Сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөгч асуудлуудыг хөндөн, салбар бүрийн төлөөллүүд цуглаж илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн “Mental Health for ALL - Сэтгэл зүйн эрүүл мэндийг БҮГДЭД” форум 2022 оны 4-р сарын 16-нд Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд 10 гаруй илтгэгч, 700 гаруй үзэгч оролцсон бөгөөд та бидний хэзээний танил болсон “Positive Dadal” болон “HabiDo”-ийн баг хамт олон зохион байгуулсан юм. Монголд анх удаа сэтгэл зүйн эрүүл мэндийн сэдвээр хийгдсэн уг өдөрлөгийн талаар тоймлон хүргэж байна.
Санал болгох: Бид хэрхэн ажилладаг вэ? – HabiDo-ийн хамт олон
Unread
зүгээр л мэдэр
Үүдээр орж ирмэгц зохион байгуулагч залуус нүүр дүүрэн инээмсэглэлээр угтаж, цаанаасаа л эерэг, дулаан уур амьсгал нөмрөн авах тус орчинд санаа зовох зүйл үгүй мэт мэдрэмж төрж байв. Тайз засалтад хөх өнгө давамгайлсан бол чөлөөт үзэсгэлэнгийн хэсгүүдээр хэд хэдэн өнгө алаглаж байсан нь бидний тааварлашгүй сэтгэл хөдлөлийг илэрхийлэх мэт...
Хүссэн өнгөөрөө будах цав цагаан хана, сэтгэл зүйн зөвлөгөө авах орон зай, сэтгэлээ уудлах тайвшралын булан, өөрийн мэдрэмжүүдтэйгээ танилцах бүхээг гээд уг арга хэмжээ тэр чигтээ өөртэйгөө ярилцах, мэдрэмжээ илэрхийлэх, цаашлаад бусдыг ойлгоход тус нэмэр болохуйц төлөвлөлттэй байлаа.


Форумын чөлөөт үзэсгэлэнгийн хэсэг хүн бүрд нээлттэй байсан нь сонирхсон хэн бүхэнд хүрэхийг зорьсоны илрэл болов уу. Үүднээс өгсүүлээд заалны хэсгүүдэд хэд хэдэн дэлгэц байрлуулж "Амьдралаас авах бяцхан кайфууд" богино бичлэг, амьсгалын дасгалын зааварчилгааг хүргэсэн юм.
Мөн Robin Williams, Chris Evans, Selena Gomez, Lana Condor зэрэг олны танил эрхмүүдийн хэрхэн сэтгэл зүйн асуудалтайгаа нүүр тулж, түүнийгээ даван туулсан түүхүүдийг хадмал орчуулгаар толилуулж байсан нь уг арга хэмжээний утга учрыг бүр ч их тодотгож байлаа.
Оролцогчдын дийлэнх нь залуус, хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд байснаас харахад шинэ үеийн залуучууд сэтгэл зүйн эрүүл мэнддээ зохих анхаарлыг тавьж чаддаг болсны илрэл юм.


уянгалаг агаад уйдамгүй
Өдөрлөг тэр чигтээ дуу хөгжмийн эгшиг дор өрнөв. Үзэсгэлэнгийн заал орчин үеийн дуугаар тасраагүй бол хэлэлцүүлгийн танхимд үндэсний хөгжим эгшиглэж байлаа.
Үндсэн арга хэмжээ Монгол Улсын Консерваторын цохивор хөгжмийн чуулгын урлагийн тоглолтоор эхлэв. Бөмбөрийн нүргээнт хэмнэлийн дор бие зарсхийж, шар үс босон, бие доторхыг минь цочроож өгөх мэт... Удаах үзүүлбэр болох хөгжмийн зохиолч Б.Шарав агсны "Наадмын дэнж"-ийн яруу аялгуу сэтгэлийг минь хөглөх нь тэр.
Уртын дууч Б.Батболд, морин хуурч Н.Түвшинжаргал нарын "Эртний сайхан" дууны үзүүлбэрийн үеэр тал нутгийн салхи нүүрэнд мэдрэгдэж, тэнгэрт одсон өвөг минь нүдэнд харагдах шиг болсныг нуух юун.

