Шинэ оны анхны журналд тавтай морил. Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан эл контентын эхний дэвтрийн гурав дахь журнал танд хүрч буй. Энэхүү дэвтэрт технологийн салбарт өөрсдийн түүхийг үлдээж, урам зоригтойгоор бусдыг түүчээлж яваа залуусын нэгэн өдрийг тэмдэглэн үлдээх юм.

Өнөөдрийн журналын эзэн бол та бидний сайн мэдэх Samsung корпорацад Стратеги төлөвлөлтийн төслийн удирдагчаар ажилладаг P. Эрдэнэтулга буюу Тука. Тэрээр Brown-ий Их сургуулийг эдийн засгийн мэргэжлээр төгсөж, Харвардын Их сургуулиас бизнесийн удирдлагын мастерын зэргээ авчээ. Ажлын гараагаа АНУ-ын Morgan Stanley-д хөрөнгө оруулалтын шинжээчээр эхэлж, технологийн компаниудад санхүүгийн зөвлөх болон хөрөнгө босголтын чиглэлээр ажиллаж байгаад 2021 оноос Солонгос улсад ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсын ДНБ-ээс даруй 15-20 дахин өндөр үнэлгээтэй Samsung хэмээх эзэнт гүрний томоохон төслүүд хаашаа явах, юунд анхаарах зэрэгт чиглэл өгдөг түүний ажил нэн сонирхолтой. Өдөр тутамдаа өндөр тоо, чухал шийдвэртэй ажилладаг учир ажлын ихэнх мэдээлэл нь нууц. Нууцлал өндөртэй учраас компанийн хотхонд нь зураг авах боломжтой хэсэг тун цөөн аж. Тийм ч учраас олон мэдээллийг дурдахгүй өнгөрөх шаардлагатай болсныг уншигч та бүхэн ойлгоно биз ээ.

Ингээд Солонгосын Сөүл хотоос Тукагийн бичсэн журналтай танилцъя.


06:00

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Тука байна. Өнгөрсөн долоо хоногт Самсунгийн урт хугацааны чиглэлийг тодорхойлох, стратегийн өндөр ач холбогдолтой төслийн удирдагчаар томилогдсон. Тэр төслийг эхлүүлэх дээд удирдлагын хурал гурав хоногийн дараа болох ба хурал дээр Самсунг корпорацын Дэд ерөнхийлөгчөөс эхлээд асар олон чухал хүмүүс байх тул сонирхолтой бөгөөд хариуцлагатай долоо хоног өнгөрөхөөр байна. Өөрийн нэг өдрийн журналаар Самсунгийн төслийн удирдагч байх ямар байдгийг хуваалцахыг хүслээ.

Би ойролцоогоор өглөөний зургаан цагийн үед сэрдэг. Дадал ёсоор өнөөдөр ч бас энэ цагтаа сэрж байна. Миний хувьд Сөүл хотын Ганнам дүүрэгт амьдардаг бөгөөд оффис маань Сувон хотод бий. Компанийн автобус 6:30-д ирж, 7:20-ийн үед компанийн хотхон болох Digital city-д хүрдэг.



07:30


Компанийн зүгээс өглөөний цай, кофе, өдрийн хоол, оройн хоол болон хөнгөн зуушаар хангадаг. Өглөө ирээд хамгийн түрүүнд өглөөний цайгаа аваад, ажлын ширээндээ сууж байна. Үүний дараа ойролцоогоор 30 минутыг ажилдаа бэлдэхэд зарцуулдаг.



08:00

Пүрэв гарагийн хурлаар дээд удирдлагууддаа төслийн хамрах хүрээ, хуваарь, хүлээх үр дүн, ажиллах арга барил, үндсэн ач холбогдол зэргийг танилцуулах ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдээр төслийнхөө бүтэц, зохион байгуулалтын талаар ерөнхий тойм гаргасан. Харин өнөөдөр төслийн багийн анхны, албан ёсны уулзалттай бөгөөд түүний өмнө өөрийн бодол санаагаа цэгцэлж, төслөө том зургаар нь харахад анхаарах хэрэгтэй.

Том корпорац учир ажлын ширээнээс эхлээд ажиллаж байгаа төслийн мэдээлэл өндөр нууцлалтай байдаг ч уншигч танд төсөөлөл өгөх үүднээс өнгөрсөн хугацаанд ажилласан зарим төслүүдээ ерөнхийд нь дурдвал:

1. Самсунгийн хүний нөөцийн стратеги
2. Самсунгийн олон улсын финтекийн стратеги
3. Самсунгийн метаверс дэх олон улсын маркетингийн стратеги
4. Самсунгийн тэргүүлэх төхөөрөмжүүдийг зах зээлд гаргах стратеги



09:00

Багийн уулзалт эхэлж байна. Ихэнх төслүүд 10-15 гишүүн, 1-2 зөвлөх, 1 удирдагчтай байдаг. Төсөлд ямар хүмүүс ажиллаж байгааг хуваалцмаар байгаа ч энэ мэдээлэл мөн л нууц учир хуваалцах боломжгүй байгааг минь ойлгоорой.

