Улаанбаатар хотод хүн ам хэт төвлөрснөөс олон асуудал ундарч, нөгөө талд хөдөө орон нутагт ажиллаж амьдрах, бизнес эрхлэх хүн хүч, нөөц боломж хумигдаж буй нь манай улсын хөгжлийн нэг томоохон бэрхшээл болоод буй. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор Барилга, хот байгуулалтын яамнаас санаачлан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) дэмжлэгтэйгээр Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) болон бусад холбогдох яамд, агентлагууд хамтарч Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ) боловсруулах төслийг 2019-2021 онуудад хэрэгжүүлж буй юм. Өнөөдөр та бүхэнд улсын хэмжээнд нэгдсэн, цогц байдлаар хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой, дуусах шатандаа ороод буй уг төслийн хүрээнд боловсруулсан ҮХЦТ-ний талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ҮХЦТ ба Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд

ҮХЦТ нь БХБЯ-ны боловсруулж буй хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл (ХАНСХЕТ), ҮХГ-ын боловсруулж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогод (БХБ) тусгагдах учиртай. Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”-тай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарууштай.

ҮХЦТ-г боловсруулах үйл явц

Төслийн баг нь ҮХЦТ-ний агуулга, төлөвлөгөөг боловсруулахдаа 21 аймагт очиж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна холбогдох салбар бүрийн оролцоог ханган, саналыг нь сонсоход ихээхэн анхаарал хандуулж иржээ. Тухайлбал 2020 оны 1-р сард яамд, аймгийн удирдлагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, их сургуулиуд, судалгааны институтуудын төлөөллүүд оролцсон 150 гаруй оролцогчтой “Оролцогч талуудын нэгдсэн хурал”-ыг зохион байгуулсан байна.

Мөн COVID-19-ийн эрсдэл бүхий онцгой үед залуучуудын төлөөлөл оролцсон Оролцогч талуудын нэгдсэн хурлыг 8, 9-р сард хоёр удаа онлайнаар зохион байгуулсныг нь бид дараах нийтлэлүүдээр танилцуулж, тоймлож байв:

"Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө"-нд залуучуудын дуу хоолойг тусгах онлайн хурал, хэлэлцүүлгийг тоймлох нь

Онлайн хурал: "Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө"-нд саналаа тусгацгаая

ҮХЦТ-д санал болгож буй хөгжлийн шинэ загвар

Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хангах хөгжлийн шинэ загварыг санал болгож байгаа нь ҮХЦТ-ний нэг онцлог.

Монгол Улс 1990 оноос хойш социализмын загвараас капитализмын загвар луу шилжиж, уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгийн өсөлтөө хангаж байна. Энэ төрлийн хөгжлийн загвараар 20-р зуунд ихэнх хөгжингүй болон хөгжиж байсан орнууд замнаж байсан тул “20-р зууны хөгжлийн загвар” гэж нэрлэдэг. Гэвч энэхүү замнал нь нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг дагуулдаг ба Монгол улсын хувьд эдийн засгийн “хөгжил” бус эдийн засгийн “өсөлт”-ийн хойноос хөөцөлдөж, нөөц баялгаа хэт ихээр ашигласаар байвал байгаль орчинд хор хөнөөлтэйн дээр нийгмийн ялгавартай байдлыг гааруулсаар байх ажээ. Тиймээс тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хангах “Нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ загвар”-ыг санал болгосон байна.

Үүнээс гадна НҮБ-аас ТХЗ-уудыг баталж, манай улс ч 2016 онд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг баталсан байдгыг хэлэх нь илүүц биз ээ.

ҮХЦТ-Г ТАНИЛЦУУЛСАН ВИДЕОГ ҮЗЭХ

ҮХЦТ-ний хүрээнд санал болгож буй үндсэн стратеги

XX зууны хөгжлийн загвараас нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ загварт шилжихэд дараах үндсэн 4 стратегийг баримтлах шаардлагатай хэмээн тусгажээ. Үүнд:

