А бол аюулгүй 

Судалгаагаар, 1.6 тэрбум км тутамд мотоциклээр явахад 212.57 хүн, машинаар явахад 7.28 хүн тус тус амиа алддаг бол агаарын тээврээр явахад 0.07 байдаг байна. Энэ нь агаарын тээвэр мотоциклээс даруй 3000, машинаас 104 дахин аюулгүй гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм. Уг судалгааг мотоцикл, машин, усан онгоц, төмөр зам, автобус зэрэг төрөл бүрийн тээврийн хэрэгслүүдийн ослын үзүүлэлтийг харьцуулан хийсэн бөгөөд агаарын тээврийн дараа автобус 0.11 гэсэн үзүүлэлтээр ордог байна. Олон нийт агаарын тээврийн тухай хамгийн ноцтой, аюултай мэдээлэл хүлээн авдагийн улмаас нийгэмд зарим нэг ташаа ойлголтууд бий болсон байдаг ч тоо судалгаа, статистикийг хараад үзвэл хамгийн аюулгүй тээвэр болох нь төвөггүй ойлгогдоно.

Б бол бүхээг

Бага оврын онгоцны бүхээг нь төрөл бүрийн хэрэглээнд нийцтэй байдлаараа маш том давуу тал болдог. Энэ нь таны зорилго, нислэгийн зориулалт ямар байхаас хамааран маш амар хялбар байдлаар бүхээгээ тоноглох, засаж цэгцлэх боломжтой гэсэн үг. Ачаа тээвэрлэх үед зориулалтын бэхэлгээт савыг суурилуулах, онцгой байдлын үед шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байршуулах зэрэг нь үүнд багтана.

в бол вип

Сүүлийн жилүүдэд бага оврын онгоц хувийн хэрэглээнд өргөн хэрэглэгдэх болжээ. Завгүй амьдралын хэв маяг зонхилж, цаг хугацааны үнэ цэн улам бүр нэмэгдсээр байгаа энэ үед илүү хурдан, үр дүнтэй тээврийн хэрэгслийн сонголт онгоц болсонд гайхах зүйл үгүй. Гадаад дотоодын түншүүд, хүндтэй зочдодоо өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээг мөн VIP хөлөг хангадаг аж.

г бол гиннес

1945 оноос эхлэн өнөөг хүртэл ашиглагдсаар байгаа АН-2 агаарын хөлөг нь 18 мянган ширхэг үйлдвэрлэгдсэнээрээ хамгийн олон тоогоор үйлдвэрдлэгдсэн агаарын хөлөг болон Гиннесийн номонд бичигдэн үлджээ.

д бол далавч

Ерөнхий зориулалтын нисэхэд дөрвөн далавчтай загвар хамгийн баталгаатай, аюулгүйд тооцогддог. Жишээ нь, "Легенда 570" онгоцны дээд болон доод хүчитгэсэн далавчаас бүрддэг биплан загвар нь өндөрлөг, салхины солбицол ихтэй манай улсад нэн тохиромжтой ажээ.

е бол ерөнхий зориулалт

Агаарын тээврийн салбарыг хэрэглээ болон бүтцээр нь ерөнхийд нь хоёр ангилдаг. Эхнийх нь том оврын онгоц ашиглаж, холын зайн нислэг үйлддэг буюу бидний нэрлэдгээр иргэний тээвэр. Харин нөгөөд нь бусад зориулалтын нисэхийг багтааж, "general aviation" буюу ерөнхий зориулалтын хэмээн ойлгодог. Хоёр суудалт бага оврын онгоцоос нисдэг тэрэг хүртэл, бизнесийн нислэгээс эрүүл мэндийн үйлчилгээ хүртэл, хөдөө аж ахуйн зориулалтаас аялал жуулчлал хүртэл олон хэрэглээ энд хамаардаг.

Санал болгох: Ерөнхий зориулалтын нисэхийг ойлгох нь- Өнгөрсөн, одоо, ирээдүй

Unread

ё бол ёс журмын дагуу

Агаарын тээвэрт төрөл бүрийн дүрэм журам, гэрчилгээжүүлэлт шаардагддаг нь санамсаргүй хэрэг биш. Олон хүний амь нас, эд хөрөнгө яригддаг учир дотоодын болон гадаадын зохицуулах байгууллагуудаас үйлдвэрлэгчдэд төрөл бүрийн стандартын шаардлага тавьдаг.

