холбон тайлбарлаж болно.

Суурин иргэншил, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр бетоны чанар, барилгын материалын аюулгүй найдвартай байдал улам л чухал, улам л эрэлттэй болох нь тодорхой. Тодруулбал, XIX зуунд шууд утгаараа үндэстний бахархал, баян чинээлэг амьдралын илэрхийлэл байсан бетоны гол орц болох цементийн хэрэглээ XXI зуун гарсаар үлэмж хэмжээгээр нэмэгдэж, энгийн хэрэглээ болжээ. Учир нь дэлхий дээр хэрэглээгээрээ цемент нь усны дараа хоёрдугаарт жагсаж байгаа юм. Цементийн үйлдвэрлэлийг бие даасан улс хэмээн төсөөлбөл нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаараа 2.8 тэрбум тонн-д хүрдэг буюу АНУ, Хятадын дараа дэлхийд гуравдугаарт бичигдэх том гүрэн болох аж.

Иймийн учир бетон нь шууд утгаараа суурин иргэншлийн суурь болж буй.



цаг хугацааны товьёог

Эртний Ромын барилгачид тэртээ МЭӨ III зууны үеэс бетоныг инженерийн байгууламжид өргөнөөр хэрэглэж байжээ. Тэд шохойг шатааж буталсан чулуу, галт уулын үнс зэрэгтэй холих аргаар энгийн цементийг бүтээж анхны бетонд хэрэглэж эхэлсэн түүхтэй. Энэ нь Ромын Колоссэй, Пантеоны бөмбөгөр орой зэрэг асар том байгууламжуудыг бүтээх, мөн тэднийг өнөө үе хүртэл өвлөгдөж ирэх гол шалтгаан юм. Өөрөөр хэлбэл бетон, ган, цемент гэхчлэн бүтээн байгуулалтын үндэс болсон цөөн хэдэн түүхий эдийн ачаар хотжилтын шинэ эрин эхэлсэн гэж болно.

Дундад зууны үед европчууд хэсэг зуур бетоноос татгалзаж, барилгын ажилд чулуу, тоосго гэх мэт түүхий эдүүдийг илүүд үзэх нь олширсон юм. Харин Ойрхи Дорнод, Ази тивүүдэд бетоныг ашигласан хэвээр байлаа. Үүнээс хойш XVIII зууны дунд үед ган хайлуулах шинэ технологи гарч, барилгын салбарын гол орц болсноор цемент, бетоны хэрэглээ эргэн газар авч, тэр нь цаашлаад аж үйлдвэрлэлийн хувьсгалын амин сүнс болоод зогсохгүй хотжих үйл явцыг эрчимжүүлжээ.

ХIX зууны сүүлчээр Францын нэгэн цэцэрлэгч бетоныг төмөр араматур, төмөр сараалжтай хослуулж, бат бөх чанарыг нэмэгдүүлэх туршилт хийсэн нь амжилт олж, албан ёсоор оюуны өмчөөр баталгаажсан байдаг. Уг технологи гарч ирсний ачаар нүсэр хэмжээний гүүр, барилга болон бусад байгууламжууд сүндэрлэх боломжтой болсон юм. Учир нь бетон нь дангаараа даралтад тэсвэртэй боловч уян хатан чанар муутай байв.

ХХ зууны гарсаар бетоны технологи, төрлүүд хурдтай нэмэгдэж эхэлжээ. Угсармал бетоны элементүүд, барилгын хэсэг бүрд зориулсан ялгаатай бүтээгдэхүүнүүд, бетоныг бэхжүүлэх төрөл бүрийн хольцууд зэрэг инновацууд шил шилээ даран хэрэглээнд нэвтрэх болов.

Харин уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэх болсон өнөө үед ганц бетон гэлтгүй нийт барилгын салбарын үйлдвэрлэлийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, тогтвортой хөгжилд нийцсэн материал боловсруулдаг болгоход ихээхэн анхаарал хандуулах болоод буй. Учир нь, хүн төрөлхтний зогсоо зайгүй үйлдвэрлэж байгаа энэхүү цементэн ширэнгийн улмаас жил бүр 51 тэрбум тонн хүлэмжийн хий ялгарч буй гэх сэтгэл сэрдхийлгэм тоо баримт бий.

