"Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын буланд маань салбар салбарын зүтгэлтнүүд оролцож, ажлын хэв маяг, арга барил, дадлаа хуваалцдаг. Энэ үеэр бидний тавьдаг нэгэн асуулт бол "Санал болгох ном, хөгжим, кино?" юм. Зочид маань өөрт нь урам зориг хайрлаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг ном зохиол, хөгжим, киног бидэнтэй хуваалцаж, уншигчдын плэйлист, унших номын жагсаалтыг өргөжүүлсээр ирсэн билээ. Тэдгээр сонирхолтой, гайхалтай бүтээлүүдээс санал болгосноор нь түүвэрлэн хүргэж байна. 

Рэппэр, найруулагч, продюсер Rokit Bay (О.Баярсайхан)

Миний хамгийн дуртай ном бол "1984". Бас "Амьтны ферм". Сүүлд кино нь гарсан байсан "Ready Player One", мөн "Dune" зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай. Хувь хүний хөгжлийн номуудыг оюутан байхдаа их уншдаг байсан, одоо бараг больжээ.

Кино гэвэл сүүлийн үеийн бүтээлүүд л санаанд орж байна. "Joker", "Once Upon a Time in Hollywood" зэрэг кинонууд үнэхээр таалагдсан. Хуучны кинонуудаас бол "12 ууртай эр", Куэнтин Тарантинод их урам зориг, санаа өгсөн гэгддэг "The Good, The Bad and The Ugly"-д дуртай.

Сүүлийн үед хөгжим бага сонсож байна. Дуа Липагийн сүүлд гаргасан дуу энерги, клип гээд бүх л зүйлээрээ үнэхээр сайн бүтээл болсон байна лээ.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Ч.НОМИН

Онгоцонд явах, ажлаар ийш тийшээ явах үедээ ном уншина. Зарим орой уншина. Багадаа уран зохиолын ном, тэр дундаа гүнжтэй номууд их уншдаг байлаа. Английн хатан хаадын түүхийг бол сайн мэднэ шүү (инээв). Одоо бол голдуу өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ сайн авч явахад хэрэг болох номуудыг уншдаг болж. Хамгийн сүүлд уншсан гэвэл байгууллагын “од” ажилтнуудыг хэрхэн удирдах тухай "Chasing Stars" гэх ном байна. Манайх чинь телевиз болохоор “од” ажилтан цөөнгүй. Мөн хэлэлцээр үр дүнтэй хийх тухай "Negotiation Genius", эмэгтэйчүүдийн тухай "Girl Boss" зэрэг ном уншсан. "Girl Boss" их хөөрхөн ном байна лээ.

Байнга сөхөж хардаг ширээний ном гэвэл "How to Win Friends and Influence People" байна. Энэ номоос хүмүүстэй хэрхэн зөв зүйтэй харилцах тухай ихийг сурдаг. Хэвлэмлээр харахаас гадна энэ номыг сонсох дуртай.

Мөн ээжүүдэд "The New Contented Little Baby Book" хэмээх номыг санал болгоё. Хүүхдүүд орой эрт унтуулж, эрт босгох, тогтсон дэглэмээр хүмүүжүүлэх тухай ном юм л даа. Би хүүхдүүдээ багыг нь 19.30-20 цаг гээд, хоёр томыг нь 21.30 гээд унтуулчихдаг юм. Давуу тал ихтэй шүү.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

Банкир, эдийн засагч Г.Амартүвшин

Санал болгох гэхээсээ өөрийн үзсэн харсан зүйлсийг дурдчихъя. Би одоо Тим Феррисийн "Tribe of Mentors" хэмээх номыг уншиж байна. Салбар салбарын амжилттай яваа олон хүн зохиогчийн тавьсан арваад асуултад хариулт өгснийг нэгтгэсэн юм билээ. Мөн Рэй Далиогийн "Principles" номыг (монголоор орчуулагдсан) уншиж байна.

Кино гэвэл Кристофер Ноланы найруулсан Батмэний 3 анги байна. Зүгээр нэг супер баатартай кино биш, дарк тал руугаа, юм бодуулсан, супер зураг авалттай кино.

Би Оддын дайны улаан фэн. Шинэ ангийг нь хүсэн хүлээж үздэг. 70-аад оноос хойш энэ кино франчайзыг өдий хүртэл ийм амжилттай авч явна гэдэг гайхалтай. Мөн Майкл Дугласын тоглосон диалоги сайтай "Wall Street" кинонд дуртай. Эдди Мөрфигийн "Trading Places" гэдэг кино бас их зугаатай санагддаг. Сүүлийн үед үзсэнээс Жокер, Parasites хоёр онцгой санагдсан шүү.

