Манай улс жилд багадаа 20 мянга орчим тонн хуванцрын хаягдал гаргадаг бөгөөд уншигч танд гэхэд 137.58 кг хуванцар хаягдал ноогдож буй гэдгийг мэдэх үү?  Дэлхийн өндөр хөгжилтэй олон орны жишгээр манай улс ус, ундааны хуванцар хаягдлаа 100 хувь дахин боловсруулдаг үйлдвэртэй төдийгүй бүр хүнсний зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болжээ.  

Шинэхэн нийтлэлээрээ жилдээ 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай Монгол Улсын нийт хуванцар хаягдлыг дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэдэг ТМL үйлдвэрийг танилцуулъя. 


Юуны өмнө, хог хаягдлаа ялгах, дахивар болон ангилах нь амьдралынх нь өдөр тутмын хэмнэл, соёлын салшгүй нэгэн хэсэг болсон орнуудаас сонирхуулахад, Австри улс нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулдаг гэдгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсдаг бол Германчууд ашигласан хуванцрынхаа 99 хувийг дахин боловсруулдаг аж. Харин Япон улс жил бүр үйлдвэрлэдэг 9.4 сая тонн хуванцар хаягдлынхаа 25 хувийг дахин боловсруулж, 57 хувиас нь эрчим хүч гарган авдаг байна. Эдгээр хөгжингүй орнуудаас ялгаатай нь манай улсад хуванцар шатааж эрчим хүч гарган авах технологи хараахан хөгжөөгүй тул зөвхөн булшлах, дахин боловсруулах гэсэн хоёр сонголт л бий.

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хувьд 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд PET-1 буюу ундаа, усны хуванцар савыг дахин боловсруулах ТМL үйлдвэрийг 2018 онд санаачлан эхлүүлжээ. Хотын төвөөс чамгүй хол зайд, өндөр төмөр хашаан дотор овоорсон хаягдлууд үзэгдэх нь яг л Wall-E кинон дээрх ертөнцийг санагдуулах авч энэ бүхэн тун удахгүй эргээд ашиглах боломжтой бүтээгдэхүүн болон хувирна гэхээс нэн сонирхолтой.

Хог хаягдал дахин боловсруулалтаар тэргүүлэх улсуудын жишээ

Unread

Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа

"Ганцхан ширхэг дахиврыг дахин боловсруулснаар 3.87 кг нүүрстөрөгчийн хий, 17.4 л ус, 8.3 гр нефт зарцуулахаас сэргийлэх боломжтой. Манай үйлдвэр өдөртөө 75 тн хуванцрыг дахин боловсруулж, бөглөө шошгыг нь салгаснаар 45 тн түүхий эд үйлдвэрлэж байна. Хагас боловсруулсан түүхий эдээ өндөр температурт хайлуулан, талсжуулж эцсийн бүтээгдэхүүн буюу rPET мөхлөгийг үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн rPET мөхлөгөө бид Узбекстан, БНХАУ- руу экспортолдог байсан бол өнгөрсөн онд төхөөрөмжөө сайжруулан хүнсний зориулалттай мөхлөг үйлдвэрлэж одоо дотооддоо нийлүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, таны уусан Bonaqua усны савны амьдрах хугацаа улам уртсах болно оо гэсэн үг".



6500м.кв талбайтай энэ том үйлдвэр үндсэн хоёр шугамтай. Италийн Sorema, Австрийн Erema гэх эдгээр төхөөрөмжүүдийг дэлхийн олон орны дахин боловсруулах үйлдвэрт ашигладаг гэнэ. Дамжуулах хоолойн дамжлага, хэрчин бутлах үйлдлүүд нь нүсэр, сүрдмээр санагдах хуванцар дахин боловсруулах үйл явц нь тун энгийн бөгөөд ойлгомжтой.

Цагт 3-3.5 тонн түүхий эд боловсруулж, хоёр тонн хэрчдэс үйлдвэрлэх чадалтай Sorema төхөөрөмж гаднаас орж ирсэн түүхий эдийн шошгыг салгаж, ангилан ялгаж, угааж, хатаан хэрчих үндсэн үүрэгтэй. Үүний дараа Eremа нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 280 градусын өндөр температурт хайлуулж, талсжуулан, хөргөснөөр хоёрдогч түүхий эд бэлэн болдог. Уг түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас, дахин боловсруулсан хуванцар гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.



