Орой бүр 21:00 цагаас ТэнГэр телевизээр гарч буй бодлогын мэтгэлцээний долоо дахь дугаар “Эдийн засгийн өсөлт” сэдвээр үргэлжиллээ. Эдийн засаг гэдэг нийгмийн хөгжлийн сайн сайхан байдлын гол тулгуур гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тиймдээ ч энэ удаа нэр дэвшигчид өөрсдийн нам, эвслийг төлөөлөн энэ чиглэлд хэрхэн анхаарал хандуулж ажиллах талаараа мэтгэлцсэн юм.

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон хувиар өсөж, хамгийн өндөр өсөлт үзүүлсэн улсуудын тоонд багтсан. Цаашлаад инфляц сүүлийн гурван жилд байгаагүй доод хэмжээнд хүрч, 5.7 хувь болж буурчээ. Энэ мэт Монгол Улсын эдийн засгийг өсөлттэй мэт харагдуулах тоон үзүүлэлтүүд олон бий ч бодит байдал дээр өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байна уу гэвэл эргэлзээтэй.

Ингээд долоо дахь дугаарт мэтгэлцсэн нэр дэвшигчид ямар гарц гаргалгаа, бодлого шийдвэр санал болгосныг тоймлон хүргэж байна.


1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

3-р дугаарын тойм

4-р дугаарын тойм

5-р дугаарын тойм

6-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

7-Р ДУГААР “ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?


Ардчилсан намаас жагсаалтын 33-т нэр дэвшигч М.Чимэддорж - МУИС-ийг Бизнесийн менежментээр бакалавр, магистр, Оксфордын Их сургуулийг Төрийн бодлого судлалын магистраар төгссөн. АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч.

Монгол Ардын намаас жагсаалтын 25-т нэр дэвшигч Б.Дөлгөөн - АНУ-ын Connecticut коллежийг математикч, эдийн засагчаар, Харвардын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засагчаар төгсжээ. “Дэвшилтэт бодлого хүрээлэн”-ийн захирал, эдийн засагчаар ажилладаг.

Үндэсний эвслээс жагсаалтын 3-т нэр дэвшигч Д.Пүрэвдаваа -Монгол бизнес дээд сургуульд эдийн засагч, бизнесийн удирдлагын бакалавр, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны магистрын зэрэгтэй. НИТХ-ын төлөөлөгч, эдийн засагч.

Монгол консерватив намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Батжаргал - МУИС-ийг Уул уурхайн эдийн засагчаар бакалавр, БНСУ-ын Pukyong Их сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн магистр, Коре-Кибер их сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр сурч, төгсжээ.

ХҮН намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Отгонтөгс - МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн болон Бодлого судалгааны хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Их Британийн Манчестерийн их сургуульд Эдийн засгийн ухааны магистр, АНУ-ын Колумбиа их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалсан.

Иргэдийн оролцооны нэгдэл намаас 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч М.Оюунхишиг - Улаанбаатар эрдэм Их сургуулийг төгссөн, Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Глобал удирдагч их сургуульд Боловсролын удирдлагын магистрантаар суралцаж байгаа.

ЮУ ЯРИВ?

Ардчилсан намаас жагсаалтын 33-т нэр дэвшигч М.Чимэддорж

1. АН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улсын эдийн засгийг оролцоотой эдийн засаг болгож өөрчлөх, ялангуяа өнөөдөр эрх баригчдын явуулж байгаа төрийн капитализм байгуулах санаархлыг таслан зогсоож, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа дахин тодорхойлох замаар үсрэнгүй хөгжлийг дөрвөн жилийн хугацаанд бий болгох зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр манай улсын эдийн засгийн өсөлтийг харвал монголчууд бидний гар бие оролцон бүтээж байгаа баялаг байхгүй байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Бид мөрийн хөтөлбөрөө гаргахдаа эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тооцон гаргасан. Нэгдүгээрт, мөнгөний болон төсвийн алдаатай бодлогоос үүссэн инфляц. Хоёрдугаарт, дэд бүтцийн хомсдол, ялангуяа эрчим хүчний хомсдол нь зам тээвэр, ложистик сүлжээний өнөөгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Гуравдугаарт, хүний нөөцийн хувьд оновчгүй, дундад зууны үеийн халамжийн бодлого явуулж байгаагаас үүдэн эдийн засгийн оролцоо хурдтай буурч байгаагаас болж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж буй хамгийн гол асуудал юу вэ? Үүнийг шийдвэрлэх чиглэлд ямар цогц бодлого хэрэгжүүлэх вэ?”)

