Энэ удаагийн дугаартаа бид эрүүл мэндийн салбарт дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж буй энтерпренер, хөрөнгө оруулагч Т.Адъяатөмөртэй ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан “Индранил” групп нь шүдний эмнэлэг, эмчтэй эмийн сан зэрэг хэд хэдэн чиглэлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй. Мөн тэрээр Монголын анхны “сhangetech“ болох, эрүүл амьдралын хэв маягийн хөтөлбөрүүд, телемедицин үйлчилгээг хослуулсан “Мэнд” аппликейшнийг хамтран байгуулжээ. Энэ арванхоёрдугаар сард "Мэнд" аппликейшнийхээ нээлтийг хийхийн зэрэгцээ блокчейн технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор CARE төслийнхөө токеныг зах зээлд гаргах юм. Ингээд АШУҮИС-ийг төгссөн эмч, энтрепренер Т.Адъяатөмөрийн арга барил, дадал хэвшилтэй танилцъя.

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: "Индранил" группийн ерөнхий захирал, "Care'' төслийн үүсгэн байгуулагч, "Mэнд" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy Note 10 Plus
Хэрэглэдэг компьютер: Dell, Asus Zenbook Pro Duo 15
Сошиал хуудсууд: Adi Adiya (Фэйсбүүк), @adiyatumur (Инстаграм)



1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд эмээтэйгээ өссөн. Намайг гурван настайгаасаа хонь, хурга хариулж эхэлсэн гэдэг юм. Ер нь анагаахад сураагүй бол жолооч болох байсан байх. Жолооч аав минь надад мэргэжлээ өвлүүлчих санаатай тул хими, биологийн олимпиадад ороход нэг их таатай биш, жолооч болохгүй бол авто инженер бол гэдэг байв. Гэхдээ би эмч болсон. Анх хотод ирээд их дэлгүүрийн хажуу хаалгаар гараад төөрч, хойд талд нь гараад бүр уйлж байлаа шүү дээ (инээв). Яг тийм л “оригинал” хөдөөгөөрөө хүүхэд ирж байсан.

Оюутан байхдаа би сургуулийн гадаах зарын самбарыг өдөр бүр хардаг байлаа. Ажилд орох гээд анагаахын сургуулийн гадаа тавьсан зар болгон руу залгана. Ачигч, тогооч, цэвэрлэгч гээд ажил голохгүй хийгээд хэсэг хугацааны дараа учраа олж эхэлсэн. Хажуугаар нь бас шүлэг бичдэг санаатай. Янз бүрийн уралдаан тэмцээнд ороод бас урамшуулал авчихна. Гуравдугаар курсдээ Мед Монгол ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орж, 150 мянган төгрөгийн цалингаар сахарын аппарат зарж эхэлсэн минь анхны албан ёсны ажил байв. Төгсөхөд миний цалин 650 мянган төгрөг болж өссөн байлаа. Харин дөрөвдүгээр курсээс эхлэн хичээл, ажлынхаа хажуугаар таксинд явдаг болсон. Оюутан байхдаа би дүүтэйгээ хамт Анагаахын дотуур байранд амьдардаг байсан юм. Дундаа нэг машинтай, дүүгээ унтаж байхад би, намайг унтаж байхад дүү таксинд явдаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар ажил хийх, таксинд явах, хуучин машин зарах зэргээр хичээсний хүчинд дансандаа 34 сая төгрөгтэй баян оюутан их сургуулиа төгссөн. Спорт машинтай болох мөрөөдлөө биелүүлж ч амжив. Гол нь ажил хийхийн зэрэгцээ хичээл номоо орхигдуулдаггүй, аль алийг нь амжуулдаг байсан шүү. Таксинд хүн хүлээнгээ хичээлээ уншаад суудаг байсан.

