Тэнгэр ТВ-ээс зохион байгуулж буй бодлогын мэтгэлцээний тойм нийтлэл зургаадахь дугаараар та бүхэнд хүрч байна. Өчигдөр болж өнгөрсөн мэтгэлцээнээр зургаан намын нэр дэвшигчид “Залуусын оролцоо, залуусын хөгжил” сэдвээр шууд мэтгэлцээнийг өрнүүллээ.  

Залуус. Нэг талаас энэ бол аливаа улс орны ирээдүйг тодорхойлогч, хэтийн төлвийг хэрэгжүүлэгчид. Нөгөөтээгүүр манай орны нийт сонгогчдын гуравны нэг хэсэг нь. Гэвч 2012-2020 оны хооронд болж өнгөрсөн гурван ч сонгуульд дээрх насныхны 40-50 хувь нь л сонгуульд санал өгч оролцсон байна. Тэгвэл энэ тоог нэмэгдүүлж, залуусын улс төрийн оролцоог өсгөж, хүсэл зорилгыг нь гүйцэлдүүлэхийн тулд аль нам, ямар бодлого баримталж буйг хамтдаа сонирхоцгооё. 

1-р дугаарын тойм
2-р дугаарын тойм
3-р дугаарын тойм
4-р дугаарын тойм

тэд ямар дүрмээр мэтгэлцэх вэ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

I үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
II үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
III үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
IV үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
V үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

хэн мэтгэлцэв?


ИЗНН-аас жагсаалтын 11-т нэр дэвшигч Ш.Батсүрэн.
МУИС-д Бизнесийн удирдлага, санхүү, мэдээлэлзүйн бакалавр хамгаалсан. ИЗНН-ын Дүрмийн хорооны даргаар ажиллаж байна.

МАН-аас жагсаалтын 30-т нэр дэвшигч Д.Бумдарь. Япон Улсын Кокушикан Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн дэд профессор.

Үндэсний эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Н.Энхчимэг. СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын бакалавр, Австралийн Сидней Их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр мастер хамгаалсан. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “БАСУ” брэндийн Үүсгэн байгуулагч.

Социал демократ намаас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч А.Эрдэнэбилэг. Хууль зүйн дээд сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр төгссөн. “Хуулийн цоорхой” нэвтрүүлгийн хөтлөгч.

ХҮН намаас 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Мөнхдөл. Ли Куан Югийн нэрэмжит Сингапурын үндэсний Их сургуулийн Төрийн бодлогын сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалсан. СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, “Cover Mongolia” компанийнҮүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй.

АН-аас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Амаржин. АНУ-ын Колорадогийн Их сургуульд улс төр, эдийн засаг судлалын чиглэлээр бакалавр хамгаалсан. Улс төр судлаач.

юу ярив?

АН-аас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгч нэр дэвшигч Н.Амаржин

I ҮЕ: Энэ жилийн сонгуулиар бид сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалтыг байгуулж, найман жил эрх барьсан намаас 2020 оны сонгуулиар амласан амлалт, түүний дотор залуус руу болон залуу гэр бүл рүү чиглэсэн бодлого, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн тал дээр хийсэн ажлуудынх нь талаар ам асуух хэрэгтэй. Залуус аргагүйн эрхэнд гадаад орон руу дайжиж байгаа нь үнэн. Гар дээр авч буй цалин нь орон сууц худалдан авах битгий хэл орон сууцны урьдчилгаа төлбөрт ч хүрэлцэхгүй байна шүү дээ. Зээлийн хүү, инфляци тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт шигдсэн. Татвар, нийгмийн даатгалын талаар яриад ч хэрэггүй биз. Залуусыг дэмжих байтугай өвчлөл залуужиж, амиа хорлолт, сэтгэл гутрал, хүчирхийлэл зэрэг тоо томшгүй их асуудлууд үүслээ. Найм, есөн жилийн өмнө 90 хоногоос дээш хугацаагаар виз мэдүүлсэн залуусын тоо 2023 оны байдлаар огцом өссөн. Гэх мэт саар үзүүлэлтүүд нь эрх баригч намын залуус руу чиглэсэн бодлого хэрэгжихгүй байгаан илэрхийлэл. Залуус бид улс төрийн манлайллыг үүсгэж, шинэ нийгмийг цогцлоох нэн шаардлагатай цаг үед ирсэн байна.