тооны хэлээр 

3.9%: ҮСХ-ноос гаргасан сүүлийн тоо мэдээнд 2022 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ийн 3.9 хувийг барилгын салбар бүрдүүлж байна.

2,200,000 тн: Барилгын “талх” гэгддэг дотоодын цементийн үйлдвэрлэл сүүлийн 10 жилийн хугацаанд долоо дахин нэмэгдэж, 2.2 сая тоннд хүрээд буй.

770: Одоогийн байдлаар манай улсад барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 770 гаруй компаниуд байдаг ба нийт түүхий эдийн 50 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хэсгийг нь импортоор худалдан авдаг аж.

300: Аж үйлдвэрийн салбарын мэдээнээс харахад цемент, бетон зуурмаг, суурийн блок зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гурваас 300 дахин өсжээ.

нэр томьёоны лавлах

Бетон: Ус, элс, цемент, хайрга болон хэрэглээний зориулалтаас хамаарч бэхжүүлэгч элементүүдийг тодорхой харьцаагаар тооцон авч, нэг төрлийн найрлагатай болтол нь хольж зуураад хэвэнд цутгаж, нягтруулан бэхжүүлсний үр дүнд гарган авсан зохиомол чулуун материалыг хэлнэ. Цемент ба ус нь бетоны идэвхтэй бүрэлдэхүүн болох учраас тэдгээрийн хооронд явагдах химийн урвал нь цементийн чулууг үүсгэж тэр нь бусад орцуудыг холбон барьцалдуулж нэгэн цул биет болгодог.



түгээмэл асуулт хариулт

1. Өрхийн хэрэгцээнд бетон гэлгүй цемент зуурчихад л болох биш үү? Ер нь ямар ялгаатай юм?

Бетоны найрлагын ихэнх хувийг цемент эзэлдэг тул барилгын салбараас хол хөндий хүмүүсийн олонх нь бэлэн болсон зуурмагийг цемент, бетон эсэх дээр төөрөлддөг ажээ. Бетон нь барилгын салбар дахь хамгийн хямд, бат бөх, удаан эдэлгээтэй түүхий эд. Товчхондоо цемент биш. Цемент холбогчийн үүрэгтэй бол бетон нийлмэл бүтээгдэхүүн юм.

2. Бетон л бол бетон биш үү? Дотроо тийм олон төрөл гэж үү?

Зорилгоосоо хамаараад бетоны үндсэн найрлагад тусгай нэмэлт орц, бодисууд ордог бөгөөд тухай бүрийн зориулагдмал үүрэгтэйг тайлбарлах нь илүүц биз ээ. Жишээ нь, үерийн эрсдэлтэй бүсэд байрладаг байгууламжид сийрэг буюу нэвчилт өндөр бетон ашигласнаар ус үерлэлгүй, доош шингэх боломжтой болдог. Харин эсрэгээрээ дээврийн хучилтанд ус нэвчдэггүй бетон, өвлийн улиралд хүйтэнд тэсвэртэй бетон гэх мэт зорилгоосоо шалтгаалаад өөр төрлийн бүтээгдэхүүнүүд ашиглана.

3. Хаанаас хэрэгцээндээ тохирсон, чанартай бетон авч болох вэ?

Ерөнхий бетоны төрөлд л гэхэд М100-1000 хүртэлх марк байдаг. Барилгын компаниуд, салбарын мэргэжилтнүүд эдгээрийг ялгахад асуудал үүсэхгүй ч өрхийн хэрэглээнд ашиглах гэж буй хүмүүст хэрэглээгээр нь ялгахад илүү амар байх нь мэдээж.

2011 оноос хойш энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй "Premium Building materials" компанийн хувьд хэрэглэгчдэд зориулан бүтээгдэхүүнүүдээ брэндээр болон хэрэглээгээр ангилдаг аж. Үүнд ул бетон, суурь, хана, багана, дүүргэлт, шат-довжоо, шал, автомашины зогсоол, сагсанбөмбөгийн талбай, зам, дээвэр, зоорь зэрэг 12 хэрэглээний төрөл буй. Мөн энэ жилээс "Стора"-гаар дамжуулан хувийн хэрэглээ буюу ажлын байраа шинээр барих, засах, лагерын байшингаа засах, амины орон сууцаа засах гэх мэт шаардлага үүссэн худалдан авагчдад зориулж онлайн сувгаар борлуулж эхэлж байгаа ажээ.


