Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусах өдөр буюу энэ сарын 26-ныг дуустал үдэш бүр 21:00 цагаас үзэгч танд хүрэх “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээний найм дахь дугаарын тоймыг хүлээн авна уу. Тэд энэ удаа эрүүл мэндийн талаар ярилцлаа.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц дэвшил олон байгаа ч агаар, орчны бохирдлоос шалтгаалсан өвчлөл, эмнэлгийн хүртээмж, эмийн чанар зэрэг тогтолцооны хувьд шинэчлэл хийгдэх шаардлагатай суурь асуудлууд хөвөрсөн хэвээр. Тэгвэл эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай тэд улс төрийн нам, эвслээс нэр дэвшиж буй нэр дэвшигчийн байр сууринаас ямар бодлого, шийдвэр санал болгосныг сонирхоцгооё.
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
8-Р ДУГААР “МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНД”
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
Монгол хүний төлөө намаас 2-р тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшигч И.Тунгалагтуяа - Анагаах ухааны их сургуулийг их эмч, Удирдлагын академийг төрийн удирдлагаар төгссөн. Анагаах ухааны магистр, Сэтгэцийн тэргүүлэх зэрэгтэй тэрээр сэтгэц донтолтын их эмч, Аддиктлогийн төвд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны даргаар ажилладаг.
ХҮН намаас 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Д.Батсайхан - Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны коллежийг шүдний техникч, Ач анагаах ухааны их сургуулийг Нүүр амны их эмч, Глобал удирдагч их сургуулийг Эрүүл мэндийн бодлого удирдлагын магистраар төгссөн. Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчийг үүргийг гүйцэтгэдэг.
Үнэн ба зөв намаас жагсаалт 1-т нэр дэвшигч Ш.Мөнхсайхан - ХААИС-ийг Бүтээгдэхүүний эрүүл ахуйн шинжээч, Удирдлагын академийг Төрийн удирдлага, МУИС-ийг Бизнесийн удирдлагаар төгсжээ. Монголын залуучуудын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.
Монгол Ардын намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Ж.Чинбүрэн - Японы Токиогийн Анагаах ухааны Эмэгтэйчүүдийн их сургуулийн Анагаах ухааны доктор, Швейцарийн Lausanne-ийн их сургуулийг мэс заслын эмчээр төгссөн. АШУҮИС-ийн Клиникийн професор, хүний их эмч болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Үндэсний эвслээс 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэв дэвшигч Б.Цэцэгсайхан - ОХУ-ын Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийг хүний их эмч, АУ-ны доктор, Австралийн Сидней хотын Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийг Эрүүл мэндийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. “Хавдрын үндэсний зөвлөл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Ардчилсан намаас 5-р тойрог буюу Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Н.Одонгуа - Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, БНСУ-ын Йонсей их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд тархвар зүйчээр магистр, мөн ижил сургуулийн Анагаах ухааны их сургуулийг АУ-ны доктороор төгсжээ.
ЮУ ЯРИВ?
1. Өнөөдөр монголчууд АН, МАН гэдэг хоёр намыг мэддэг болохоос биш сүүлд байгуулагдсан олон намыг таньж мэдээгүй яваа. Тийм учраас манай нам нэгдүгээрт, мөрийн хөтөлбөрөөрөө ялгарах, хоёрдугаарт шударга, зөв сонгуулийн менежментээр асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Манай улсын төрийн бодлогод эмийн хяналт байхгүй байгаа нь маш том сул тал болж байна. Олон эмийн компани хууль бусаар гаднаас зөөврийн болон ганзгын аргаар төрөл бүрийн эм оруулж ирж байгаа. Саяхан эмийн сонсгол болсон. Эндээс гарсан тодорхой шийдвэр, үр дүн одоогоор харагдахгүй байгаа. Хэрэв эмийн сонсгол дээр яригдаж байгаа асуудлыг тууштай хэрэгжүүлж чадвал гаднаас орж ирж байгаа эмэнд хяналт тавьж, чанарын шаардлага хангасан эсэх дээр илүү хяналттай ажиллана. (2-р үе Халз мэтгэлцээн “Эмийн чанарын хяналт, хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ? Ямар асуудлыг эхэлж барьж авах вэ?”)
3. Нэгдүгээрт хүний нөөц, хоёрдугаарт тоног төхөөрөмж, гуравдугаарт цалин хөлс, дөрөвдүгээрт эрүүл мэндийн салбарт оруулж ирж байгаа санхүүжилтийн асуудал яригдах ёстой. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн иргэд хандив гуйж гаднын улсыг зорьдог жишиг тогтсоныг яаж өөрчлөх вэ?”)