II ҮЕ: Залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд намууд юу хийх ёстой вэ?
Залуус хаалгыг нь нээж ороод жигшээд гарах хэмжээний бохир зүйлс улс төрийн намын дотоод ардчилалд бий. Гэвч залуус олуулаа нэгдэн нийлж, дуу хоолойгоо нэгтгэж чадваас энэ нь тийм ч дааж давшгүй бэрхшээл биш гэдгийг хэлмээр байна. Үндэсний эвслээс өгсүүлээд залуус өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлээ дагаж, намд элсэх байдлаар улс төрийн оролцоогоо нэмэгдүүлж байгаад хувьдаа талархаж байна.
Гадаадад амьдарч байгаа залуус сонгуульд оролцоход хүндрэлтэй байдал, хаягийн шилжилтийн асуудал зэрэг нь сонгуулийн ирцийг хойш татах шалтгаан мөн ч нэг үеэ бодоход залуусын улс төрийн оролцоо харьцангуй нэмэгдэж байгаа тул энэ удаагийн сонгуульд залуусын оролцоо, нөлөөллийг дутуу үнэлэхгүй байхыг хүсэж байна.
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө санхүүгийн хариуцлагатай цомхон төрийг цогцлооно хэмээн тусгасан. Хэрэв үүнийг гүйцэлдүүлж чадваас нийгмийн даатгалын шимтгэлээс өгсүүлээд бидний нуруун дээр байдаг ачаа хөнгөрч, залуус эх орондоо үлдэх нөхцөл бүрдэнэ.

III ҮЕ: Иргэний асуулт - Хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хар мөр дагуулсан аюулаас залуусаа хэрхэн ангид байлгаж, сэргийлэх вэ?
Олон улсын жишгээс харвал 1980-аад онд Исланд Улсын өсвөр насны хүүхдүүд согтууруулах ундаанд “живэх” үзэгдэл хавтгайрч байсныг тус улсын төр бодлогын түвшинд авч үзэн спорт цогцолборуудыг байгуулах, гэр бүлүүдэд түүгээр үйлчлүүлэх хөнгөлөлт, эрхийн бичиг олгох замаар эл асуудлыг шийдэж байсан. Өнөөдрийн байдлаар Исланд улс дэлхийн номер нэг спортоор хичээллэгч орон. Үүний адилаар АН-ын мөрийн хөтөлбөрт сурагчдын хичээлээс гадуурх спортын дугуйланг 75 хувьд хүргэхээр тусгасан. Урьдчилсан сэргийлэх тал дээр дээрх арга хэмжээг авах бол нэгэнт үүссэн асуудлыг шийдэхийн тулд хар тамхины донтолтыг эмчлэх, нөхөн сэргээх зэрэг нарийвчилсан үйл ажиллагаатай төвүүдийг байгуулах нэн шаардлагатай гэж үзэж байна.

IV ҮЕ: Асуулт - Боловсролоос хөдөлмөр эрхлэлтэд шилжих залуучуудыг дэмжихийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
АН-ын мөрийн хөтөлбөрт тусгаснаар Монголын Цахиурын хөндий буюу технологийн шийдлийг ашиглаж нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэж, хувийн хэвшил, ААН-үүдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, илүү үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулна.

V ҮЕ: Монголын ирээдүй болсон залуус эх орноосоо дүрвэж, амиа хорлож, үндсэндээ Монголын уураг тархи гоожиж байна. Бид эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолоо алдахад тун ойрхон ирээд буй. Аливаа улсад 30-35 жил тутамд тохиодог торгон цэг (хугаралын цэг) гэж бий. Манай орны тухайд энэ цэг нь 2024 онд тохиох нь. Даргад ээлтэй, залууст халтай бодлогыг эрх баригч нам удаа дараа хэрэгжүүлсээр өнөөдрийн нийгмийг бүтээлээ. Монгол Улс бол ядуу улс биш. Боломж нь гацсан асар баян улс. Төрийн буруу бодлого, эрх баригчдын хулгайгаас үүдэн иргэн бүр эх орондоо сайхан амьдрах боломжоо алдсаар ирсэн. Ийм цаг үе 2024 оны зургаадугаар сарын 28-аар төгсгөл болох ёстой. Тав, зургаахан сарын өмнө тог ч үгүй, шатахуун ч үгүй, сайхан амьдрах тав тух ч үгүй байснаа бүү мартаарай хэмээн уриалмаар байна.