сая долларын эргэлзээ

Бетоныг орлож чадах бүтээгдэхүүн байж л таараа

Хувийн хэрэгцээнд байж магадгүй л юм. Харамсалтай нь, Бурж Халифа шиг тэнгэр багадсан цамхаг, бүхэл хотыг тогоор тэтгэгч цахилгаан станцууд, арал хоорондыг холбох хүнц даацын зам гүүрүүдийг бетонгүйгээр барина гэдэг боломжгүй хэвээр л байна.

Бид дотооддоо чанартай бетон хэрэглэж чаддаг юм болов уу?

Бид дотооддоо Европын холбооны стандартад нийцсэн MNS EN206:2017 буюу "Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол" стандартыг манай улсад батлан мөрдөж байгаа аж. Энэ стандартаар бетоны нягт, шахалтын бат бэх, бетон хольцын хэвлэгдэх чанар зэргийг хүрээлэн буй орчноос нь хамааруулан ангилж өгчээ.

Байгальд ээлтэй түүхий эд гэж ер нь байгаа юу?

Мэдээж бий, гэхдээ тэр нь хүнд үйлдвэрлэлийн салбарт ховор. Хүнд үйлдвэрлэлийн салбар бол хүн төрөлхтний олон мянганы туршид хөгжүүлж ирсэн нарийн технологийг нүсэр бүтцээр бий болгодог онцлогтой тул ямар нэг байдлаар байгаль дэлхийд нөлөөлсөөр байх болов уу.

Гэвч өдгөө бид эдгээр технологид эргэлзэхэд эсхүл татгалзах боломжгүй хүртлээ хэтэрхий хол явсан ба ирээдүйн хөгжлийг ч, өнөөдрийн амьдралыг ч эдгээр түүхий эдгүйгээр төсөөлж чадашгүй юм. Сайн мэдээ гэвэл сөрөг нөлөөг бууруулах туршилт судалгаа тасралтгүй хийгдэж байна.



ирээдүйгээс ирсэн захидал

Барилгын материалын инновац нь байгаль орчны тогтвортой байдал, өртөг зардал, бат бөх байдал зэрэг сайжруулж болох сул талуудаасаа үүдэн тасралтгүй хөгжиж байна. Энэ ч утгаараа бетоны зах зээлд ч байнгын туршилт судалгаанууд хийгдэж буй. Нэн тэргүүнд байгальд ээлтэй барилгын салбарыг хөгжүүлэхээр инженер судлаачид шунан тэмүүлж буй. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилго нь барилгын материалын ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх ажээ.

Тийм ч учраас нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, бүтээмж өндөртэй бетон гаргаж авах төрөл бүрийн оролдлогууд хийгдэж байгааг хатуурах явцдаа нүүрстөрөгч шингээдэг бетон, ногоон бетон, геополимер бетон зэрэг төрлүүдээс харж болно. Ингэхдээ ногоон бетоныг бүрэн боловсруулагдсан буюу үнс, шаар зэрэг материалууд ашиглан хийж байгаа бол геополимер бетоныг шавар тэргүүтэй үйлдвэрийн дайвар болон байгалийн гаралтай материалуудыг шүлт идэвхжүүлэгчээр урвалд оруулан хийж байгаа юм.

Ингэснээр аль аль нь уламжлалт бетон үйлдвэрлэлтэй харьцуулахад нүүрстөрөгч илүү бага ялгаруулах давуу талтай хэмээн үзэж байгаа аж. Хэдий тийм ч бат бөх байдал, баталгаат хугацаа зэргийг судалсан хэвээр буй тул хэрэглээнд нийтлэг нэвтэрч чадаагүй л байна. Юутай ч бид ирээдүйд илүү байгальд ээлтэй барилгууд барьдаг болох нь.

