Монголын хамгийн анхны цахим мөнгө болох MonPay брэнд, MonPay апп-ын гол давуу тал нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө QR код ашиглан хурдан шуурхай төлөх, худалдан авалтаас хамаарсан урамшуулал хүртэх боломжийг хүн бүрд нээж өгсөнд оршино. 

Басхүү элдэв бичиг цаас хөөцөлдөлгүйгээр түргэн шуурхай зээл авч болох ба саяхан шинэчлэгдсэн MonPay апп зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгосон юм. Монголын цахим мөнгө хэрэглэгчдийн дийлэнх хувь нь үйлчлүүлдэг тус системийн ард шинийг эрэлхийлэгч залуус, ачаалал даах чадвартай хүчирхэг хамт олон буй. Ингээд MonPay брэндийн хамт олон болоод тэдний ажлын арга барилтай танилцъя. 

Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор
Эрхэлдэг ажил: Цахим төлбөрийн систем, зээлийн үйлчилгээ, онлайн худалдаа, lifestyle app
Сошиал хуудсууд: MonPay (Facebook), monpay (Website), monpay.official (Instagram) monpay (YouTube), monpay (LinkedIn), Monpay (Twitter)

1. Танай багийн карьераас, MonPay – ээс бид юу, юуг мэдэх ёстой вэ? 

Б.Үнэнбат, Гүйцэтгэх захирал

Бид Мобиком корпорацын охин компанийн нэг болох "Мобифинанс" -ын MonPay брэнд дээр ажилладаг. 2018 онд "Мобифинанс"-д "Цахим мөнгө гаргах" тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосноор Монголын анхны цахим мөнгө болох Candy бий болсон. Харин түүнээс хойш хоёр жилийн дараа бүрэн шинэчлэгдэж MonPay нэртэйгээр хэрэглэгчдэд цоо шинэ үйлчилгээг үзүүлж эхэлсэн түүхтэй.

Би багаа залуу, шинэлэг хамт олон гэж хэлнэ. Манай багийн 26 гишүүнтэй. Монголын нийт хүн амд хүрч чадахуйц цахим төлбөрийн томоохон системийг хариуцан ажиллаж байгаатай харьцуулбал маш цомхон бүтэц гэсэн үг. Хэрэглэгч нэмэгдэх тусам үүрэг хариуцлага тэр хэрээр ихэсдэг санхүүгийн салбарт бид цомхон, чадварлаг багаар уг том системийг авч явж байна. Тэр ч утгаараа манай залуусын хувьд бүтээгдэхүүнээ нийтэд хүргэхээс эхлээд нэг хүнд ногдох ажлын ачаалал, үүрэг хариуцлага тун өндөр.

Апп-ын маань нэг давуу тал нь үүрэн холбооны сүлжээ хүрсэн аль ч газарт, ямар ч үүрэн операторын хэрэглэгч ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой. Нийслэлээс хэдэн мянган бээрийн цаана алслагдсан орон нутагт ч MonPay үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. Анх SMS дээр суурилсан үйлчилгээ байхад хэрэглэгчдийн тоо бүр ч олон байсан. Учир нь интернэтгүй ч мессэж бичээд л зээл авчихаж болдог байлаа. Гэвч үүнээс үүдээд бусдад хохирол учруулж болохуйц үр дагавар гарч эхэлсэн л дээ. Тиймээс манай баг тус үйлчилгээг хасаж зөвхөн апп-аасаа хэрэглэгчдэд хүрч үйлчлэх нь зөв гэх шийдвэрт хүрсэн.

MonPay-ээр дамжуулан Мобиком корпорац зөвхөн харилцаа холбооны компани байхаас илүүтэй хэрэглэгчдэд life style буюу өдөр тутмын амьдралд нь нөлөөлөхүйц бусад бүтээгдэхүүнийг хүргэе гэж зорьсон. Хүмүүсийн аж төрөхүйд хамгийн чухал, суурь ойлголтуудын нэг нь төлбөр тооцоо яахын аргагүй мөн. Тиймдээ ч энгийн, хялбар, ойлгомжтойгоор төлбөр тооцоог шийдэх гэсэн чухал санаа нь MonPay апп юм. Саяхан бид апп-аа шинэчилж, зээлийн нөхцөлөө уян хатан болгох зэрэг шинэ үйлчилгээ, боломжуудыг хэрэглэгчдэдээ нэвтрүүлээд байна.