МАН-аас жагсаалтын 30-т нэр дэвшигч Д.Бумдарь

I ҮЕ: МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр есөн бүлэгтэй. Иргэд, тэр дундаа залуусыг нэн тэргүүнд тавьж, тэдэнд очих боловсрол, эрүүл мэнд зэрэг хөгжлийн бодлогуудыг цэгцтэй, судалгаатай, логиктойгоор мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгтээ тусгасан. Сонгогчдын тэн хагасыг эзэлж буй 18-45 насныхан нь ”Залуус” хэмээх нэр томьёонд хамаарах бөгөөд тэд эх орныхоо хөгжил, эдийн засагт хамгийн их хувь нэмэр оруулж буй. Тиймээс залуусын аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн өгөөжийг бодит амьдралд нь шууд хүргэх тал дээр ирэх дөрвөн жилд МАН зорин ажиллана.

II ҮЕ: Асуулт - Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрийг хаана зангидах вэ? Танай нам ямар бодлого баримтлах вэ?
Дэлхийн 150 гаруй оронд залуусын асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж байна. Манай орны хувьд Ерөнхий сайдын дэргэдэх “Залуучууд хөгжлийн үндэсний зөвлөл” 21 аймагт салбарлан нэгдсэн бодлогуудыг санаачилдаг. Энэ удаагийн сонгуульд орон сууцны хөнгөлөлтийн бодлого, шинэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд орж ирэхэд хэн байх вэ? гэдэг асуудлыг зохицоор нь харсан бодлогуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ирэх дөрвөн жилд аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй зэргээс дор хаяж дөрвөн салбарыг тэрбум долларын эргэлттэй салбар болгож, мэргэжилтнүүд бэлтгэхээр зорьж байна.

III ҮЕ: Иргэний асуулт - Хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хар мөр дагуулсан аюулаас залуусаа хэрхэн ангид байлгаж, сэргийлэх вэ?
Сэтгэлзүйн талаасаа хар тамхины хэрэглээ бол донтолт. Тиймээс нийтийн эрүүл мэндийг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах хамгийн чухал. Үүний хүрээнд манай нам бүсчилсэн хөгжлийн хүрээ бүрдээ нийтийн эрүүл мэндийн төвийг барих, гудамжны спортыг хөгжүүлэх, цаашлаад олон улсын чанартай тэмцээн уралдаанд тамирчдыг бэлтгэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам ЕБС-ийн сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар баталснаа цохон дурдъя. Нөгөөтээгүүр энэ асуудлын гарал үүслийг арилгахын тулд хилийн боомтуудын хяналт, шалтгалтыг чангатгаж, хатуу бодлого баримтлах талаарх агуулга манай намын мөрийн хөтөлбөрт бий.

IV ҮЕ: Асуулт - Боловсролоос хөдөлмөр эрхлэлтэд шилжих залуучуудыг дэмжихийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
МСҮТ-ийг суралцаж төгссөн залуус их, дээд сургуульд мэргэжил эзэмшсэн залуусаас 43 хувиар илүү хэмжээний цалин хөлс авах боломжтой. Тиймээс МСҮТ-ийн боловсролыг өндөр түвшинд хөгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжил, боловсролын бодлого хоёрын уялдаа холбоог сайжруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Сүүлийн 15 жилийн хугацаанд дотоодын их, дээд сургуулиудад худалдаа, бизнесийн удирдлага, багш, анагаах ухаан, инженерийн чиглэлээр хамгийн олон мэргэжилтэн төгссөн боловч эдгээр нь зах зээлд илүүдэлтэй мэргэжлийн тоонд ордог. Манай нам мөрийн хөтөлбөртөө улсын их сургуулиудын сэндвич хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг өсгөх, МСҮТ-ийн тоог нэмэгдүүлж, орчин цагийн технологийн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө хөндсөн.

V ҮЕ: МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж буй 48 нэр дэвшигч бүгд анх удаа сонгуульд өрсөлдөж буй. Манайх судалгаанд суурилсан, чадварлаг хүний нөөц бүхий бодлогын нам. Бид бүсчилсэн хөгжлийн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 18-45 насны залуус үндэсний эдийн засгийн үр шимээ халааслах боломжоор хангана. Баялгийн сангаас иргэд орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж, төрөөс хулгай хийх боломжийг хааж, бүхий л төрийн үйл явцыг цахимжуулна. МАН-ын жагсаалтад бүх салбарын мэргэжилтнүүд оролцож буйгаараа онцлог.
Сонгогчид та бүхэн намуудын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, бодитоор хэрэгжих боломжийг нь харьцуулж үзсэний үндсэн дээр сонголтоо хийгээрэй.

ХҮН намаас 13-р тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Мөнхдөл

I ҮЕ: Монголын хараат бус судалгааны байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар нийт хүн амын 74 хувь нь, залуусын 87 хувь нь гадагшаа явах хүсэл зорилготой байгаа нь Монгол Улс залуу үедээ хэчнээн ээлгүй орон гэдгийн баталгаа. Залуусын сонгуулийн ирц хангалтгүй байгааг улс төрийн оролцоогүй, хойрог хэмээн дүгнэдэг ч бодит байдал дээр энэ нь төрийн хүнд суртлаас үүдэлтэй. Улаанбаатарт суралцаж буй оюутнуудын 50 хувь нь орон нутагт харьяалалтай бөгөөд Улаанбаатар хот руу хаягаа шилжүүлж, сонгуульд оролцох нь төрийн үйлчилгээний хүнд суртлаас үүдэн бүтэшгүй ажил болж хувирдаг. Энэ жилийн хувьд И-Монголиагаар хаягийн шилжилт хийх боломжтой байсныг огт сурталчлаагүйн дээр хаяг шилжүүлэх боломжтой хугацааг улсын бүртгэлийн газар хуульд заасан хугацаанаас хоёр хоногийн өмнө хаасан нь залуусын сонгох эрхийг зөрчиж буй нэг хэлбэр.

II ҮЕ: Асуулт - Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрийг хаана зангидах вэ? Танай нам ямар бодлого баримтлах вэ?
Гишүүдийн дундаж наслалтаараа хамгийн залууд тооцогдох нам бол ХҮН нам. Энэ утгаараа ХҮН нам нь залууст ээлтэй байж, хүсэл зорилгоо биелүүлэх боломжийг нь олгож буй.
Монголчуудын дундаж наснаас үзэхэд харьцангуй залуусын орон шүү дээ. Гэвч сүүлийн 34 жилийн хугацаанд баримталсан бодлогийн үр дүнд эх орондоо үлдэх залуу үегүй нийгэм цогцолжээ. Тиймээс бодлогоо өөрчлөх цаг нь нэгэнт ирсэн. Өнгөрсөн хугацаанд эрх барьсан намууд элдэв арга хэрэгслээр дамжуулан залуусын сонгуулийн ирцийг бууруулах бодлого баримталдаг, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлдэг.

III ҮЕ: Иргэний асуулт - Хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хар мөр дагуулсан аюулаас залуусаа хэрхэн ангид байлгаж, сэргийлэх вэ?
Алив донтолтоос урьдчилсан сэргийлэх үүднээс хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэгт татагдах болсон сэдэл, орчин нөхцөлд нь анхаарч, түүнд тохирсон бодлогыг боловсруулах нь зүйтэй. Нэгэнт донтолт үүссэн бол энэ нь тухайн хүний биеэ зөв авч явах чадваргүй, арчаагүйгээс үүсээгүй гэдгийг нотлох олон судалгаа бий тул энэ нь цэвэр эрүүл мэндийн асуудал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн хар тамхи хэрэглэсэн тохиолдолд хуулийн хүрээнд, ил тод хариуцлага тооцдог болсноор хавтгайраад буй хар тамхины хэрэглээг хумиж чадах болов уу.

IV ҮЕ: Асуулт - Залуучуудын амьдрах сууц, орон байрны асуудлыг шийдвэрлэхэд танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Гэр хорооллын 10,000 айлын дулааны цахилгааныг сайжруулах талаар манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Судлаад үзэх нь ээ, эрчим хүчний бодлогодоо шинэчлэлт хийхээс нааш утаагүй орчин, шинэ орон сууц барих боломж хаалттай юм билээ. Нийслэлчүүдийг хямд цахилгаан, дулаантай байлгахын тулд Багануурын уурхай, төмөр замын тээвэр, дулааны цахилгаан станцын үйлдвэрлэл, түгээлт гээд бүхий л шатанд алдагдал шингэсэн байдаг.

V ҮЕ: Үндэсний статистикийн хороо болон олон улс шинжлэлийн хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаагаар гадаадад амьдардаг монголчуудын 70 гаруй хувь нь ойрын хугацаанд эх орондоо очих бодолгүй байгаа хэмээжээ. Энэ нь сүүлийн 34 жилийн төрийн алдаа, завхралаас үүдэлтэй. Нүүрсний хулгайн талаар ХҮН нам илчилж, улмаар залуусаар дүүрсэн жагсаал төв талбайг бүрхсэн. Тиймээс сонголтоо өөрчилж, ирээдүйгээ гэрэлтүүлэх боломж та бүгдэд бий.

Үндэсний эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Н.Энхчимэг

I ҮЕ: Үндэсний эвслийн хувьд боловсролтой, туршлагатай, байгальд ээлтэй, цахим хамгаалалттай, сэтгэлийн хаттай залуусыг төлөвшүүлэхэд бодлогоо чиглүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Залуус орон сууц, автомашин төдий эд баялгийн төлөө амьдарч ирсэн бол цаашид арай өөр итгэл үнэмшил, үнэт зүйлтэй болж, шударга ёсыг дээдэлсэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна. 2020 онд залуусын ердөө 50.8 хувь нь сонгууль өгсөн нь улс төрийн итгэл үнэмшилгүй, сонгуульд саналаа өгснөөр бидэнд ашиггүй, бидний төлөө ямар нэгэн шийдвэр гарахгүй гэсэн үндсэн ойлголттой байгаатай нь холбоотой хэмээн дүгнэж байна. Тиймээс залуусд хандан уриалахад, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлж, өөрсдийн эрх ашиг, сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгээрэй.

II ҮЕ: Асуулт - Залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд намууд юу хийх ёстой вэ?
18-25 насныхан сонгуульд 50 хувийн ирцтэй оролцож байгаа бол 60-аас дээш насныхны ирц 97 хувьтай байна. Сонгуулиас өгсүүлээд аливаа асуудалд хөнгөн хуумгай ханддаг нь залуу насны нийтлэг хандлага. Гэхдээ үүнийг буруутгахаас илүүтэй системийн хувьд төлөөллийн ардчиллыг баталгаажуулах, бэхжүүлэх замаар шийдэхээс биш механик байдлаар шийдэх гэж үзэх нь асуудалтай. Залуус улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэхээр оролддог ч улс төрийн намын дотоод ардчилал, соёл, зарчмыг давж чадалгүй гадна үлддэг. Орж чадсан нэг нь бидний хэлдгээр өөрийн гэсэн үзэл баримтлалгүй “цүнх баригч” болж, улс төрийн дээд түвшинд байр сууриа олж байгаа нь бусад залууст “Улс төр бол шударга ёсыг уландаа гишгэж, ул долойсон нь өөдөө гардаг салбар юм байна” гэх ойлголтыг төрүүлж байна.
Боловсролын чанар болон хөдөлмөрийн зах зээлийн хэмжүүрийг хооронд нь уях бодлогыг манай нам баримталж байна.

III ҮЕ: Иргэний асуулт - Хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хар мөр дагуулсан аюулаас залуусаа хэрхэн ангид байлгаж, сэргийлэх вэ?
Энэ асуудлыг бодлогын түвшинд буюу боловсрол, гэр бүл, сэтгэлзүйн хувьд дархлаатай иргэнийг бий болгох тал дээр дорвитой арга хэмжээ авах ёстой. Нөгөөтээгүүр бид өнөөдөр олон нийтийн телевизийн бодлогын мэтгэлцээний үеэр хар тамхины талаар хэлэлцэх нь үүнийг үзэж буй хүүхэд, залуусын өнцгөөс харахад зохимжгүй гэж үзэж байна.