Хөгжмийг бол машинд, онгоцонд байнга сонсоно. Юу ч хийж байсан цаанаа хөгжим тавьчихсан л сууж байдаг юм. Дуртай артистууд гэвэл Goo Goo Dolls, Linkin Park нарыг нэрлэнэ. Linkin Park-ийн "Minute to Midnight"-ийг ёстой агуу цомог гэж боддог. Мөн Foo Fighters, сүүлд Imagine Dragons, Ирландын The Script-ийг сонсох болсон. Бас Post Malone их таалагдсан. Мөн 90-ээд онд сонсдог байсан хип хоп их дурсамжтай. 2pac, Biggie, Ice-T, Beastie Boys байна. Хөгжмийн талаар яриад байвал дуусахгүй байж мэднэ шүү.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

Эдийн засагч, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга асан С.Даваасүрэн

Ер нь бол би классик, поп, фолк маягийн хөгжимд дуртай. Киноны хувьд би сүүлийн үед “House of Cards”-ийг үзэж байгаа. Энэ кино маань яг одоо хийж байгаа ажилтай маань уялдаж байгаа учраас би өөрөө өөртөө санал болгож байгаа юм л даа.

Яг уран зохиолын ном гэвэл англи маягийн зохиолууд их таалагддаг. Жэйн Остины фен. Ердөө зургаахан бүтээл туурвисан ч бүгд классик хэмжээнд үнэлэгдэж, үеэс үе дамжин уншигдаж байгаа нь үнэхээр гайхалтай. Түүний зохиолоос хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл, мэдрэмжээс гадна ахуй байдлын холбоосууд нь таалагддаг. Англид сурч байсан болохоор ч тэр үү, яагаад Английн уран зохиол дэлхийд үнэ цэнтэй байдаг вэ гэдгийн утга учрыг мэдрүүлэх шиг л болдог. Сонгодог зохиолууд дотроос Оросын сонгодгууд, Достоевский бол сор нь гэж боддог. "Гэм зэм", "Солиот", "Дорд үзэгдэгсэд"-ийг унших бүрд л цоо шинэ мэдрэмж өгдөг.

Мэргэжлийн номыг бол тухайн чиглэлээр нь хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийг шүүн уншина. Алдалгүй уншихаас өөр арга байхгүй.Сүүлийн үед хийж буй ажилтайгаа холбоотойгоор улс төрийн ном их сонирхож байна.

Фрэнсис Фукуямагийн "Итгэл", "Улс төрийн тогтолцооны ялзрал", "Улс төрийн эх сурвалж", "Төрийг төвхнүүлэхүй" гэсэн тус бүрдээ хоёр дэвтэр номыг бүгдийг нь уншлаа. Стэнфордын судлаач байхаасаа л улс төрийн хэвшмэл сурах бичгийг эвдэж, тогтмол байсан асуудлуудыг арай өөр өнцгөөс хөндөж, тэр чигт нь өөрчилчихлөө л гэж хараад байна. Энэ хүн эдгээр бүтээлээрээ хэзээ нэгэн цагт Нобелийн шагнал хүртэнэ гэж итгэх болсон.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

"Нью Медиа" Группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч А.Мэнд-Орших

Хамгийн сүүлд уншсан гурван номоо онцолмоор байна. Эхнийх нь "Entrepreneur’s Guide to Customer Development". Энэ ном илүү IT талдаа ч гэсэн шинэ бүтээгдэхүүн хэрхэн хөгжүүлэх, гол нь хурдан, үр дүнтэй гүйцэтгэл хийх талаар өгүүлдэг. Нөгөөх нь миний дуртай зохиогчдын нэг Даниел Пинкийн "To Sell is Human". Борлуулалт гэж юу юм бэ? Цаг хугацааны туршид борлуулалтын тухай ойлголт хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг харуулсан сайн бүтээл. Хүний хийж буй бүх үйлдэл өөрөө борлуулалт юм байна гэдгийг ойлгосон. Сүүлийнх нь "Why Work Sucks and How To Fix It" гэдэг нэртэй ном. XXI зуунд хүн гэдэг өмнөх шиг 9-18 цагийн хооронд яс суудаг “амьтан” биш болсон гэдгийг, мөн шинэ үеийн ажилчдыг хэрхэн бүтээмжтэй байлгаж, өндөр үр ашиг олох вэ гэдэг талаар өгүүлсэн ном юм. Манай компани анх байгуулагдсан цагаасаа л үр дүнд суурилсан ажлын орчныг бий болгохыг зорьж, тогтмол цагийн хуваарьгүй, бүтээмж рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсантай энэ номын агуулга нийцэж байсан.