2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

М.Бүдбазар, Цахим мөнгөний хэлтсийн менежер

Би өглөө тогтмол зургаан цагт босож нэгэнт хэвшжээ. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх ажилтай тул эрт босоод заншчихсан юм. Үүний дараа ажилдаа найман цагаас хоцролгүй ирэхийг чухалчилдаг. Ажлын ширээний ард суусан даруйд тухайн өдөрт хийх ажлуудаа хамгийн чухлаас нь эхлэн жагсааж, мөнхүү эл өдөрт оролцох ёстой хурал, уулзалтын төлөвлөгөөг гаргадаг.

Хамгийн түрүүнд өмнөх өдрийн борлуулалт, төлөвлөгөөний орлого хэр гүйцэтгэлтэй явж буйг хянах ба дараагийн алхмуудыг яаж хийвэл илүү үр дүнд хүрэх вэ гэдэгт илүүтэй төвлөрч ажиллана. Мөн цахим мөнгөний хэлстийн ажилтан нэг бүрд тулгарсан асуудлыг сонсож хүн болгонд таарсан чиглэл, зөвлөмжийг өгдөг. Үүнээс гадна өмнөх өдрийн "таск"-уудаа ажилтнуудаас нэхэж, ямар үр дүнд хүрсэн зэргийг тооцоолно. Ийнхүү 8-9 цагийн хооронд дээрх ажлуудыг хийж дуусгасны хойно үндсэн ажилдаа төвлөрөх цагийг өөртөө гаргаж чаддаг.

Үүнээс хойш хурал, уулзалтууд тасрахгүй хөвөрнө. Тиймдээ ч зарим үед утсаа авахгүй, дууг нь хаачих тохиолдол бий. Тэр бүрд эхнэр маань бусадтай холбогдох гүүр болж өгдөг. Учир нь би хуралтай байх үеэрээ зогсоолоос машин гарахаар болбол утсаа тэр бүр сахиад суухгүй нь мэдээж. Тиймээс эхнэр над руу зурвасаар холбогдож мэдээлэл дамжуулах жишээтэй. Энэ тухай тэр "Би чиний бусадтай харилцах гүүр болж байна шүү" гэж хошигносон удаа ч цөөнгүй. (инээв) Ер нь ажлын нэг өдөр маань хурлаас хурлын хооронд, шийдвэрлэх асуудал болоод шинэ санаа, шийдлүүдийн дунд маш хурдан, завгүй өнгөрдөг дөө.

3. Таны ажлын нөү-хау? 

А.Алтанбагана, Дижитал бизнесийн хэлтсийн менежер

Манай хэлтэс нийт харилцагчдадаа зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, маркетинг, борлуулалт зэрэг цахим мөнгөний экосистемийг ерөнхийд нь хариуцан ажилладаг. Олон төрлийн ажил үүрэг бүхий хүмүүс манай багт байдаг учраас гишүүн тус бүрийнхээ санаа, сэдлийг нээлттэй сонсож ярилцахыг илүүд үздэг. Ер нь ярилцахгүйгээр аливаа нэг шийдэлд хүрч, ажил урагшлахгүй шүү дээ. Бусдад тушааж, зааварчилгаа өгөхөөс илүүтэй юу хүсэж, ямар шинэ санаа гаргаж буй талаар чөлөөтэй ярилцах нь миний ажлын арга барил юм. Энэ утгаараа ажлын маань 50 хувь нь бусадтай ярилцах байдаг.

Ер нь удирдагч хүн бусдад зааварлах гэхээсээ илүү тэдний шинэ санал, санаачлагыг хүлээн авч бусдадаа дэмжлэг үзүүлдэг байх ёстой гэж боддог. Тэндээс л урагшлах зам тодорхой харагдана.