3. Монголчуудын ирээдүйдээ итгэх итгэл юунаас болж ийм сул дорой болоод, гадагшаа дайжаад байна вэ гэхээр Монгол Улсад өнөөдөр хүний амьдралаа өөдөн татах, хийж бүтээх хүсэл эрмэлзэл, түүний төлөө гаргаж байгаа хичээл зүтгэл үнэгүйддэг болсон учраас тэр юм. Өнөөгийн эрх баригчдын хэлж байгаа тоо баримтаас дурдахад, манай улсын ДНБ 7 мянган ам.долларт хүрсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан. Би нэг тоо сануулъя. 2015 онд гэхэд манай улсын ДНБ 22.9 их наяд төгрөг байсан бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр инфляцыг нь хасаад 2023 оны эцсийн байдлаар 30.4 их наяд төгрөг байна. Бараг л өсөөгүй байна гэсэн үг. Нэг талаараа өсөхгүй байгаа нь бидний ирээдүйдээ итгэх итгэлийг унагаж байна. (3-р үе Иргэдийн асуулт “Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар өсөж байж иргэд нь гадагшаа гарч ажиллая гэж санаа зоволгүй эх орондоо амьдрах вэ?”)

Энэ хэсгийн баримтыг шалгаж үзэхэд үнэн байв.

4. Бусад улс оронтой хийх хамтын ажиллагааныхаа хүрээнд хоёр чиглэлийг чухалчилж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт худалдаа. Хоёрдугаарт хөрөнгө оруулалт. Харамсалтай нь манай улсын хөрөнгө оруулалтын орчин нэн хурдтай муудаж байна. Тэгэхээр бидэнд чөлөөт эдийн засгийн тогтолцоотой улсуудаас хөрөнгө оруулалт орж ирэх магадлал байхгүй болж байгаа юм. Ялангуяа Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсаас капитал гадагшлах үзэгдэл буюу хөрөнгө оруулалтын эсрэг үзэгдэл явах нь тодорхой боллоо. Үүнийг хамгийн түрүүнд засаж залруулах ёстой. (4-р үе Халз мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлтийг максималчлах хүрээнд Монгол Улсын хөрш орнуудтай харьцах бодлого, гуравдагч хөршийн бодлого ямар байх нь зүйтэй вэ?”)

5. Манай намын хамгийн түрүүнд хийх ажил бол хүртээмжтэй бус оролцоотой өсөлтийг бий болгоно. Монгол Улсын иргэн бүр нь эдийн засгийн өсөлтдөө өөрөө оролцдог, түүнээсээ хувь хүртдэг эдийн засгийн тогтолцоог бүтээнэ. Мөн өмчийн эрхийг баталгаажуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулан бизнесийн орчныг сайжруулах замаар ирээдүйн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина. (5-р үе Хаалтын илтгэл)