Би GetAbstract.com-ийн идэвхтэй хэрэглэгч. Унших ном их ч зарцуулах хугацаа бага болсон өнөө үед сонирхсон номынхоо гол санаа, эшлэл, баримтуудыг агуулсан 10-20 хуудас товчлолыг унших боломжийг энэ сайт олгодог юм. Нэг ном унших хугацаанд 10 ном уншчихаж байна гэсэн үг л дээ. Хэрвээ үнэхээр таалагдвал бүтнээр нь ч уншиж болно. Энэ сайтыг залуустаа санал болгомоор байна.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ

Өөрийн таашаалыг бусдад тулгах бас буруу, гэхдээ миний дуртай кино жагсаалтын оройд "2046" өрсөлдөгчгүй байдаг. Вонг Кар Вайгийн энэ кинонд урлагийн олон төрөл дээд түвшиндээ сүлэлдэж гарсан гэж боддог юм. Киноны диалогт л гэхэд миний хамгийн дуртай Японы сонгодог Дазай Осамугаас шууд авч ашигласан байх жишээтэй. Сонгодог уран зохиолоос шууд эшлэл аваад хүний яриа болгон шингээх кино тийм ч олон биш. Хөгжим гэвэл мөн энэ киноны хөгжмийг санал болгоно. Ер нь Шигэрү Үмэбаяашигийн хөгжим ахуйгаас ангид үхэл амьдралын утга учрыг өгүүлэх шиг болдог. Одоо бидний амьдарч байгаа нийгэм, эдийн засгийн талаар гэвэл “The Big Short” киног санал болгоно. 2008 оны санхүүгийн хямрал бол 1930-аад оны их хямрал шиг дэлхийн түүхийн нэг эргэлтийн цэг яах аргагүй мөн. Тухайн үед Токиод сурч байсан болохоор судалгааны ертөнцөд өгсөн шокийг нь биеэрээ мэдэрсэн. "The Big Short" бол олон том од тоглож, тэр том ярвигтай үзэгдлийг хамгийн ойлгомжтой тайлбарлах гэж оролдсон кино. Товчдоо эрх мэдэл гэдэг зүйлийг шүтдэггүй юм аа, эрх мэдлийг хянадаг юм аа гэдгийг үзүүлсэн.

Ном гэвэл монгол хүмүүс эхлээд Д.Нацагдоржийгоо сайн унших хэрэгтэй гэж боддог, Нацагдоржийн монгол хэл гэдэг чинь л гоо зүй шүү дээ. Манай уран зохиолын орчуулга идэвхтэй, амьд байгаа болохоор бид олон орны "Нацагдорж"-ийг эх хэлээрээ унших боломжтой байна. Бизнесийн ном гэвэл гарчиг нь шууд механик маннер заах гэж байгаа юм шиг буруу сэтгэгдэл төрүүлдэг ч орчин цагийн бизнесийн сэтгэлгээг мөн чанар луу нь татах гэж оролдсон, тийм ч учраас дэлхий даяар уншигддаг "Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номыг хэлье.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

Олон улс судлалын доктор, "Шинэ Монгол" сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаяр

Одоогоор Стивен Сарсоны бичсэн "Barack Obama American Historian", Кэрри Брауны "CEO, China: The Rise of Xi Jinping", Карл Циммэрийн "Вирусийн ертөнц", Японы Ицүки Хироюкигийн "Шинран" зэрэг ном уншиж байна. Надад испани хэлтний уран зохиол их таалагддаг. "Алхимич", "Зуун жилийн ганцаардал" гээд сонгодог бүтээлүүд бий. Аргентины алдарт зохиолч Хорхе Луис Борхесийн агуу өгүүллүүдийг уншиж үзэхийг санал болгоё.

Хөгжмийн хувьд гитарын аялгуу сонсох дуртай. Сүүлийн үед Билли Айлишийн дуунуудад их дуртай болоод байгаа. Уншигчдад Германы хөгжмийн зохиолч Рихард Вагнерийн бүтээлүүдийг санал болгоё.