IV ҮЕ: Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнесийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгаа вэ?
Үндэсний эвслийн тухайд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тодруулбал, тодорхой насны ангилал бүхий бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх системийг бий болгох нь зүйтэй. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд эхний таван жилд нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлснөөр нийгмийн даатгал, НӨАТ-ын өрөнд орж, зөвхөн цалингаа тавихын тулд ажиллаж байсан бизнес эрхлэгчдийн нуруу тэнийх болов уу.

V ҮЕ: Монголд хэн хамгийн баян байна вэ? гэвэл МАН-ын дарга нар болон цүнх баригчид. Гэтэл нам, эвслээрээ биш үндэстнээрээ баян байх нь гол анхаарах асуудал байлтай. Улс төрийн хамгийн том хоёр нам улиг болсон хүмүүсээ одоог хүртэл нэр дэвшүүлж байгаа нь монголчуудыг гутаан доромжилж буй хэрэг юм. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн сонголтыг хүчтэй байлгахын тулд хатуу гишүүнчлэлтэй эдгээр намуудад санал өгөхгүй байхыг уриалж байна.

Социал демократ намаас 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч А.Эрдэнэбилэг

I ҮЕ: 15-34 насныхныг нийгэмд “залуус” хэмээн нэрийддэг бол улс төрд 40-50 насыг “залуу” хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл 39 хүртэлх насыг “хүүхэд” хэмээх ангилалд хамааруулах юм. Учир нь хүн улс төрийн хувьд залуу ангилал руу орохоос өмнө сурч боловсрох, мэргэших үе шат явагддаг. Гэвч энэ үед залуусын өмнө тулгамдаад буй асуудал бол хэн нэгэн эрх мэдэлтний хүүхдэд хулгайлагдсан өсөж дэвших боломж. Иймээс залуус өөрсдийн эрх ашгийг хамгаалах цаг үе нь ирээд байна.

II ҮЕ: Асуулт - Хот ба хөдөө орон нутгийн залуучуудын боломж, нөөцийн ялгааг хэрхэн арилгах вэ?
Залуус, тэр дундаа хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх асуудал нэн тэргүүнд яригдах ёстой. Хот, хөдөөгийн боломж, амьдралын түвшний ялгааг арилгахын тулд хүүхэд бүрд сард 100 долларын тэтгэмж олгох боломжтой. Манай төрд тэр хэмжээний мөнгө бий гэдгийг цар тахлын жилүүдэд мэдсэн шүү дээ. Харин интернэтийн хувьд хөдөө орон нутгуудад харьцангуй хүртээмжтэй болж байгаа нь хот, хөдөөгийн ялгаа арилж буйн нэг хэлбэр.

III ҮЕ: Иргэний асуулт - Хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хар мөр дагуулсан аюулаас залуусаа хэрхэн ангид байлгаж, сэргийлэх вэ?
Хар тамхинаас авч буй сэтгэл ханамж, аз жаргалыг өөр зүйлээс мэдрэх бүрэн боломжтой. Тухайлбал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай, спорт клуб зэргийг бүтээн байгуулснаар хар тамхины хэтийдсэн хэрэглээг хязгаарлах боломжтой гэж харж байна.

IV ҮЕ: Асуулт - Залуучуудын амьдрах сууц, орон байрны асуудлыг шийдвэрлэхэд танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Өөрийн өмчийн орон сууцтай болно гэдэг нь өчнөөн жилийн өрөнд орж, бетонон дөрвөн ханан дунд амьдрах тухай биш. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Залуус гэрээ засах суурь нөхцөл буюу биеэ засах боломжоор нь төр хангах ёстой. Татварын бодлогын хөнгөлөлт зэргээс гадна хамгийн том дэмжлэг бол залуу гэр бүлүүдийн хүүхдэд 100 долларын тэтгэмж өгөх замаар аж амьдралаа сайжруулах, хуримтлал үүсгэх боломжийг нь олгох явдал юм.

