Намайг арван жилд байхад мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өнөөгийнх шил элбэг биш байлаа. Мэргэжил сонголтыг зан чанар тодорхойлох тест, эрэлттэй мэргэжлийн жагсаалт, аль хичээлдээ арай дээр байгаа гээд энэ бүгдээр баримжаалан ойлгож явсан үе л дээ. Хэдийгээр одоо ийм төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ харьцангуй олширсон ч яг мэргэжлийн багш нар шиг бодит нөхцөл байдлыг онож дүгнэх хүн цөөхөн болов уу. Иймд бид Монголын шилдэг их, дээд сургуулиудын профессор багш нартай ярилцан, сургууль нэг бүрийн хөтөлбөрийнх нь онцлог, элсэхээс өмнө МЭДЭХ ойлголт, УНШИХ ном, ЭЗЭМШИХ ур чадварыг багцлан хүргэх “Профессор зөвлөж байна” буланг эхлүүлж байна.

Булангийн эхний дугаарт сэтгүүл зүйн хөтөлбөрийг онцолж,

  • МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар,
  • МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор М.Одмандах,
  • СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Цэнд,
  • ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа

гэсэн дөрвөн эрхэмтэй ярилцсаныг хүлээн авна уу.

Жич: Уншигчдадаа зориулан давхардсан агуулгыг танасан болно.


Б.Наранбаатар (МУИС): Монгол Улсад сэтгүүл зүйн дээд боловсролыг олгож эхэлсэн анхны гал голомт бол Монгол Улсын Их Сургууль. Манай тэнхим 1960 онд байгуулагдаж, өдгөө 65 жилийн ойтойгоо золгож байна. МУИС-ийн сэтгүүл зүйн хөтөлбөр академик сургалтад төвлөрдгөөрөө онцлогтой. Тийм ч учраас манай бараг бүх хичээл өөрсдийн гэсэн сурах бичигтэй байдаг. Бид оюутнууддаа сэтгүүл зүйн судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил бичих, шүүн тунгаах чадвар эзэмшүүлэхийг чухалчилдаг.

Д.Цэнд (СУИС): Манай сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөр практик дээр түшиглэсэн гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл онолын хичээлээс гадна семинар, практикийн хичээлүүдээр радио, телевизэд ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгодог гэсэн үг. Эдгээр хичээлүүдийг мэргэжлийн студийн тоног төхөөрөмжийг ашиглан багаар ажиллан гүйцэтгэж сурна. Мөн ярианы ур чадвар, хөтлөгчийн ур чадварын хичээлүүд ордог нь радио, телевизийн сэтгүүлч болоход илүү дөхөм байдаг. Онолын хичээлүүдийг онолын багш нар заадаг бол семинар, практикийн хичээлүүдийн хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн профессорууд ордог.

М.Одмандах (МУБИС): Манай сургууль сонин, сайтад мэдээ, нийтлэл бичдэг сэтгүүлчдийг бэлтгэж ирсэн. Харин сүүлийн үед үүнтэй зэрэгцүүлэн радио, телевизийн ур чадварыг олгож байна. Бэлтгэж буй сэтгүүлчдээ ур чадвартай болгох үүднээс хичээлүүдийн маань 30 хувь нь лекц, 70 хувь нь практикт суурилдаг онцлогтой. Мөн сургалтын хөтөлбөр маань чөлөөт хэвлэлийн онол арга зүйд үндэслэдэг тул шударга, үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид манай сургуулиас төрдөг. Үндсэн хөтөлбөрөөс гадна, манай Спортын сургуульд спортын сэтгүүлч бэлтгэдэг, хавсарга хөтөлбөр бий. С.Шижирбат, Б.Батзаяа тэргүүтэй олон сэтгүүлч энэ хөтөлбөрт суралцаж төгссөн байдаг.

Д.Дагиймаа (ХИС): Бусад сургуулийн хөтөлбөрөөс манайх мультимедиа сэтгүүлч бэлтгэдгээрээ онцлог. Дижитал сэтгүүл зүйд шаардлагатай зураг авах, бичлэг хийх, бичлэгээ эвлүүлэхээс эхлээд шаардлагатай гэсэн бүхий л ур чадварыг оюутнууддаа эзэмшүүлэхийг зорьдог. Мөн нийгэмд эерэг мэдээлэл түгээж, асуудлыг таниулахын зэрэгцээ шийдлийг харуулахыг эрмэлздэг.