Их сургуулиа төгсөхөд есөн газраас ажлын санал ирж байлаа. Надад хамгийн гоё санагдсан нь Эрүүл мэндийн яам байв. Дараа нь нэгдүгээр эмнэлгээс ажиллах санал ирж тийнхүү эмнэлгийн салбарт буцалтгүй хөл тавьсан. Ажилд орсон эхний өдөр жүжигчин Ундармаа эгчийн санаачилгаар Нэгдүгээр эмнэлгийн хүлээлгийн танхимийг засах ажилд томилогдон тэр өдрөө л Ундармаа эгчийн “нарийн бичиг” болчихсон. Чи энэ “Итгэлийн танхим”-ыг зас, Ундармаагийн “туслах” бол гэсэн даалгавар авсан хэрэг. Удалгүй төрийн байгууллага миний байх газар арай биш санагдсан тул гарсан л даа. Үүний дараа резидент эмчээр ахиж сураад, компаниа байгуулсан. Анхны компани амжилт ололгүй дампуурч, түүний дараа эхлүүлсэн төсөл маань дөрвөн ч удаа бүтэлгүйтсэн хэдий ч одоо сайн явж байна. Дараа нь “Индранил” группээ байгуулж, шүдний эмнэлгийн чиглэлээр анх үйл ажиллагаагаа эхэлж байсан.

Одоо бол шинэ компаниудад хөрөнгө оруулах ажлыг илүүтэй сонирхох болсон. Цаашдаа хөрөнгө оруулалт хийх амбицтай байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч байна гэдэг хэцүү. Зөв хүн, зөв төсөл, зөв системийг таних хэрэгтэй болно. Миний хувьд одоо хөрөнгө оруулалтын ажилд гаршихын тулд хоёр талаас нь мацаж байгаа гэж хэлж болно. Нэг талаас стартап компани байгуулан, өөрөө алдаж оноод явж байна. Өөрөө юм гардаж хийж үзээгүй хөрөнгө оруулагч аливаа бизнесийн гүнд орж ойлгохгүй шүү дээ. Нөгөө талаас хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй, мэдлэг, ур чадварт суралцаад явж байна.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манайх гурван хүүхэдтэй. Гачууртад амьдардаг. Өглөө хүүхдүүд маань өрөөнд шуугилдан орж ирснээр миний өдөр эхэлдэг /инээв/. Тэгээд эхнэрээ тэвэрнэ, хүүхдүүдээ тэвэрнэ. Ингэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг би чухал гэж боддог. Босоод шүдээ угааж, дараа нь хоёр аяга буцалсан ус заавал уудаг. Хүүхдүүдээ ч энэ дадалд сургаж байгаа.

Ажилдаа ирээд хамгийн түрүүнд имэйлээ шалгадаг. Дийлэнх ажил маань уулзалт, судалгаа гэсэн хэсгүүдэд хуваагддаг л даа. Гэхдээ манай хамтрагчдын зарим нь гадаадад байдаг тул өдөрт бараг 1-2 цагийг онлайн уулзалтад зарцуулдаг. Сүүлийн үед томоохон төслөө эхлүүлэх гээд өдөр бүр маш олон уулзалт хийж байна.

Ер нь би ихэнхдээ долоо хоногийн зургаан өдөр өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Оройтож ажиллаад гэртээ голдуу 22, 23 цагийн үед харьдаг болохоор бүтэн сайн өдрийг заавал гэртээ, гэр бүлийнхэндээ зарцуулахыг хичээдэг. Хэдэн жилийн дараагаас ажлаа эрс багасгаад гэр бүлдээ илүү цаг гаргахын тулд л одоо нэлээд шаргуу ажиллаж байгаа.


3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би шинийг санаачлах дуртай хүн. Өөр өөр санааг, өөр өөр зүйлсийг хослуулж дундаас нь шинэ зүйл гаргаж авах гэж зорьдог. Хийж буй аливаа ажилдаа яаж шинэ юм хийж болох вэ гэдгийг байнга бодно. Бүтээлч байдлыг дээдэлдэг. “Бүтээлч байдал амжилтын түлхүүр” гэдэг амьдралын уриатай хүн л дээ. Харин бүтээлч байхын тулд эрэл хайгуулч нэгэн байх ёстой. Өнөө цагт цоо шинэ зүйл бүтээнэ гэдэг хэцүү ч хуучин зүйлийг шинэчлэх боломжтой шүү дээ.

