Бодлогын мэтгэлцээний арав дахь дугаарт бидний ирээдүй болсон хүүхдийн талаар, тэр тусмаа тэдний эрх манай нийгэмд хэрхэн зөрчигдөж буй талаар мэтгэлцсэн юм. Сэтгэл эмзэглүүлэм тоон баримт дурдахад сүүлийн таван жилд хүчингийн гэмт хэргийн улмаас шүүхийн шинжилгээний байгууллагад үзлэг, шинжилгээ хийлгэсэн 4477 хүүхэд байна. Гуравхан сая хүн амтай манай улсад энэ тоо хэтэрхий ахдахгүй гэж үү?

Өнөөдөр хүүхдийн төлөө “За” гэж хэлэн хүн олон ч үйлдэл хийх нь тун цөөн манай нийгэмд томчуудын оролцоо хангалтгүй, төрийн бодлого хүртээмжгүй байгаа нь олон тоон баримт, бодит жишээгээр нотлогдоно. Тэгвэл эл асуудлыг газар авхуулахгүй, цааш даамжруулахгүй байхад УИХ-ын ес дэх сонгуульд нэр дэвшигч нам, эвслүүд ямар бодлого баримталж буйтай танилцъя.


1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

3-р дугаарын тойм

4-р дугаарын тойм

5-р дугаарын тойм

6-р дугаарын тойм

7-р дугаарын тойм

8-р дугаарын тойм

9-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

10-Р ДУГААР “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?


ХҮН намаас 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Энхмаа - Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн их эмч, ОХУ-ын Москва хотын Анагаах ухааны 2-р дээд сургуулийг “Диакомс” компьютер оношилгооны их эмч, Анагаах ухааны их сургуулийг Зүү төөнүүрийн их эмч, дүрс оношилгооны их эмчээр төгсжээ. Тэрээр АУ-ы магистр, ШУТИС-ийн Техникийн ухааны докторант бөгөөд “Эрүүл хүүхэд алдар сан” ТББ-ын тэргүүнээр ажилладаг.

Үнэн ба зөв намаас жагсаалтын 14-т нэр дэвшигч С.Майцэцэг - Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Үнэн ба зөв намын нийслэлийн намын дарга, Top genius сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигч М.Нямгэрэл - МУИС-ийг урлаг судлаач багш болон урлан судлалын ухааны магистр, Австри улсын Зальцбург хотын Парис Лодроны их сургуулийн Герман хэлний дээд сургуулийг улс төр судлаачаар төгссөн. ЕБ-ын 115-р сургуулийн багш.

Иргэний зориг ногоон намаас жагсаалтын 2-т нэр дэвшигч М.Нарантуяа-Нара - Их Засаг олон улсын их сургуулийг гааль татварын эдийн засагч, Токиогийн урлагийн их сургуулийг гоцлол дуулаач, СЭЗИС-ийг Төрийн удирдлагын магистраар төгссөн бөгөөд “Охь бал бурам” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Монгол Ардын намаас жагсаалтын 16-д нэр дэвшигч О.Номинчимэг - АНУ-ын Колумбиа хуулийн сургуульд хууль зүйн магистр, Япон улсын Токиогийн их сургуульд харьцуулсан эрхзүйн магистр, мөн сургуульд эрхзүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй. Тэрээр Нийслэлийн Засаг даргын Нийгмин бодлого, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна.

Ардчилсан намаас жагсаалтын 26-д нэр дэвшигч Р.Булгамаа - Эрдмийн их сургуулийг боловсролын удирдлагын докторын сургалтаар төгссөн. АНУ-ын Импакт улс төрийн хөтөлбөр, удирдлагын академид төрийн удирдлагын магистр, Улаанбаатар эрдэм их сургуульд бизнесийн удирдлагын магистр, Их Засаг олон улсын их сургуульд бакалавр, магистрын зэрэгтэй. “Алтан гэрэгэ” хуулийн фирмийн захирал, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

ЮУ ЯРИВ?