V ҮЕ: Бүхий л шинжлэх ухааны тулгын гурван чулуу бол математик, хими, физик. Гэтэл эрх баригч намын буянаар өнгөрсөн жилд МУИС-ын химийн тэнхимийг ердөө гуравхан оюутан төгслөө. Үүнээс монголын залуус дунд химич, математикч, физикч байхгүй болохыг харж болно. Монголын социал демократ намын хувьд тэгш эрх, шударга ёс гэсэн үндсэн бодлогыг баримталж, уг бодлого алдагдаж буй хэсэгт тэмцэл өрнүүлэх болно. Ард түмэн зөвхөн тэгш эрх, шударга ёс, мөнгөний ханшийн өсөлтийг хүсдэг. Гэтэл эрх баригч нам ард иргэдийн хүсэл зорилгоос ямагт эсрэг чиглэлд явсаар ирсэн. Манай намын хувьд мөнгөний ханшийг өсгөхийн тулд түрээсийн төлбөрийн таазыг бий болгож, улмаар иргэдийн амьжиргаа дээшилж, өсөж хөгжих боломж нээгдэнэ.

ИЗНН-аас жагсаалтын 11-т нэр дэвшигч Ш.Батсүрэн

I ҮЕ: Нийгмийн шударга бус байдлын харгайгаар залуус ирээдүйд итгэх итгэлээ алдаж, БНСУ-руу шуурч байна. Хүний нөөц, санхүү, эрх мэдэл хэчнээн сайн байгаад ч эрх баригч нам үүний эсрэг ямар ч зөв, зоригтой үйлдэл хийсэнгүй. Тиймээс бид залуусаа дэмжиж, нягт ажиллаж чадахгүй байгаа эрх баригчдад чөлөөг нь олгох хэрэгтэй.

II ҮЕ: Асуулт - Хот ба хөдөө орон нутгийн залуучуудын боломж, нөөцийн ялгааг хэрхэн арилгах вэ?
Залуус интернэтийн тусламжтайгаар дэлхийтэй холбогдож, боловсрол, хувь хүний хөгжилдөө хувь нэмэр оруулдаг цаг үе ирсэн. Гэтэл энэ боломж хот, хөдөөгийн залууст эн тэнцүү олдож байгаа юу гэвэл харамсалтай нь тийм биш. Энэ асуудлыг шийдэхийн тулд засаг захиргааны нэгжийн хууль, боловсролын хуульд тусгахаас биш зөвхөн залуучуудад зориулсан хуулиар шийдэх боломжгүй.

III ҮЕ: Иргэний асуулт - Хар тамхи, мөрийтэй тоглоом зэрэг хар мөр дагуулсан аюулаас залуусаа хэрхэн ангид байлгаж, сэргийлэх вэ?
Алив донтолт, муу зуршил сэтгэлзүйтэй холбоотой байх нь элбэг. Өнөөдөр ЕБС-иудад академик мэдлэг олгох хичээлүүд тогтмол ордог ч сэтгэлзүйн тэнхээтэй иргэнийг бэлтгэх боловсролын систем дутмаг байгаа нь хар тамхи зэрэг хорт зуршлын үүдэл шалтгаан хэмээн үзэж байна.

IV ҮЕ: Асуулт - Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнесийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгаа вэ?
Төр бизнес эрхлэгч залуус руу чиглэсэн гэнэтийн, богино хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч залуусыг хүртээмжтэй, тогтвортой мэдээллийн урсгалаар хангаж чадахгүй байгаа нь тэднийг бизнес хийж, өргөжихөд нь чөдөр болж байна. Төрийн тусламж, дэмжлэгээс ангид бизнес эрхэлж буй залууст татварын дарамт учруулахаас биш тогтмол хэрэгждэг хөрөнгө оруулалтын бодлого ч байдаггүй нь харамсалтай.

V ҮЕ: ИЗНН голчлон залуусын хөгжлийг дэмжих бодлоготой мөрийн хөтөлбөр баталсан. Ингэхдээ 16-27 нас, 28-35 нас зэрэг ангилал тус бүрээр нь хөгжүүлэх хөтөлбөрүүдийг санал болгож байна. Цохон дурдах өөр нэг зүйл нь чадварлаг мэргэжилтнүүдийг намдаа элсүүлж, ажиллуулах бус нэгэнт төрд буй мэргэжилтнүүдийн амжилттай ажиллах, өсөж дэвшихэд нь дэмжлэг үзүүлэхээр зорьж яваа.