Гарааны бизнесийн экосистемийг дэмжигч Google for Startups-ийн Төв Ази дахь "Silkway Accelerator" хөтөлбөрт Монголоос анх удаа Fibo Cloud шалгарч салбартаа сайн туршлага нэвтрүүлэн түүчээлснийг соргог уншигчид санаж буй болов уу. Тэгвэл энэ жил тэдний эхлүүлсэн сайн жишгээр Монголоос гурван ч стартап шалгарч гарааны бизнесийн хөгжлийг дэлхий дахинаа таниулах баяртай мэдээ чих мялаалаа.
Уг хөтөлбөрт Төв Азийн орнуудаас гадна Азербайжан, Гүрж Монголын стартапууд хамрагдах боломжтой байдаг ба эхний элсэлтэд нийт 200 гаруй стартап материалаа илгээснээс шилдэг 15-ыг шалгаруулжээ. Шалгарсан стартапууд Нурсултан хот дахь “Астана Хаб"-д байршин гурван сарын турш хурдасгуур хөтөлбөрт хамрагдах юм. Эх орноо төлөөлөн Казакстаны зүг хөлгийн жолоо залах гэж буй тэдэнтэй амжиж хөөрөлдсөнийг хүргэе.
Google for Startups гэж юу вэ? + Тус хөтөлбөрт багтсан анхны монгол стартап
Unread
Тэд юу хийдэг вэ?
CarePay Т.Адьяатөмөр: Хүний эрүүл мэнд сайжрахад 20 хувь нь эм, эмчилгээ, эмнэлгийн салбар үлдсэн нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, боловсрол, хандлагаас хамааралтай байдаг. Care брэнд тэрхүү 80 хувийг өөрчлөх экосистемийг бүтээхийг зорьсон. Бидний нэвтрүүлсэн шийдэл тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж буйн дээр илүү бизнес загварчлалтай гэдгээрээ онцлогтой.
- Эрүүл мэндийн үйлчилгээндээ зориулах мөнгө одоо бэлэн байхгүй болов ч ирээдүйд төлөх буюу хуваан төлөх нөхцөлийг ашигласнаар санхүүгийн дарамтад баригдахгүй.
- Платформыг ашигладаг хэрэглэгчид хамтарсан байгууллагуудаар үйлчлүүлэхдээ гишүүнчлэлийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ.
- Эрүүл мэндийн даатгалыг хувь хүн өөрийнхөө төлөө даатгуулах нь бага буюу нийт даатгалын 95 хувийг компани хийдэг. Нөгөө талдаа даатгуулсан боловч эхлээд өөрөөсөө мөнгөө төлж, дараа нь даатгалын компаниасаа нэхэмжилдэг төвөгтэй дамжлагыг хялбарчилсан.
- Блокчэйн технологийг ашиглан хандивын процессыг шилэн болгосон нь онцлох зүйл. Ингэснээр хандивын мөнгө байгууллагын данс руу орж, тодорхой хөнгөлөлт эдэлнэ. Жишээ нь Батаа гэдэг хүнийг таних тооцоолол хийж түүнд хандив өгөх эсэхийг хандивлагч шийддэг байх саналын эрхтэй болгон хөгжүүлж байна.
Metacog Metrics Б.Хүрэлбаатар: Манайх тоглоомд суурилсан, хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийдэг платформ. Тухай компанийн зарласан ажлын байранд оюуны чадвар болон зан төлөвийн хувьд тохирох хүний нөөцийг сонгон шалгаруулах үйл явцыг илүү сонирхолтой, шинэлэг арга барилаар өрнүүлэхэд тусалдаг. Хэдийгээр дайснаа дарж, байлдаж, буудалцдаг хөгжөөнт тоглоом биш боловч олон хуудас ажлын анкет, давуу талаа бичнэ үү гэсэн асуултаас хамаагүй илүү сонирхолтой байх болно.
Асуудалд хэрхэн хандах, түүнийгээ яаж шийдвэрлэхийг нь тодорхойлох найман төрлийн тоглоомоос тухайн тоглогчийн оюуны чадвар болон зан төлөвийн талаарх үр дүнг тархи судлалын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж өгдөг. Жишээ нь, дэлгэцэд газрын зураг өгөгдсөн байх бол тоглогч бэлчээрийн даац, усны нөөц, цаг агаар, араатан амьтны тархалт зэрэг мэдээлэл дээр суурилан мал амьтан аюулгүй өсөх, цаг агаарын эрсдэл бага ашигтай байршлыг олох даалгаврыг биелүүлнэ.