ж бол жин

Жин бол онгоцны хурд, хүч, даац зэрэг олон зүйлд шууд нөлөөлж байдаг чухал үзүүлэлтүүдийн нэг. Онгоцыг боломжит бага жинтэй байдлаар төлөвлөснөөр хурд болон ачааны даацыг нэмэгдүүлэх боломжтой байдаг.

з бол засвар, үйлчилгээ

Аливаа тээврийн хэрэгсэл, тэр дундаа онгоцыг тогтмол үзлэг шинжилгээнд оруулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж байх нь аюулгүй үйл ажиллагааг хангах хамгийн гол суурь нь болж байдаг. Тиймдээ ч засвар үйлчилгээг өндөр түвшинд хийх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь агаарын тээврийн салбарын гол бодлогын нэг байх учиртай билээ.

и бол иТА

Агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах гол хүмүүс бол инженер техникийн алба юм. Инженер техникийн ажилтнуудгүйгээр нисэхийн салбар нэг өдөр ч оршин тогтнохгүй.

к бол карбон

Карбон нь металлаас хөнгөн учир нисэхийн салбарт түлхүү хэрэглэгддэг. Сүүлийн үед хийгдэж буй бага оврын онгоцуудыг карбон материалаар хийх болсон нь агаарын хөлөг хөнгөн болж, түлш зарцуулалтыг илүү бага болгодогтой холбоотой.

л бол легенда 570

ЗХУ-ын зохион бүтээгч Антоновын бүтээл болох АН-2 агаарын хөлгийн шинэчилсэн хувилбар болох, "Монгол" тодотголтой "Легенда 570" агаарын хөлөг удахгүй хэрэглээнд нэвтрэх юм.

м бол мАИ

МАИ буюу "Монголиан Айркрафт Индастриз" компани нь ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг бүрэн цогцоор нь хөгжүүлэхээр зорьж буй. Тэд "Легенда 570" онгоцыг тоноглохоос гадна засвар үйлчилгээ, бага оврын онгоцны буудал, агуулах, хүний нөөц бэлтгэх сургалтын төв гэхчлэн цогцоор нь шийдэж, Налайх дүүрэгт аэронатикийн төв байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Санал болгох: Mongolian Aircraft Industries - Монгол тодотголтой агаарын хөлгийг үйлдвэрлэнэ

Unread

н бол нисгэгч

Онгоцыг удирдан залах нисгэгчидгүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхий даяар хийгдэж буй нийт нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй онгоц, 1.3 сая нисгэгч энэ салбарт харьяалагдаж байна. Сүүлийн жилүүдэд нисгэгчгүй онгоцны нислэг туршигдсаар байгаа ч чадварлаг нисгэгчид цаашид олон жил орлуулшгүй чухал үүрэгтэй хэвээр байх нь дамжиггүй.

о бол онгоц

Ах дүү Райт 1903 онд өөрсдийн бүтээсэн хөнгөн нисэх онгоцны загвараа амжилттай туршсанаас хойших зуу гаруй жилд онгоц хүн төрөлхтний хөгжлийн түлхүүр, даяарчлалын агент болж ирлээ. Онгоц бидний амьдралыг хөнгөвчилж, нүд тайлж, алс тивд ч хоногийн дараа очих боломж олгосон.

ө бол өндөр

Онгоцны нисэж буй өндрийг гурван төрлөөр хэмждэг. Үүнд, жинхэнэ өндөр, абсолют өндөр, даралтын өндөр орно. Жинхэнэ өндөр нь далайн түвшнээс дээш ямар хэмжээний өндөрт байгааг илтгэх бол абсолют өндрөөр газраас дээшхи харьцангуй өндрийг хэмждэг. Харин даралтын өндөр нь том оврын онгоцны хувьд яригддаг байна.

п бол пратт & Уитни

Ямар ч онгоцны хамгийн гол эд анги нь хөдөлгүүр байдаг. Хамгийн чанартай, хамгийн шилдэг хөдөлгүүр бүтээгчдийг "Их Гурвал" хэмээн онцгойлдогт "Pratt & Whitney", "Rolls Royce", "General Electric" компаниуд багтдаг. Эдэн дундаас агаарын тээврээр дагнан үйл ажиллагаа явуулдаг "Pratt & Whitney"-ийн хөдөлгүүрийг өмнө дурдсан, "монгол" тодотголтой Легенда-570 хөлөгт мөн ашиглаж байгаа гэнэ.

р бол радар

Нисэхийн бас нэгэн чухал элемент бол радар. Легенда 570 онгоцонд нислэгийн цаг агаарын нөхцөлийг тодорхойлдог радарыг суурилуулж өгсөн бөгөөд уг радар нь онгоцны хошуу хэсэгт байрладаг ажээ. Энэ нь онгоцны ойр орчимд буй үүлсийн нягтаршлыг тодорхойлж, цахилгаанжсан үүлнээс хамгаалах, онгоцыг аюулгүй нисгэх чухал хүчин зүйл болдог.

с бол сэнс

Онгоцыг хөдөлгүүрээр нь ерөнхийд нь сэнсэт болон тийрэлтэт хэмээн ангилдаг. Эдийн засгийн үр ашигтай хэрэглээ талаас нь харвал 1000 км-ээс дотогш зайд сэнсэт хөдөлгүүрт, түүнээс дээш зайд тийрэлтэт хөдөлгүүрт онгоц тохиромжтой байдаг гэнэ. Монгол орны газарзүйн онцлогоос шалтгаалан сэнсэт хөдөлгүүрт онгоцыг ашиглах нь тасалбарыг хямд байлгах, хэрэглээг өндөр түвшинд хангах нөхцөл болох ажээ.

т бол такси

"Агаарын такси" гэдэг ойлголт чухам бага оврын онгоц дээр биеллээ олжээ. Өмнө нь олон цаг зарцуулж, чамгүй бэлтгэл хангаж байж очдог цэгүүд рүү хормын дотор зорчих нөхцөл бүрдэж байгаа нь таатай. Аялал жуулчлал, бизнес уулзалт, албан томилолтуудыг илүү хялбар, үр дүнтэй болгох "тэсрэлт" эндээс эхэлнэ.

у бол удирдлагын систем

Автомат удирдлагын систем нь ихэнхдээ өндөр өртөг бүхий том оврын онгоцонд ашиглагддаг байсныг сүүлийн үед ерөнхий зориулалтын онгоц гэлтгүй ашиглаж эхлээд байна. Ингэснээр онгоц өгөгдсөн командын дагуу нисгэгчийн оролцоогүйгээр өндөр, хурд, чиглэл зэргээ автоматаар тохируулан нисэх боломжтой болжээ.

ү бол үйлдвэрлэл

Онгоцны үйлдвэрлэл бол аж үйлдвэрийн хамгийн ахисан түвшний, нарийн нөү-хау шаардагдах салбар. Тиймдээ ч дэлхий даяар 50 орчим улсад л өөрсдийн нэрийн онгоц угсарч, үйлдвэрлэх үйл ажиллагаа явагддаг аж. "МАИ"-ийн хувьд АНУ, ОХУ-ын түншүүдтэйгээ хамтран Монгол улсад үйлдвэрлэсэн загвараа гадаадын орнууд руу гаргах, экспортлогч орон болгох зорилго өвөртлөн ажиллаж байгаа юм.

ф бол Faa

FAA (Federal Aviation Administration) бол АНУ-ын агаарын тээврийн зохицуулах агентлаг. Тус байгууллагаас 2009 онд бага оврын онгоцны дараагийн 20 жилд баримтлах ерөнхий бодлого, чанарын болон аюулгүй ажиллагааны стандартын талаарх баримт бичгийг "Part 23" нэрээр гаргасан юм. Энэ нь өдгөө дэлхийн өнцөг булан бүрд ерөнхий зориулалтын нисэхийн салбарын голлох баримт бичиг болж, гол чиглэл, алсын хараагаа тодорхойлох сууриас гадна аюулгүй ажиллагаа, технологийн үзүүлэлтүүдийн жишиг болдог.