Монгол Ардын намаас жагсаалтын 25-т нэр дэвшигч Б.Дөлгөөн

1. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг авч хэрэгжүүлснээр өнөөдөр бид эдийн засгаа -4.6 хувиас өсгөж долоон хувьд авчирч чадсан. Тодруулбал, бид эдийн засгийн энэхүү өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдэх замаар авчирч байгаа. Эндээс хамгийн түрүүнд харагдсан үр дүн бол уул уурхайн салбар, тэр дундаа боомтын сэргэлтийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэж чадсанаар өмнө нь гаргаж чадаагүй 36 сая тонн байсан нүүрсийг 69 сая тонн болгож өсгөж чадсан. Үүний үр шимийг өнөөдөр монголын гэр бүлүүд хүртээд явж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Хамгийн санаа зовж байгаа зүйл бол Монгол Улсын төрийн чадамж. Дунд шатны болон бүх байгууллагын хувьд шинээр соёл суулгаж байж Монголын төрийн чадамжийг ахиулах ёстой. Мөн манай улсад байгаа илүү чадвартай мэргэжилтнүүдийг бид төрд авах замаар Монголын төрийн залгамж халаа, ой санамжийг хадгалах ёстой. Энэ бодлогуудыг МУ-ын Засгийн газар авч хэрэгжүүлээд төрийн чадамж дотроо реформ хийхээр төрийн үйл явцын дахин инженерчлэлийн ажлуудыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын тоо цаашид цомхон болж, төрийн үйлчилгээ илүү хурдан бөгөөд иргэддээ ойр болох юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж буй хамгийн гол асуудал юу вэ? Үүнийг шийдвэрлэх чиглэлд ямар цогц бодлого хэрэгжүүлэх вэ?”)

3. Орлогоо өсгөхийн тулд байгууллага, компани, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж бид эдийн засгаа хурдтай өсгөж чадвал монгол хүний өнөөдөр олж байгаа 6 мянган ам.доллар богино хугацаанд 12 мянга болно. МАН-ын мөрийн хөтөлбөрт эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг арилгах замаар нэг хүний олж буй орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тусгасан. (3-р үе Иргэдийн асуулт “Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар өсөж байж иргэд нь гадагшаа гарч ажиллая гэж санаа зоволгүй эх орондоо амьдрах вэ?”)

4. Хүртээмжийн асуудлыг ярихаар хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа хамгийн түрүүнд анзаарагддаг. Нэг ёсондоо хөдөө байгаа монголчуудын 50 хувь нь хотод байгаа монголчуудын 50 хувиас илүү бага боломжийг олж авч байна. Тэгвэл хөдөө байгаа энэ 50 хувийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд МАН-ын Засгийн газар Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тодруулбал, хөдөө байгаа малчин, ажилчид маань нийлээд өөрсдийн бүтээмжийг нэмэгдүүлэх тэрхүү капиталыг авч, үүнийг ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлж, эдийн засагтаа хувь нэмрээ оруулах боломжтой. (4-р үе Халз мэтгэлцээн “Монголын нийгмийн бүх бүлэгт хүртээмжтэй өсөлтийг хэрхэн бий болгох вэ? Ажилгүйдлийн эсрэг ямар бодлого баримтлах вэ?”)

5. Өнөөдөр Монголыг Оюу толгой эсвэл Таван толгой хөгжүүлэхгүй. Мэргэжилтэй, чадвартай мэргэжлийн хүмүүс нь ажиллаж байж хөгжүүлнэ. Та бид хүлээж авсан нийгмээсээ илүү сайхан нийгмийг үр хүүхдэдээ үлдээе гэж байгаа бол аль нэг нам, засгийн хариуцлага бус та бид бүгдийнх нь хариуцлага чухал шүү. (5-р үе Хаалтын илтгэл)

Үндэсний эвслээс жагсаалтын 3-т нэр дэвшигч Д.Пүрэвдаваа

1. 2016 оны байдлаар төрийн алба хаагчдын тоо 188 мянга байсан бол 2024 онд 226 мянга болж өссөн. Харин төсвийн зарцуулалт 2016 онд 9.5 их наяд, 2024 онд 27.2 их наяд болж өссөн байна. Үүний үр дагаварт хувийн хэвшлийн тэлэлт удааширч, төгрөгийн ханш сулран өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хувийн хэвшлийнхэн, тэр дундаа цалин, тэтгэврийн орлоготой иргэдэд хүнд цохилт болж байна. Бид намчирхсан эдийн засгийн бодлогоос салж, аж үйлдвэрээ хөгжүүлсэн бодлого руу шилжих цаг болсон. (1-р үе Нээлттэй индэр)

Энэ хэсгийн баримтыг шалгахад үнэн байв.

