Дэлхийн 197 орны төлөөлөгчдийг нэг дор нэгтгэх COP17 арга хэмжээ эхлэхэд хэдхэн өдөр үлдлээ. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” хэмээх уриатай энэ хурлаар газрын доройтол, цөлжилт, ган гачиг, бэлчээр, ус, хүнсний тогтолцоо зэрэг хоорондоо салшгүй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээс гадна эдгээр сорилтыг шийдвэрлэхэд шаардлагатай бодит үйл ажиллагаа, технологи, санхүүжилтийн механизмыг ярилцах билээ.

Өмнөх нийтлэлүүдээрээ бид COP гэж юу болох, яагаад цөлжилт XXI зууны томоохон сорилт болж байгаа, өмнөх COP хурлуудаас ямар сургамж авч болох талаар хөндсөн. Харин энэ удаа нэг алхам цаашилж, COP17 Монголд яг юу авчрах вэ? гэдэг асуултад хариулт эрлээ.

Учир нь цөлжилт, газрын доройтол бол байгаль орчны асуудал хэдий ч түүнийг шийдэхэд зөвхөн нэг эвент эсвэл цуврал хэлэлцүүлэг хангалтгүй. Бэлчээрийг нөхөн сэргээхэд хөрөнгө, усны нөөцийг хамгаалахад дэд бүтэц хэрэгтэй. Үүнтэй ижил уур амьсгалын эрсдэлийг бууруулахад технологи, тогтвортой хөдөө аж ахуйг бий болгоход санхүүжилт хэрэгтэй.

Өмнөх нийтлэлүүдтэй танилцах:

Яагаад цөлжилт XXI зууны хамгийн том сорилтуудын нэг болсон бэ?

COP гэж юу вэ?: Дэлхийн газрын асуудлаарх хамгийн том хэлэлцээрийг ойлгох нь

Өмнөх COP хурлуудын амжилт ба сургамжаас

UNCCD-ийн талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

COP17 хурлын тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсэгт

Unread

Ногоон санхүүжилтийн шинэ эрин

Манай улс COP17-ыг зохион байгуулах эрхийг авсан цагаас эхлэн эдийн засагт шууд нөлөө үзүүлэх бодит хөрөнгө оруулалтын тухай яриа өрнөсөн. Монгол Улс зөвхөн хурлыг зохион байгуулахын зэрэгцээ байгаль орчин, уур амьсгал, газар ашиглалттай холбоотой төслүүдэд олон улсын санхүүжилт татах чиглэлээр олон талт түншлэлүүдээ эрчимжүүлж байна. Өөрөөр хэлбэл, бид өмнө нь уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт татахаар эрмэлздэг байсан бол энэ удаад байгаль, газар, усанд чиглэсэн хөрөнгө оруулалтын цоо шинэ боломжийн тухай ярьж байна.

Засгийн газар COP17-оор дамжуулан 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ. Энэ хүрээнд “Land–Water–Tree” буюу “Газар–Ус–Мод” гэсэн үндсэн чиглэлүүдэд хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ урт хугацааны санхүүжилтийн механизмыг бий болгоход анхаарч байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудтай хийх яриа ч тодорхой болж эхэлжээ. Европын хөрөнгө оруулалтын банк буюу EIB-тэй Монголын тал ойн салбар болон COP17-оор дэвшүүлж буй бэлчээрийн менежмент, ус-газар ашиглалтын нэгдсэн менежмент, байгальд суурилсан дэд бүтцийн шийдлүүдэд хөрөнгө оруулалт татах талаар хамтран ажиллаж байна. Монголын талын мэдээлснээр EIB-тэй 200 сая еврогийн санхүүжилтийн боломж яригдаж байгаа бөгөөд үүнийг нэг удаагийн зээл, буцалтгүй тусламж гэхээс илүү урт хугацааны хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлэх зорилготой байна.

Саяхан шинэ суурин төлөөлөгчөө албан ёсоор зарласан Дэлхийн банкны хувьд мөн байгаль орчин, газрын доройтолтой холбоотой 100 сая долларын санхүүжилт олгох амлалт өгөөд байгаа. Тиймдээ ч Монголын COP17-ийн бэлтгэл ажилд идэвхтэй оролцож, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтот хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд болон ногоон санхүүжилтийн хэрэгслүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллаж буй.

Эх сурвалж: ISO

Мөн Люксембург Улсаас 5 сая евро, бусад олон улсын сан, байгууллагуудаас техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжууд яригдаж байгаа гэнэ.