Манай улсад дахин боловсруулах 18 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч хүчин чадлынхаа дөнгөж тал хувийг ашиглаж байгаа төдийгүй TML үйлдвэр ч мөн адил бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөлгүй байна. Угтаа бид ердөө л хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангах боломжтой. Иргэд хуванцар саваа зориулалтаар нь ашиглаж, гэртээ ангилан ялгаж хэвшвэл үйлдвэрийн ажилд тун дэмтэй тухай ажилчид хэлж байсныг дурдах нь зүй. Учир нь ангилан ялгаагүй түүхий эд бохирдолтой байдаг тул металл, гаднын биет байгаа эсэхийг үйлдвэрийн ажилчид нэг бүрчлэн гараараа шалгадаг аж.

Тэд 2018 оноос хойш хоёрдогч түүхий эд цуглуулдаг аж ахуй нэгж, хувь хүмүүс, цэгүүдтэй хамтран ажиллаж, өнгөрсөн жил долоон мянга гаруй байгууллагатай уулзаж, хогоо ангилан ялгах тухай сургалт оржээ. Түүнчлэн TML үйлдвэр энэхүү ажлаа улам дэлгэрүүлж, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах, үйлдвэрт тээвэрлэн нийлүүлэх зорилготой SESL Smart Solution охин компанийг өнгөрөгч онд байгуулсан нь хог хаягдлын менежментийг нэг алхам урагшлуулахад чухал ач холбогдолтой ажил болжээ. Хуванцар сав жин бага боловч овор хэмжээ ихтэй тул цуглуулалтын компани дахивруудыг тээвэрлэснээр ТӨК-ийн ажлыг хөнгөвчилж буй хэрэг. Одоогоор тэд:

  • Дахиврын бизнес эрхлэгчид
  • Орон нутгийн идэвхтэй харилцагч, аж ахуй нэгжүүд
  • СӨХ, албан байгууллагууд руу төлөөлөгч нараар холбогдон түүхий эдээ цуглуулдаг ба одоогоор SESL Smart Solution компанийн түүхий эд хүлээх авах цэг Улаанбаатарт гурав, Дарханд нэг бий.

Монгол Улс ус, ундааны хуванцар хаягдлаа 100 хувь дахин боловсруулах боломжтой боллоо

Unread

Чанарын аналист Ш. Оюундарь

Би биотехнологич мэргэжилтэй. Үйлдвэртээ ажиллаад гурван жил болжээ. Чанарын лабораторидоо бид үйлдвэрлэлээс гарч буй түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх бүтээгдэхүүний ширхэглэгийн хэмжээ, наалдамхай чанар, нягт, чийгшил, бохирдлын хэмжээ, гэх мэт хими физикийн 18 үзүүлэлтийг шинжилдэг. Түүний дараа шаардлага хангасан бүтээгдэхүүнд сертификат олгож, гадагш нийлүүлэхэд бэлэн болгоно. Харин дахин боловсруулсан хүнсний савны хувьд наалдамхай чанар буюу дотоод зуурамтгай чанар өндөр байх, хорт хавдар үүсгэх нэгдлийн 1мл-т байх шаардлагатай хэмжээг нарийн шалгах учиртай.

Монгол Улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өдгөө ердөө 3-5 хувийг нь л дахин боловсруулдаг. Ирээдүй хойчдоо ногоон дэлхийг өвлүүлэх ээлтэй үйлсэд оролцож, хэрэглэсэн ганц хуванцраа ч ялгаж хэвшихийн чухлыг уншигч та бага боловч ухаарсан биз ээ. Нийтлэлд дурдсан SESL Smart Solution компани Улаанбаатар хотын Амгалан, Их Наран, 22-ын товчоо болон Дархан хотод хуванцар сав цуглуулан авах цэгтэй бөгөөд 76107711 дугаараар холбогдон мэдээлэл аваарай.