Мэдээж энэ салбарт технологийн сонирхолтой туршилтууд ч тасралтгүй хийгдэж буйн бүтээлч жишээ олон бий. Бичил капсулын тусламжтай хагарсан хэсгээ өөрөө нөхөж, барилгын салбарын хэрэглээ, насжилтыг нэмэгдүүлэх боломжийг олгож буй бетон хүртэл бий. Гэвч сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй сэдэв нь 3D хэвлэгчээр барьсан барилгууд болж байна.

3D технологи нь дахин боловсруулсан хуванцар, керамик, тэр ч байтугай сарны реголит зэрэг материалыг ашиглан нарийн төвөгтэй барилга байгууламжийг ч барих чадвартай болж байна. Мэдээж энэ нь уламжлалт барилгын аргуудтай харьцуулахад хурдан, хаягдал багатай, бүтээлч дизайн хийх боломжийг нэмэгдүүлэх давуу талтай ч материалын сонголт, хэвлэх технологи, хууль тогтоомжтой холбоотой өвөрмөц сорилтуудтай нүүр тулсаар байгаа юм. Ирээдүйд энэ технологи хаа хүрэхийг мэдэхгүй ч ямар нэг байдлаар та бидний амьдралын нэг хэсэг болох нь тодорхой.

Сонирхуулахад, "Premium Building materials" компанийн албан ёсны эрхтэй борлуулдаг дэлхийд тэргүүлэгч "Sika" брэнд "COBOD International"-тэй хамтран 3D хэвлэх технологийг ашиглан хоёр давхар, загварын байшин барьжээ. Энэхүү байшин нь янз бүрийн барилгын материалыг 3D хэвлэх машинтай хослуулж чадсанаараа онцлог байсан юм. Тус брэнд бетон цутгахдаа ч 3D хэвлэлийн технологи ашиглаж буй.


"Sika" брэнд "COBOD International"-тэй хамтарч, 3D хэвлэх технологийг ашиглан барьсан барилга

таны мэдээгүй сонирхолтой баримт

Бетоныг зөвхөн барилгад л ашигладаггүй юм шүү. Энэ технологийг ашиглан цэргийн хүчнийхэн дэлбэрэлт, халдлагаас сэргийлдэг бол урлагийн салбарынхан хотын, чимэглэлийн, баримлын гээд олон төрөлд ашигладаг. Үүнээс хамгийн алдартайг нь дурдах юм бол, Францын уран барималч Аугуст Родины 1880 онд бүтээсэн дэлхийн хамгийн алдартай баримлуудын нэг болох "Сэтгэгч", Их Британийн зураач Аниш Капурын зохион бүтээсэн Чикаго хотын аялал жуулчлалын алдартай үзмэрүүдийн нэг болох "Үүлэн хаалга" зэргийн нэрлэж болно. Үүгээр барахгүй Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн 1962 онд бүтээгдсэн "Tête au carré" (Дөрвөлжин толгойт) нь бетоноор хийсэн хөшөө юм. Францын Марсель хотод байрлах уг баримал нь хүний толгойг геометрийн өнцөгт хэлбэрээр дүрсэлсэн нь уран баримлын шинэлэг арга барилыг нээсэн явдал болсон юм.

Энэ мэтчлэн барилгын суурь элементүүд нь монументаль баримлаас эхлээд нарийн мозайк урлаг хүртэл өргөн цар хүрээнд ашиглагддагийг гэрчилнэ. Бетоны бат бөх, уян хатан чанар нь уран бүтээлчдэд цаг хугацааны шалгуурыг даах чадвартай урлагийн бүтээлүүдийг туурвих боломж олгосоор удаж буй.


Ташрамд бетоны тухай илүү их мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авч, барилгын салбарын талаар дэлгэрэнгүй ойлголттой болохыг хүсвэл дөрөвдүгээр сарын 19-ны өдөр 13:00 цагаас Шангри-Ла төвийн Баллрүүм хурлын тэнхимд зохион байгуулагдах "Төгс бүтээгч" арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна. Такс авах, бүртгэл үүсгэх шаардлагагүй бөгөөд ердөө биечлэн очиход л хангалттай.

Төгс бүтээгч