Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх нь зүйтэй, Үнийн өсөлтийг төрөөс зохицуулах ёстой, Боловсролын байгууллага ашгийн байх нь буруу, Үе тэнгийн дээрэлхэл хаанаас эхлэлтэй вэ?... 

Хөгжиж яваа улс орны хувьд энэ мэт нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн тулгамдаж буй асуудал мундахгүй их. Улс орон, ард иргэдтэй холбоотой чухал сэдвүүдийн талаар сошиал платформуудаар талцан хэлэлцэж, хэн нэг дөмөгтэй нөлөөлөгчийн үгийг тосон сонсож ирсэн бидэнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд ТэнГэр ТВ-ийн эфирээр хүрсэн "Үндэсний мэтгэлцээний лиг" оюуны реалити шоу залуу үеийнхнийхээ дуу хоолойг тэнцвэртэй, судалгаа мэдээлэлтэй, сонирхолтой шинэ хэлбэрээр сонсон сонжих боломжийг анх удаа олгосон билээ.


Яагаад мэтгэлцээн гэж? 

Алив ямар ч мэдлэгийн эх үүсвэр эргэлзээнээс эхтэй гэхэд ташаарах зүйл үгүй. Тэрхүү эргэлзлээс л "Яагаад ийм байж болохгүй гэж?" гэсэн гөжүүд гэмээр бодол үүсэж, улмаар байгааг өөрчлөх, байхгүйг турших сэдэл хүч орж, өсөж хөгжих гарц гаргалгааг хайн олж, олон ургальч санааг хөгжүүлдэг бичигдээгүй зарчим хүн төрөлхтөнд хүчтэй үйлчилдэг. Тиймдээ ч хэдэн мянга, хэдэн сая жил үргэлжилсэн бие махбодь, оюун санааны хөгжлийн гэрч болсон өнөө цаг үеийнхэн нэг зүйлийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь ямарваа асуудалд төгс шийдэл гэж байхгүйг, гагцхүү өгөгдсөн нөхцөл дэх хамгийн ашигтай хувилбар гэж байдгийг ойлгох явдал юм. Магадгүй иймийн учир хүн гэгч "Хэрвээ" гэх хийсвэр бөгөөд эргэлзэл сониучирхлаар дүүрэн асуултаар ам дүүрэн явдаг юм болов уу.

Энэ бүхнийг илүү цэгцтэй, зохион байгуулалттай хүргэх урлаг бол мэтгэлцээн билээ.

бид ЯАГААД мэтгэлцэх ёстой вэ? 

Амжилттай харилцааны эх үндсийг ярилцах гэдэг. Тэгвэл сайн шийдлийн эх нь ч мөн ярилцах, цаашлаад үр дүнтэй мэтгэлцэх явдал юм.

Асуудлаа шийдэх эхний алхам түүнтэй нүүр тулахаас эхэлдэг гэлцдэг. Иймд аливаа нийгмийн болоод эрдмийн чанартай томоохон агуулгуудад дундыг барьж, нэгэндээ найр тавихаас илүүтэй харилцан зохион байгуулалтад орон, асуудлын хоёр туйлд гарч, тухайн шийдлийн сайн саарыг чин үнэнээр, заримдаа хэрцгий ч гэмээр шулуун шударгаар мэтгэлцэх нь хэлэлцээрийн дугуй ширээтэй харьцуулахад бодит байдалд уриалан дуудсан, санаагүйг сануулсан, нөхцөл байдлаа ухаж ойлгоход урамтай бөгөөд үр дүнтэй хэлбэр болдог ажээ. Шалтгаан энэ тул эртнээс нааш номын мэргэд, улс төрийн тоглогчид мэтгэлцээнээр дамжуулан өөрийн үзэл баримтлалыг батлан, санаагаа дэмжин, няцаалтыг хариулах байдлаар шийдлээ засан сайжруулж, хүчирхэгжүүлсээр ирсэн юм. Үүнийг дагаад нийгмийн туйлшрал, нэг шийдэлд хэт автан нөгөө бусдыг үл тоох, сайн гэснээ тэнгэрт тулган магтаж, муу гэснээ газар дор ортол дэвслэх хэнэггүй ч гэмээр, хэнхэг ч гэмээр бүдүүлэг хандлагууд анагаагддаг нь мэтгэлцээний нийгэмд өгдөг гол үнэ цэн билээ.

Санал болгох: "Үндэсний мэтгэлцээний лиг" ямар дүрмээр тоглодог вэ?