х бол хамтын ажиллагаа

Аливаа салбар өргөжин тэлж, өсөж дэвжихэд оролцогч талуудын хамтын ажиллагаа хамгаас чухал. Ялангуяа шинэ тутам хөгжиж буй салбарт хэрэглэгчдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, ойлголтын зөрүүг арилгах, сорилуудыг шийдвэрлэх зэргээр хамтран шийдүүштэй бэрхшээл их гарна. Бага оврын онгоцны салбарт ч төрийн болон хувийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа зах зээлийг эрчимжүүлж, хурдтайгаар урагшлах боломжийг бий болгоно гэдгийг шинжээчид бидний бэлтгэсэн сурвалжлагад дурдаж байсан билээ.

Санал болгох: Бага оврын онгоц, ерөнхий зориулалтын нисэхийн салбарын тухай мэргэжилтнүүдийн байр суурь

Unread

ц бол цамхаг

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнүүд өндөр цамхгаас онгоцыг агаарт болон газарт аюулгүй явуулах амин чухал ажиллагааг удирдан явуулж байдаг. Агаарт зөрөн нисэх олон онгоцыг зохицуулахад цамхаг нэн чухал.

ч бол чиглэл

Нисгэгчид нэг цэгээс нөгөөд хүрэхдээ GNSS хэмээх системийг ашиглаж, замаа тодорхойлдог. Энэ нь дэлхийн агаарын замыг холбосон цэгүүдийг ашиглан хамгийн хурдан буюу товч замаар эцсийн байршилдаа хүрэх боломжийг олгодог аж. Мөн тухайн чиглэлд буй өөр онгоцтой зөрөх, аюулгүй байдлыг хангах чиглэлийг Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс хангадаг гэнэ.

ш бол шууд нөлөө

Холыг ойртуулж, үр ашгийг нэмэгдүүлдэг учраас агаарын тээвэр бүс нутгийн хөгжилд шууд нөлөөтэй гэж үздэг. Монголд сум хоорондын тогтмол нислэг үйлдэгдэж эхэлснээр орон нутагт дагалдах бизнесүүд үүсэж, түүнтэй зэрэгцэн ажлын байр нэмэгдэн, иргэдийн орлого өсөх потенциалтай. Энэ нь шилжих хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгож, нийгмийн хөгжилд түлхэц болох боломжтой.

э бол эдийн засгийн өгөөж

Ерөнхий зориулалтын нисэхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө нь үлэмж. Энэ салбарыг дагаад зөвхөн нисгэгч, үйлчлэгчдээс гадна засвар үйлчилгээ, сургалт судалгаа, технологи хөгжүүлэлтийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэгдэж, дагалдах бизнесүүд ч хөгждөг. Монголд ерөнхий зориулалтын нисэхийн салбар хүчээ авахын хэрээр багагүй өөрчлөлт гарах биз ээ.

ю бол юу хийж болох вэ?

Ерөнхий зориулалтын нисэхийг хилийн хяналт, шүхрээр буух гэх мэт тусгай зориулалтаар хэрэглэж болохоос гадна ус болон цасан дээр буухуйцаар тоноглон хөгжүүлэх боломжтой байдаг. Бага талбайд хөөрч буудаг, тусгай зогсоол шаарддаггүй бага оврын онгоцыг давхар ус болон цасан гадаргуу дээр буух боломжтой болгосноор үүсэх давуу талуудыг та хэдийн төсөөлж байгаа биз ээ. Аврах ажиллагаа, байгаль орчин судлал гээд ерөнхий зориулалтын нисэхийн салбарт нөөц боломж тун их бий.

я бол яаралтай хэрэглээ

Бага оврын онгоц нь зардал багатай тээврийн хэрэгсэлд тооцогддог учир яаралтай шаардлага гарсан үед хамгийн тохиромжтой сонголт болдог. Яаралтай эмчийн тусламж болсон үед хамгийн алслагдсан бүс нутагт хормын дотор хүрэх боломж бага оврын онгоцонд л бий.