Гэхдээ эдгээр тоог хооронд нь шууд нэмээд “Монголд ийм хэмжээний мөнгө орж ирнэ” гэж ойлгож болохгүй. 200 сая евро нь нэг удаагийн буцалтгүй тусламж биш, 100 сая доллар нь бэлэн мөнгө хэлбэрээр шилжсэн хөрөнгө биш. Эдгээрийн зарим нь зээл, зарим нь грант, зарим нь техникийн туслалцаа, зарим нь тодорхой төсөл хэрэгжсэн тохиолдолд бодит санхүүжилт болох боломжит эх үүсвэрүүд гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ бүхнийг анзаарахдаа бид нэг зүйлийг зайлшгүй анхаарах ёстой. Монгол Улс байгаль орчны асуудлаа зөвхөн төсөв, тусламжийн хэлээр бус, хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлээр ярих шаардлагатай болжээ. Нэг ёсондоо COP17 бол Монголд мөнгө тараах хурал биш, Монголын асуудлыг дэлхийн капиталтай холбох гүүр болох учиртай. Тиймээс COP17-ийн санхүүгийн үр дүнг зөвхөн “хэдэн долларын амлалт авсан бэ?” гэж хэмжихээс илүүтэй “хэр их шинэ боломж, шинэ хамтын ажиллагааг үүсгэсэн бэ?” гэж тооцох нь зүйтэй мэт.

Энд хувийн хэвшлийн оролцоог ч орхигдуулж болохгүй. Монголын тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагууд өөр өөрсдийн сувгаар ногоон санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг татаж, байгаль орчин, тогтвортой хөгжилтэй холбоотой санхүүгийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж байгаа нь энэ зах зээл зөвхөн төрийн бодлогын түвшинд бус, санхүүгийн салбарт ч бий болж эхэлснийг харуулна.

Шинэ цагийн мега төслүүд

“Цөлжилттэй тэмцэх”, “бэлчээрээ хамгаалах”, “ойгоо нэмэгдүүлэх” гэх мэтээр ярих нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалтын санал болгож байгаа хэрэг биш. Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид асуудлыг биш, түүнийг шийдэх тодорхой арга зам, санхүүгийн бүтэц, хэмжигдэхүйц үр дүнг санхүүжүүлдэг. Тиймээс Монголын хувьд COP17-оос авах хамгийн том боломжуудын нэг нь байгаль орчны асуудлуудаа санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломжтой томоохон төслүүдийн багц болгон хувиргах явдал мөн.

Манай улсын эдийн засагт асар их үнэ цэн бүтээж байгаа ч баланс дээр тусдаггүй баялаг бол бэлчээр, ус, хөрс, ой, экосистем юм. Эдгээрийг хамгаалах нь зардал өндөртэй хэдий ч зөв зохион байгуулсан нөхөн сэргээлт нь малын бүтээмж, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, нүүрстөрөгчийн шингээлт, усны аюулгүй байдал зэрэг олон салбарт зэрэг өгөөж бий болгож чадна.

Ялангуяа бэлчээрийн хувьд энэ боломж илүү тод харагдана. Тогтвортой мал аж ахуй, ноолуур болон махны нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн нөхөн сэргээлт, карбон санхүүжилт, экосистемийн үйлчилгээ зэрэг олон салбарыг нэг төсөлд холбох боломжтой. Өөрөөр хэлбэл бэлчээрийг зөвхөн хамгаалах шаардлагатай байгалийн нөөц гэж бус, урт хугацааны байгалийн капитал гэж харах боломжтой. Энэ чиглэлд Монголд бодит туршилтууд ч хэдийнээ эхэлжээ. Азийн хөгжлийн банк бэлчээрийн нөхөн сэргээлт, нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох боломжийг турших чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь байгаль хамгаалал, малчдын амьжиргаа, санхүүгийн механизмыг нэг дор холбох оролдлого юм.

Эх сурвалж: NewClimate Institute

Дэлхийн банк ч Монголын нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа нь энэ зах зээл цаашид зөвхөн байгаль орчны сэдэв биш, санхүүгийн системийн нэг хэсэг болж болохыг харуулж байна. Гэхдээ нүүрстөрөгчийн зах зээл бол “байгалиа хамгаалаад шууд мөнгө олно” гэсэн энгийн томьёо биш. Хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт, өмчлөл, давхар тооллогоос сэргийлэх механизм, орлогыг хэн хүртэх зэрэг олон асуудлыг шийдэх шаардлагатай. Ялангуяа бэлчээрийн тухайд нүүрстөрөгчийн орлого малчинд хэрхэн хүрэх вэ гэдэг нь зах зээлийн амжилтыг тодорхойлох гол асуултын нэг байх болно.