Сэтгүүлч мэргэжлийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт

Б.Наранбаатар (МУИС): Олон нийт болон элсэгч оюутнууд дийлэнхдээ сэтгүүлч мэргэжлийг зурагтаар гардаг, цахим ертөнцөд контент бүтээдэг, урлаг спортынхонтой дүйхүйц “олны танил” болдог мэргэжил хэмээн ойлгодог. Нөгөөтээгүүр, өөрийгөө “сэтгүүлч” хэмээн нэрлэсэн хүн бүрийг сэтгүүлч мэргэжилтэй юм байна хэмээн ташаа ойлгох явдал олон нийтийн дунд цөөнгүй. Мөн сэтгүүлчийг буруу зөрүү асуулт асуудаг, ёс зүйгүй, бүгд ямарваа нэгэн улс төр, эдийн засгийн томоохон эрх мэдэлтний нөлөөнд автсан байдаг зэргээр үнэлж дүгнэх тал бий.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар

бодит байдал

Д.Цэнд (СУИС): Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд сэтгүүлчид эрх чөлөөтэй байна гэдэг ардчилсан нийгмийн мөн чанар болсон иргэн бүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаагийн илрэл байдаг. Тэгэхээр сэтгүүлч мэргэжил бол мөн чанартаа, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангадаг, тэдний эрх ашгийн төлөө “дуугардаг” олон нийтийн харилцааны ажилтан, хүний эрхийн хамгаалагч гэж ойлгож болно.


Элсэгчдийн нийтлэг ойлголт

М.Одмандах (МУБИС): Сэтгүүл зүйн хөтөлбөрт элсэж буй оюутнуудын дийлэнх нь зурагтаар гардаг хөтлөгч болно гэсэн бодолтой орж ирдэг. Гэтэл хөтлөгч, сэтгүүлч хоёр их ондоо шүү дээ. Сэтгүүл зүйн салбарт телевизээс гадна сонин, сэтгүүл, радио, интернэт гээд олон талбар бий. Иймд оюутан эхний хоёр жилдээ ерөнхий сэтгүүл зүйн хичээлээ үзээд, дараа дараачийн жилүүдэд өөрийн сонирхсон чиглэлээрээ мэргэшин суралцдаг.

МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор М.Одмандах

Төгсөөд ажиллах боломж ба эрэлт хэрэгцээ

Д.Дагиймаа (ХИС): Сэтгүүлч бол хамгийн сайн хөрвөдөг мэргэжил. Аль ч цаг үед сайн сэтгүүлч эрэлттэй байсаар ирсэн. Сэтгүүлч мэргэжилтэй хүн зөвхөн мэргэжлийн редакцаар тогтохгүй, олон нийттэй харилцах мэргэжилтэн, эх зохиогч (copywriter), маркетингийн менежерээр ажиллах нь элбэг болсон байна.

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа

М.Одмандах (МУБИС): Технологийн хөгжлийг дагаад бие даасан контент бүтээх талбар, хэрэгсэл их болсон. Иймд тодорхой нэгэн редакцад харьяалагдан ажиллахаас гадна олон нийтийн сүлжээнд бүтээлээ нийтлэн, чөлөөт сэтгүүлчээр ажиллах боломжтой.

Сэтгүүлч мэргэжил ямар зан чанартай хүнд хамгийн тохиромжтой вэ?

Б.Наранбаатар (МУИС): Интроверт, экстравертээс үл хамааран энэ мэргэжил ямар ч зан төлөвийн хүнд зохидог. Хүнтэй ярилцахдаа сэтгэлийг нь нээдэг, нууж байгаа зүйлийг нь яриулж чаддаг, ёс зүйтэй, нээлттэй хүмүүс бий. Нөгөөтээгүүр, боддог, тунгаадаг, мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг сэтгүүлчид мэргэжлийн сэтгүүл, өдөр тутмын сонины томоохон алба, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хэрэгтэй байдаг. Харин ийм төрлийн хүмүүс голдуу дотогшоо зан төлөвтэй байх нь ажиглагддаг. Иймд гол нь өөрийгөө таних хэрэгтэй. Би дуугүй, даруухан болохоор сэтгүүлч болж чадахгүй гэж бодох хэрэггүй. Танд бусдад байхгүй давуу тал бий.

М.Одмандах (МУБИС): Сэтгүүлч хүн сониуч байх хэрэгтэй. Таван настай хүүхэд шиг сониуч байж, аливаа зүйлийн учрыг тайлахыг эрмэлздэг, түүгээ олон нийтэд хүргэх хүсэл эрмэлзэлтэй хүн сайн сэтгүүлч болдог. Мөн хүний хэлсэн зүйлийн үнэн, худлыг ялгадаг, мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг байх нь маш чухал.