  • Эдийн засгийн талаас: Үр ашигтай анхдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд байгалийн баялгийг үр дүнтэй, ухаалгаар ашиглах, экспортын анхдагч бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох стратегийг баримтлах
  • Орон зайн талаас: Дэлхийн зах зээлд гарахын тулд хөрш орнуудын байршлын онцлог байдлыг ашиглах, ногоон хөгжлийг хангахын тулд усны нөөцийг хөгжүүлэх, нөөцийн менежмент хийх орон зайн үндсэн стратегийг баримтлах
  • Институцийн талаас: Хөгжлийн удирдлагын тогтолцооны төвлөрлийг тасралтгүйгээр сааруулж, төв байгууллагаас хүний болон санхүүгийн нөөцийг шилжүүлэх, төлөвлөлт, боловсруулалт, хяналт, үнэлгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх институцийн үндсэн стратегийг баримтлах
  • Аж үйлдвэрлэл талаас: Эдийн засаг, экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг хангах замаар анхан шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн босоо кластеруудыг хөгжүүлэх стратегийг баримтлах

Эдгээр 4 үндсэн стратегиас онцолж дурдууштай санагдсан нь анхан шатны бүтээгдэхүүнд суурилсан аж үйлдвэрийн босоо кластер. Энэ нь уламжлалт мал аж ахуй зэрэг орон нутгийн ядуу иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг дотоодын үйлдвэрлэлийг холбох, цаашлаад чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг экспортын аж үйлдвэрийг холбоно. Олон улсын зах зээл дээр борлуулагдах боломжтой экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр аж үйлдвэрийн кластер тэдэнтэй холбогддог. Энэ нь ядуурлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээ болно гэж санал болгожээ.

ҮХЦТ-ний гол төсөл, хөтөлбөрүүд

Үндсэн стратегийн хүрээнд ҮХЦТ-д нийт 85 гаруй төсөл, хөтөлбөрийг санал болгожээ. Ингэхдээ уялдаатай байдлыг хангахын тулд дараах байдлаар 4 ангилсан байна.

1. Эдийн засаг, экспортыг төрөлжүүлэх төсөл, хөтөлбөрүүд
Эдгээр нь байгаль, түүх, соёлын нөөц баялаг ихтэй, дотоодын зах зээлийн багтаамж харьцангуй жижиг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн бодлогын нэг болох гадагш хандсан хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засаг, экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилготой.

2. Бүх талын оролцоо, хүртээмжийг сайжруулах төслүүд
Эдгээр нь хөгжлийн шинэ загвар луу шилжихийн тулд иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх, боловсрол, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой.

3. Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг бэхжүүлэх төслүүд
Эдгээр нь нийслэл хот болон бусад том хот, аймгийн төвүүдийг холбосон авто замын гол, дэд тэнхлэгүүдийн сүлжээг өндөр түвшинд төлөвлөж, хотын зэрэглэлээр дээгүүр эрэмбэлэгддэг, сонгогдсон хот, суурин газруудын чиг үүргийг шинэчилж Монгол Улсын нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалтыг бэхжүүлэх зорилготой.

4. Ногоон хөгжлийг дэмжих төслүүд
Эдгээр нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Үүний хүрээнд хог хаягдлыг дахин боловсруулдаг нийгмийг бий болгоход чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн усны нөөцийг нэмэгдүүлэх, усыг зүй зохистой ашиглах менежментийн төслүүдийг хэрэгжүүлэх юм.

БҮСИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

ҮХЦТ-нд санал болгож буй нэг чухал зөвлөмж бол эдийн засгийн бүсчлэл юм. Энэ хүрээнд шинэчлэн тодорхойлсон эдийн засгийн зургаан бүсийн Бүсийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг (БХНХ) боловсруулжээ. БХНХ бүр нь орон нутгийн нөөц, онцлог шинж чанарт үндэслэн хөгжүүлэх эдийн засгийн тодорхой үйл ажиллагааг дэмжих дэд бүтцийн төслүүд болон нутаг дэвсгэрийг хөгжүүлэх хөтөлбөрүүдээс бүрдэнэ.

Түүнчлэн хотуудын зэрэглэлд дүн шинжилгээ хийж, дараах дөрвөн зэрэглэлээр хотуудыг ангилсан байна.

Шинэчлэн тодорхойлсон эдийн засгийн 6 бүс:

Ховд-Улаангом-Өлгийн хөдөө аж ахуйн коридор бүхий Баруун бүс
нь ОХУ, БНХАУ-тай хиллэн оршдогийн хувьд худалдаа арилжаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль, соёлын баялаг нөөц, бэлчээрийг хамгаалах, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн идэвхтэй оролцооны үр дүнд зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулах зэрэг байгалийн нөөц баялагт тулгуурласан бус эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсэн ногоон хөгжлийн загвар бүс болон хөгжинө.