2. Эдийн засгийг солонгоруулахын тулд эхний ээлжид төр цомхон байх хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл төсвийн зарлага үүнтэй хэрхэн уялдаж байна вэ? Макро, микро эдийн засгийн онолд дурдагддаг шиг эрэлт, нийлүүлэлтээр явдаг горимоос хазайж, чөлөөт зах зээлийн нийгэм байхаа больсон. Төрийн хяналттай, эргээд коммунизм руугаа явж байгааг тодотгож хэлмээр байна. Хоёрдугаарт, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрт эхлээд олон улсын стандарт, ялангуяа аж үйлдвэрийн стандартыг Монголдоо нэвтрүүлэх, аж ахуйн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Мөн уул уурхай, хөдөө аж ахуйгаас өөр дараагийн асуудал бол инновац, мэдээллийн технологийн дэвшлийг Монголдоо нэвтрүүлэх юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Монголын эдийн засгийн уул уурхай болон хөдөө аж ахуйн салбараас бусад салбарыг хэрхэн дэмжиж, эдийн засгийг солонгоруулах вэ?”)

3. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал залуучуудын хувьд маш тодорхойгүй байна. Богино болон дунд хугацаандаа бизнес хийгээд эхлэхээр татварын дарамт, зээлийн хүү өндөр, төрийн албанд ажиллахаар сонгуулийн дараа нэг намын цүнх баригч ирээд даргалаад суучихдаг. Энэ мэт олон шалтгаанаас болж залуучууд эх орондоо тогтвортой, урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах, төлөвлөх ямар ч боломжгүй байна. (3-р үе Иргэдийн асуулт “Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар өсөж байж иргэд нь гадагшаа гарч ажиллая гэж санаа зоволгүй эх орондоо амьдрах вэ?”)

4. Манай намын мөрийн хөтөлбөрт олон улсын энхийг сахиулах аюулгүй байдлыг хангахад олон улсын байгууллага, түнш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж тусгасан. Мөн хамтын ажиллагааныхаа хүрээнд экспортын чиг баримжаатай салбарт түлхүү хамтарч ажиллана. Дүгнээд хэлэх юм бол улс орон аливаа хөрш орнуудаасаа хамааралгүй байхын тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ялангуяа экспорт, импортынхоо тэнцвэрийг хадгалах ёстой. (4-р үе Халз мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлтийг максималчлах хүрээнд Монгол Улсын хөрш орнуудтай харьцах бодлого, гуравдагч хөршийн бодлого ямар байх нь зүйтэй вэ?”)

5. Нэг нам төрийн эрх мэдлийг барьснаар эргээд чөлөөт зах зээлийн бүх хэм хэмжээг зөрчиж, зөвхөн нам дагасан бүлэглэл бий болж байгаа юм. Үүний илрэлийг эдийн засгаар тооцоолбол төсвийн тэлэлт 2016 онд 9.5 их наяд байсан бол өнөөдөр 27.2 болтлоо өссөн байна. Өнөөдөр энгийн иргэд, ААН-ийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар дарга нарыг тэжээж, төрийн үйл хэргийг илүү данхгараар хийх энэ бүх боломж бололцоог бүрдүүлж байгаа. (5-р үе Хаалтын илтгэл)


Монгол консерватив намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Батжаргал

1. Манай нам төрийн эрхийг ард түмэнд өгөх ёстой гэсэн ганцхан зорилготой. Ингэснээр эдийн засаг болон Монгол Улс дахь бүх салбар төрийн эрх хаана байхаас хамаарч магадгүй одоо байгаагаасаа маш эсрэг байдлаар ажиллах шаардлага үүснэ. (1-р үе Нээлттэй индэр)

2. Шийдэл нь маш амархан. Үндсэн хуулинд нэг өгүүлбэр нэмэгдэхэд болох юм. Монголын ард түмэн яг одоо 100 жилийн өмнө 1924 онд авах ёстой байсан эрхээ 2024 онд авах ёстой. Үүнээс цааш монгол хүний эдийн засаг ч тэр, чадамж ч тэр явж чадахгүй хэмжээнд ирсэн байна. Нэг намын цөөхөн хэдэн хүний бодлоор улсыг удирдахаа болих хэрэгтэй. (2-р үе Халз мэтгэлцээн “Монголын эдийн засгийн уул уурхай болон хөдөө аж ахуйн салбараас бусад салбарыг хэрхэн дэмжиж, эдийн засгийг солонгоруулах вэ?”)