4. Сэтгэцийн эмгэгийн асуудлаас өмнө сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар ярих ёстой. Үүнд хүн бүр өртөж байгаа. Тухайлбал, найман жилийн МАН-ын дарангуйлал, шүүхийн тогтолцоо ямар хэмжээнд алдагдав, энэ байдлаас болоод иргэд хэрхэн хохиров, тэр иргэний цаана хэдэн хүн байгаа вэ? Энэ бүгд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл юу вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?”)
5. Манай намын мөрийн хөтөлбөрт бид шүүхийн тогтолцоог зөв болгож, ард түмний хяналтын тогтолцоог бий болгосноор нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл болгох боломжтой хэмээн тусгасан. (5-р Хаалтын илтгэл)
1. Өнөөдөр монгол хүн монгол хүнээ боддог, эрүүл, аюулгүй орчинд амьдрахын төлөө бусад нам иргэний зориг гаргаж, улс төрийн сонголт хийж оролцоно гэдэгт итгэлтэй байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Хүний нөөц маш чухал. Тэднийг илүү өндөр хөгжилтэй оронд сургалт, судалгаагаар явуулах хэрэгтэй. Мэдээж төрийн бодлогоор тодорхой хугацаанд сургаад, буцаж ирэхэд нь нийгмийн асуудлыг нь шийдсэн байх ёстой. (2-р үе Халз мэтгэлцээн “Хот болон хөдөө орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг хэрхэн арилгах вэ?”)
3. Хандив тусламж гуйж байгаа нь нэг талаасаа өвчинтэй холбоотой ч нөгөө талдаа утаа, түгжрэл, хээл хахууль, авлигал нөлөөлж байна. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн иргэд хандив гуйж гаднын улсыг зорьдог жишиг тогтсоныг яаж өөрчлөх вэ?”)
4. Агаарын бохирдол, түгжрэл, авлигал, хээл хахууль, архидалт, тамхидалтаас үүдэх стресс, бухимдал үүнд нөлөөлж байна. Үүний эсрэг хүүхдэд багаас нь зүрх сэтгэлийн боловсрол олгох ёстой. ХҮН намын хувьд энэхүү зүрх сэтгэлийн боловсролыг түлхүү хөндөж ярьж байгаа. (4-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл юу вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?”)
5. Өнөөдөр монгол хүн нэг номерт байх ёстой. ХҮН нам бол хүнээ бодсон, баруун төвийн үзэл баримтлалтай, залуучуудын бүтээх эрх чөлөөг бий болгосон нам. Эмч нар төрд ховор учраас монголчуудын өвчлөл буурахгүй байна. (5-р Хаалтын илтгэл)
1. Монгол Улсад нам дагасан улс төрийн томилгоо нь бүхий л салбарт асуудал болж байна. Манай намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр 1.8-д заасны дагуу гадаад улсад эрүүл мэндийн үйлчилгээ авч, эмчлүүлэх тохиолдолд төрийн дарга нар, УИХ-ын гишүүдийг албан тушаалаасаа татгалзах хуулийн заалтыг санаачилж ажиллана. (1-р үе Нээлттэй индэр)
2. Мөрийн хөтөлбөрийн 3.11-д зааснаар бид эрүүл мэндийн цогц шинэчлэлийг хийнэ. Мөн даатгал, иргэн, эрүүл мэндийн салбар нь хоорондоо уялдаатай байх бодлогыг хэрэгжүүлнэ. (2-р үе Халз мэтгэлцээн “Эмийн чанарын хяналт, хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ? Ямар асуудлыг эхэлж барьж авах вэ?”)
3. Өнөөдөр бид байгаа зүйлийг нутагтаа оруулж ирэх, мэргэжлийн боловсон хүчээр хангах тал дээр асуудалтай байна. Бидэнд боломж байгаа ч яагаад хийхгүй байгаа вэ гэсэн асуулт байгаа. Мөн энэ салбарт санхүүжилт нэмж өгч байж техник, тоног төхөөрөмж, инновац орж ирнэ. Үүний зэрэгцээ цалингийн асуудал. Одоо байгаа цалинг эхний байдлаар 2-3 дахин нэмэх хэрэгтэй гэж үзэж байна. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн иргэд хандив гуйж гаднын улсыг зорьдог жишиг тогтсоныг яаж өөрчлөх вэ?”)
