"Unread Media" үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын гарааны бизнесийн орчинд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, инновацлаг арга барилаараа ялгарч, зах зээлээ түүчээлж буй шилдэг стартап, энтрепренерүүдийг алдаршуулсаар ирсэн билээ. Үүний хүрээнд 2016 оноос "Unread Awards" шагналыг санаачлан, бизнес, технологийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн саналаар шилдгүүдийг нэрлэх болсон юм.

Хэдий цар тахлын улмаас "Unread Awards"-ийн эзэд тодорч, шагналаа гардан авдаг "Unplug 2020" арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон ч ялагчдын нэрсийг олон нийтэд зарлах нь зүй ёсны хэрэг хэмээн манай хамт олон үзсэн билээ. Тиймээс энэ жилийн шилдэг гар утасны апп-уудыг танилцуулж байна.

Бид зах зээлд шинэ өнгө төрх, шинэлэг шийдлийг санал болгон хэрэглэгчдэд илүү таатай, хялбар хэрэглээг үүсгэсэн эдгээр апп-уудыг бүгдийг нь ЯЛАГЧИД хэмээн өргөмжилж байгаадаа таатай байна. Тэд бол 2020 оны Монголын технологийн ертөнцийн өнгийг тодорхойлогчид, жишиг тогтоосон манлайлагчид билээ.

Шилдэг аппликэйшнүүд

Chimege

Өнгөрсөн жилийн "Unplug" арга хэмжээний хамгийн анхаарал татсан илтгэл нь С.Бадралын Chimege-г олон нийтэд зарласан мөч байлаа. Хиймэл оюунд монгол хэл сургаж, төрөлх хэлээрээ технологийн дэвшлийг мэдрэх боломж олгох нь тэдний зорилго. Яриаг бичвэрт буулгах Chimege Writer, бичвэрийг ярианд буулгах Chimege Reader апп-ийг нь та нэг ашиглаж үзсэн бол буцах зам үгүй. Ирээдүйг нааш татсан мэт, технологийн боломжийг бодитоор авчирсан мэт сэтгэгдэл төрүүлэх Chimege-ийн шийдэл энэ оны Монголын технологийн ертөнцийн нэгэн тод өнгө байлаа.

Татах: iOS | Android

Санал болгох: Signature ярилцлага - С.Бадрал

Posted

E-Mongolia

Бөөн хүнд суртал, удаан оочер, төвөгтэй бичиг баримтыг март. Одоо танд ердөө ганцхан апп байхад л хангалттай. Монгол Улс "цахим үндэстэн" болох нэгэн том алхмаа энэ онд хийсэн нь E-Mongolia байв. Төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон энэ шийдэл нь олон хүний цаг завыг хэмнэж, төрөл бүрийн зардлыг бууруулж, хэрэглэгчдэд илүү хялбар, таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Одоогоор 23 байгууллагын 181 үйлчилгээг холбоод буй тус апп ирэх онд 592 төрийн үйлчилгээг цахимжуулах зорилго өвөртлөн ажиллаж байна.

Татах: iOS | Android

Санал болгох: Би хэрхэн ажилладаг вэ? - ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ

Unread

M+Music

M+Music бол Монголын хөгжмийн ертөнцтэй таныг танилцуулах, сэтгэл хөдөлгөм эгшиг, гайхалтай тансаг аялгуу, сэтгэл сэргээм үгсээр эрчлэх талбар. "Харанга", "Хурд"-аас Сарантуяа, Ариунаа хүртэл, "Lumino", "Ice Top"-оос ThunderZ, Ginjin хүртэл, "Нисванис", "The Lemons"-оос Namone, Amra хүртэл Монголын рок, поп, хип хопын ертөнцийн үе үеийн уран бүтээлчдийн хамгийн том сан энд бий. 2021 онд гадаад уран бүтээлчдийг нэттгэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан тус апп тахлын үеийн энтертайнмент хэрэглээг бүрэн хангасан апп байлаа.


Татах: iOS | Android

Дэлгэрэнгүйг: M+Music - Хөгжмийн ертөнцөд тавтай морил!

Unread

Tomyo

Дэлхийн иргэн болохыг хүссэн хүн бүрд зориулсан Tomyo боловсролын технологийн салбарт үсрэнгүй хөгжлийг дагуулсан шинэлэг бөгөөд сонирхолтой, үзүүштэй хийгээд өгөөжтэй шийдлийг санал болгож байна. Салбар салбарын экспертүүд, шилдэг мэргэжилтнүүд энд өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцаж, хэрэглэгчдийг хамтдаа үсрэнгүй хөгжил өөд тэмүүлэхийг урьж буй. Tomyo Skills нэмэлтээрээ хувь хүний хөгжил, карьерын өсөлтийг сонирхож буй хэн бүрд хүртээмжтэй агуулгыг бүтээх болсон нь биднийг ийн онцлоход хүргэлээ.

Татах: iOS | Android

Санал болгох: Өртөөлөгчид - Б.Энхжаргал /Tomyo-ийн хамтран үүсгэн байгуулагч/

Unread

Онцлох аппликэйшнүүд

Ухаалаг: Нэрийн хуудсыг ухаалаг утас руу шилжүүлснээр илүү хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд ээлтэй амьдралын хэв маягийг үүсгэх нь Ухаалаг-ийн зорилго. ICT Expo 2020-ийн хамгийн онцлох оролцогчдын нэг тэдний апп цар тахлын дараах бизнесийн орчинд улам бүр эрэлттэй болох биз ээ.

Дэлгэрэнгүйг: Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоцгооё


#СТА: Сэтгэ, тогло, алалц. Энэ бол #СТА-ийн нэрний тайлал, бас үндсэн санаа. Асуулт, хариултын сонирхолтой загварыг ашиглан цагаа хөгжилтэй, зугаатай өнгөрөөхөөс гадна мэдлэгээ сорин олон олон бэлэг, урамшууллын эзэн болохыг тэд санал болгож байна. Энэ оны хамгийн онцлох тоглоом!

Дэлгэрэнгүйг: #СТА - Найзуудтайгаа өрсөлдөх сошиал талбар


UB Cab: Хөл хорионы үеэрх хамгийн эрэлттэй үйлчилгээ магадгүй такси дуудлага байсан гэдэгтэй маргах хүн цөөхөн биз. Тэгвэл Улаанбаатар хотод хамгийн найдвартай, түргэн шуурхай бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангасан такси үйлчилгээ нь UB Cab байлаа. Цар тахлын үеэр тэд илүү олон үнэнч хэрэглэгчтэй болсон нь гарцаагүй.

Дэлгэрэнгүйг: Хэрэглээ сайтай монгол апп-ууд

Unread Awards-ийн өмнөх ялагчид

2016 ОНЫ ШИЛДЭГ АПП: TAXIDYOO

Unread Awards

2017 ОНЫ ШИЛДЭГ АПП: LENDMN

Unread Awards

2018 ОНЫ ШИЛДЭГ АПП: MPLUS

Unread Awards

2019 ОНЫ ШИЛДЭГ АПП: INSUR

Unread Awards