Тоглоомоор дамжуулан хүний нөөцөө бүрдүүлэх шинэ тренд + “Metacog Metrics”
Metaforce С.Батцэнгэл: Бид Метаверс хөгжүүлэлтийн компани бөгөөд Металанд нэртэй метаверсийн V2.0 хувилбарыг гаргахад бэлэн болоод байна. Энгийнээр та өөрийн аватар дүрийг удирдан хотоор явах, хоорондоо ярилцах, хамт тоглох, бодит эвентэд оролцох, банк, төрийн үйлчилгээ зэрэг бодит орчноос авах боломжтой бүхий л үйлчилгээг виртуал ертөнцөд ч мэдэрч, хүртэх боломжтой гэсэн үг. Үүгээр зогсохгүй виртуал туслах буюу хиймэл оюун ухаантай туслах дүр, аватаруудыг хөгжүүлж байна.
Сонирхуулахад бид гуравдугаар сард The Hu хамтлагийн метаверс дэх тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Нэг цагийн хугацаанд Ази, Америк, Европ гурван цагийн бүсэд 2D болон 3D үзэгдлүүд, зохиол, хүүрнэмжтэй, Game Engine хэлбэрээр зохиогдсон нь маш онцлог болсон.
GOOGLE FOR STARTUPS ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Metacog Metrics Б.Хүрэлбаатар: Бид өнгөрсөн жил өргөдлөө илгээсэн боловч тэнцээгүй юм. Тухайн үед бидэнд сайжруулах шаардлагатай алдаа дутагдлыг маань хэлж өгснөөр жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ сайжруулан, энэ зун дахин хүч үзэж шилдэг 15-д шалгарлаа. Google for Startups хөтөлбөр нь өөрсдийн тусгай хөтөлбөрийн дагуу стартапуудыг чадавхжуулж, шинэ түвшинд гарах суурь, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг давуу талтай.
Бидний хувьд Microsoft for Startups гэх дөрвөн жил үргэлжлэх дөрвөн үе шаттай программд хамрагдан гуравдахь шатандаа ирээд байна. Стартапуудын хувьд хөрөнгө оруулалт хамгийн гол асуудал болдог. Хөтөлбөрийн зүгээс үзүүлсэн туслалцаа бидэнд үнэтэй хувь нэмэр болсныг хэлэх нь зүйтэй. Технологи болон дэд бүтцийн асуудлуудад зөвлөгөө, дэмжлэг үзүүлснээр манай серверт хууль бус халдлагууд ихээр орж ирсэн ч үл халдаах технологийн бололцоо бий болсон.
Багахан туршлага хуваалцахад, өөрсдийн бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт, зөв зүйтэй танилцуулахад багагүй хэлний бэрхшээл үүсэж байсан. Тиймээс дараагийн удаа уг хөтөлбөрт оролцох стартапууд, багтаа Орос хэлтэй гишүүнтэй байвал харилцааны тал дээр давуу тал үүсэх болов уу.
CarePay Т.Адьяатөмөр: Ноднин жилийн өдийд Тайландад зохиогдсон технологийн нэгэн эвент дээр Fibo-ийн нөхөдтэй уулзалдсан юм. Тэгэхэд л анх удаа Google for startup-ийн тухай сонсож Астана Хаб-аас мэдээлэл авдаг болсон. Энэ жилийн хөтөлбөрийн хувьд бид бөхөөр ярьвал хоёр давсан гэсэн үг. Анкетын шатандаа нэг минутын видеогоор төслийн танилцуулгаа илгээж, хоёр дахь нь шатандаа ярилцлагад орсон. Анзаарахад, тэдний зүгээс төслөөс илүүтэй үүсгэн байгуулагчийг аждаг юм шиг санагдсан. Ярилцлагын үеэр хувийн амьдралын түүх, алсын хараа зорилгыг минь сонирхож, яагаад үүнийг эхлүүлэх болсон тухайд лавшруулан олон асуулт асуусан. Энэ нөхөр үнэхээр бизнесээ авч явж чадах хүн үү, үгүй юу гэдгийг мэдэхийг хүсдэг юм шиг. Хоёрдугаарт төслийн маань одоогийн бодит нөхцөл байдлын тухай бидний илгээсэн танилцуулгаас зарим онцлох зүйлсийг тодруулсан.