Эдгээрээс гадна өдөр тутмын ажлын хувьд дараалсан олон уулзалт үргэлжилдэг учир цагаа зөв хуваарилах шаардлага зайлшгүй гардаг. Ажлын цагийг зөв хуваарилах арга барилд суралцаж хэвших нь бусдад болоод өөрт ч чухал.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

А.Баясгалан, Финтек хөгжүүлэлтийн багийн ахлагч

Тогтмол ашигладаг апп гэвэл мэдээж MonPay. Мөн манайх Office 365 програмыг өдөр тутамдаа байнга ашиглахаас гадна цар тахлын үеэс хойш зайнаас ажиллах соёлд шилжсэн учраас Outlook, Teams зэрэг апп-ууд бидний салшгүй хэрэглээ болсон. Мөн манай "Финтек хөгжүүлэлтийн баг" өдөр тутмын ажлуудаа ClickUp програмыг ашиглан хөтөлж явуулдаг. Тус апп нь компьютер, гар утасны хувилбартай болохоор өдөр тутмын ажлуудаа хянахад хялбар байдаг юм.

Мөн хөгжүүлэлтийн хувьд IntelliJ IDEA, VS code, GitLab зэрэг ажилтай зайлшгүй холбогдох програмуудыг тогтмол ашиглана. Харин ажлын бус болон цайны цагаар мессенжер, инстаграм, твиттер гэх мэт олон нийтийн болоод нийгмийн сүлжээний апп-уудыг голчлон хэрэглэдэг. Миний хувьд апп-уудаа аль болох dark mode дээр ашиглахыг хичээдэг.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Б.Түвшинзаяа, Дижитал бизнесийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Хүн аливаа ажлыг мартаж, цалгардуулахгүйн тулд төлөвлөгөө гаргадаг шүү дээ. Би долоо хоногийн эхний өдөр ирээд л ажлуудаа өдөр бүрээр нь төлөвлөчихдөг юм. Өөрийгөө ажиглаад байхад 9-12 цагийн хооронд ажилдаа илүү төвлөрч чаддаг юм шиг санагдсан. Нөгөөтээгүүр бичих юмс дээрээ сайтар төвлөрч, цагаа хэмнэж чаддаг. Энэ арга барилаа ч алдахгүйг хичээдэг шүү.

Үүнээс гадна нэг зүйл бий. Миний хувьд шаардлагатай үед и-мэйл бичиж, хариу хүлээж сууснаас биечлэн уулзаж ярилцаад асуудлаа шийдэхийг хичээдэг. Мөн өөрийн гүйцэтгэж чадахгүй байгаа ажлаа дан ганц өөрөө чадна гэж зүтгэлгүйгээр мэддэг хүнээс нь асуух их чухал. Эс бөгөөс мэддэг, хамгийн сайн хийж чадах дараагийн хүнд шилжүүлэх хэрэгтэй. Басхүү үр бүтээмж муутай уулзалтаас татгалзахаас эхлээд дотооддоо хийдэг уулзалтын үеэр гол асуудлаа ярьж, оновчтой шийдэл гаргахад анхаарал хандуулна. Нэг ёсондоо уулзалтыг товчхон хийнэ гэсэн үг. Энэ мэтчилэн цагаа хэмнэдэг.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? 

Б.Туул, Цахим мөнгөний хэлтсийн ахлах мэргэжилтэн

Байгууллагын хувьд урт болоод богино хугацааны гэсэн ангилалтайгаар жилээс нэг долоо хоног хүртэлх төлөвлөгөөг гаргаж, хэлтэс ба компанийн түвшинд хурал хийн ажлаа ярилцаад гүйцэтгэлээ хянаж явдаг. Урт хугацааны төлөвлөгөөг эргэн харж, ажилчдадаа үргэлж сануулж байдаг.

Харин миний хувьд үдээс өмнө буюу ажилдаа сайтар төвлөрч чаддаг цагтаа тайлан тооцоо, төлбөр зэрэг дээр төвлөрч ажилладаг бол үдээс хойш хувь хүний үүднээс өөрийгөө хөгжүүлэх ба бусад судалгаа, ажлын сайжруулалт дээр ажиллана. Нэгэнт иймэрхүү байдлаар ажлаад сурчихсан болохоор энэ нь ажлын төлөвлөлт болдог юм уу даа. Мөн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, тухайн өдөрт хийгдэх ёстой чухал ажлуудаа дугаарлан тэмдэглэдэг. Ингэхдээ хар, улаан хоёр өнгийн бал ашиглана. Хар өнгийн балаар хийх ёстой ажлын жагсаалтаа гаргадаг. Түүний дараа гүйцэтгэсэн ажлуудаа улаан балаар дарж зурах буюу дутуу, сайжруулах ёстой ажлыг бөөрөнхий дүрсээр тэмдэглэнэ.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ? 

Б.Цэрэнчунт, Хамтын ажиллагааны мэргэжилтэн

Эрч хүчийг сэлбэх олон арга бий. Харин би үүнээс хоёрыг нь түлхүү хэрэглэдэг.

Нэгдүгээрт өглөө эрт босох. Өглөө эртлэн босох нь оюун ухааныг сэргэг байлгаад зогсохгүй кофегоо чанаж уугаад л эрч хүчээ нөхчихнө. Заримдаа яаруу ажилтай үед кофегоо ууж амжихгүй байх нь ч бий. Энэ үед чөлөөт цагаараа ажлынхантайгаа цахим тоглоом тоглож тархиа амраадаг.

Хоёрдугаарт дасгал хөдөлгөөн. Бид удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс болохоор дасгал хөдөлгөөн маш чухал. Спорт зааланд бэлтгэл хийхэд заавал тамирчин байх албагүй шүү дээ. Аливаа нэг санаа шийдэл олох эсвэл төвлөрөх шаардлагатай үедээ би зааланд бэлтгэл хийдэг. Басхүү бухимдаж, оюун санааны нөхцөлд ядарч, хямрах тохиолдол гарвал фитнес зааланд орж бэлтгэлээ үргэлжлүүлдэг. Үүнээс л өдөр тутмынхаа эрч хүчийг нөхөж авдаг даа. Харин зуны цагт төлөвлөж байгаад үүргэвчээ үүрэн аялалд явж, байгалийн сайхан, цэвэр агаарт гарснаар бүтэн жилийнхээ эрч хүчийг нөхнө.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Э.Амар-Амгалан, Дизайнер

Мэдээж үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг зүйлс олон. Харин үүнээс онцолбол сүүлийн хоёр жилийн хугацаанд дижитал арт болон photo manipulation төрлөөр өөрийнхөө авсан зургуудыг засварладаг болсон. Зураг авах сонирхол маань улам бүр нэмэгдсэн учраас Улаанбаатар хотын орчныг өөрийнхөө нүдээр тольдсон сонирхолтой өнцгөөс зураг дарж, бусадтай хуваалцаж байгаа.

Засварласан зургуудыг amraacious, харин гэрэл зургуудтай маань atmoshere_ulaanbaatar инстаграм хаягуудаас харж болно шүү.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? 

А.Алтанбагана, Дижитал, бизнесийн хэлтсийн менежер

MonPay апп бол санхүүгийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчдийн төлбөр тооцоог хамгийн энгийн, хялбар байдлаар буюу цогцоор нь шийдэж чадах систем.

Өдгөө зах зээл, технологийн шийдлүүдээ дагаад хүмүүсийн хэрэгцээ ч хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцэж алхахын тулд бид өдөр бүр шинэ санаа бодож, цаг үргэлж урагш тэмүүлж ажиллах хэрэгтэй. Тиймдээ ч ажлын онцлогоо "Өдөр бүр завгүй" гээд тодорхойлчихвол онох байх. Ингэснээр үргэлж суралцаж, бусадтай санаа бодлоо солилцон тэднийг дэмжиж ажиллах зэргээр нийгмийн амьдралд хариуцлагатай иргэн байх үүргийг жинхэнэ ёсоор ухамсарладаг. Үүнээс гадна төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүстэй уулздаг болохоор салбар бүрийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байхыг чухалчлан үзнэ. Энэ нь миний ажлын арга барилд эерэгээр нөлөөлөхөөс гадна хувь хүн талаас ч өсөж дэвжих боломжийг олгодог.