Ийм зан чанартай учраас эрсдэл хийх дуртай юм шиг байгаа юм. Тэнэг ч гэмээр том алхмыг заримдаа хийчхээд байдаг. Крипто валютыг эртнээс сонирхсон минь ч үүнтэй холбоотой байх.

Удирдах ажилтны хувьд баримталдаг нэг арга барил бол ажилдаа аль болох дарга, цэргийн хандлага гаргахгүйг хичээдэг. Мөн бүхий л ажлаа технологитой холбож гар утасны апп, платформ ашиглаж системчлэх дуртай. Олон ажил зэрэг хийж, олон багт харъяалагдаж ажилладаг тул бүх л систем, апп дээр ажиллаж чаддаг байхыг эрмэлздэг.



4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ажил, амьдралд хэрэгцээтэй технологийг аль болох сайн ашиглахыг хичээдэг. Танай Unread-ийн “Апп тойм” буланг би хэдэн жилийн өмнө алдалгүй уншдаг байсан шүү. Тэндээс “Trello”, “Wunderlist” зэрэг аппуудтай танилцаж, одоог хүртэл Тrello-гийн үнэнч хэрэглэгч байсаар байгаа. Wunderlist явсаар Microsoft-ийн To-Do апп болсныг нь мөн ашигладаг. Ажлын харилцаандаа Slack-ийг хэрэглэж, уулзалт, хурлуудаа календарьт алдалгүй оруулж байна.

Харин сүүлийн үед хамгийн их хэрэглэж байгаа апп гэвэл миний өөрийн хамтран үүсгэн байгуулсан "Мэнд" апп. Бүх насныханд зориулсан сэтгэл зүй, бие махбод, эрүүл амьдралын хэв маягийн хөтөлбөрүүд болон зайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу "online care" үйлчилгээг хослуулан энэхүү аппыг олон улсын зах зээлд гаргахаар зорьж байгаа. Удахгүй энэ аппликейшнээ хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа болохоор байнга ашиглаж, туршиж, тестэлж байна. Шинэ дадал хэвшүүлэх үйлдлийг нь тогтмол ашиглаж, нам унтаж сургах хөтөлбөрт нь хамрагдаад явж байгаа. Удахгүй манай апп гоё гоё мэдээ дуулгах байх.

Өөр бусад апп гэвэл криптогийн голлох аппуудыг хардаг юм байна. Сагсан бөмбөгийн хорхойтон, Golden State Warriors багийн фэн тул багийн аппыг мөн тогтмол хардаг. Мөн сошиал медиад дажгүй идэвхтэй.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өдрийн хамгийн идэвхтэй байдаг цагаа алдалгүй ашиглаж, ажиллахыг боддог. Өглөө эрт босоод хүүхдүүдээ сэрээлгүй хоёр цаг нам суухад л их ажил нугалдаг шүү. Өдрийн цагаар бол төвлөрч ажиллахад хэцүү.

Дээр үед Д.Энхбат гуайн “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагыг уншихад нэг арга барил нь их таалагдаж байсан юм. Д.Энхбат гуай бас хотоос гадна амьдардаг, тэгээд зарим өдрөө зөвхөн уулзалт хийх зорилгоор хотод орж ирдэг гэж байсан. Би ч тэр жишгээр зарим өдрөө зөвхөн уулзалтад зориулахыг хичээдэг нь их цаг хэмнэх юм шиг санагддаг. Энэ мэтээр бас бусдын зөв зүйтэй арга техникийг шууд хуулаад хэрэглэчих нь өөрөө цаг хэмнэдэг шүү.



6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Би төлөвлөлт хийхэд ер нь онцгой анхаардаг. Анагаахын их сургуульд орсноосоо хойш илүү нарийн төлөвлөдөг болсон. 20 настайдаа юу юу хийсэн байх, 30 настайдаа юунд хүрсэн байх вэ гэдгээ төлөвлөж байлаа. Би өөртөө урт наслах зорилго тавьсан. Хачин сонсогдож байж магадгүй ч 95 нас хүртлээ юу юу хийх төлөвлөгөөгөө гаргасан. Тухайлбал, ажил мэргэжил, нийгэм, хувийн амьдрал дээрээ хэн байх вэ гэдгээр ялган гаргадаг. Цаг хугацаанаас хамаараад алсын хараа, эрхэм зорилго, стратеги ямар байх вэ гэдгийг буулгадаг гэсэн үг.