4. Дундаж наслалтыг өсгөхийн тулд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролын асуудлыг ярих хэрэгтэй. Тодруулбал, боловсролын системд, ялангуяа хүүхдүүдэд бага наснаас нь эхлээд зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлгуулах нь чухал. Нөгөө талаас хүнсний асуудлыг орхиж болохгүй. Үүний стандарт, чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн эрт оношилгоонд ард иргэд маань идэвхтэй оролцож, энэ тухай мэдээллийг иргэдэд сайтар хүргэх ёстой. (4-р үе Халз мэтгэлцээн “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг ойртуулж, нийт хүн амын дундаж наслалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)
5. Нэгдүгээрт, авлигач, хулгайчдаасаа салах хэрэгтэй. Хоёрдугаарт, албан тушаал наймаалцдаг хүмүүсийг таслан зогсоох ёстой. Гуравдугаарт, нам, даргад үйлчилсэн мэргэжлийн бус томилгоонуудыг салгах нь чухал. (5-р Хаалтын илтгэл)
1. Монгол Улс гэлтгүй дэлхий даяар эрүүл мэндийн салбарт үндсэн гурван зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Энд аль нэг намын иргэн гэж байхгүй. Нэгт, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх. Хоёрт, өвчин тусаад эдгэрдэг байх, үүний төлөө эрүүл мэндийн салбар нь ажилладаг байх. Гуравт, өвчин туссан иргэн санхүүгийн дарамтад орж ядуурах байдлыг халах. Эдгээрийг аль ч намын хувьд том зорилго нь гэж харж байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Сүүлийн үед хорт хавдрын 65 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан нь эрт илрүүлгийг хийж чадаж байгаа учраас тэр юм. Монголд шалтгааныг нь мэддэг таван төрлийн хорт хавдар элбэг тохиолдож байна. Жишээлбэл элэгний хорт хавдар. Бид 2016 оноос хойш “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрөөр монголчуудаа С вирусгүй болгох том ажлыг хийж чадсан. Гадаад улсаас өндөр өртөгтэй эмийг 99 хувийн хөнгөлөлттэй аваад олон мянган хүнийг элэгний хатуурал, хорт хавдар тусах эрсдэлээс сэргийлсэн. (2-р үе Халз мэтгэлцээн “Хорт хавдрын өвчлөлийг бууруулахад танай нам ямар стратеги баримтлах вэ?”)
3. Хамгийн отгон чуулган дээр баталсан зүйл бол Монголд эмчлүүлж чадаагүй өвчнүүдийг гадаадад эмчлүүлээд ирэхэд нь таван хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг хүүхдийн өвчин дээр 50 хувь, насанд хүрсэн хүнд 20 хувийг буцаан олгодог болсон. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн иргэд хандив гуйж гаднын улсыг зорьдог жишиг тогтсоныг яаж өөрчлөх вэ?”)
4. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд хэлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаа улстөрчдөөс хамааралгүй болгож чадсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын мөнгийг банкны барьцаанд хүртэл тавьчхаад хадгаламжийн сан шиг байлгаж байсан. Энэ нөхцөл байдлыг бид арилгаж, мөнгө угаадаг хэрэгсэл биш болгож, хоёр их наяд болгосон. Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт даатгалын тогтолцоог улам сайжруулах, гүйцэтгэлийн санхүүжилтийг илүү сайн болгохын төлөө ажиллана гэж заасан. (4-р үе Халз мэтгэлцээн “ Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг оновчтой, үр дүнтэй болгохын тулд танай нам ямар бодлого баримталж ажиллах вэ?”)
5. Зүйрлэх юм бол эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн тасгаас дөнгөж энгийн тасагт шилжээд байна. Энэ үед парламентад эрүүл мэндийн олон ажилтан орж ирээсэй гэж хүсэж байна. Хамтдаа 3.5 сая иргэндээ хүрч чаддаг, тэднийг санхүүгийн дарамтад оруулдаггүй, ядууруулдаггүй салбар болохын төлөө хичээж ажиллах ёстой. (5-р Хаалтын илтгэл)
1. Үндэсний эвслийн хувьд хүн амыг хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш, чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг авах, хэнийг ч орхигдуулахгүй байх эрүүл мэндийн суурь зарчмыг боловсруулан баримталж, хүн төвтэй мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. (1-р үе Нээлттэй индэр)
2. Хавдрын үүсгэгч шалтгаануудыг бууруулах агуулга манай мөрийн хөтөлбөрт багтсан. Үүнээс гадна халдварт бус өвчний шалтгааны 55 хувь нь хүний амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Үүнтэй холбоотой хавдрын өвчлөлийн тохиолдлын нэлээн олон хувь нь хүний амьдралын хэв маяг буюу согтууруулах ундааны хэрэглээ, таргалалт, зохисгүй хооллолттой холбоотой. Тэгэхээр бид зөвхөн эмчлэхээс гадна өвчлөлийг бууруулахын тулд эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг багасгахын төлөө гол анхаарлаа хандуулан ажиллана. (2-р үе Халз мэтгэлцээн “Хорт хавдрын өвчлөлийг бууруулахад танай нам ямар стратеги баримтлах вэ?”)