Харин бэрхшээлтэй тал нь эерэг байдлаа дагаад үүсчхэж байгаа юм. Завгүй ажиллахын хэрээр нөгөө талдаа хувийн амьдрал орхигдох нь бий. Амралтын өдрүүдэд хүртэл зарим эвент, арга хэмжээнд оролцдог тул хувийн амьдралдаа цаг зарцуулж чадахгүйд хүрдэг ч ажилдаа дуртай, бизнесээ сайжруулж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүргэхийг үргэлж зорьдог болохоор ажил маань надад эрч хүч, урам зоригийг өгдөг.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө? 

М.Бүдбазар, Цахим мөнгөний хэлтсийн менежер

Уншигчид маань сайн мэдэж байгаа болов уу. Саяхан MonPay апп-ын шинэчилсэн хувилбар хэрэглэгчдэд хүрсэн. Уг ажлыг урт хугацаанд сайтар төлөвлөснөөс гадна өргөн хүрээтэй, томоохон баг гүйцэтгэж дуусгасан юм. Одоо харин бүтээгдэхүүнээ хэрхэн зах зээлд хүргэх, оновчтой байршуулах вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Түүнчлэн зээлийн үйлчилгээ шинэчлэгдэж уян хатан нөхцөлтэй болсон. Энэ мэтчилэн зүйлсийг хэрэглэгчдэд сайтар таниулсны дараа цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргахаар төлөвлөсөн.

Нэмж хэлэхэд бид PUBG, Mobile Legends гэх мэт цахим тоглоомын бүтээгдэхүүнийг борлуулдаг. Өөрөөр хэлбэл онлайн тоглоомын цэнэглэлтийг MonPay апп-аас хийх боломжтой. Үүнийгээ өргөжүүлэн цахим тоглоомын шинэ төрлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаагаа дуулгая.

Өдгөө манай улсад финтек салбар хөгжиж байгаа учир томоохон хэмжээний хөрөнгө татах ажил дээр сайтар төвлөрч байна. Уг ажил шийдэлд хүрч чадвал зах зээл дээр цоо шинэ үйлчилгээг хүргэж, өрсөлдөгч нараас давуу байдлыг хэрэглэгч нартаа олгон үнэ цэнийн баталгааг бий болгох боломжтой.



11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ? 

Б.Түвшинзаяа, Дижитал бизнесийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Сүүлийн саруудад өглөө ажилдаа явахаасаа өмнө өөртөө жаахан ч атугай цаг гаргадаг болсон. Бусад үед ажилдаа төвлөрөөд өөртөө цаг гаргах боломж хомс. Тиймээс өглөөд юм унших, дотооддоо төвлөрөх зэргээр "би"-дээ цаг гаргах болжээ. Мөн аливаа зүйлд үргэлж сониуч байдлаар ханддаг. Тухайн зүйлийг сонирхоно гэдэг нь таньж мэдэхийн эхлэл шүү дээ.

Түүнчлэн надаас илүү мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, туршлагатай хүмүүстэй ойр байж, тэднээс суралцахыг эрмэлздэг. Тэр ч утгаараа манай компанид дотоод сургалт, хөтөлбөрүүд зохион байгуулагддаг юм. Иймэрхүү менторшипийн үеэр мэдэхгүй зүйлээ бусдаас асууж, тодорхой хариултыг олж авдаг.

Миний хувьд подкаст сонсож, оюун сэтгэхүйгээ хөгжүүлэхээс гадна биеийн эрүүл мэнддээ мөн анхаарч, бие махбодио саруулсгаж байх нь чухал гэж боддог. Тиймдээ ч алхах, иог хийх зэрэг нь өөрийгөө хөгжүүлж байгаагийн нэг хэлбэр болов уу. Өөрийн олж авсан мэдлэг, туршлагыг олон жил үр бүтээлтэй ашиглахын тулд эрүүл мэндийн хувьд ч хүчирхэг нэгэн байх хэрэгтэй шүү дээ.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Б.Туул, Цахим мөнгөний хэлтсийн ахлах мэргэжилтэн

Хүн бүр өөр, өөрийн ертөнцтэй. Тиймээс аливаа ном юм уу хөгжмийг оноон нэрлэхэд жаахан төвөгтэй байдаг. Мэдээж хувь хүний зүгээс өөрийн сонирхсон номуудыг олж унших сан гэж хичээдэг. Сүүлийн үед хувь хүний хөгжлийн тухай номууд түлхүү сонирхож байгаа. Гэхдээ ямар ч номыг уншсан бай өөрт хэрэгтэй зүйлийг тухайн бүтээлээс ухан ойлгож амьдралдаа бодитоор хэрэгжүүлж чадвал илүү үр дүнтэй байх нь мэдээж. Ямартаа ч энэ удаад "Atomic Habits" номыг санал болгоё.

Харин киноны хувьд үзэгчдэд өгөөжтэй, зарим үед мэдрэмж хөглөсөн, хөнгөхөн цувралуудад дуртай. Жишээ нь Friends цуврал байж болно. Мөн сүүлийн үед Монголын кино урлагт шинээр мэндлээд буй Voo originals-ын "Тэгри Чину" олон ангит бүтээлийг нэрлэмээр байна.

Atomic Habits буюу "Энгийн дадал" номын тухай энд дарж уншаарай

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

Н.Номин, Зээлийн мэргэжилтэн

Их сургуульд суралцаж байх хугацаанд багшийн маань хэлсэн зөвлөгөө санаанаас огт гардаггүй. Тэр нь хандлагын тухай юм л даа.

Багш минь "Хүн зөвхөн өндөр боловсрол, ур чадвартай байсан ч зөв хандлагатай биш л бол гүйцэтгэж байгаа ажил, аливаа төсөл нь урт хугацаандаа үр шим багатайгаас гадна эргээд дурсагдах нь ховор байдаг. Харин эерэг, зөв хандлагатай хүн хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг учир хурдан суралцаж, тухайн ажлыг өндөр гүйцэтгэлтэй хийх бүрэн боломжтой. Тиймээс нэн тэргүүнд зөв хандлагатай болох нь хамгийн чухал" гэж хэлсэн.

Их сургуулиа төгсөөд ажил дээр гарсан хойно багшийнхаа хэлсэн үгийг сайтар ойлгож авсан. Үнэхээр л амжилттай ажилладаг, хамт олон дундаа нэр хүндтэй, чадварлаг хүмүүс үргэлж л эерэг, зөв хандлагатай, найрсаг нэгэн байж таардаг. Тэднээс л өдөр бүр суралцаж, багшийнхаа хэлсэн зөвлөгөөг санан зөв хандлагатай хүн байхыг хичээн ажиллаж байгаа.

14. Бусдад шидэх санаа? 

Б.Үнэнбат, Гүйцэтгэх захирал

MonPay апп хэрэглэгчдэд энгийн, хялбар, шуурхай үйлчилгээг санал болгодог. Үүнээс "энгийн" гэдгийг онцолмоор байна. Өдгөө дэлхий даяар дижитал технологи хурдацтай хөгжиж байгаа хэдий ч зарим технологи суурьтай компаниудын бүтээгдэхүүн хэрэглэгчээс наад захын комьпютерийн мэдлэг, ур чадвар шаардах болсон. Харин бид энэ асуудлыг хүмүүсийн хэрэгцээнд зориулан хөнгөвчлөхийг зорьж байна. Найман настай балчираас 80 настай эмгэн хүртэл ойлгодог "энгийн" үйлчилгээтэй системийг нэвтрүүлж байгаа хэмээн ойлгоход болно.

Үүний тод жишээ гэвэл MonPay апп-ыг нээнгүүт дансны үлдэгдэл нь тодоос тод харагдаж байгаа явдал. Хэрэглэгч мөнгө шилжүүлэх эсвээс цэнэглэх гэсэн хоёрхон үйлдэлтэй. Зээлийн хувьд бол төлөх, авах гэдэг мөн л хоёр сонголт бий. Тиймээс бид хүмүүсийг цахим түрийвчтэй болж, түүнийгээ ашиглан урамшуулал оноо цуглуулаад өгөөжийг нь хүрт хэмээн уриалаад байгаа юм.

Харин апп-ын хувьд мэдээж хэрэглэж, туршиж үзсэний дараа өөрт тохирох сонголт хийхэд оройтохгүй.