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мянган ам.долларт хүрлээ гэж бодоход манай улсын эдийн засаг 400 хувиар өсөж байж монгол залуучууд эх орноосоо гарахгүй. Манай улсын баялгийг төлөөлөгч нь захиран зарцуулаад төлөөлүүлсэн ард түмэн нь хоосон үлдээд байгаа учраас эх орноосоо яваад байгаа юм. Тиймээс нэн яаралтай Монголын консерватив намыг дэмжиж Үндсэн хуулинд нэг өгүүлбэр нэмэх ёстой байна. (3-р үе Иргэдийн асуулт “Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар өсөж байж иргэд нь гадагшаа гарч ажиллая гэж санаа зоволгүй эх орондоо амьдрах вэ?”)

4. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишээгээр бол бүгдээрээ гаднын зах зээлд гардаг. Тиймээс бид нэгдүгээрт гадаад зах зээл рүү түрэлт хийх шаардлагатай. Хоёрдугаарт, дотоод зах зээлд дэлхийн хэмжээний брэндүүдийг байрлуулах хэрэгтэй. Том хэмжээний үйлдвэрлэлийг дагаж тухайн улс үндэстний бүх инженер, хүний нөөц хөгждөг. (4-р үе Халз мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд инновац, энтрепренершипийг хэрхэн дэмжих вэ?”)

5. Үндсэн хууль иргэддээ үйлчлэх үү эсвэл парламентад үйлчлэх үү гэдэг босгон дээр бид иржээ. Төрийн эрх нь олонхдоо үйлчилсэн тохиолдолд олонх нь энэ том байгалийн баялаг, өөрсдийгөө хөгжүүлэх боломж, их гүрнүүдтэй шууд тулж ажиллах боломжоор хангагдана. (5-р үе Хаалтын илтгэл)


ХҮН намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Отгонтөгс

1. ХҮН намын мөрийн хөтөлбөр долоон хэсгээс бүрдэж байгаа. Нэгт хүчирхэг эдийн засаг, хоёрт хүндээ зориулсан хөрөнгө оруулалт, гуравт хүний эрхийг дээдэлсэн цомхон, чадварлаг, авлигагүй төр, дөрөвт байгальд ойр хөгжил, тавд батлан хамгаалах, гадаад харилцаа, гадаадад суугаа монголчуудад чиглэсэн бодлого, зургаад хотын хөгжил ба дэд бүтэц, долоод бүсчилсэн хөгжлийн асуудлаар ажиллана. (1-р үе Нээлттэй индэр)

2. Манай нам аль болох эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, хөдөлмөрийн зах зээлд буцаж гарах дэд бүтэц, эрхзүйн зохицуулалт, дахин сургалт, сэтгэлзүйн бэлтгэл, гэртээ хүүхдээ харах болон төлбөртэй, төлбөргүй улсын яслийн хүртээмжийг хадгалахаар зорьж байна. Энэ бол эмэгтэйчүүд, залуу гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжсэн хамгийн сайхан бодлого болно. (2-р үе Халз мэтгэлцээн “Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр танай нам ямар бодлого баримтлах вэ?”)

3. 2011-2012 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын үед манай эдийн засгийн өсөлт 17 хувь байсан. Энэ бол монголчууд гадагшаа биш гадаадууд Монголд ирж бизнес эрхлэх эдийн засгийг цогцлоох үе байлаа. Тэгэхээр хамгийн энгийн хариулт бол 17 хувь юм. Уг 17 хувь нь уул уурхайн баялгийн экспортын үр дүнд гарсан. (3-р үе Иргэдийн асуулт “Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар өсөж байж иргэд нь гадагшаа гарч ажиллая гэж санаа зоволгүй эх орондоо амьдрах вэ?”)