мэтгэлцээн урлаг болох нь: үндэсний мэтгэлцээний лиг 

Мэтгэлцээнийг хэрүүлтэй, хэлцэлтэй андуурах нь цөөнгүй. Жинхэнэ мэтгэлцээний амтыг мэдэрч үзээгүй хүмүүс л ийн бодох вий. Өнгөц харахад нэг асуудлын хоёр талд гарсан эсрэг талууд өөрийнхөө зөвийг батлах замдаа дайсны талын (дэгэсдүүлэхэд) буруу болохыг нотлохоор шамдан тэмцэх үгийн тулаан мэт харагдах ч үнэндээ өгөгдсөн байр сууриа бусдад тултал ойлгуулах гэсэн голч нэг зорилго, үзэл санааны хүч хөшигний цаана ээлжээ хүлээж буй. Ингэхээр хоёр багийн нэгдмэл зорилго үндсэндээ төгс бишийн үнэн чанарыг үзэгчдэд ойлгуулах л явдал. Гол нь дээд зэргийн зохион байгуулалттай, ёс зүйтэйтээр хувийн үзэл бодолд бус суурь судалгаа, жишээ тайлбар дээр тулгуурлан тоглох нь мэтгэлцээний онцлог юм.

Сайн мэтгэлцээн үзсэний дараа та хоёрдмол байдалд орох нь гарцаагүй. Эхний илтгэгчийн дараа "Яг тийм, энэ л юм байна" гэж бодно. Дараагийн илтгэгч гарс ирсний дараа "Үгүй бас энэ талаасаа ч болохгүй юм алга шив" хэмээнэ. Ийн эргэлзэж тээнэгэлзсээр тоглолт дуусахад тус сэдвээрх таны үзэл бодол илүү өргөн, олон талуудыг авч үзсэн, харьцуулан жишсэн шинжтэй болж ирдэг байна. Үүнийг сайн мэтгэлцээн гэнэ. Тиймдээ ч мэтгэлцээн жирийн нэг зөрчилдөөн, батлах няцаах маргаанаас дээд түвшний буюу өдгөө мэтгэлцээний спорт, мэтгэлцээний урлаг гэгдэн хөгжиж иржээ. Өөрөөр хэлбэл мэтгэлцээн нийгмийн боловсрол, соён гэгээрэл, үзэл бодлыг төлөвлшүүлэгч урлаг юм.

Тоглолтуудыг бүрэн эхээр үзэх


"Үндэсний мэтгэлцээний лиг" оюуны реалити шоуны тухай

ТэнГэр ТВ-ээс санаачлан, зохион байгуулсан "Үндэсний мэтгэлцээний лиг" оюуны реалити шоу нь их сургуулиудад зохиогдсоор ирсэн уламжлалт парлиаментийн мэтгэлцээний дүрмийг шинэчлэн найруулж, телевизийн хэлбэрт буулгаснаараа энэ төрлийн өрсөлдөөнийг шинэ шатанд гаргахад нэг алхмаар урагшлуулсан үйл явдал болсон юм. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч болон судлаачийн үүргийг нэмж өгсөнөөр илтгэлүүдийг илүү судалгаа суурьтай, нягт агуулгатай болгожээ. Цаашлаад хэн нь илүү олон Тодруулгын үеийг самбаачлан авч, эсрэг багийнхаа ярианы эрчийг бууруулснаар ялагч болоход ойртдог байсан "овсгоотой" гэхүйц дүрмийг боловсронгуй болгосон Чалленж үеийг нэвтрүүлснээс гадна тоглолтын дундуур завсарлага авч дасгалжуулагч судлаачдаас нэмэлт, дэмжлэгийн мэдээлэл авах, илтгэгчээ сэлгэх боломжийг бүрдүүлсэн нь тун ч сонирхолтой.

Дотоодын их сургуулиудад суралцагч, мэтгэлцээний урлагаар хичээллэдэг 200 гаруй оюутан оролцож, эфирээр хоёр сар гаруйн хугацаанд үзэгчдэд хүрсэн уг тэмцээнд Дотоод Хэргийн Их Сургуулийн "Justice" баг тэргүүн байр, МУИС-ийн харьяа НУС, ХЗС хамтарсан "Түмэнтэнгэр" баг дэд байр, МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн "Hexagon" баг гуравдугаар байранд тус тус шалгарснаас гадна МУИС - ОУХНУС-ийн Ингүүмэл багийн гишүүн О.Өгөөмөр Шилдэг мэтгэлцэгчийн шагналыг хүртсэн юм.

Хувийн үзэл бодол, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан нэг талыг баримтлалгүй, чин шударгаар тоглох нөхцлийг хамгийн сайн бүрдүүлэх боломжтой байдгаараа нийгэмд оюутны мэтгэлцээнүүд илүү элбэг байдаг нь анзаарагддаг. Тэгвэл монгол оюутнуудын мэтгэлцээний ур чадвар, хөгжлийн түвшин хаана явааг харуулсан уг тэмцээн ирэх жил ч зохион байгуулагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Ийнхүү далайцтай сэдвүүд, сонсууштай илтгэлүүд, эргэлзээ төрүүлэм асуултаар дүүрэн оюуны шоу нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт хөшгөө татан, эхний улирлаа хаасан юм.

Санал болгох: Үндэсний Мэтгэлцээний Лигийн ялагч: Дотоод хэргийн их сургуулийн Justice баг