Миний бодлоор аливаа хурлаас өмнө хурлын төлөвлөгөө гаргаснаар бүтээмжтэй уулзаж чаддаг. Энэ хурал төлөвлөгөөний дагуу дараах байдлаар үргэлжилнэ:

1. Багийн гишүүд өөрсдийгөө танилцуулах - 10 минут
2. Төслийн хамрах хүрээг тодорхойлох - 15 минут
3. Эцэсцэг болон хүлээлгэн өгөх үр дүнээ тодорхойлох - 10 минут
4. Багийн гишүүдийн ажлын хуваарилалт - 15 минут
5. Асуулт хариулт - 5 минут



10:00

Нийтийн уулзалтын дараа багийнхаа гишүүн тус бүртэй ганцаарчлан уулзлаа. Ганцаарчилсан уулзалтын үеэр ярилцахыг хичээдэг зүйлсээ аливаа төсөл, баг ахалж байгаа хүмүүст хэрэг болох болов уу гэж бодоод хуваалцъя.

1. Гишүүн бүрийн ажиллах арга барил: Хүн бүрийн ажиллах арга барил өөр учраас юун түрүүнд тэдгээрийг мэдэж авснаар тэр хүнтэй хэрхэн хамтарч ажиллахаа ойлгоно.

2. Гишүүн бүрийн давуу болон сул тал: Тэгснээр тухайн хүнийг хэрхэн дэмжиж, сайн чаддаг зүйлийг нь хийлгэх болон аль хэсэгт нь илүү туслах ёстойгоо мэдэж чадна.

3. Гишүүн бүрийн хэтийн зорилго: Ингэснээр энэ удаагийн төслөөр дамжуулан ямар ур чадвараа сайжруулахыг хүсэж байгаа олж мэдэн, илүү өөрт нь тохирсон, утга учиртай, сонирхолтой ажлуудыг даалгах боломжтой.



12:00

Үдийн хоолны цаг боллоо. Энэ үеэр багаараа нэг ширээнд сууж, аль болох хоорондоо нээлттэй харилцаж, дотоод уур амьсгалаа халуун, дулаан болгохыг хичээдэг. Учир нь бид энэ багаараа дөрвөн сарын турш хамтарч ажиллах ба багийн гишүүдийн найрсаг харилцаа төслийн амжилтад чухал нөлөөтэй.

Миний бодлоор ямар төслөөс үл хамааран төслийн удирдагч хүнд дараах чадварууд заавал байх ёстой:

1. Аливааг тунгаан бодох (critical thinking)
2. Бизнесийг дүгнэж, задлан шинжлэх (structuring)
3. Удирдан зохион байгуулах (project management)
4. Бусадтай харилцах (upward and downward management)



13:00

Шинэ төслийнхөө зөвлөхтэй уулзаж байна. Төсөл бүрд мэдлэг, туршлагатай зөвлөх томилогддог. Төслийн хамрах хүрээ, үр дүн, арга барил, хуваарь зэргийг хуваалцаж, хэрхэн сайжруулж болох талаар санал, шүүмж авлаа. Ер нь аливаа төслийг хэрэгжүүлэхдээ бүх зүйлээ өөртөө дараад байлгүй аль болох бусдын санаа бодлыг сонсож, хэрэгтэйг нь тусгаж, хурдтай өөрчилж чаддаг байх чухал.



14:00

Зөвлөхийнхөө санал дээр үндэслэн төслийн ерөнхий бүдүүвчийг (ghost deck) гаргаж, багийнхаа гишүүд бүрд үүргийг нь хуваарилав. Ерөнхий бүдүүвчид дараах мэдээллүүд багтана:

1. Төслийн нэр
2. Яг ямар асуудлыг шийдэх гэж байна вэ?
3. Хамрах хүрээ буюу шийдэх болон шийдэхгүй асуудлууд
4. Төслийн ерөнхий тойм, чухал өдрүүд
5. Төслийг хэрэгжүүлэх арга барил
6. Төслийн үр дүнг тайлагнах загвар
7. Хэн, юу хийхийг агуулсан багийн танилцуулга
8. Төслийн зардал, түүний задаргаа



15:00

Багийнхаа гишүүн бүртэй ахин уулзаж, төслийн явцад тулгарах асуудлуудын талаар ярилцаж, зөвлөгөө болон зааварчилгаа өгөөд байна. Хэдий төслийн удирдагчийн зүгээс төслөө том зургаар нь харж, юуг яаж хийхээ мэддэг байх ёстой ч багийнхаа гишүүн бүрд эрхийг нь өгч, өөрсдийн хариуцаж буй ажил дээрээ шийдвэр гаргах боломжийг олгодог. Эхлээд тэдний саналыг нь сонсоод дараа нь зөвлөгөө өгч, асуудлыг нэг талд гаргатал хамтран ажилладаг гэсэн үг.