4. Хамгийн чухал бодлого бол хүний хөгжил. Нийгмийн бүх бүлэгт аваачиж байгаа байгалийн баялгийг яаж эдийн засгийн хөгжил, хүн амын өрхийн орлогыг сайжруулахад хөрвүүлж, айл өрхөд оруулах вэ гэдэг бол хамгийн түрүүнд нийгмийн хувьд өндөр үр ашигтай төслүүд рүү оруулах явдал юм. Нэг удаа нүүрсний үнэ өссөний улмаас гардаг өсөлт биш тогтвортой өсөлт бидэнд хэрэгтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Монголын нийгмийн бүх бүлэгт хүртээмжтэй өсөлтийг хэрхэн бий болгох вэ? Ажилгүйдлийн эсрэг ямар бодлого баримтлах вэ?”)

5. ХҮН намын эдийн засгийн бодлогын хоёр том багана бий. Нэгдүгээрт, хувийн хэвшлийг дэмжих. Хувийн хэвшилд эрх чөлөө, боломж, хөнгөлөлттэй зээл, бизнесийн таатай орчныг бий болгож байж хөгжүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн оролцоог аль болохоор багасгаж, засаглалыг сайжруулах юм. (5-р үе Хаалтын илтгэл)


Иргэдийн оролцооны нэгдэл намаас 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч М.Оюунхишиг

1. Иргэдийн оролцооны нэгдэл намаас жирийн иргэд нэр дэвшиж байгааг онцолмоор байна. Бид бага зардлаар УИХ-д жирийн иргэдийг нэр дэвшүүлснээр та бүхэнд боловсрол, тогтвортой хөгжил, газар нутаг гэсэн мөрийн хөтөлбөрөөр “Бүхнийг хүүхдийн төлөө. Тэд чадсангүй, иргэд чадна” хэмээн уриалж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Нийгэмд эзлэх байр суурийн хувьд эмэгтэйчүүд асрахуйн эдийн засгаар хойш ухардаг. Тэгвэл манай намын зүгээс ажилтай, орлоготой, мэдлэгтэй иргэн, ээжийг бий болгоно. Илүү тодруулбал, зайнаас ажиллах боломжийг хялбар, уян хатан, нээлттэй байлгах эрхзүйн орчныг бий болгох юм. Мөн ажилласан цагт нь тохируулан нийгмийн даатгалыг нь тохирч, төлнө гэсэн зорилготой байгаа. (2-р үе Халз мэтгэлцээн “Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр танай нам ямар бодлого баримтлах вэ?”)

3. Иргэдээсээ асууж шийдвэр гаргадаг болсон цагт л зугатмаар биш үлдмээр эх орон бий болно. Жишээлбэл, Баялгийн сангийн тухай хуулийг иргэдээр хэлэлцүүлж, санал авалгүй баталсан. Одоо аравдугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжих гэж байна. Тэгэхээр залуучууд минь сонгуулиа өг. (3-р үе Иргэдийн асуулт “Монгол Улсын эдийн засаг хэдэн хувиар өсөж байж иргэд нь гадагшаа гарч ажиллая гэж санаа зоволгүй эх орондоо амьдрах вэ?”)

Энэ хэсгийн баримтыг шалгаж үзэхэд худал байв. Баялгийн сангийн тухай хууль тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

4. Манай намын хувьд энэ дотор муухайруулам хулгайн эсрэг парламентэд суудалгүй ч гэсэн дуугарсаар ирсэн. Хэрэв манай намыг сонгох юм бол бид энэ хулгайг ил болгоно. Иргэдэд мэдэх эрхийг нь хангаж, мэдээлэх болно. (4-р үе Халз мэтгэлцээн “Эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд инновац, энтрепренершипийг хэрхэн дэмжих вэ?”)

5. Тэнцвэргүй энэ сонгуульд бид өрсөлдөж байна. МАН нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн. Харин манай нам зургаадугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн. Бид бага зардлаар, иргэдийн хандиваар сонгуульд оролцож байгаа. Тиймээс танай гэрт очсон мөрийн хөтөлбөр, танилцуулгыг заавал уншаарай. Яг тантай ижил цалингаараа амьдардаг, тантай адилхан үр хүүхэдтэй ээж аав нарыг сонгоорой. (5-р үе Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.