Өдгөө дэлхийд тавд эрэмбэлэгддэг, 500 мянган тонн баяжмал олборлох чадалтай нүсэр уурхайн хамгийн том баялаг бол тэнд буй 20 мянган уурхайчид. Оюу толгой компанийн нийт ажилчдын 97 хувийг монголчууд бүрдүүлдэг бөгөөд дэлхийн хаана ч ажилд орж чадах туршлагатай инженер, техникийн ажилчид энд ажилладаг. 

Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд, 200 км гаруй хөндий доорх асар том бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй хэн бүхэнд Оюу толгойн үүд хаалга нээлттэй гэдгийг ажил хайж буй залуу мэргэжилтэн, дадлага хийх хүсэлтэй оюутан залуус та бүхэнд энэхүү нийтлэлээрээ танилцуулъя.  

10 ЕРТӨНЦ, 10 ӨНЦӨГ "Оюу толгой" ХХК хамт олон

Unread


ҮСХ-ийн мэдээллээр манай улсын хөдөлмөрийн насны 2.1 сая иргэний 57 хувь их, дээд сургууль төгсөгчдийн 58 хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа бөгөөд эдгээр ажиллах хүчний 7.6 хувийг ажилгүй иргэд эзэлж, ажилгүйдлийн түвшингээрээ бид дэлхийд 44 дүгээрт жагсаж байна.

Он гарсаар "Оюу толгой" ХХК нийт 60 гаруй ажлын байр зарласнаас нээлттэй 50 орчим ажлын байр байна. Хэрэв уншигч та анзаарсан бол олон нийтийн сүлжээнд “Оюу толгойд яаж ажилд орох вэ, анкет материалаа хэрхэн бүрдүүлэх вэ? заавал англи хэлээр бэлдэх ёстой юу?” гэх зэрэг төөрсөн асуултууд элбэг үзэгддэг. Угтаа Оюу толгойд ажилд орох, өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй бөгөөд хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ажил горилогчийн мэдлэг, ур чадвар, давуу талыг тухайн ажлын байрны шаардлагад харьцуулан явуулдаг.


Unread

Оюу толгойг сонгох шалтгаан

Аюулгүй байдал тэдний үнэт зүйл

Орчин цагийн дэвшилтэт уурхайнуудтай адил гүний уурхайд хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн автоматжуулалтын системийг бүхий л шатандаа ашиглаж буй. Нэг ээлжиндээ л гэхэд зургаан мянга гаруй залуус ажиллаж, амьдрал буцалж байдаг гүний уурхайн бичил хотод зөвхөн уурхайчдаас гадна төрөл бүрийн мэргэжилтнүүд уурхайн хэвийн ажиллагааг хангахын төлөө тасралтгүйгээр аюулгүй ажиллагааг мөрдөн ажилладаг.

Боловсролыг эрхэмлэнэ

Эд баялгаас эрдэм мэдлэг түгээх уриатайгаар монгол залуучуудын боловсролд хөрөнгө оруулж, олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд даруй 15 жил болжээ. Одоогоор тус компани нийт 3900 гаруй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон бөгөөд гадаадад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй мэргэжилтнүүд болон дотооддоо бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутан залууст зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийг тогтмол зарладаг.

Өсөх тэмүүллийг дэмжинэ

Ажилтнуудын ур чадвар, ажлын туршлага, манлайллын чадварыг хөгжүүлэх зорилгоор Рио тинтогийн бусад уурхайд гурван сараас хоёр жил хүртэлх хугацаанд ажиллах боломжтой аж. Үүний тод жишээ нь их сургуулиа төгсөөд сонины зараас Оюу толгой компанийн Орон нутгийн харилцааны хэлтэст ажилд орж, ирээдүйн ажил амьдралаа уул уурхайтай холбосон Б.Амар. Тэрээр Оюу толгой төслийн хэд хэдэн ажлын байранд ажиллаж, 2017 оноос Рио Тинто компанид шилжин, улмаар Австрали улсад суурьшин ажиллаж байхад нь Unread ярилцаж байв.

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? Рио Тинтогийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан ерөнхий зөвлөх Б.Амар

Unread


Ирээдүйг батлан даана

Ажилтнуудын урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд зориулан хувьцаа болон тэтгэвэр хуримтлалын сангийн хөтөлбөрүүд хэрэгждэг сайн жишгээр тэд үлгэрлэдэг. Ажилтны хувьцааны хөтөлбөр нь Рио тинтогийн нийт ажилтнуудад зориулагдсан бөгөөд компанийн хувьцааг худалдан авч, жилийн цалингийн 15 хүртэлх хувийг хадгалж болно. Харин тэтгэвэр хуримтлалын сангийн хувьд ажил олгогчийн зүгээс үндсэн цалингийн гурван хувьтай тэнцэх хуримтлалыг тогтмол оруулах бол ажилтан үндсэн цалингийн 1-3 хувийг сонгож өөрийн хуримтлалын хувь хэмжээг тохируулж болно.

Хүндээ ээлтэй бодлого

Цалинтай эцэг, жирэмсний болон амаржсаны чөлөө, нийгмийн үүрэг гүйцэтгэх, асран хамгаалагчийн чөлөө гэх мэт хүний амьдралд тохиох чухал шалтгаануудаар олговортой чөлөө авч болно. Жишээ нь шинэ хүүхэдтэй болж буй аавд 18 долоо хоногийн цалинтай чөлөө олгодог бол шинэ ээжүүдийн хувьд хуульд зааснаас нэмэлтээр хоёр сарын цалинтай чөлөө олгодог. Түүнчлэн ажилтанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдээр үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг бөгөөд ажилтан, ажилтны гэр бүл, үр хүүхдэд нь бүрэн нээлттэй байдаг.

Сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг вэ? 


Нэн түрүүнд компанийн албан ёсны вэб хуудас, цахим хуудасны ажлын байр хэсгээс нээлттэй ажлын байрны заруудтай танилцах боломжтой. Оюу толгой компанийн хувьд ажил горилогчийн нас, үндэс угсаа, арьсны өнгө, нийгмийн гарал, хүйс, бэлгийн чиг хандлага, улс төрийн болон шашны итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхдаггүй бөгөөд ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй хүний нөөцийн бодлого баримталдаг.

Хэрэв таны ур чадвар, туршлага ажлын байрны шаардлагад нийцэж байвал товч намтар, ажилд орохыг хүссэн өргөдлөө монгол, англи хэлээр бэлдэн илгээгээрэй. Ажлын байранд олон материал ирдгээс систем ачаалах магадлалтай учир маягт хүлээн авах хугацаа дуусахаас өмнө материалаа сайтар шалгаж явуулахыг зөвлөе. Мөн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой аливаа гомдол саналыг My Voice хөтөлбөрт MyVoiceMongolia@riotinto.com хаягаар холбогдон илгээх боломжтой.

  • Ажлын байрны өргөдлийн шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтална