Бизнесийн зарчим, байгууллагын соёлоосоо хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн энэхүү дугаартаа бид бүтээлч сэтгэлгээ, дэвшилтэт технологиор дамжуулан шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг уудам орныхоо хоймор бүрд хүргэх зорилготой “DDish”-ийг онцолж байна. Хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээг анхлан Монголд нэвтрүүлсэн тус хамт олны 17 жилийн түүхэн замнал, амжилт бүтээл, цаашдын зорилго зорилттой танилцацгаая.

Бизнесийн нэр: ДДэшТВ ХХК
Хаяг: Нийт гурван оффистой бөгөөд Сэнтрал тауэрийн 14-р давхар, Юнител дата төв, болон TV5 оффист байрладаг
Үйл ажиллагааны чиглэл: Хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулах (DTH), кино, контент продюсинг, олон улсын дамжуулалт
Үүсгэн байгуулагдсан: 2008 он
Цахим хуудсууд: ddishtv.mn | DDish
Уриа үг: Оюуныг гэрэлтүүлнэ



ДДэш гэж юу вэ?

ДДэш бол товчхондоо хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ үзүүлдэг, Монгол улсад DTH (Direct to Home) технологийг нутагшуулсан үндэсний компани юм.

СЭДЭЛ 

Манайд кабелийн телевизийн үйлчилгээ 1990-ээд оны үед үүссэн ч 2008 он хүртэл орон нутгийг бүхэлд нь хамарч хараахан чадаагүй байв. Учир нь кабелийн утас гол төлөв суурин газарт л байрладаг байсан. Аймаг, сумын төвөөс цааш өргөн уудам газар нутагт тархан суусан тэр олон түмэнд бүгдэд нь шилэн кабел юм уу, кабелийн утсыг хүргэх боломж бололцоо хомс байлаа. Иймд бид Монгол орны аль ч бүс нутагт хиймэл дагуулын антеныг суурьшуулаад телевиз үзэх боломжийг олгодог, нийт 18 суваг бүхий ДДэш үйлчилгээг нэвтрүүлсэн түүхтэй.


Техник, технологийн албаны захирал Н.Ариунболд

ЯЛГАРАЛ  

Өмнө дурдсанчлан, тухайн үеийн кабелийн телевизүүдээс хиймэл дагуулаар телевизийн олон сувгийг дамжуулдгаараа манайх ялгардаг байв. Анх 18 сувагтай байсан бол одоогийн байдлаар 150+ сувгийг хүргэж байна. Мөн зөвхөн телевизийн сувгаас гадна ДДЭШ-ээр л үзэх боломжтой 16 кино суваг болон спорт, сошиал, радио сувгуудтай.

Түүнчлэн шинэчлэгдсэн төхөөрөмжөөр Монгол орны хаанаас ч цаг агаараа харах, нэвтрүүлгээ хадгалаад нөхөж үзэх, кино сангаас цагт баригдалгүй кино үзэх боломжтой.

2017 онд бид KT SAT компанитай хамтран KoreaSat 5A хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд тус хиймэл дагуул нь зөвхөн Монгол Улс руу чиглэсэн цацрагтай тул дохио чанарыг өндөр түвшинд дамжуулдаг онцлогтой.

Дэлгэрүүлж унших: Элон Маскийн Ангарагт хүрэх аугаа төлөвлөгөөтэй танилц

.

НЭР

ДДэш гэдэг нэрийн утга нь “Direct Digital Information Sky Highway” гэсэн үгийн товчлол юм.



ОДОО

Бид өнгөрсөн жил ДДЭШ 3.0 шилжилтийг хийсэн. Үүний хүрээнд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлбөр тооцооны систем хийгээд ДДЭШ аппликэйшнээ шинэчилж, Дэвшилтэт 3.0 төхөөрөмжийг хэрэглээнд гаргаж, 4K дамжуулалтыг анхлан нэвтрүүлсэн.



Харин энэ жил бид бизнесийн стратеги шинэ түвшинд гаргаж, өсөлтийн дараагийн шат руу эрчимтэй шилжиж, өрхийн хэрэглээнээс цаашлан контент, байгууллага болон хувь хэрэглэгчийн зах зээл рүү тэлж, технологид суурилсан цоо шинэ бизнесийн боломжуудыг бүтээж эхэллээ. Ийм ч учир бид брэндийнхээ ялгарал, бэлгэдлийг дахин тодорхойлж, технологийн дэвшил, үндэсний соёлыг хослуулсан шинэ дүр төрхийг танилцуулж байна. Мөн байгууллагын зах зээлд зориулан Монголд болж буй томоохон арга хэмжээг олон улс руу шууд дамжуулах, амралт сувиллын газруудад онцгой саналаар үйлчилгээгээ хүргэх, мөн өөрийн хэрэглэгчдийн өргөн бааз суурийг ашиглан байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг үр дүнтэй сурталчлах цогц шийдлүүдийг санал болгож байна.

Дэлгэрүүлж унших: 4К-г тайлбарлахуй: Зурагт үзэх шинэ мэдрэмж

.

БАГ

Манай байгууллага нийт 180 ажилтантай. Гурван оффист хуваагдан ажилладаг. Юунд зорьж, хааш чиглэж байгааг ажилтнууд маань сайн мэддэг учраас өдөр тутмын ажилд удирдлагууд тэр бүр оролцдоггүй. Хамгийн гол нь ажил, үүргийн хуваарилалтыг маш тодорхой байлгахыг зорьдог. Мөн ямар ч жижиг асуудал гарсан заавал шийдэхийг хичээдэг. Учир нь тухайн үед гарсан жижиг асуудал, дараа нь хүрээгээ тэлээд том асуудал болон гарч ирэх магадлалтай байдаг.


Дэлгэрүүлж унших: Хиймэл дагуулаар хоймор гэрэлтүүлэгч хамт олон

.

ИРЭЭДҮЙ

Бид энэ салбартаа анхдагч бөгөөд төдийгөөс өдий хүртэл технологийн шинэчлэлтээс хоцролгүй, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулсаар яваа. Цаашдаа ч энэ эрчээ алдалгүйгээр ажиллахыг зорьж байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрэглэгчийн хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж байдаг. Өмнө нь хэрэглэгчид телевиз л үздэг байсан бол одоо гар утсаараа бүхнийг үзэх сонирхолтой болжээ. Иймд бид өрхийн хэрэглээг хангахаас гадна тухайн гэр бүлийн гишүүн нэг бүрийн сонирхол хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг санал болгох төдийгүй байгууллага, контент, хувь хэрэглэгчийн зах зээл рүү хүрээгээ тэлж байна.



ЭРСДЭЛ

ДДэш нь шинэ үеийн нүүдэлчдийн амьдралын салшгүй нэг хэсэг болж, дэвшилтэт технологиор сонгомол мэдлэгийг түгээн, оюуныг гэрэлтүүлж, ирээдүйг нь хамтдаа бүтээдэг брэнд. Мэдээж цаг үеэ дагаад, технологийн шинэ, шинэ боломжууд гарч ирж байна. Эдгээрийг бид эрсдэл гэхээс илүүтэй шинэ технологид шилжих, цаг үеийн чиг хандлагаа даган хувьсах боломж гэж хардаг. Цаашид, ДДЭШ нь хувь хэрэглэгчийн зах зээлд технологид суурилсан бүтээгдэхүүн тун удахгүй нэвтрүүлэх, байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ тэлэхээр зорин ажиллаж байна.