Харин киног аль болох сайныг нь сонгож үзэхийг зорьдог. Энэ ч зорилгоор "Шинэ Монгол" сургуульд байхдаа кино боловсрол хөтөлбөр хэрэгжүүлж, ахлах сургуулийн хүүхдүүдэд Италийн найруулагч Роберто Бениньигийн "Life is Beautiful", Туркийн найруулагч Чаган Ирмакийн "My Father and My Son", Японы найруулагч Акира Куросавагийн “Орлон тоглогч” хэмээх киног үзүүлж байлаа. Эдгээр киног хүмүүс үзээсэй.

Ер нь Японы уран бүтээлүүд их өвөрмөц гэж хэлж болно. Казүо Ишигүрогийн "The Remains of The Day" зохиол бол найруулгын хувьд маш тансаг, дээд зэргийн бүтээл юм. Мөн би Японы нэрт зохиолч Мори Оогайгийн "Зэрлэг галуу" хэмээх бэсрэг туужийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн. Энэ туужийг уншсан хүмүүс огт мартагдахгүй, ой тоонд үлдчих юм гэдэг. Японы зохиол, уран бүтээлүүд хүний дотоод ертөнц рүү илүү ордог юм шиг санагддаг.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

Ub.life сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал

Сүүлд "Зүүд бол цорын ганц бодит байдал", "Улаан сухай" гэх мэт хэд хэдэн баримтат уран зохиолын ном уншсан. Ойрд ажил ихтэй байгаа тул цаг гаргаж унших ёстой номууд руу сайн орж чадахгүй л байна. “Монсудар”-аас дэлхийн шилдэг туужуудыг цувралаар гаргаж байгааг хараад их олзуурхсан шүү. Манайд нэг бол роман, нэг бол өгүүллэг их орчуулагддаг болохоор иймэрхүү дундаж хэмжээтэй туужууд нэг их гардаггүй байсан. Тэр номуудыг эхлүүлээд явж байгаа.

Заримдаа хэл найруулга маань саараад, үгийн сан дутаад байх шиг санагдах үед "Зуун жилийн ганцаардал"-ыг хаанаас нь ч хамаагүй нээж уншдаг. Тэгэхэд аяндаа сэргээд л явчихдаг юм. Ингэсээр байгаад би энэ номыг амьдралдаа бараг 20 удаа уншсан байх. Хамгийн хайртай ном маань болохоор орчуулагдсан хэл, хэл дээр нь цуглуулдаг. Одоогоор испани, чех, орос, хятад, англи, франц, герман, японыг нь олоод байна.

Ажиллаж байх үедээ хөгжим байнга сонсоно. Ямар ажил хийх гэж байгаагаас, тухайн үед сэтгэл санааны байдал ямар байгаагаас хамааран сонсох хөгжмөө сонгодог. Ялангуяа ажиллаж эхлэхийнхээ өмнө, тухайн зүйлийн мэдрэмж рүү хөтлөх хөгжим сонсох нь надад чухал байдаг. “Foo fighters”-ийн “Walk”, “Muse”-ийн “Neutron Star Collition” хоёрыг ихэвчлэн сонсдог юм байна. Энэ хоёр дууг чухал уулзалтуудын өмнө, том ажлын өмнө, эсвэл сэтгэл санаа жаахан унасан үед сонсохоор аяндаа л сэргээд ирдэг. Яг ажиллаж байхдаа бол таньж мэдэхгүй, үгийг нь ч ойлгохгүй олон орны дуунууд сонсох дуртай. Итали, испани, хавай, орос, бразил, иран, энэтхэг гээд л явж өгнө. Босанова сонсоод ажил хийх бас сайхан санагддаг. Босанова дандаа жаргалтай хүмүүсийн чихнээс уяатай байдаг бас хэнийг ч зовоодоггүй. Босанова хорвоогийн хамгийн “сайхан сэтгэлтэй” хөгжмийн урсгал. За тэгээд хүмүүсээс шинэ дуу нэхэж олж сонсох, өөрөө олж сонссон сонирхолтой дуу хөгжмийг бусдад санал болгох тун дуртай.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

"Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл

Сүүлийн үед нүдээ хайрлаад номыг аудио хэлбэрээр нь сонсох сонирхолтой болчхоод байна. Сүүлд жүжигчин Камерон Диасын "The Body Book" хэмээх номыг сонсож байна. Биеэ хэрхэн арчилж тордох, зөв хооллох, сэтгэлзүй ба бие махбодын харилцаа хамаарлын талаар өгүүлсэн ном байгаа юм.