Жишээлбэл, 2010 онд алсын хараа гэхээр сүйдтэй зүйл байгаагүй зүгээр л сайхан амьдрах зорилготой байсан. Тухайн үед, яасан ч сумандаа амьдрахгүй гэсэн нэг зорилго тавьж байлаа (инээв). Мөн 25 нас хүрээд сайхан гэр бүлтэй болъё гэсэн зорилготой байснаа биелүүлсэн юм байна. Одоо бол залуу насны эрч хүчийг бусдад мэдрүүлэхийн зэрэгцээ өөрөө түүнийгээ мэдэрч амьдаръя гэсэн зорилготой явж байна. Дараа дараагийн зорилгууд гэвэл компанийнхаа энгийн хувьцаа эзэмшигч болох, ментор болох зэрэг төлөвлөгөө бий. Ер нь төлөвлөгөөгөө шинэ оны эхний өдөр шинэчилж, анализ хийдэг. Ямартай ч төлөвлөснийхөө дагуу бага багаар биелүүлж чадаж байгаадаа их баяртай байдаг шүү.


7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Хобби гэвэл би сагсан бөмбөгийн улаан хорхойтон. Сагс тоглоно, сагс үзнэ. Мөн нэг үе машин их сонирхдог байлаа. Их сугуулиа төгсөтлөө шүлэг бичих дуртай байлаа. "Цадиггүй тангараг" нэртэй шүлгийн ном хүртэл гаргаж байсан.

Түрүүнд хэлсэнчлэн ням гарагт сайн амарч, гэрийнхэндээ цаг зарцуулахыг боддог.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Үндсэн ажлуудаа дурлаж хийдэг болохоор хажуугаар нь дурлаж хийдэг зүйл гэж бараг байхгүй дээ. Би залуу байгаа дээрээ маш эрчтэй ажиллаад 45 насандаа тэтгэвэрт гарч, түүнээс хойш хөрөнгө оруулагч, ментор болохыг хүсдэг. Тийм болохоор жижиг менторшип хөтөлбөр эхлүүлж, туршиж үзэж байсан удаатай. Өөрөө зааж зөвлөхөөс илүүтэй бусдыг яриулж, хийж болох зүйлсийг нь чиглүүлээд явсан. Тэтгэвэрт гараад хийхийг хүсдэг ажлаа туршиж үзэх нь сонирхолтой юм билээ.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Яг одоо хоёр салбарт зэрэг ажиллаж байна. Нэг нь миний үндсэн мэргэжлийн салбар буюу эрүүл мэндийн салбар. Манай салбар хүний эрүүл мэнд гэх амин чухал зүйлтэй нягт холбогддог, нэг талаас утга учиртай, нөгөө талаас хариуцлага өндөртэй салбар. Хэн нэгэн бизнес эрхлэгч давхиж орж ирээд хийчихдэг зүйл огт биш.

Нөгөөх нь дээр дурдсан гарааны бизнес, хөрөнгө оруулалтын салбар. Хүнтэй ажиллах, менежментийн ухаан гаргах, зарим үед зүгээр л тэсэх, эрсдэл хүлээх гээд төрөл бүрийн ур чадвар энэ салбарт шаардагддаг. Ковидын үед бизнесийн хувьд олон асуудал, хүндрэлтэй тулж байсан ч яаж ийгээд ажилтнууудынхаа цалинг огт тасалдуулаагүй нь сайхан санагддаг шүү. Хүн л болсон хойно хүнд хэцүү асуудалтай тулгараад сэтгэл санаагаар унах үе бий. Заримдаа хэт залуугаасаа их хариуцлага үүрээд, олон хүн цалинжуулаад явчхаж дээ гэж боддог л юм.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ойрын хугацаанд хоёр ч том төслөө нээх гээд ажиллаж байна. “Мэнд” аппликейшний нээлт энэ сарын 17-нд болно. “Мэнд” маань Монголын хамгийн анхны Change Tech компани болж байгаа юм. Хүний дадал зуршлыг өөрчилдөг бизнес гэсэн олон улсад бий болоод удаагүй шинэ нэр томьёо л доо. Энэ стартап нь таван жилийн дотор таван сая эрүүл амьдралын хэв маягийг бий болгох зорилготой. “Мэнд” аппийн багт олон мундаг чадварлаг залуус гадаад дотоодоос нийлж, нэгдэж ажиллаж байгаа нь гайхалтай бас бахархам хэрэг шүү.

