Стартапуудын дунд зохиогддог хамгийн том тэмцээн болох Startup World Cup-д Монголын гарааны бизнесүүд оролцох боломжтой болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 7-нд Монголын бүсийн тэмцээний эцсийн шат явагдаж, шилдгүүд шалгарлаа. Монголыг төлөөлөн Startup World Cup-д оролцох, үндэсний ялагчаар “Чимэгэ системс” тодров.

Үндэсний ялагч - "Чимэгэ системс"


Шилдэг оролцогч “Чимэгэ системс” 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, грант (тэн хагас нь бэлэн мөнгөөр, үлдсэн 50 сая нь хөрөнгө оруулалт хэлбэрээр) хүртэв. 2019 онд байгуулагдсан тус стартап дуу болон дүрс бичлэгийг бичвэрт, бичвэрийг ярианд буулгах систем боловсруулан гаргасан нь тун амжилттай яваа билээ. Дэлхий даяар асар хурдацтай хөгжиж байгаа, хэл яриаг таних технологийг барин авч, харьцангуй богино хугацаанд 96 хувийн танигдацтай систем бүтээсэн эл хамт олон ирэх арваннэгдүгээр сард болох Startup World Cup-д дэлхийн 60 гаруй бүс нутгийн 12 мянган стартапаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх нь. Шинэлэг санаа, шилдэг гүйцэтгэл, алсын хараагаараа цойлсон нэг гарааны бизнес уг тэмцээнээс нэг сая ам.долларын санхүүжилттэй буцах юм. Энэ бол технологийн стартапуудын олон улсын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, корпорацуудын түншлэлийг хөгжүүлэх, салбарын шилдэг мэргэжилтнүүдийн саналыг сонсох томоохон боломж юм.

Ташрамд дурдахад, хиймэл оюунд монгол хэл сургаж, бидэнд төрөлх хэлээрээ технологийн дэвшлийг мэдрэх боломж олгосон "Чимэгэ системс"-ийн аппуудыг бид 2020 оны шилдгээр нэрлэсэн билээ. С.Бадрал "Unplug 2019" арга хэмжээн дээр "Chimege"-гээ нийтэд зарласан юм.


Олон улсын боловсон хүчнийг зах зээлтэй хамгийн оновчтой дижитал шийдлээр холбох зорилготой HR tech стартап “Tab Solution” удаах байрын шагнал болох 60 сая төгрөгийн санхүүжилтийн эзэн болов.


Харин хэрэглэгчидтэй харилцах, борлуулалт, маркетингийн сувгийг нэгтгэн автоматжуулсан “Erxes” стартап гутгаарт шалгарчээ.


Түүнчлэн, нэг гишүүнчлэлээр фитнесс, бялдаржуулах төвийн олон төрлийн үйлчилгээ авах боломж олгодог ONEFIT аппыг хөгжүүлэгч хамт олон тусгай байрын шагнал хүртэв.

startup world cup mongolia-ийн эцсийн шатанд шалгарсан стартапууд

ORDA

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, ховор урлагийн бүтээл зэрэг цаг хугацаа улирах тусам үнэ цэн нь өсөх хөрөнгийн өмчлөх эрхийг хэсэгчлэн арилжаалах, хөрвөх чадварыг нь нэмэгдүүлэх, үнэ цэнийг нь өсгөх зорилготой платформ.

ZeelMN

Цаг, орон зай үл хамааран дижитал гэрээ байгуулан, ямар ч барьцаа хөрөнгийн шаардлагагүйгээр зээл авах, мөн зээл өгөх буюу хөрөнгө оруулах боломж олгох, санхүүгийн үйлчилгээ.

Clinica

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа хэрэглэгчдийг эмчлэх эрхийн лиценз бүхий мэргэжлийн эмчтэй түргэн шуурхай холбох, Монголын анхны телемедицин платформ.

Clinica - Таны гарт багтах дижитал клиник

Unread

Ulaanbaatar Bourse

Мөнгө болон бондын зах зээлд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж, хөрөнгө оруулах, мөнгөжүүлэх үйл явцыг хялбаршуулсан "Смартмони" систем.


Chatbot

Хиймэл оюунд суурилсан бизнесийн ухаалаг туслах.

Zochil

Бүхий л төрлийн онлайн худалдаа эрхэлж байгаа хувь хүн, албан байгууллагад зориулсан автоматжуулалтын платформ.

Zochil - 3 минутын дотор онлайн дэлгүүрээ бүтээ

Unread

Мөн арга хэмжээний үеэр MCS Investment-ийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав гарааны бизнесүүдийн амжилтанд хүрэх замыг товчлох "Accelerator Hub" хурдасгуур хөтөлбөрийг удахгүй нээх гэж байгаа талаар зарласан байна.


Технологийн шинэхэн компаниудад хөрөнгө оруулагч “Pegasus Tech Ventures”-аас зохион байгуулдаг Startup World Cup-ийн Монгол дахь бүсийн тэмцээнийг “Exponential Partners”, “MCS Investment” компани удирдан явуулсан юм. Startup World Cup Mongolia тэмцээний эхний гурван байрын шагналыг “MCS Investment”, “Премиум групп”, “Сократус стартап студио” тус тус санхүүжүүлжээ.