ХҮН намаас 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Энхмаа

1. ХҮН намын мөрийн хөтөлбөр маш товч бөгөөд тодорхой. Бид хүчирхэг эдийн засгийг бий болгож, хүндээ зориулсан хөрөнгө оруулалтыг хийн хүний эрхийг дээдэлсэн цөөн, чадварлаг, авлигагүй төрийг бүтээнэ. (1-р үе Нээлттэй индэр)

2. ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгаснаар бие бялдар, сэтгэлзүй, оюун ухааны хувьд эрүүл бие хүнийг зохицлоохын тулд бага сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрөөр хүүхдийн өдөрт авах ёстой шим тэжээл хангагдаж байгаа эсэх дээр нарийвчилсан судалгаа хийхээс гадна төсвийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийг суурь цогцоор нь өөрчлөх шинэчилсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ эрдэмтэн, судлаачидтай хамтран цогц хөтөлбөр хэрэгжүүлж, шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнсний материалыг үндэсний үйлдвэрлэлээс хангаж, эрүүл ахуйч эмч, мэргэжлийн тогооч, мэргэлийн хоолзүйч нарын баг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үйлдвэрлэх нь зүйтэй. (2-р үе Халз мэтгэлцээн “Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн чанартай, эрүүл хоол хүнсний хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ?”)

3. Морь унаач хүүхдүүдэд тулгардаг эрүүл мэндийн асуудлаас гадна тэд сургууль завсардаж, сурч боловсрох эрхээ эдэлж чаддаггүй. Сургуулиуд нь хүртэл тогтсон соёлоороо морь унаад ирсэн гэвэл дүнг нь тавьж өгөөд дээш нь явуулдаг. (3-р үе Иргэдийн асуулт “Гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь хурдан морь унаач хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх вэ?”)

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ураг байхаас нь оношилж, эрт илрүүлсэний дараа эмчлэх нь хамгийн гол асуудал. Тухайлбал аутизмтай хүүхдүүдийг яаж эмчлэх боловсролын болон эрүүл мэндийн арга зүй одоог хүртэл манай улсад хангалтгүй байна. Тиймээс энэ тал дээр тусгайлан судалгааны баг гаргаад олон улсын эмчилгээ, оношилгооны технологиос гадна Монголын уламжлалт анагаах ухааны давуу талуудыг яаж оролцуулж болох тал дээр анхаарах хэрэгтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгаалал, хүртээмжийн асуудалд ямар бодлого баримтлах вэ?”)

5. Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын тогтолцоог систем гэж үзэх хэрэгтэй байна. Бүтэн систем гэж үзэхгүй байгаа учраас төсвийн буруу зарцуулалт явагдаж байгаа. Хоёрдугаарт, хүүхэд хамгааллын тал дээр мэргэшсэн хүний нөөц байхгүй, одоо байгаа мэргэшсэн байгууллагууд нь хүрэлцэхгүй байна. (5-р үе Хаалтын илтгэл)


Үнэн ба зөв намаас жагсаалтын 14-т нэр дэвшигч С.Майцэцэг

1. Өнөөдөр бид энд хүүхэд хамгаалал болон сурч хөгжих боломжийн талаар мэтгэлцэхээр ирсэн. Энэ бол Монгол Улсын хувьд хамгийн чухал асуудлуудын нэг гэж миний хувьд үзэж байна. Өвчлөл, хүчирхийлэл, амиа хорлолт, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эмзэг асуудлын талаар бид хэлэлцэнэ. (1-р үе Нээлттэй индэр)

2. Үнэн ба зөв намын мөрийн хөтөлбөрт тусгаснаар цог золбоотой, итгэл найдвар дүүрэн, урам зоригтой, бадран гийх монгол хүнийг бий болгоно. 100,000 хүүхэд тутамд ноогдох амиа хорлолтын тоогоор Монгол Улс Ази тивд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Уг харамсалтай үр дүнгийн нэгээхэн шалтгаан бол сошиал орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт. Цахим хөгжлийн яамнаас хүүхдүүдийн цахим орчинд зүй бус агуулга бүхий контентуудад өндөр хяналт тавих хэрэгтэй. Хэрэв манай нам сонгогдвол хамгийн хүчтэй сөрөг хүчин байх зорилтынхоо хүрээнд уг цахим хяналтын хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс хүүхэд хамгааллын асуудалд нэг тэрбум 200 сая орчим төгрөг төсөвлөсөн байдаг. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй 715 багийн нийт зарцуулалтын 55 хувь нь захиргааны зарцуулалт болж шингэдэг. Харин үлдсэн хувь нь хүүхэд хамгааллын дорвитой ажил хийхэд хүрэлцдэггүй тул манай намын зүгээс уг төсвийг нэмэгдүүлэхийг шаардахаар төлөвлөж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Сургуулийн болон цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг хэрхэн зохицуулах вэ?”)

3. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ярихын тулд эхлээд эдийн засгийн тухай ярих шаардлага гарна. Мөн эдийн засгийн тухай ярихад ядуурлын асуудлыг хөндөх хэрэгтэй. Ядууралтай шууд хамааралтайгаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэдэг зүйл үүсэж байна. Би эдийн засгаа сайжруулах замаар ядуурлыг бууруулж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг багасгана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. (3-р үе Иргэдийн асуулт “Гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь хурдан морь унаач хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх вэ?”)

4. Сэтгэлзүйч ажлаа сайн хийхгүй байгаатай холбоотой гэж бодож байна. Нэг жишээ дурдахад, сэтгэлзүйчийн өрөө хүний нүдэнд ил байснаас болоод сурагчид орохыг хүссэн ч орж чаддаггүй тохиолдол гарсан. Тэгэхээр сэтгэлзүйч рүү яагаад орохгүй байгааг судалж, шийдлийг боловсруулах хэрэгтэй. Мөн эс үйлдлээр хүчирхийлэх буюу багш нарын харилцаа, хандлагын асуудлыг орхигдуулж болохгүй. (4-р үе Халз мэтгэлцээн “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой хамгийн тулгамдсан асуудал юу вэ?”)

5. Монгол хүүхдийн онцлог нь өөрийгөө илэрхийлж, эцэг эх, багштайгаа ярилцаж чаддаггүй. Хамгийн гол асуудал бол эндээс үүсэж байгаа. Эцэг эхчүүд болон багш нарын хүүхдүүдтэй харилцах харилцааны ур чадвар маш дутагдалтай, түүнээс шалтгаалах хүүхэд хамгааллын асуудлууд хурцаар тавигдаж байгаа гэж манай намын зүгээс үзэж байна. (5-р үе Хаалтын илтгэл)


Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигч М.Нямгэрэл

1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллага, төрийн захиргааны байгууллагууд тэргүүтэй олон субъект хүүхэд хамгааллын асуудалд сул оролцоотой байна. Тэгэхээр энэ оролцоог жигдлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах, хуулийн зохицуулалт, эрхзүйн шинэчлэл хийх ажлыг манай намаас хэрэгжүүлнэ. (1-р үе Нээлттэй индэр)

2. Герман, Австри зэрэг хөгжилтэй орнуудын жишгээс харахад цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн хоол, хүнсийг гэр бүл нь бүрэн хариуцаж, хичээлд нь бэлдэж явуулдаг. Энэ нь ч зүйтэй болов уу. Харин манай орны хувьд хүүхдүүдийг сургууль дээр нь хоолоор хангах хөтөлбөр багагүй хугацаанд хэрэгжээд, тогтчихсон учир нураана гэдэг утгагүй. Харин манай намын зүгээс хүүхдэд өгч буй хоол тэжээлийн чанарыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулж байна. Харин сургууль бүр олон мянган хүүхдийн гал тогоо, хоолны заалыг засах боломжгүй тул ангидаа хооллодог. Ингэхээс ч өөр аргагүй. (2-р үе Халз мэтгэлцээн “Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн чанартай, эрүүл хоол хүнсний хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ?”)

3. НҮБ-ын Хүүхдийн конвенц бол монгол хүнийг мориноос нь салгах гэсэн бодлого. Монгол хүн морьтойгоо байж гэмээнэ агуу их үйл хэргийг бүтээдэг. Жишээлбэл, Франц, Итали, Герман, Австри зэрэг Альфийн нурууны улсууд цанын үндэсний соёлтой. Хүүхдүүд 3-4 наснаас эхлээд уулын цанаар гулгадаг. Маш аюултай спорт учраас жилд хэдэн хүүхэд нугас нуруугаа тасалж үхдэг юм мэдэхгүй. Энэ асуудал дээр ямар ч НҮБ-ын конвенц гэж ярьдаггүй. Тэр бол үндэсний урлаг, соёл, ёс заншил учраас ямар ч төрийн байгууллага хүүхдийн эрх зөрчигдлөө, тэвчишгүй хөдөлмөр эрхэллээ, хүүхдүүдийг цанаар гулгуулахаа больё гэж туг лоозон бариад НҮБ руу, АНУ-ын элчин рүү явдаггүй. (3-р үе Иргэдийн асуулт “Гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь хурдан морь унаач хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх вэ?”)