Мөн “Care” хэмээх төсөл дээрээ шаргуу ажиллаж байна. Энэ нь уламжлалт болон блокчэйн технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, ая тухтай хүргэх шийдэл юм. Бид өөрсдийн байгуулсан “Индранил Фармаси Клиник” дээрээ суурилан, бизнес моделио улам төгөлдөржүүлж, цаашид “Care” төвүүдийг Улаанбаатарт олноор байгуулахаар зорьж байна. Мөн энэ төсөлтэй уялдуулан Care токеныг гаргахаар ажиллаж байна. Энэ токен нь цаашид эрүүл мэндийн үйлчилгээний хэрэглээний токен болгох амбицтай. Токеныг гаргах ажилдаа салбар салбарын шилдэг мэргэжилтнүүдийг татан оролцуулж, санхүүгийн, эрүүл мэндийн, технологийн багуудыг бүрдүүлэн ажиллаж байгаа.

Миний хувьд криптовалютыг 2016 оны сүүлчээс сонирхож эхэлсэн. Блокчэйн бол ирээдүй гэдэгт би итгэдэг. Тийм болохоор сайн мэддэг салбартаа энэ чухал технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх гээд зорьж явна. Монголын эрүүл мэндийн салбарт энэ мэтээр шинэ технологи, шинэ хөшүүрэг ашиглаж богино хугацаанд өөрчлөлт гаргах нь чухал байна. “Care” токен эхний ээлжинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргахад чиглэнэ. Монголд энэ төрлийн соёл хараахан төлөвшөөгүй учраас бид бий болгохоор хичээн ажиллаж байна.

Үүний тулд бид өндөр эрсдэл гаргаж байгаа юу гэвэл, тийм. Гэхдээ эрсдэлийг бид өөрсдийн түүх, сайн багаараа тодорхой хэмжээгээр багасгаж байгаа гэж бодож байна. 2025 он гэхэд эрүүл мэндийн нэгэн томоохон шинэчлэлийг хийчихсэн, хүн бүр “Care” төслийг мэддэг, үйлчлүүлдэг, “Care” токентэй болсон байна гэх итгэл үнэмшилтэй ажиллаж байгаа.



11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Би солгой гартай учир бүх зүйлийг солгой гараараа хийнэ. Сагс тоглох дуртай болохоор баруун гарын залалтаа сайжруулахыг хүсдэг байлаа. Баруун гараа хэрхэн сайн ажиллуулах вэ гэж бодож байтал Коби Брайантын “Мамба менталити” номыг уншиж таарсан юм. “Хар Мамба” баруун гартай хэдий ч солгой гарын шидэлт сайн байсан. Солгой гараараа шүдээ угаадаг байсан нь энэ чадварыг эзэмшсэн нууц гэж тэр бичсэн байв. Үүнийг уншаад би баруун гараараа шүдээ угааж эхэлсэн. Шүд угаахад эргэлдүүлэх хөдөлгөөн тун хэцүү. Бага багаар ахиулсаар баруун, солгой гарын эвслээ сайжруулсан шүү. Энэ мэтээр би өөрт хэрэгтэй номоо олж уншихыг хичээдэг. Би “номоо зовоож” уншдаг. Дээр нь тэмдэглэж, зурж, нэлээд удаан уншдаг юм байна.

