НҮБ-ын цөлжилттэй тэмцэх Талуудын 17-р бага хурал (COP17)-ын хоёр дахь долоо хоног хөл хөдөлгөөн дүүрэн үргэлжилж байна. Бүс нутгуудын хурлаас үндсэн хурал руу шилжсэн уг долоо хоногт тал газар, бэлчээрийн экосистемийн асуудлыг бүр ч өргөн хүрээнд, нарийн чиглэлүүдээр авч хэлэлцэж байна. Тэдгээрийн нэг нь "Хөрс, тал газрын тэсвэржилтийг тэтгэх тогтвортой санхүүжилтийн өндөр түвшний хэлэлцүүлэг" юм. 

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Монголын арилжааны банкуудын удирдлага, аймаг аймгийн малчдын төлөөллийг ч нэгтгэсэн тус дугуй ширээний арга хэмжээ нь бэлчээрийн мал аж ахуйг тэтгэх санхүүжилтийн онцлог болоод цаашид хэрэг болох дэвшилтэт шийдлүүдийн тухай тал талын туршлага, санал бодлыг солилцох талбар болсон юм. Ингээд хэлэлцүүлгээс онцлох агуулгыг хүргэе.

Тогтвортой санхүүжилт ба бэлчээрийн мал аж ахуй

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээн дэх анхны үйл ажиллагааны хөтөлбөр (Аction agenda) нь COP16-аар гангийн тэсвэржилт, даван туулалт руу чиглэсэн Эр-Ръядын төлөвлөгөө. Тэгвэл хоёр дахь буюу манай улсад зохион байгуулагдаж буй СОР17-аар батлагдсан нь Тал хээрийн төлөвлөгөө. Тэр дундаа дэлхийн хуурай газрын талаас илүүг эзэлдэг бэлчээрийн экосистем нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, уур амьсгалын тэсвэржилтэд асар чухал үүрэгтэй тул энэ жилийн хурлаар онцгойлон хэлэлцэгдэж буй. СОР17-ийн хоёр дахь долоо хоногийг эхлүүлсэн “Санхүүжилтийн өдөр”-ийг тохиолдуулан Голомт, ХААН, Хас банкны удирдлагууд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкын төлөөлөл болон нутгийн малчин иргэдтэй нэгэн танхимд чуулж, бэлчээрийн мал аж ахуй, газрын доройтлын асуудлыг шийдэх санхүүжилтийн арга замуудын тухай хэлэлцлээ.


Монголын бэлчээрийн мал аж ахуйн онцлог нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдлыг үл харгалзан, тооцоолоход бэрх олон хүндрэлийг нэн яаралтай даван туулах шаардлага. Орлогын урсгал нь улирлын шинжтэй малчдын нуруун дээр өөрсдөөс бүрэн хамааралгүй гэнэтийн зардлууд нэмэгдэхэд санхүүгээ хяналтдаа авч, саадгүй амьжиргаагаа залгуулахад асуудал тулгарах нь цөөнгүй. Тиймээс тус салбарыг санхүүжүүлж, тогтвортой дэмжих бодлого харьцангуй уян хатан, өндөржүүлсэн эрсдэлийн менежменттэй байх хэрэгтэй билээ. Тэгвэл энэхүү дугуй ширээний хэлэлцүүлгээр малчдын санхүүгийн баталгаат байдлыг хангах чиглэлд арилжааны банкуудын санал болгож буй ногоон лизинг, зээл тэргүүтэй санаачилгууд, тэдгээрийн хүртээмж, өгөөжийг нэмэгдүүлэхэд шаардагдаад буй талуудын түншлэл, санхүүжилтийн төсөл, хөтөлбөрийн ил тод, ойлгомжтой байдлын тухай яриа өрнүүлсэн юм.

хэр урт хугацаатай ногоон санхүүжилт үр дүнтэй вэ?

Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа

Дотоодын арилжааны банкууд болон санхүүгийн байгууллагууд бэлчээрийн аж ахуй, цөлжилтийн эсрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд урт хугацааны зээл зайлшгүй шаардагддаг ч ихэнх нь таван жилээс илүүгүй хугацаатай ногоон зээлийг олгож буй. Гэтэл уур амьсгалын эрсдэл, газрын доройтлыг даван туулахад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг арилжааны банкууд 7-15 жилийн хугацаатай санхүүжилтээр дэмжиж байж үр шимээ өгдөг талтай. Ингэж зээл олгохын тулд тухайн төсөл урт хугацаандаа ямар өгөөжтэй байхыг хэдэн жилийн өмнөөс ч тооцоолох хэрэг гардаг ба энэ хүрээнд гаднын туршлагатай байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах хэрэгцээ гардаг.

Аливаа төсөл, хөтөлбөр магад 10 жилийн дараа монгол нутаг, малчид, бэлчээрийн мал аж ахуйд ямар өгөөжтэй байхыг шууд олж харахад хэцүү учир арилжааны банкууд шийдвэр гаргалтаа:

- Төрийн байгууллагууд
- Олон улсын хөгжлийн банкууд
- Зохицуулагч байгууллагууд
- Судалгаа шинжилгээний багууд
гэхчлэн бусад олон талын хамтын ажиллагаанд үндэслэвэл илүү оновчтой болов уу.


Дотоодын арилжааны банкуудын ихэнх зээл дотоодын хадгаламж, харилцах буюу 12 сар хүртэлх богино хугацаат эх үүсвэртэй байдаг тул эдгээрт найдаж урт хугацааны зээл олгох нь эрсдэлтэй. Голомт банкны хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд урт хугацаатай бонд гаргаж, хөгжлийн банкуудтай хамтран ажиллах байдлаар найдвартай санхүүжилтийн эх үүсвэрийг олшруулахаар ажилладаг. Нэмээд ус, ойн, бэлчээрийн аж ахуй гэхчлэн төрөлжсөн салбарын онцлогийг ойлгож, оновчтой санхүүжүүлэхэд мэргэжлийн өнцөг, туршлагуудыг идэвхтэй судалж байна.

Саяхнаас бид “Ногоон өрх” гэх ногоон лизингийн бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад буй. Үүгээр нэгдсэн эрчим хүчний цахилгааны сүлжээнд холбогдоогүй, эсвэл цэвэр, бохир усанд хамрагдаагүй алслагдсан аймгийн малчид хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан өөрсдийн хэрэглээнд нийцсэн төхөөрөмжүүдийг худалдаж авах боломжийг олгоно. Ташрамд дурдахад, та эрхэлж буй бизнесээ “ногоон” гэж харвал ойролцоох арилжааны банкны салбартаа хандан ногоон, цэнхэр эсвэл санхүүгийн хүртээмжид хамрагдах нийгмийн талын зээлийн алийг авах боломжтойг судлуулахад нээлттэй байдаг. Энэ мэтээр тогтвортой, ээлтэй санхүүжилтийн шийдлийг өргөжүүлэхэд малчид, нутгийн иргэдийн оролцоо ч нэн чухал.

Хамтын ажиллагаа яагаад чухал вэ?

Ксения Брокманн, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Төв Ази, Кавказ, Турк хариуцсан Ногоон санхүүгийн тогтолцооны (GFS) тэргүүн

Өнөөдрийн хэлэлцүүлгээс барьж авсан хамгийн чухал санаа нь хамтын ажиллагааны үнэ цэн. Учир нь орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үеэрх бэлэн байдлыг дээшлүүлэх, бэлчээрээ эргэн сэргээх зэрэг асуудлыг нэг байгууллага дангаар шийдэх боломжгүй. Монголын арилжааны банк, тэдний харилцагчид, хөгжлийн байгууллагууд болон донор түншүүдийн зорилго ч нэг зүгт буйг харлаа.

ЕСБХБ-ны хувьд урт хугацааны санхүүжилт босгох, олон улсын зах зээлээс нэмэлт хөрөнгө татах чиглэлээр анхааран ажиллаж байгаа ч дэлхий дахиныг хамарсан байгаль орчны асуудлыг тогтвортой, ээлтэй санхүүжилтээр даван туулахад зөвхөн мөнгө хангалтгүй. Малчид, орон нутгийн иргэдэд тогтмол мэдээлэл, шинэ технологи, дижитал шийдэл, итгэж болохуйц сайн туршлагыг хүргэхээс эхлээд илүү хүн төвтэй санаачлагууд мөн чухал. Банк ч нэг удаагийн зээл олгохоос илүүтэй харилцагчаа урт хугацаанд дэмжиж, үе шаттай хөрөнгө оруулалтыг санхүүжүүлснээр малчид, орон нутгийн иргэд газар ашиглалт, бэлчээрийн менежментээ аажмаар сайжруулах боломж бүрдэх болов уу.

Монгол Улсын томоохон давуу тал бол залуус. Тиймээс ч нүүдлийн аж ахуй, газар орноо хамгаалж ирсэн уламжлалт арга ухаантай хослуулах олон шинэ санаачилга төрөх боломж их бий гэж хардаг. Мэдээж ийн бий болсон инновацийг урт хугацаанд хэрэгжүүлэхийн тулд бодлого, санхүүжилт, дэд бүтцээр дэмжих бусад талуудын оролцоог орхигдуулж болохгүй. Ер нь төрийн бодлого хэр тогтвортой, хамгийн гол нь ойлгомжтой байхаас шалтгаалж талуудын үйл ажиллагаа, үүрэг оролцоо нягт уялдана шүү дээ.

малчдын төлөөлөл юу хуваалцав?

Дорноговь аймгийн Айраг сумын залуу малчин М.Бямбаахүү

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой банк санхүүгийн байгууллагуудтай хийсэн өнөөдрийн хэлэлцүүлэгт малчдаа төлөөлөн оролцож, бодлого, санаачилгын хэрэгжилт хөрсөн дээр хэрхэн бууж байгаа талаар хэлэлцэх боломж тохиолоо.

Газрын доройтол, цөлжилтийн асуудлыг сөхөхдөө малын хэтийдсэн тоо толгойгоос гадна бэлчээрийн менежментийг авч хэлэлцэх чухал. Малаа хэрхэн услах, бэлчээх малчдын хариуцлагаас гадна уст цэгийн хомсдол, газар ашиглалтыг хязгаарлаж буй гаднын үйл ажиллагаа ч үүнд хамаатай болов уу. Говь газар ган ч болно, зуд ч болно. Хатуу, ширүүн уур амьсгалтай энэ бүсэд байгалийн давагдашгүй хүчин зүйл ихтэй учир гэнэтийн санхүүгийн хэрэгцээ их гардаг. Наанадаж зуд тохиоход зөөврийн сууц, саравч, хороо авах гэж нэн яаралтай зээл авна. Тиймээс банк санхүүгийн байгууллагууд илүү уян хатан, малчдын бодит байр байдлыг харгалзаж үзсэн зээлийн нөхцөл санал болгоосой гэж хүсдэг.

Угтаа малчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг атлаа хамгийн хариуцлагатай төлөгч байдаг. Малын гаралтай бүтээгдэхүүндээ хангалттай нэмүү өртөг шингээх, зах зээлд шударгаар үнэлүүлэх боломж хомс байдаг учир зөвхөн байгалийн гэлтгүй нийгмийн хүчин зүйлсээс үүдэлтэй санхүүгийн эмзэг байдал их үүснэ. Энэ нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд урсгал зардал бага байдаг нь нэмэртэй байдаг юм. Эсрэгээрээ эрчимжсэн мал аж ахуй руу шилжчихвэл чөлөөтэй бэлчиж, идээшдэг монгол малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэ өртөг ч дагаж хэлбэлзэх вий гэж эмээх малчид олон бий.

COP17 хурал өндөрлөхөд ердөө гурав хоног үлджээ. Өчигдөр Усны өдөр байсан бол өнөөдөр Газрын өдөр. Маргааш биднийг Хүнс ба хөрсний аюулгүй байдлын өдөр хүлээж байна.

Хуралтай холбоотой онцлох агуулгыг доорх нийтлэлүүдээс алдалгүй уншаарай:

COP 17: “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-аас онцлох шийдлүүд

Банк болон байгаль хамгааллын хоршил: Голомт банк, Монголын Байгалийн Өв Сангийн хамтрал

COP17: Өнгөрсөн долоо хоногийн хурлаас онцлох 10 үйл явдал

COP17-ийн ажлын алба, оролцогчид

COP17 Монголд юу авчрах вэ?

Бусад онцлох мөчүүд