3. Хамгийн чухал зүйл бол эмч нарыг гадаадад багаар нь сургах, Монголдоо эмчилж чадахгүй байгаа өвчин дээр тухайн нарийн мэргэжлийн багийг гаднаас урьж авчрах, цаашлаад энэ тусламж, үйлчилгээг нутагшуулах юм. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн иргэд хандив гуйж гаднын улсыг зорьдог жишиг тогтсоныг яаж өөрчлөх вэ?”)
4. Монгол эрчүүдийн хувьд эрт илрүүлэгт бага хамрагддаг. Нэг талаас эрүүл мэндийн боловсролтой холбоотой, нөгөө талаас тэд хэнэггүй байна. Энэ шалтгааны улмаас эрчүүдийн дундаж наслалт бага байгаа юм. Шийдэл нь төрийн бодогоор архи тамхины хэрэглээг бууруулах ёстой. Манай эвслийн мөрийн хөтөлбөрт мөн адил эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулахад цогц арга хэмжээ авна гэсэн бодлогыг тусгасан. (4-р үе Халз мэтгэлцээн “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг ойртуулж, нийт хүн амын дундаж наслалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)
5. Төрийн алдаатай, гал унтраасан бодлогын үр дагаврыг ард түмэн бид өөрсдийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ эрүүл мэндээр төлсөөр байх уу? Үүний эсрэг Үндэсний эвсэл эрүүл мэндийн салбарын үр дүнтэй, үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлж, суурь асуудлуудын шалтгааныг илрүүлж, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар мөрийн хөтөлбөртөө тусгаж энэ удаагийн сонгуульд оролцож байна. (5-р Хаалтын илтгэл)
1. Манай намын мөрийн хөтөлбөрт бусад намаас ялгаатай нь бид монгол хүний дундаж наслалтыг 80 хүргэх боломжтой гэж харж байгаа. Ялангуяа нийтийн эрүүл мэнд, тэр дотроо өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, ковидын улмаас хүний эрүүл мэндийг хохироож буй зүйлүүдэд эмчилгээ, тусламж үзүүлэх боломжтой. (1-р үе Нээлттэй индэр)
2. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуулийн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сумд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүсчилсэн хөгжлийн хүрээнд тухайн бүсийг хүн амын өвчлөлтэй уялдуулаад аль суманд нарийн мэргэжлийг хөгжүүлэх вэ гэдгийг шийдэх юм. Мөн нөгөө талдаа бид хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг бусад салбар дамнасан бодлогуудтай уялдуулж орон нутгийн удирдлагын хүрээнд хамтын хүчээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгааг арилгах шийдлийг санал болгож байгаа. (2-р үе Халз мэтгэлцээн “Хот болон хөдөө орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг хэрхэн арилгах вэ?”)
3. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 26 орчим өвчнийг эмчилж чадахгүй байгаа. Эдгээр өвчнийг Монголдоо эмчлэхийн тулд өндөр технологи шаардана. Ялангуяа мэдрэлийн гаралтай мэс засал, төрөлхийн гажгуудыг эмчилж чадахгүй байна. Үүнийг эх орондоо эмчлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг оновчтой хийж, технологийн үнэлгээг цогцоор нь хийх хэрэгтэй. Бид аливаа зүйлд хэт шуурхай хандсанаас болоод чанарыг нь алдагдуулах гээд байдаг. Наад зах нь нэг технологийг нэвтрүүлэхийн тулд 3-5 жил шаардагдах жишээтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн иргэд хандив гуйж гаднын улсыг зорьдог жишиг тогтсоныг яаж өөрчлөх вэ?”)
4. Өнөөдөр манай улс бодитой өртгийг тооцож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хүн мэс засал хийлгэж байхад тухайн эмчийн ашиглаж байгаа урвалж, боолт, эм тариа, тоног төхөөрөмж зэргийг бүртгэж авах ёстой. Ингэж бүртгэснээр бодитой өртөг гарч, уг өртгийн дагуу үнэ тарифаа тогтоон эрүүл мэндийн салбар нийтдээ ирэх жилд хэдий хэмжээний санхүүжилттэй, ДНБ-ий хэдэн хувийг зарцуулах тухай бодлогын шийдлийг гаргах ёстой. (4-р үе Халз мэтгэлцээн “ Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг оновчтой, үр дүнтэй болгохын тулд танай нам ямар бодлого баримталж ажиллах вэ?”)
5. Манай намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт чиглэсэн 40 заалт бий. Бид зөвхөн эмнэлгийг хөгжүүлэхээс гадна нийтийн эрүүл мэндийн бодлогыг эрс шинэчилж, нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэх, танадалт судалгаа хийх, бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хамтын хүчээр хийж байж шинэчлэл авчрах боломжтой гэж харж байна. (5-р Хаалтын илтгэл)
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих