Дэлхийн өнцөг буланд бүрд тэмдэглэн өнгөрүүлдэг зул сарын баяртай холбоотой олон сонирхолтой соёл, уламжлал бий. Он солигдох мөч ойртож, баярын ширээгээ хэрхэн чимэхээ төлөвлөж буй хэн бүхэнд зориулан зул сарын баярын ширээний зоог, уух зүйлс болон амттаны талаар өгүүлье. Цацагт хяруул, кока кола, халуун шоколад хэзээнээс хэрхэн баярын ширээний үндсэн зоог болсон юм бол? 

 Цацагт хяруул 


Зул сарын баяраар цацагт хяруул тавих уламжлал бий болохоос өмнө үхэр, галуу, туулайн махаар зоог барьдаг байсан түүхтэй. Түүхийг сөхвөл 1950-иад оны үеэс VII Хэнри хаан цацагт хяруул тавьж эхэлснээс хойш олон нийтийн дунд түгэн дэлгэрсээр зул сарын баярын ширээний гол зоог болсон байна.

Өөх тос бага, уураг, B амин дэмээр баялаг цацагт хяруулын махыг өдгөө Их Британи улсын нийт өрхийн 90 орчим хувь баярын ширээгээ чимж буй нь зул сарын баярын гол зоог гэх алдрыг нь тодорхойлох биз ээ. Судалгаагаар цацагт хяруулын мах зөвхөн зул сарын баярын үеэр 22 орчим сая ширхэг борлуулагддаг нь манай улсын нийт ямааны тоо толгойтой ойролцоо юм.

Халуун дарс


Герман хэлээр “glühwein” гэх нэрээр илүү алдартай халуун дарс буюу заримдаа халуун ногоотой дарс хэмээн нэрлэдэг энэ уух зүйл нь улаан дарс, халуун ногоотой амтлагч, үзэм гэх үндсэн орцтой. Дуртай жимсээ нэмээд уувал илүү час хийсэн амттай болдог.

Эртний Ромоос үүсэлтэй уг ундааг өвлийн улиралд Герман, Их Британи улсад Зул сарын баярын үеэр найруулж уудаг уламжлалтай. Согтууруулах ундаагүйгээр хийж болдог тул бүх насныхан амтархан уух боломжтой. Олон зууны туршид хүмүүс халуун дарс ууснаар бие дулаацахын зэрэгцээ сэтгэл санаа өргөж, аз жаргал авчирдаг хэмээн үздэг байснаар зул сарын баярын уламжлалт ундааны нэг болжээ.

Жигнэмэг хүү


Зул сараар бөөрөнхий шоколадтай, нимгэн гурилтай, байшин хэлбэртэй гээд олон төрлийн жигнэмгүүд бий ч “gingerbread man” буюу жигнэмэг хүү хамгийн алдартай билээ. Тэртээх 1875 оноос одоог хүртэл зул сарын баярын ширээг чимсээр буй энэ жигнэмгийн үндсэн орц нь цагаан гаа юм.

Бидний сайн мэдэх өнхрүүшийн үлгэртэй адил амь орсон хүн дүрст жигнэмэг гэрээсээ зугтаж явсаар нэгэн үнэгт итгээд өөрийгөө идүүлдэг гунигт түүхтэй. Английн хатан хаан I Элизабет тус үлгэрээс сэдэвтэй хүн дүрстэй жигнэмгийг гаднаас ирсэн хүндэт зочдодоо зориулж сонирхолтой тансаг амттан болгон дайлдаг байснаас Зул сарын уламжлал болон түгжээ.

Кока кола


Хэзээнээс л кока кола ундаа гэдэг зул сарын баяртай салшгүй холбоотой мэт бидний толгойд буудаг. Энэ бүхэн зураач Хэддон Сэндбломын 1931 онд зурсан Санта Клаус Кока-Кола ууж буй тосон зургийн маркетингаас эхэлжээ.

Кока-Кола компанийн зүгээс Зул сарын баярын жаргалтай уур амьсгалыг өөрсдийн бүтээгдэхүүнтэй холбож, кола ууснаар хүн аз жаргалыг худалдан авч буй мэт мэдрэмж өгөх стратегийн арга ашиглажээ. Энэ нь ч амжилттай хэрэгжиж, жилээс жилд маркетингийн үйл ажиллагаандаа Зул сарын баярын уур амьсгалыг нэмж, бүтээгдэхүүнээ хоногшуулж чаджээ.