Дархан-Мөрөнгийн худалдаа, аялал жуулчлалын коридор бүхий Баруун хойд бүс нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэн боловсруулах үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ОХУ-тай худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ойн сан, соргог бэлчээр бүхий мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр ашигласан байгалийн болон өв соёлын баялаг нөөцөд суурилсан нийгэм, эдийн засгийн цогц хөгжлийг хангасан бүс болон хөгжинө.

Алтай-Баянхонгор-Арвайхээрийн мал аж ахуй эрхлэх бүс, Хархорин-Орхоны хөндий-Цэцэрлэгийн соёл, аялал жуулчлалын гурвалжин бүхий Алтайн бүс нь Алтай, Баянхонгор, Арвайхээр хотуудыг холбосон авто зам дагуух үр ашигтай мал аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, үржил шимт хөрсийг түшиглэсэн газар тариалангийн үйлдвэрлэлийн төрөлжилт, эрчим хүчний дутагдлыг нөхөх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл зэрэг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, эрчим хүчний нөөц бүхий бүс болон хөгжинө.

Мандалговь-Чойр-Сайншандын логистикийн коридор, Сайншанд-Замын-Үүд-Говийн аялал жуулчлалын гурвалжин бүхий Өмнөд бүсийг орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, хяналт, орон нутгийн удирдлагын нөөцийн зохистой ашиглалт, уул уурхайн үйл ажиллагааны үр ашгаас ногоон байгууламж, олон нийтийн барилга байгууламжийг барьж байгуулах, усны нөөцийг тогтвортой ашиглах зэрэг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн, олон нийтийн хөгжлийн загвар болсон бүс болгож хөгжүүлнэ.

Чойбалсан-Баруун-Урт-Өндөрхааны мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулсан нэгдсэн фермерийн аж ахуйн бүс бүхий Зүүн бүсийг өргөн уудам нутаг дэвсгэртээ түшиглэн чанартай мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын халдварт өвчингүй мал аж ахуй эрхлэх, импортыг орлох тэжээл, тосны ургамал, жимс, жимсгэнэ тариалах, ОХУ, БНХАУ-тай хилийн болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хүчирхэг, тогтвортой хилийн бүс болгож хөгжүүлнэ.

Дагуул хотууд бүхий нийслэлийн бүсийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бие даасан хөгжлийг дэмжих өндөр зэрэглэлийн хотын үйл ажиллагаа бүхий глобал хот болгох, Улаанбаатар хотод дэвшилтэт технологийг нэвтрүүлэн нутагшуулах, шинэлэг, боловсронгуй дизайныг нэвтрүүлэх, Борнуур, Лүн, Баян-Өнжүүл, Баян, Багануурыг холбосон логистикийн тойрог байгуулж, дэвшилтэт технологиор эцсийн боловсруулалт хийдэг, логистикийн бүс болгож хөгжүүлнэ.

ҮХЦТ-нд дээр дурдсан Бүсийн хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай дэлгэрэнгүй саналуудыг тусгаж өгчээ. Тухайлбал, үе шаттай арга хэмжээнүүдийг авч, Бүсийн зөвлөлийг албан ёсоор байгуулах зорилгоор Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгосон байна. Бүсийн түвшинд удирдлагын шинэ тогтолцоог байгуулах нь энэхүү цогц тогтолцоог хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Төслийн багийнхан маань дээрх дурдсан төсөл хөтөлбөрүүдээс заримыг нь туршилтын шугамаар хэрэгжүүлж байгааг уншигчид та бүхэндээ онцлохыг хүслээ. Тодорхой үр дүнгээсээ бидэнтэй хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд 21-р зууны нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ загвараар замнахад шаардлагатай үндсэн стратегийг төсөл хөтөлбөрүүдийн хамт санал болгохын сацуу Монгол Улсын газар нутаг, орон зай, нийгэм, эдийн засгийн нөхцөл, нөөц боломж дээр үндэслэн бүсчлэн хөгжүүлэх асуудлыг багтаан боловсруулсан энэхүү ҮХЦТ бэлэн болж эцэслэгдэхэд багахан хугацаа үлдээд байна.