Оросын романсуудыг сонсох дуртай. Үнэхээр гоё үгтэй. Мөн "Bee Gees", "Edith Piaf"-ийн фэн. Италийн "Андреа Вочели", Оросын "Хворотовский" нар байна. Монголоос бол Сарантуяа, Наран хоёрын дуунуудад дуртай. Наран миний хуурай дүү шиг л байдаг юм.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.

СГЗ, шог зураач С.Цогтбаяр

Манай гэрт орж ирсэн ямар ч мэргэжлийн, ямар ч төрлийн хүн өөрийн хайсан, дуртай номоо олоод унших боломжтой гэж би боддог юм. Тийм л арвин цуглуулгатай. Манай үеийнхний хамгийн том хобби нь ном байлаа. Бүгд номын санд сууж, ном уншиж, хэлэлцдэг байсан. Түүнийхээ ачаар олон талын мэдлэг олж авч, хэнтэй ч ямар ч сэдвээр тодорхой хэмжээнд ярилцах боломжтой болсон байх гэж боддог.

Хамгийн сүүлд уншсан ном гэвэл, ЭМОС клубийн залуусын эрхлэн гаргасан "Ном унших ном"-ыг онцолмоор байна. Энэ ном дээр би хамтарч ажилласан юм. Ерөөсөө л номыг яаж унших вэ гэсэн гарын авлага. Эртхэн уншсан бол маш их цаг хэмнэж, ихийг хожих байж дээ л гэж бодогдсон. Одоогийн залууст бол хүссэн номоо хялбархан олж аваад, унших асар өргөн боломж байна. Гэхдээ тэр их мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг олж авахын тулд өөрсдөө сайн боловсрох хэрэгтэй байх.

Энэ номоос гадна дөнгөж саяхан "Непко"-гоос эрхлэн гаргасан Бямбын Ринчен гуайн утга зохиолын 10 боть номыг залуустаа санал болгоё.

Би өөрөө хөгжимд их сонирхолтой, нэлээн сайн цуглуулгатай. Зарим найзууд маань монголын хамгийн том цуглуулга гэж магтдаг л юм. Бүр пянзнаас эхлээд л цуглуулсан, одоо бол хэдэн мянган пянз, хэдэн мянган CD-тэй. Хөгжмөөс сайн сайхан зүйлийг нь олж сонсож чадвал заавал төрөл харгалзаж, туйлшрах шаардлагагүй гэж боддог. Миний хувьд 60, 70-аад оны рок хөгжимд илүү дуртай. Ойрын үед нас дагаад ч юм уу сонгодог хөгжим сонсох болсон. Нэг сонин юм гэвэл, юм бодон санаан дээр ажиллаж байх үедээ дуу сонсож болдоггүй, үг нь саад болоод байдаг юм. Тийм учир зөвхөн ая л сонсдог. Харин санаагаа гаргачихаад гүйцэтгэлээ хийж байхад бол дуу сонсож болдог.

Манай үеийнхний хувьд 90-ээд оноос өмнөх зөвхөн хөгжмийн ч гэлтгүй маш том нэг үеийг алгасчихсан учир түүнийгээ нөхөж сонсох гэж, эгээтэй л археологич, палентологич шиг ажиллаж байна. Хүн төрөлхтний аль хэдийнэ бүтээчихсэн тэр үнэт зүйлс, баялгийг аль болох сайн мэдэрч, мэдэж, хамгийн чухал нь БҮТЭН болох гэж хичээж байна. Бүтэн болж байж урагшаа итгэл дүүрэн, бусадтай хөл нийлүүлэн алхах боломжтой болно. Тийм ч учраас одоо 30, 40-оод оны хит дуунуудыг сонсоод сууж байх жишээтэй.

Та нарыг дуртай дуунуудаасаа хэдийг нэрлээч гээд "шалаад" байгаа болохоор Лэд Зеппелинийн "Stairway to Heaven", The Doors-ийн "Riders on the Storm", Pink Floyd-ийн "Shine On You Crazy Diamond", Dire Straits.-ийн "Money for Nothing", Electric Light Orchestra (ELO)-ийн "Ticket to the Moon" зэргийг онцолъё.

Түүнтэй хийсэн ярилцлагыг эндээс уншаарай.