Түүнчлэн Монголчуудын дунд сүүлийн 30 жилийн турш жилээс жилд нэмэгдсээр буй амиа егүүтгэх үзэгдлийн талаар өгүүлэх "Хүрд" баримтат киноны хэсгээс толилуулсан нь өнөө үеийн тулгамдаж буй атлаа ярихаас эмээдэг эмзэг асуудлыг хөндөн харуулсан юм. Зохион байгуулагчдын зүгээс "Хүрд" төслийн багтай хамтран дараагийн бүтээлийг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Хэлэлцүүлгийн хоёрдугаар хагасыг "San Juniper" хамтлагийнхан John Lennon-ийн "Imagine" болон өөрсдийн "Өөрийнхөөрөө" дуугаар эхлүүлсэн нь бусдын хүслээр биш, өөртөө үнэнч байх, нэгнээ хайрлахыг сануулсан билээ.
Өдөрлөгийн төгсгөлд тоглоомын арга зүйч О.Урангоо-ийн удирдлага дор бүх оролцогчид суудлаасаа босон, өдөржин суусан биеийн чилээгээ гаргахын хажуугаар багагүй хөгжилдөөд авсан билээ. Өдрийн турш хоорондоо ганц үг солилгүй суусан хүмүүс ердөө таван минутын дотор хамтран тоглогчид, нэг багийнхан болон инээлдэж байснаас харахад бие биенээ ойлгоход ердөө харилцаа хэрэгтэй ажээ.
бүх мэдрэмжээ хуваалц
Feeling, Healing & Sharing хэмээх мэдрэмжийн бүхээгүүд форумын хамгийн нандин хэсэг нь байсан гэхэд болно. Зэрэгцүүлэн байрлуулсан “Хайр”, “Ганцаардал”, “Айдас”, “Атаархал”, “Уучлал, талархал” гэсэн таван бүхээг нь бүгд өөр өөрсдийн өнгө, хэв маягтай байлаа.
Түүнчлэн мэргэжлийн сэтгэл зүйчдээс санал болгож буй хайрын тухай найман номыг дэлгэн тавьсан нь онцлог байв. Тэдгээрээс хоёр ч номыг Анрид багийнхан тоймлон оруулж байсныг дурдууштай.
Санал болгох: Ричард Давид Прехтийн “Хайр: Цэгцрээгүй сэтгэл” номын тухай
Unread
Санал болгох: Эрих Фроммын “Хайрлах урлаг" номын тухай
Unread
Түүнчлэн хайрын бүхээгийн ягаан ханыг цагаан гэрлээр, атаархлын хөх бүхээгийг цэнхэр гэрлээр, айдсын хар бүхээгийг улаан гэрлээр гэх мэтээр тодотгосон нь тухайн мэдрэмжийг өнгөөр илэрхийлж буй нэгэн хэлбэр байсан болов уу.




өнцөг бүрээс нь харцгаая
Арга хэмжээний үндсэн илтгэл, хэлэлцүүлгийн хүрээнд сэтгэл судлал, тархи танин мэдэхүй, технологи, эдийн засаг, шим тэжээл, эрүүл мэнд зэрэг олон талт салбарын 10 гаруй судлаач, мэргэжилтнүүд оролцон нийгмийн сэтгэл зүйн асуудлуудыг тал бүрээс нь хөндөн хэлэлцсэн юм.
Илтгэл, хэлэлцүүлгүүд бүгд шинжлэх ухааны тоо баримт, нотолгоонд суурилсан ба дохионы хэлмэрчтэй, Facebook хуудсаар шууд дамжуулагдаж байснаар ихэд онцгой байлаа. Нийт зургаан илтгэл, нэг хэлэлцүүлэг өрнөснөөс онцлох санаанууд, эшлэлүүдийг товч хүргэе.
Яагаад чухал гэж?
Сүүлийн жилүүдэд Монгол Улс төдийгүй бусад орнуудад эдийн засгийн өсөлт удааширсан, бууралттай үе өнгөрч байна. Цар тахлын сөрөг нөлөөгөөр зөвхөн нийгэм, эдийн засагт гэлтгүй иргэдийн сэтгэл зүйд хүчтэй цохилт боллоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн асуудал дөрөв дахин өссөн аж.
Дэлхий даяар нэг тэрбум хүн сэтгэцийн болон зан төлөвийн эмгэгээс болж зовж шаналж байгаа ч тэдний 75% нь тусламж үйлчилгээ авч чаддаггүй байна. 2030 он гэхэд сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээний дутмаг байдлаас болж зургаан их наяд ам.долларын эрүүл мэнд болон бүтээмжийн зардал гарна хэмээн тооцжээ. Сонирхолтой нь, сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн нэг ам.долларын хөрөнгө оруулалт бүрт дөрвөн ам.долларын өгөөж хүртдэг байна.
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярихад ихэнх хүмүүс уур хилэн, уйтгар гуниг, эсвэл зовлон шаналалд автсан нэгнийг төсөөлөх нь бий. Дээрээс нь сэтгэл зүй бол гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учир танин мэдэхэд нарийн төвөгтэй зүйл ажээ.
Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь хүний оршихуй болоод аж төрөхүйн тухай, цаашлаад хүн хоорондын харилцааны мөн чанарын тухай маш энгийн мэт боловч гүн гүнзгий ойлголт юм.
Оптимал Эн Макс ХХК-ийн БХСХ-ийн захирал Б.Дорждэрэм
Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал хэнийг ч ялгаварладаггүй. Таны нас хүйс, хөрөнгө мөнгө, нийгмийн байр суурь огт нөлөөгүй юм. Сэтгэл доторх асуудлаа хайхрахгүй явснаар тархи гэмтэж, улмаар сэтгэцийн эмгэг буюу өвчин болж хувирдаг ажээ. Үр дүнд нь амиа егүүтгэх явдал олширч, согтууруулах болон мансууруулах бодисын хэрэглээ өсөх, хүүхдийн өсөлт хөгжил удаашрах, нийгэмд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг ихэсдэг байна.