Б.Наранбаатар (МУИС): Доктор Ч.Чойсамба агсаны “Сонирхолтой сэтгүүл зүй” гэдэг номд сэтгүүл зүйн үндсэн ойлголтуудыг хөнгөхнөөр тайлбарласан байдаг тул элсэгчид уншихад тохиромжтой болов уу. Мөн доктор Ч.Чойсамба, доктор М.Зулькафиль, доктор Л.Норовсүрэн нарын бичсэн “Монголын сэтгүүл зүй 100 жил: Хамгийн хамгийн хамгийн” гэх сонирхолтой номыг санал болгож байна.

Д.Цэнд (СУИС): Сүүлийн үеийн залуус монгол ахуйгаа тийм ч сайн мэдэхгүй байгаа нь ажиглагддаг. Гэтэл сэтгүүлч болоод хөдөөгийн малчин айлд сурвалжилга хийлээ гэж бодоход юун түрүүнд монгол ахуйгаа мэддэг байх шаардлага тулгарна. Тиймээс Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар, Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой зэрэг Монголын эртний уран зохиолуудыг уншаарай. Харин орчин үеийн уран зохиолоос, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Явуухулан, Д.Батбаяр, Л.Түдэв тэргүүтэй зохиолчдын зохиол бүтээлийг уншиж, монгол ахуйн соёл, үг хэллэгээс нь суралцдаг байгаасай хэмээн хүсдэг. Тухайлбал, Дондогийн Цэгмидийн “Алтайн цаадах говь” гэж сайхан ном бий. Тус номд Алтайн цаадах говийн ан амьтан, байгалийн сайхныг нь гайхам ончтой дүрсэлсэн байдаг. Энэ мэтчилэн монгол зохиолуудаа уншиж, ахуй соёл, өв уламжлалаа мэддэг байх нь монгол хүн байх хийгээд даяаршсан нийгэмд дангааршин үлдэхийн үндэс болов уу.

Санал болгох: Монгол ахуйг сэргээн сануулах XX зууны 10 роман

М.Одмандах (МУБИС): Либертари үзэл гэж юу болох, хувь хүний эрх чөлөөг хэрхэн тодорхойлох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ач холбогдол нь юу вэ зэрэг нийгмийн шинжлэх ухааны суурь ойлголтыг өгөх бүтээлүүд унших хэрэгтэй.

Санал болгох: Жэйсон Брэйнан - Либертари үзэл

Мөн сэтгүүлч хүн ёс суртахуунтай, хүмүүжилтэй байх нь хамгийн чухал тул уран зохиол, сургамжит түүх, алдартай хүмүүсийн намтрыг уншиж, тэдний алдаа оноо, ололт амжилтаас суралцаарай. Учир нь ёс суртахуунгүй хүн сэтгүүлч болох нь галзуу хүнд АК буу бариулсантай яг ижилхэн. Өөрөөр хэлбэл, тэд нийгмийг самрах аюултай. Миний л ажигласнаар, салбартаа үнэлэгдэн, сайн ажиллаж байгаа сэтгүүлчид цөм ёс суртахууны хувьд төлөвшсөн хүмүүс байдаг. Эсрэгээрээ төлөвшөөгүй хүн худал мэдээлэл тараах, хэн нэгнийг гүтгэх, харлуулах зэрэг “хүний ёсноос гажууд” үйлдлүүдийг хийж байгаа нь харамсалтай.

Санал болгох: Морилон ирж буй Могой жилд монгол хүний унших 10 ном

Харин мэргэжлийн талаас зөвлөхөд, шилдэг сэтгүүлчдийн шилээвэр бүтээлүүдийг унших хэрэгтэй. Тухайлбал, “Шилдэг сэтгүүлч төгсөгчдийн бүтээлийн чуулган” ном болоод сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг Балдорж шагналыг хүртсэн бүтээлүүдээс уншиж болох юм.

Д.Дагиймаа (ХИС): Сэтгүүл зүйгээр сурах гэж байгаа бол муу, сайн гэж ялгалгүй бүгдийг л унших хэрэгтэй. Тэр дундаа, сүүлийн үеийн хэвлэлүүд, вэбсайтын нийтлэлүүдийг уншаарай. Мөн нийтлэлийн түүвэр номууд байж болно. Тухайлбал, Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй”, С.Баярын “Жаран хоног "Жаран"-ы бутархай”, сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “25᠌” зэрэг номыг санал болгоё.



Б.Наранбаатар (МУИС): Монгол хэлний зөв бичих дүрмийн мэдлэг, найруулах ур чадвар бол зүй ёсоор нэгт эрэмбэлэгдэх чухал чадвар. Сэтгүүлч хүн хэчнээн сайхан нийтлэл бичсэн ч голд нь ганцхан үгэн дээр алдчихсан байвал уншигч эргэлзэж эхэлдэг. Тиймээс энэ хөтөлбөрт элсэхээсээ өмнө зөв бичгийн дүрмээ эргэн хараарай. Харин найруулгын ур чадварыг сайжруулах гарцаагүй ганц арга нь “унших”.