4. Хуулийн дагуу бол багш нар сурагчдынхаа ар гэрийн байдлын судалгааг хийж, эрсдэлд байгаа хүүхдийг тодорхойлоод нийгмийн ажилтан болоод бусад багш нарт танилцуулах ёстой. Харамсалтай нь сургуулиудад хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа. Хэрэв энэ ажил хэрэгжих юм бол нэгдүгээрт багш нарт дэм болно. Хоёрдугаарт хүүхэд хамгааллын ажил нь хялбарчлагдана. Гуравдугаарт, нийгмийн ажилтанд дэм тус болох юм. (4-р үе Халз мэтгэлцээн “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой хамгийн тулгамдсан асуудал юу вэ?”)

5. Манай намаас монголчууддаа, монгол хүүхдүүдээ монгол хүүхэд шиг л байлгаж, ардын сурган хүмүүжүүлэх ухааныг сургуулийн боловсролд нэвтрүүлэх ажлыг хийх болно. (5-р үе Хаалтын илтгэл)


Иргэний зориг ногоон намаас жагсаалтын 2-т нэр дэвшигч М.Нарантуяа-Нара

1. Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн. Үүний хүрээнд 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах анхны хуулиа баталж, улмаар 2016 онд шинэчлэн баталсан. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уг хуулийг дахин шинэчлэх нэн шаардлагатай хэмээн үзэж 2022 онд УИХ-д хоёронтоо өргөн барьсан боловч өдийг хүртэл уг асуудал нэг талдаа гараагүй байгаа нь Засгийн газар хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд хэрхэн хандаж буйн илрэл болов уу. Тийм учраас ИЗНН хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих цогц хуулийг санаачлан хэрэгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)

2. Хүүхдийн цахим хэрэглээнд тавих эцэг эхчүүдийн хяналтаас гадна Цахим хөгжлийн яам Монгол Улсын нийт Фэйсбүүк хэрэглэгчдийг бүртгэлжүүлэх, цахимаар үйлдэгдэж буй гэмт хэргүүдэд хяналт тавих нь зүйтэй хэмээн үзэж байна. Хүүхдүүд аливаа дээрэлхэлт, гадуурхалтад өртсөн тохиолдолд нэн түрүүнд эцэг эхдээ хэлэх хэрэгтэй ч ихэнх хүүхэд айж гэрэвшин хэлж чаддаггүй. Тиймээс ЕБС-ийн нийгмийн ажилтны ажлын чиг үүргийн талаар ИЗНН мөрийн хөтөлбөртөө тухайлан тусгасан. Тодруулбал, ЕБС-ийн бага, дунд, ахлах бүлэг тус бүрд нийгмийн ажилтны орон тоо гаргаж, сурагчид тулгамдаад буй асуудлыг шинжлэн, тодорхойлсноор дараагийн шатны арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ. Уг тогтолцоог бий болгохын тулд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, урамшуулал олгох алхмуудыг төр дорвитой хийх ёстой. Хүүхэд хамгааллын асуудлаар сүүлийн дөрвөн жилд жил тус бүр найман тэрбум орчим төгрөг, 2024 онд 14.3 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зорилтот бүлэгтээ хүрээгүй гэж хувьдаа дүгнэж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Сургуулийн болон цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг хэрхэн зохицуулах вэ?”)

3. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй 500 гаруй хүүхэд бий. Уг харамсалтай тоон үзүүлэлтийн үүдэл шалтгаан нь төрөөс ЖДҮ-д олгох хөрөнгө оруулалтын хувь хэмжээ бага, зорилтот бүлэгтээ хүрдэггүй шударга бус байдлын үр дагавар нийгмийн хамгийн жижиг нэгж дээр илэрч буй явдал буюу хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт юм. Өөрөөр хэлбэл, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоо төрд алдаж, улмаар бага насны хүүхдүүд хөдөлмөр эрхлэх зайлшгүй нөхцөл байдал руу шахагдаж байна. Тиймээс ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хуваарилалт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх төрийн бодлого зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа эсэхийг эргэж харах ёстой. (3-р үе Иргэдийн асуулт “Гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь хурдан морь унаач хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх вэ?”)

4. 2023 онд НҮБ-аас таван монгол хүүхэд тутмын хоёр нь хоол шим тэжээлийн дутагдалтай, боловсролын доройтол, хүүхдийн ядууралд өртөж байгаа гэсэн судалгаа гаргасан. Тэгэхээр энэ хүрээнд дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн өглөө болон оройн хоолны зардлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Мөн дотуур байрыг хариуцаж, хамгаалагч болон манаачийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс, багш, нийгмийн ажилтнуудын чадавхыг сайжруулах, хамрах хүрээг хууль эрхзүйн хүрээнд тогтоож өгөхийн зэрэгцээ хариуцлагын системийг бий болгох хэрэгтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Орон нутгийн дотуур байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг сайжруулахад юу хийх вэ?”)

5. Хүүхэд хамгааллын асуудалд 14.3 тэрбум төгрөгийг төсөвлөөд хэдийнээ хагас жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 600 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, олон арван охид бэлгийн хүчирхийлэл, үр хөндөлтийн хохирогч болсоор. Нөгөө талд, бага насны хүүхдийн Монголд эмчлэгдэх боломжгүй, ховор тохиолдлын өвчлөл үндэсний хэмжээний асуудалд тооцогдохуйц даамжирсаар байгаа тул Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа болон эмнэлэг хоорондын хэлцлээр эмчлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Учир нь сурч, хөгжиж, эрхээ хамгаалахын тулд эрүүл байх суурь хэрэгцээ хүүхдүүдэд бий. Харин урт хугацаандаа агаарын бохирдол зэрэг нийгмийн асуудлаас үүдсэн өвчлөлийг эх орондоо эмчлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Эцэст нь хүүхэд хамгааллын асуудал бол зөвхөн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч төдийгүй бүх нийтийн хамтын үүрэг хариуцлага юм шүү. (5-р үе Хаалтын илтгэл)


Монгол Ардын намаас жагсаалтын 16-д нэр дэвшигч О.Номинчимэг

1. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, үндэсний тогтолцоог бүрдүүлснээр хүүхэд хамгааллын ажлын биелэлт, зөрчлийн хувь хэмжээг тоон статистик дээр тулгуурлан бодитоор үнэлэх боломжтой болсон. Түүнчлэн уг цогц хуульд дутагдаж буй бодлогуудыг тусгасан шинэчилсэн найруулгыг 2023 онд баталснаар хүүхэд хамгааллын тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэж буй. Цаашид бид уг хэрэгжилтийн хүрээг тэлж айл өрхийн орлого, цахим орчин дахь хүүхдийн оролцоо, хүүхдийн хөгжлийг бодолцож үзсэн цогц бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)

2. Шинэчлэн найруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд иргэд, ААН, байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байх, эцэг эхийн зөвлөлтэй байх талаар тусгасан. Уг хэрэгжилтийг хангахын тулд хүүхэд хөгжлийн газрын мэргэжилтнүүд бусад салбарын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогодоо баримтлах аргазүйг сургах шаардлагатай. Нийслэлийн болон орон нутгийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх боломжоор нь хангахын тулд дараах төсвийн зохицуулалтыг хийнэ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг хангахын тулд 11-22 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай болохыг судалгаагаар баталсан. Үүнд үндэслэн Засгийн газар 2024 онд 14.3 тэрбум төгрөгийн төсөв баталсан ба цаашдын жилүүдэд ч энэ хэмжээний мөнгийг төсөвлөхөөр төлөвлөж байна. Мөн сум, хороо бүрд нийгмийн ажилтан, сэтгэлзүйчдийг бэлдэх талаар боловсролын багц хууль, хүүхэд хамгааллын тухай хуульд тусгасан. Нүүдлийн мал аж ахуйч, алслагдмал бүс нутаг дахь хүүхдүүдийн эрхийг иргэдийн оролцоонд тулгуурласан хөршийн бодлого болон технологийн шийдлүүдийн тусламжтайгаар хамгаалахаар зорьж байна.(2-р үе Халз мэтгэлцээн “Хүүхэд хамгааллын бодлогын асуудлыг төрийн ямар байгууллага хариуцах ёстой вэ?”)