бүгдийн учир "бид" өөрсдөө
Сэтгэл зүйн асуудлыг бид өөрсдөө буюу хүмүүс л бие биедээ авчирдаг нь харамсалтай. Хэн нэгнийг тэтгэвэрт гарах, хөгшрөх, албан тушаалаа өгөхөөр нь тоодоггүй, үл хүндэтгэдэг явдал цөөнгүй тохиолддог. Энэ мэтээр өнгөц зүйл дээр төвлөрөхгүй, гадаад ахуйд дарлагдахгүй байх нь нэн чухал болжээ.
Бид үр хүүхдэдээ “Биеэ бодоорой” гэж байнга хэлдэг. Тэгвэл одоо “Сэтгэлээ бодоорой” гэж хэлэх цаг иржээ.
МУ-ын гавъяат багш С.Отгонжаргал
ирээдүйн төлөөх гэрийн даалгавар
Үндсэн хэлэлцүүлгийн үеэр талуудаас төр засаг, хувийн хэвшил, сэтгэл зүйн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд хүртээмжийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн ард иргэдэд сэтгэл зүйгээрээ эрүүл байхын тулд биеийн тамирын сайн дадал зуршил заавал суулгах хэрэгтэйг санууллаа.
Дэлхийн иргэдийн сэтгэл зүйн асуудлуудыг шийдэхэд 1.7 сая мэргэжилтэн хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Харамсалтай нь бидэнд хүлээн суух цаг хугацаа үгүй. Биеийн болон сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө хайрлан халамжлах нь бидний үүрэг билээ.
Ямар ч үед асуудал гарч л байдаг. Харин түүний ард гарах болгонд сэтгэл зүй улам хүчирхэг болж байдаг.
Боксын спортын ОУХМ Б. Чинзориг

өөртөө зориулах бэлэг
Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод барьсан нэгэн бэлэг бол "Positive Dadal" болон "HabiDo" нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалсан явдал байлаа. Малгайтай болон богино ханцуйтай цамц, даавуун уут, наалддаг зураг болон мэдрэмжээ хөтлөх дэвтрүүдийг санал болгож байсан бөгөөд хувцасны загваруудаа "7-694" брэндтэй хамтран бүтээжээ.
Санал болгох: 7-694 БРЭНД: Байгальд ээлтэй, утга учиртай, ёс зүйтэй
Unread


төгсгөлд нь
Цаг үеэ мэдэрсэн, зайлшгүй ярилцах шаардлагатай сэдвийг зоригтойгоор ил гаргаж, олон талаас нь хэлэлцүүлж, хамгийн чухал нь нийтэд мэдлэг түгээж, мэдээлэл хүргэсэн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан "Оптимал эн макс" ХХК-ийн багийнханд талархал илэрхийлье.
Өөрийн мэдрэмжээ нуун, сэтгэлийн шарх авснаа үл мэдэн, хаа нэгтээ дарж орхисноо мэдэлгүй амьдардаг хүн олон. Гаднаас нь харахад дутагдаж гачигдах зүйл үгүй ч дотроо том хар нүх тээн явахыг үгүйсгэхгүй. Магадгүй таны хэлсэн ганцхан үг, эсвэл зөөлөн инээмсэглэл тань хэн нэгнийг тухайн өдрийнх нь туршид гэрэлтүүлэх ч юм бил үү.

Сэтгэгдэл бичих