Metaforce С.Батцэнгэл: ICT EXPO-ийн хүрээнд Mэдээлэл технологийн үндэсний парк Астана Хаб-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Түүнээс хойш Астана Хаб-ийн сошиал хуудсыг дагаж хурдасгуур хөтөлбөрийн зарлалыг харсан юм. Эцсийн хугацаа долоодугаар сарын 7-нд байсан тул бараг л ам мөлтөс бүртгүүлж амжсан. Эхний шатанд үүсгэн байгуулагчийн төслийн видео танилцуулга, бүтээгдэхүүний мэдээллээ илгээж, сүүлийн шатад оролцож буй компани бүр 30 минут хугацаанд Астана Хаб-ийн ажилтнуудтай ярилцлага хийж шалгаруулсан.
ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА?
CarePay Т.Адьяатөмөр: Олон улсын зах зээлд гарахаар тэмүүлж буй бидний хувьд энэ бол том боломж. Зах зээлээ судална, гаднын хөрөнгө оруулагч нартай уулзана, туршлагатай менторуудаас зөвлөгөө авна, бидэнтэй ижил зорилго, чиглэлд ажиллаж буй залуустай танилцан туршлага солилцоно. Мэдээж тэнд сорилт, даалгаврууд, үүрэг хариуцлага хүлээж байгаа. Fibo-ийн нөхдөөс сонсоход тийм ч амаргүй гэнэ билээ. Нөгөө талдаа бидний урд Fibo түүчээлсэн шиг олон монгол залуусыг араасаа дагуулахыг хүсэж байна. Тийм ч учраас буцаж ирээд сурч мэдсэн бүхнээ хуваалцах болно. Монгол залуусын хийж буй 100 оролдлогоос 99 алдсан байсан ч ганцхан нь урагшлаасай гэж хүсдэг. Хэрэв бид чадвал тэндээс үлгэрлэж харуулна, үгүй бол өөр нэгэн дээш гарах гүүр нь болох учиртай.
Metaforce С.Батцэнгэл: Өөрсдийн хийж буй оюун бүтээлээ олон улсад таниулах, борлуулах, хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, шинэ түншлэл эхлүүлэх гээд маш олон талаас харж байна. Google Accelerator хөтөлбөрийн бүхий л компаниуд тэнд бий тул эд бүгд сайнаар өсөх боломжтой.
Metacog Metrics Б.Хүрэлбаатар: Зөвхөн хөтөлбөрөөр зогсохгүй, оролцож байгаа бусад стартапуудтай хамтарч ажиллах боломжтой санагдсан. Манайхтай ижил төстэй бүтээгдэхүүн бүхий хоёр ч стартап шалгарсан. Хамтран ажиллах, нэгнийхээ дутууг нөхөж, харилцан уялдаатай ажиллах болов уу гэж найдаж байна.
"Unread Awards"-ын шилдэг старт ап: "Фибо Клауд" - Тэд хэрхэн хийв?
эхний хөтөлбөрт шалгарсан стартапууд
Metaforce (Монгол)- Шинэ ертөнцийн гүүр
Metacog Metrics (Монгол)- Хүний нөөцийн шинэ арга барил
CarePay (Монгол)- Эрүүл мэндийг эрхэмлэнэ
Growave (Киргизстан)- Маркетингийн асуудлаа даатга
ZebraEye (Казахстан)-Нүдний эмгэгийг нэг минутанд
Cleek (Казахстан)- Хүссэн карьераа эхлүүл
Mystory (Киргизстан)- Зохиол бүтээлээ туурвих нь
Arlan BIOTECH (Казахстан)- Синтетик биологийн шинэ технологиуд
TezTok (Узбекистан) - Найдвартай цэнэглэх цахилгааны хувьсал
Tastamat (Казахстан) Илгээмжийн орчин үеийн терминалууд
Proxymeta labs (Гүрж)- Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах бүх зүйл
Oila (Казахстан) Хүүхдийн аюулгүй контент
Dalatech Systems (Узбекистан) ХАА салбарын дижитал шийдэл
Python RPA (Казахстан) Кодчилолгүй автоматжуулал
Сэтгэгдэл бичих