3. Өнгөрсөн хугацаанд бид хурдан морины унаач хүүхдүүдийг даатгалжуулах, стандартын шаардлага хангасан хувцас, хамгаалалттай уралдах боломжоор хангасан. Дулааны улиралд буюу тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хурдан морины уралдаанд оролцохыг зөвшөөрч, бусад хугацаанд аливаа сунгаа, уралдаанд оролцохыг хориглоно. 2022 онд шинэчлэгдсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд унаач хүүхдийн насны доод хэмжээ зургаан нас байсныг найман нас болгон нэмэгдүүлсэн билээ. Монгол өв соёлоо тээн өвлүүлэх, ахуйн шинж чанартай морин уналгаас бусад арилжааны шинж чанартай, бооцоот морин уралдаанд бага насны хүүхдийг оролцуулах явдлыг таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна. (3-р үе Иргэдийн асуулт “Гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь хурдан морь унаач хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх вэ?”)

4. Дотуур байранд тулгамдж буй хоёр асуудал байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, мэдээж барилга, байгууламж орчны асуудал. Барилгуудын ихэнх нь 1990-ээд оноос өмнө баригдсан, засвар үйлчилгээ хийгдсэн ч нүхэн жорлон болон усанд орох газрын хувьд хүртээмж муутай байгаа. 2020-2024 оны хооронд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт жил бүр нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг хална гэсэн зорилтыг тавьсан. Үр дүнд нь 17 аймгийн хэмжээнд 294 сумд олон тооны сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажлыг хийж, эхнээсээ нүхэн жорлонгоо халж байна. МАН цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлж хийнэ. Хоёрдугаарт, дотуур байранд эцэг эхээсээ хол амьдарч байгаа үед хүүхэд хамгааллыг хэн хэрэгжүүлэх тал дээр хууль зүйн асуудлыг хөндөх ёстой. Тэгэхээр бид хүүхэд хамгааллын ажлыг сургуулийн байгууллагад нь хүлээлгэж өгч, багш нар, нийгмийн ажилтанд нь хамгааллын үүргийг хүлээлгэн хуулиараа хариуцлага тооцох боломжтой байдлаар зохицуулж өгөх хэрэгтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Орон нутгийн дотуур байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг сайжруулахад юу хийх вэ?”)

5. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын багц хууль, хүүхэд хамгааллын шинэчилсэн хуулийг баталж түүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг тэгш хангах бодлогыг боловсруулсан. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг хамгаалах, нөхөн сэргээх төвийг 2022 онд Улаанбаатар хотод ашиглалтад оруулснаар хэвийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Бид цаашид хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийг цахим орчны эрсдлээс хамгаалах тухай хуулийг олон улсын жишгийн дагуу батлахаар зорьж буй. Хүүхэд хөгжлийн тал дээр бид “20 минутын хот” бодлогыг хэрэгжүлж, хүүхэд 20 минутын дотор спортын талбай, ногоон байгууламж зэрэг бүхий л хэрэгцээт үйлчилгээндээ хүрэх боломжийг хангах болно. (5-р үе Хаалтын илтгэл)


Ардчилсан намаас жагсаалтын 26-д нэр дэвшигч Р.Булгамаа

1. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай асуудал нь Монгол Улсын нэгдэн орсон хүүхдийн эрхийн олон улсын гэрээ, конвенц болон түүнд нийцүүлэн гаргасан хууль, дагалдах журам, стандартын хүрээнд хэрэгждэг хэдий ч өдөр тутамд хүүхдийн эрх зөрчигдөж буй тоо баримтууд гарсаар байна. 1.2 сая орчим хүүхдийн 440 мянга гаруй хүүхдэд хүүхэд хамгааллын бодлого дутагдаж байна гэх статистик бий. АН гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлогыг бий болгох, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг шийдэх бодит гарц гаргалгааг хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүдийн байр суурь, дүгнэлтүүд дээр үндэслэн мөрийн хөтөлбөртөө тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)

2. 2018 онд Монгол Улс хүүхэд хамгаалалд ердөө 800 сая төгрөг төсөвлөсөн байсныг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хэвлэлийн хурал зохион байгуулж, 5.5 тэрбум болгосон. Жил бүр уг төсвийг нэмэгдүүлэх тал дээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зохих хэмжээний хувь нэмэр оруулсан гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна. Энэ мэтээр хүүхэд хамгааллын хууль, журмыг батлан хэрэгжүүлж, төсвийг тогтмол нэмэгдүүлдэг ч жилдээ 2,000 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 1,500 гаруй хүүхэд хохирч буй байдлыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр эрсдэлт нөхцөл байдалд амьдарч буй 14 мянга орчим хүүхдэд хүүхэд хамгааллын бодлогоо хэрхэн хүргэх талаар сэтгэл чилээсэн асуудлууд их байна. Тиймээс хүүхэд хамгааллын салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлуудад түлхүү анхаарах талаар АН мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Хүүхэд хамгааллын бодлогын асуудлыг төрийн ямар байгууллага хариуцах ёстой вэ?”)

3. НҮБ-ын Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгой анхаарах талаар зөвлөмжүүд ирж байсан удаатай. Хурдан морины унаач хүүхдийн асуудал Үндэсний баяр наадмын тухай хуулиар зохицуулагддаг байсан бол 2024 оны нэгдүгээр сарын 17-нд батлагдсан хуулиар анх удаа өргөн хүрээг хамруулан хуульд тусгасан. Ингэхдээ, унаач хүүхдийн өмнө хүлээх томчуудын үүрэг хариуцлага, хувцас, хамгааллын стандарт, зөрчлийн хариуцагчийн талаар дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Гэвч тавдугаар сарын эхээр ашиглалтад орсон бооцоот морин тойруулгын уралдаанд хүүхдүүд мэргэжлийн байгууллагын хараа хяналтгүйгээр уралдсан талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Хүүхэд хамгаалал хөгжлийн агентлагт мэдээлсэн. Энэ бүгд нь хүүхэд хамгааллыг бэхжүүлсэн нийгэм Монгол Улсад үгүйлэгдэж буйн илрэл билээ. (3-р үе Иргэдийн асуулт “Гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд зөндөө байна шүү дээ. Жишээ нь хурдан морь унаач хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх вэ?”)

4. АН-ын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах хөгжлийн төвүүдийг бий болгоно гэж заасан. Тэр ч бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бий болгох, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг хийх хэрэгцээ, шаардлага байгааг олж харсан учраас тодорхой хөнгөлөлт, дэмжлэг, шийдлийн бодлогуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж оруулснаараа онцлог юм. (4-р үе Халз мэтгэлцээн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгаалал, хүртээмжийн асуудалд ямар бодлого баримтлах вэ?”)

5. Хүүхдийн төлөө цөөнгүй хууль, тогтоомжийг баталж байгаа хэдий ч эцэст нь хүүхдэд ээлгүй нийгмийг бий болгосон нь гашуун үнэн. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт таны хүүхдийг төрөхөд, цэцэрлэг, сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн таатай үйлчилгээг үзүүлнэ хэмээн тусгажээ. 2020 оны мөрийн хөтөлбөрт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж, сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлж, “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн тусгасан ч бодит амьдрал дээр хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. 2023 онд ГССҮТ-д 67,861 хүүхэд осол, гэмтэлд өртөж, тусламж үйлчилгээ авсан. Энэ оны тавдугаар сарын 31-ны байдлаар 27,060 хүүхэд мөн төрлийн үйлчилгээ авсан гэх судалгаа бий. 2023 оны байдлаар 2,215 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 99 хүүхэд нас барсан. Энэ бүхнээс харахад хүүхдийн хамгааллын асуудал дээр нүсэр мөрийн хөтөлбөр ярихаас илүү хүүхдийн эрх зөрчигдөж буй халуун цэг дээр очиж чин сэтгэлээр ажиллах үйл хэрэг учир дутагдалтай байгаа гэдгийг онцолж хэлэхийг хүслээ.(5-р үе Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.