Үүнтэй адил усны салбарт ч хөрөнгө оруулалтын асар том боломж бий. Усны хомсдолыг зөвхөн байгаль орчны эрсдэл гэхээс илүүтэй хот, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаатай холбон үзвэл усны менежмент өөрөө эдийн засгийн маш чухал дэд бүтэц болж хувирна. Ийм төслүүдийг нэг нэгээр нь бус, газар, ус, ой, хүнс, эрчим хүчний харилцан хамаарлыг тооцсон томоохон хөтөлбөрүүд болгон багцалж чадвал олон улсын санхүүжилт татах боломж ч нэмэгдэх учиртай.

Энэ утгаараа COP17-ийн үеэр Монголын тэргүүлэх компаниуд, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд шинэ санаачилга, шинэ төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулалтын шинэ гарцыг үүсгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зөвхөн байгаль орчны асуудлуудын жагсаалт бус, тэдгээрийг шийдвэрлэх боломжтой, хөрөнгө оруулахуйц төслийн жагсаалттай үлдэх нь энэ арга хэмжээний хамгийн том өв болох боломжтой.

Шинэ түншлэл, шинэ боломж

COP17-ийн боломжийг зөвхөн төр болон олон улсын байгууллагуудын хоорондын харилцаагаар хязгааралх нь учир дутагдалтай. Учир нь газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын эрсдэл бол зөвхөн төрийн асуудал биш, харин бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг эдийн засгийн эрсдэл юм.

UNCCD-ийн Business4Land санаачилга ч үүнийг онцолж, газар, усны нөөцөөс хамааралтай хувийн хэвшлийг тогтвортой газар ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцуулахыг зорьж байна. Хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, барилга, санхүү, даатгал, технологи зэрэг салбаруудын хувьд газар, усны доройтол нь нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн зардал, хөрөнгийн үнэ цэнэ, бизнесийн эрсдэлд шууд нөлөөлдөг.

Тиймээс COP17 дээр Монголын хувийн хэвшил “байгаль орчныг дэмжих” тухай ярихаас гадна өөрийн бизнесийн ирээдүйг ярих ёстой.

Уул уурхайн компаниудын хувьд усны менежмент, уурхайн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах нь зөвхөн компанийн нийгмийн хариуцлагын ажил биш, үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдлын асуудал юм. Хүнс, мал аж ахуйн компаниудын хувьд бэлчээрийн менежмент нь нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг тодорхойлно. Харин банкуудын хувьд ногоон зээл, тогтвортой хөгжлийн санхүүжилт зэрэг нь шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний зах зээлийг бий болгох боломжтой. Технологийн компаниудын хувьд хиймэл дагуулын зураг, газар ашиглалтын мониторинг, усны хяналт, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд зэрэг нь цоо шинэ үйлчилгээний зах зээл болж чадна.

Эх сурвалж: Guardian

Энэ боломжийг Монголын компаниуд аль хэдийн анзаарч эхэлсэн нь сайшаалтай. COP17 арга хэмжээний туршид Монголын тэргүүлэх компаниуд, дэвшилтэт стартапууд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж буй шинэ технологи, шийдлүүдээ олон нийтэд танилцуулах болно.

Гэхдээ үүнээс цааш ч боломж бий. Хэрэв Монголын компаниуд өөрсдийн тогтвортой хөгжлийн төслүүдийг олон улсын стандарттай уялдуулж, хэмжигдэхүйц үр дүн гаргаж, түүнийг санхүүгийн байгууллагуудад ойлгомжтой хэлээр танилцуулж чадвал COP17 нь шинэ түншлэл, шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалт хайх талбар болж чадна.

Энэ утгаараа Улаанбаатарт ирэх олон улсын төлөөлөгчид зөвхөн хурлын оролцогчид биш, Монголын дараагийн бизнесийн түншүүд ч байж болох юм. Эцсийн дүндээ COP17 Монголд нэг удаагийн санхүүжилтээс илүү шинэ санхүүжилтийн систем, шинэ төслийн эхлэл, шинэ хамтын ажиллагааны сүлжээ үлдээх боломжтой билээ.