Сая хөл хорионы үед бүх ажил зогссож байхад хөрөнгө оруулсан компани маань санхүүгийн хувьд хэцүүхэн байдалд орсон юм. Тухайн үед уншиж байсан номоос санаа авч зөвлөгөө өгсний дүнд санхүүгийн нөхцөлийг нэлээд сайжруулж чадсан шүү. Ер нь энд тэндээс хэрэгтэй мэдээлэл олж авлаа гэж үзвэл шуудхан хэрэгжүүлэхийг хичээдэг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Дуу, хөгжимд автаж “эморох” дуртай. Залуусыг сэтгэл хөдлөлөө гаргаж байгаасай гэж боддог. Манай Индранилын эмнэлгүүдэд “эмо хаус” гээд өрөө хүртэл байдаг. Намайг уяраадаг дуучин бол Choi Joo. Түүний дуунуудад маш дуртай. Сүүлд гарсан “Сайн биш байж болох уу” дууг байнга сонсож байна. Ажлаа хийж байхдаа жазз маягийн үггүй аяз сонсож төвлөрдөг. Кино ер нь бага үздэг. Хаа нэг үзэхдээ адал явдалт, “Mad Max” маягийн, фантастик кино үзэх дуртай. Заримдаа романтик, уянгын кино үзэх дуртай. Ер нь хааяа “эморч”, хааяа оргилох зүгээр шүү.

Номын хувьд хэрвээ ямар нэг байдлаар компани удирдаад явж байгаа бол “Ажлын дүрэм” гэдэг номыг уншаарай гэж санал болгоно. Хэрэв та ажилдаа ямар нэгэн байдлаар системтэй дайралт хийх гэж байгаа бол “Хамгийн чухлыг хэмж” номыг заавал уншаарай. Богино хугацаанд системтэй болгож өгдөг ном. Хэрэв та стартап эхлүүлээд явж байгаа бол “Lean Startup” буюу “Дэвшилтэт стартап” номыг бас зөвлөнө.



13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Зөвлөгөө гэхээсээ илүү эмээгийнхээ хэлдэг байсан үгийг хуваалцмаар байна. Би чинь эмээгийн хүүхэд. Эмээ маань хоёр зүйлээр миний сэтгэлд ойр байдаг. Тэнгэр дуугарах, аюул нөмрөх, асуудал гарахад эмээ маань “Ум маани бадми хум” гэдэг байлаа. Би бас ингэж хэлэхээр эмээтэйгээ хамт байгаа мэт мэдрэмж төрдөг. Түүнчлэн эмээ маань “Миний толгойг илээд “Ишшш, миний том толгойтой, том хөлтэй хүү, хол ч явна, их ч олон хүн зарна даа” гэж хэлдэг байсан. Яагаад ч юм эмээгийн хэлснээр л яваад байгаа юм шиг санагддаг. Эмээгийнхээ энэ үгийг би “Адъяа, чи хол явах ёстой”, “Адъяа, чи ухаантай байх ёстой шүү, ихийг хийх ёстой” гэж өөртөө сануулга болгон ашигладаг.


14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хоёр санаа шидье. Нэгдүгээрт, аль болох бүтээлч байхыг эрмэлзээрэй. Эрэл хайгуулч байвал бүтээлч байдал өөрөө нэмэгдэнэ. Асуудал байгаа бол шийдэл байж л байгаа. Тиймээс шийдлийн тухай тасралтгүй хөөгөөд бодвол яаж ийгээд цэг олж, хатгаж л таараа. Тэгээд хатгасан цэг дээрээ үлдэж аливааг тууштай үргэлжлүүлэх нь чухал.

Хоёрт, алдахаас айхгүй байгаарай гэмээр байна. Хүмүүсийг анзаараад байхад алдаж магадгүй гээд хойшоо суугаад байх шиг. Зарим нь хөрөнгө оруулаад мөнгөө алдчих вий гэж айна. Зарим нь ажил хийхдээ хэн, намайг юу гэх бол гэж айна. Санаагаа хэлэхээсээ хүртэл айж байна. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд, алдах зүйлгүй байх үед алдаа хийхээс айгаад ёстой хэрэггүй. Миний туулсан зам тийм болохоор тэр байх л даа. Гэр бүл, ажилтнууд, компанитай болоод ирэхээр өөрийн эрхгүй үгээ цэгнэж эхэлдэг.