Санал болгох: Алдаагүй бичихэд туслах анхан шатны 6 дүрэм

Д.Цэнд (СУИС): Сүүлийн үеийн элсэгчдийн гадаад хэлний мэдлэг их дээшилсэн. Харин үүнтэй зэрэгцүүлэн, сэтгүүлч хүний гол багаж зэвсэг болсон эх хэлээ сайн сурсан байх нь зайлшгүй чухал. Мөн бид бичсэн мэдээ, хийсэн контент, авсан зургаа технологийн тусламжтайгаар л олон нийтэд хүргэх тул технологийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлээрэй.

М.Одмандах (МУБИС): Одоогийн залуучууд маань сонирхсон чиглэлээрээ л мэдээлэл аваад, бусад салбарын талаар дутуу дулимаг ойлголттой байгаа нь ажиглагддаг. Гэтэл сэтгүүлч хүн мэргэжлийн шаардлагаар бүх салбарын хүмүүстэй харилцдаг онцлогтой. Хөдөө аж ахуй, соёл урлаг, улс төр, эрүүл мэнд гээд л… Тиймээс шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, тэдний уялдаа холбоо, харилцан хамаарлыг ойлгодог байх нь маш чухал. Тийнхүү мэдсэний хойно, өөрийн сонирхсон чиглэлээрээ гүнзгийрүүлэн суралцах хэрэгтэй. Учир нь, эдийн засагч мэргэжилтэй хүн сэтгүүлч хийвэл маш сайн сэтгүүлч болдог. Улс төр судлаач хүн сэтгүүл зүйг ойлгочихвол мөн сайн сэтгүүлч болдог. Үүний нэгэн адил, манай оюутнууд мөн шинжлэх ухааны суурь ойлголтоо сайжруулсныхаа дараа сонирхсон нэг чиглэлээрээ гүнзгийрэн мэргэших нь зүйтэй. Мөн үүний сацуу хэрэглээний программ дээр ажиллаж чаддаг байх хэрэгтэй.


Д.Дагиймаа (ХИС): Суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй, зөв төлөвшилтэй байх нь хамгийн чухал.


Б.Наранбаатар (МУИС): Ерөнхий боловсролын сургуульд багш нар сурагч нэг бүртэй тулж ажиллан, шаардлага тавьдаг бол их сургуульд тэс ондоо. Багш хичээлээ заагаад л гараад явчихна. Үүнээс үүдээд оюутнууд шаардлага сул юм байна гэж ойлгоод өгсөн даалгавар, бие даалтыг хийлгүй назгайрах хандлага ажиглагддаг. Иймд нэгэнт энэ хөтөлбөрт элссэн бол анхнаасаа өөртөө шаардлага тавьж, идэвхтэй, мэрийлттэй байгаарай.

Санал болгох: Study hacks: Нийгмийн идэвхтэй оюутан болоход тань туслах 4 арга

Д.Цэнд (СУИС): Өөрийгөө сайн таниарай. Хэн нэгний үгээр биш, хэн нэгний шахалт шаардлагаар бус гагцхүү өөрийнхөө хүсэл сонирхлыг таньчихвал түүнийхээ төлөө хичээх хэрэгтэй. Харин үүний тулд тууштай байж, сайн унших, судлах хэрэгтэй болов уу.

Санал болгох: Өөрөөсөө асуух учиртай 50 чухал асуулт

М.Одмандах (МУБИС): Оюутан байх хугацаандаа л мэргэжлийн ном бүтээлийг уншиж судлан, өөрийгөө таньж, өөрийгөө хөгжүүлж аваарай. Учир нь сэтгүүлчээр ажиллаад эхэлбэл өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл шинэ мэдээллийн хойноос хөөцөлддөг тул үнэндээ өөрийгөө хөгжүүлэх боломж хомс байдаг. Тиймээс суралцах энэ цаг хугацаандаа залхуурлыг хойш тавьж, хичээгээрэй, чармайгаарай.

Санал болгох: Оюуны төгс төлөв: The Flow state

Д.Дагиймаа (ХИС): Сүүлийн үеийн оюутнууд цагийн ажил их хийдэг болсон. Бусад орнуудад оюутны ажиллах цагийн хязгаарыг заасан байдаг бол манайд тийм зүйл байхгүй. Үүнээс үүдээд оюутнууд хамаг цагаа ажил хийхэд зориулж, цаашлаад хичээлдээ унах тохиолдол их гардаг. Тиймээс болж өгвөл битгий ажил хийгээрэй. Хэрэв үнэхээр ажил хийхийг хүсвэл, мэргэжлийн ажлаа хийгээрэй гэж зөвлөе.