Мөн Кока-Кола брэндийн үндсэн тод улаан өнгө нь Санта Клаусын дүр төрхтэй ижил байсан нь бүтээгдэхүүний нүүр царай болгоход том нөлөө үзүүлсэн ажээ. Зул сарын үеэр колагийн борлуулалт жилийн бусад үетэй харьцуулахад 10 хувиар өсдөг байна.

өндөгтэй сүү


Сүү, өндөгний шар, рам эсвэл виски, самраас гаргаж авсан халуун ногоотой амтлагч гэх өвөрмөц орцуудаас бүрдсэн өндөгтэй сүү буюу “eggnog” нь 1700 – аад оны үеэс Зул сарын баярын уламжлалт ундаа болжээ. “Eggnog”-ийг "posset" хэмээх ундаанаас үүсэлтэй гэж үздэг.

Синнамон, ванилийн үр зэрэг халуун ногоотой амтлагчийг хүйтний улиралд хэрэглэснээр бие дулаацахаас гадна эрүүл мэндэд тустай учраас дундад зууны үед Их Британид найруулан уудаг байжээ. Харин одоо Канад, АНУ болон зарим Европын орнуудад энэ өндөгтэй сүүг аравдугаар сарын сүүлээс эхлэн баярын улирал дуустал уудаг.

Халуун шоколад


МЭӨ 500 онд Маяачууд нунтагласан какаоны үрийг ус, эрдэнэ шишийн будаа, чинжүүтэй хольж хүйтнээр нь уудаг байжээ. Тэгвэл 1500-аад онд V Чарльз хааны үед халуун бас чихэрлэг болгож, гашуун амттай чинжүүг хассанаар одоогийн халуун шоколад бий болжээ.

Халуун шоколад ууснаар холестерины хэмжээг багасгах, цусан дахь сахрын хэмжээ бууруулах, үрэвсэл намдаах, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна бие дулаацаж, тархинд тайвшрах мэдрэмж төрүүлэх эндорфиныг ялгаруулдаг байна. Перу, Филиппин гэх зэрэг улсуудад халуун шоколадыг өглөөний цайндаа маффинтай уудаг нь Зул сарын уур амьсгалыг бүрдүүлж өгдөг нь гарцаагүй.

цангис жимсний соус


Цангис жимс гэвэл бидний толгойд шууд л шүүс буудаг ч цацагт хяруулд соус болгон идэж болдог талаар сонсож байгаагүй биз ээ. Анх 1796 онд Амилиа Симонс гэх эрхэм өөрийн гаргасан хоолны номдоо цангис жимсний соусыг танилцуулснаар цацагт хяруулын махтай хольж иддэг болсон түүхтэй.

Цангисын гашуун амт дээр элсэн чихэр нэмснээр исгэлүүн мөртөө чихэрлэг өвөрмөц амт бий болгодог нь бодох төдийд ам дарвигнуулах мэдрэмж төрүүлнэ. Одоогоор Их Британи, Канад улсад лаазалсан байдлаар савлагдсан цангис жимсний соус дэлгүүрүүдээр өргөн худалдаалагддаг нь Зул сарын цацагт хяруулын соус болгон хэрэглэхэд илүү гарт ойртсон биз.

Таяган хэлбэртэй чихэр 


Зул сарын баярыг цагаан дээр улаан судалтай, таяган хэлбэртэй, гааны амтат чихэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх 1670 онд Германы нэгэн каталок сүмд залбирахаар ирсэн дэггүй хүүхдүүдэд томоотой байлгахын тулд өвөрмөц таяг хэлбэртэй чихрийг тараасан гэх ам дамжсан домог ярианаас Зул сарын таяган чихрийн түүх эхлэлтэй гэж үздэг.

АНУ-д Зул сарын дараагийн өдөр болох арванхоёрдугаар сарын 26-нд Үндэсний таяган чихрийн өдрийг тэмдэглэдэг аж. Энэ үеэр нэг жилд үйлдвэрлэсэн нийт чихрийн 90 хувь нь зарагддаг байна.

Санал болгох: Тайлбарлах нь: Цагаан гаа - Олон "хэрэглээт" онцгой ургамал

Кока-Колаг тайлбарлах нь: Хувьсан өөрчлөгдөж буй залуусын хэрэглээ

Unread