Залуу мэргэжилтнүүдэд зөвлөхөд:

1. Өөрийнхөө хариуцсан ажлыг хэнээс ч илүү сайн мэддэг бай
2. Ажлаа хэрхэн хийх, яаж дүгнэхээ мэддэг бай
3. Төслөө том зургаар нь харж, аль хэсгийг нь хариуцаж байгаагаа мэддэг бай



17:00

Багийнхантайгаа уулзаж, үүргээ хуваарилж дууслаа. Одоо энэхүү төслийн захиалагч тал буюу харилцагчтайгаа уулзаж байна. Миний хувьд харилцагч нартаа өөрийгөө ажлын хамтрагч шиг нь танилцуулж, төсөлд нэн шаардлагатай бичиг баримт, мэдээллүүдийг аль болох түргэн авахыг хичээдэг. Хэдий чинээ хурдан авна, төсөл төдий чинээ амжилттай байна.



18:00

Бичиг цаасны ажил эхэллээ. Төслийн нэгдсэн хавтсаа үүсгэж, өмнөх төслөөс холбоотой материалуудыг нэгтгэж, багийн гишүүд болон харилцагчидтай хийх долоо хоногийн уулзалтуудаа хуваарьтаа зоов.

Төслийн амжилт тэр чигтээ удирдагчийн хариуцлага учраас асар өндөр дарамт, ачаалалтай ажил. Зөвлөх, харилцагч, багийн гишүүд гээд бүх л оролцогч талтай харьцах, тэдний дунд гүүр болох, тулгарах асуудлуудыг шийднэ гэдэг хүндхэн даваа. Хэдий тийм ч энэ ажил маань өмнө нь хийж байсан бүх ажлаас хамгийн өгөөжтэй нь гэж боддог юм. Хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх төслийн стратегийг гаргана гэдэг бахархам зүйл. Мөн өндөр түвшний хүмүүст зөвлөгөө өгч, тэдэнтэй хамт ажиллахаар их зүйл сурдаг. Өөрөө суралцахын зэрэгцээ багийн гишүүддээ зааж сургаж, илүү сайжирч байгааг нь харах тун сайхан.



19:00

Ажлаасаа түр хөндийрөн, хөнгөн зууш идээд дасгалаа хийж байна. Манай ажлын хотхоны дасгалын төв үнэхээр супер шүү. Томилолт, ачаалал ихтэй өдрүүдээс болоод дасгалын хуваарь маань үргэлж өөрчлөгддөг ч дараах хуваарийг дагахыг хичээдэг.

1. Долоо хоног бүрийн Даваа (цээж), Лхагва (нуруу), Баасан гарагт (мөр, гар) бэлтгэл хийдэг.
2. Пүрэв гарагт Самсунгийн ажилчидтай сагсан бөмбөг тоглодог. Манайд лиг байдаг ч өрсөлдөөн гэхээсээ илүү бие биеэ гэмтээхгүйд л анхаардаг даа.



20:00

Үндсэн ажил дуусаж, тайван суух боломж гарлаа. Төслийнхөө эхний өдрийн гүйцэтгэлийн хураангуйг гаргаж байна. Товчхондоо, юу хийсэн, юу хийх дутуу байгаагаа хардаг. Мөн Баасан гараг бүр долоо хоногийн гүйцэтгэлийн хураангуйгаа нэгтэн бичиж, шинээр ойлгосон зүйлсээ буулгах асар үр дүнтэй байдаг. Ингэснээр ирэх долоо хоногоо төлөвлөхөд ч тустай.



21:00

Компанийн автобус оройн 9:15-д хөдөлдөг. Автобусанд явахдаа Morning brew, Acquired, Business breakdown гэсэн подкастуудыг сонсоно.



22:00

Гэртээ ирлээ. Өнөөдөр их завгүй байсан ч олон зүйлийг эхлүүлсэн сайхан өдөр болж өнгөрлөө. Пүрэв гарагийн уулзалтад минь амжилт хүсээрэй. Миний журналтай хамт байсанд баярлалаа. Энэ хүртэл БНСУ-ын Сөүл хотоос Тука бичлээ.


Өмнөх журналуудыг унших:

Tesla-ийн анхны Монгол инженер Жавхлангийн журнал
Технологийн мэргэжилтнүүдийн “ангууч” Дөлгөөний журнал