Дижитал шилжилт бизнесийн байгууллага бүрийн стратегийн төвлөрөл, төлөвлөгөөний нэг хэсэг болжээ. IDG-ийн жил бүр эрхлэн гаргадаг "Дижитал Бизнесийн Тайлан"-д оролцогсдын 90 хувь нь бизнесийн стратегидаа "дижитал" элементийн шингээж өөрчлөлт оруулахаар зэхэж байгаагаа дурдсан байна. Гэвч жилийн дараа нэхэн дүгнэхэд ердөө 44 хувь нь л тавьсан зорилгодоо хүрч чаджээ. Тэд энэхүү "бүтэлгүйтлийн" гол шалтгаан нь дижитал шилжилтийн суурь ойлголтын зөрүүнээс болж байгаа хэмээн дүгнэсэн байв. 

Зарим захирлуудын хувьд дижитал шилжилт тэр чигтээ технологи л байдаг. Зарим нь хэрэглэгчтэй харьцах шинэ боломж гэж харах нь бий. Харин зарим нь бизнес моделио тэр чигт нь өөрчлөх тухай бодож сууна. Бүгд зөв. Дижитал шилжилтийн тодорхой үе шатуудад дээрх санаа бүгд хөндөгдөж, шинэчлэл өөрчлөлтүүд хийгдэхээс аргагүй. Гэхдээ багийн удирдлага, менежерүүдийн хамгийн түрүүнд зайлшгүй анхаарах ёстой ойлголт бол дижитал сэтгэлгээ юм. 

Нэгэнт дижитал шилжилт бол күүл харагдах гэж хийдэг зүйл биш, өрсөлдөх давуу талаа хадгалж, зах зээл дэх байр сууриа өргөжүүлэхийн тулд хийдэг хэрэгсэл болсон учир бэлтгэлээ бүрэн бас зөв хангах нь юунаас ч чухал. Бүх шилжилтийн үндэс нь айсуй өөрчлөлтүүдэд бэлэн байх, түүнд дасан зохицох, улам гүнзгийрүүлэн хүлээж авах сэтгэлгээний өөрчлөлт байх учиртай аж. Байгууллага олон төрлийн чадвартай, олон насны ангилалд багтах, төрөл бүрийн туршлагатай, онцлог шинж бүхий хүмүүсээс бүрддэг учир дижитал сэтгэлгээг хэвшүүлэх нь тийм ч амар ажил биш. Тиймээс бид энэ удаад байгууллагадаа дижитал сэтгэлгээг хэвшүүлэхэд тань туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.

ДИЖИТАЛ СЭТГЭЛГЭЭГ ХЭРХЭН БАЙГУУЛЛАГАДАА НЭВТРҮҮЛЭХ ВЭ?

Тэгвэл хэрхэн дижитал сэтгэлгээг байгууллагадаа үр дүнтэй бөгөөд хурдтайгаар нэвтрүүлж болох вэ. Deloitte-ийн санал болгож байгаагаар дижитал шилжилтийн эхэн үед ажилчин бүрийн оролцоо, хувь нэмэр ялангуяа дижитал сэтгэлгээг үүсгэхэд юунаас ч илүү чухал бөгөөд үүний тулд дараах таван зүйлсэд төвлөрөх хэрэгтэй гэнэ.

  • Стратеги гаргах

Байгууллага хаашаа зорьж буй, түүндээ хэзээ болон хэрхэн хүрэх тухай маш тодорхой төлөвлөгөөтэй байх нь чухал. Энэ нь шат бүр дээрх эргэлзээг үгүй болгож, нэг тийшээ харах боломжоор хангах болно. McKinsey-ийн судалгаагаар дижитал стратегиа тодорхойлсон компаниуд дижитал шилжилтийг илүү амжилттай үүсгэх магадлал нь 4 дахин нэмэгдэж байгаа аж.

  • Соёлыг үүсгэх

Уламжлалт сэтгэлгээнээс салахад туслах эхний алхам бол соёл. Алдааг хүлээн зөвшөөрдөг, шинэ санаачилгыг дэмждэг, эргэх холбоог эрхэмлэдэг, бие биетэйгээ хамтардаг шинжүүд бол дижитал соёлын гол элементүүд. Байгууллагын уламжлалт арга хэмжээ, арга барил, хэв маягийг аль болох хурдан шинэчлэх нь ч үүний нэг илрэл. Мобиком корпораци л гэхэд жил бүрийн бүх ажилчдын хурлаа 2020 онд анх удаа дижитал хэлбэрээр зохион байгуулжээ. Цар тахалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг тэд ийн ашигласан нь ажилчдаас маш эерэг сэтгэгдлүүд хүлээн авсан бөгөөд тогтсон зардлыг 80 гаруй хувиар бууруулж чадсан байна. Түүнчлэн хамт олныг шинэ зүйлд суралцах, хариуцлагатай бөгөөд бүтээмжтэй байх сэдлийг төрүүлж өгсөн гэх энэ формат нь зогсоох, дахин сонсох, ухраах үзэх боломж олгосноороо хүртээмжийн хувьд илүү давуу талыг үүсгэснийг онцолъё.

  • Хэрэгслүүдээр хангах

Ажилчдаа анхан шатны технологийн хэрэгслүүдээр хангах нь мөн чухал. Хурдтай интернет, сайн лаптоп, чанартай програмууд, зөв хэрэгслүүд үүний нэг илрэл. Түүндээ мэргэшиж, дадлагажих тусам тэд улам илүү рүү тэмүүлнэ. Байгууллагын дотоод харилцаа, төслийн удирдлагуудыг нэг дор нэгтгэсэн Microsoft Teams, Slack зэрэг апп-уудын тэсрэлт үүний баталгаа.

  • Дата ашиглах

Дижитал шилжилтэд дата бол хаан. Тоон өгөгдлүүд цуглуулж, түүн дээрээ үндэслэн үйл явцаа дүгнэж, үр дүнгээ хянах нь ажилчдад ч итгэл үнэмшил төрүүлж, тоонд улам бүр итгэж, ажилдаа нэвтрүүлэх үндэс болно.

  • Бусад талуудыг оролцуулах

Зөвхөн танай хамт олон дижитал сэтгэлгээтэй байх нь бас хангалтгүй. Гол харилцагчид, хэрэглэгчид, түншүүддээ ч өөрсдийн хийж байгаа зүйлээ таниулж, арга барилаа ухуулан, хамтдаа хөгжихийг сурталчлах нь үйл явцыг улам хурдасгах учиртай. ANZ Bank компанийн бүтэцдээ зоригтой өөрчлөлтийг хийж, нийт ажилчдаа үүрэг, онцлогоос нь хамааран 150 жижиг стартапд хуваан бие даасан шинжтэйгээр ажиллуулж эхэлсэн нь сонирхолтой жишээ. Үүгээрээ тэд бусад харилцагчдадаа ч илүү нээлттэй, ил тод, хурдтай ажиллах боломжийг олгож, компанийн ашигт ажиллагааг мэдэгдэхүйц нэмж чаджээ.Мо

ЗурагТайлбар
Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Т.Хамада

Байгууллагын ажилчид өөрсдийн ажлын байрнаас жилийн тайлангийн хурлаа үзэж сонирхжээ.
Б.Отгончимэг Байгууллагын Бизнесийн Газрын захирал, 2019 оны шилдэг ажилтны хамтаар.


ДИЖИТАЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ АЖИЛЧДЫН ГОЛ ШИНЖҮҮД

Нэрт зохиолч Ж.Морган "Future of Work" номондоо ирээдүйн ажилчдын хамгийн гол 7 шинжийг тодорхойлжээ. Тэрээр бизнесийн байгууллагууд дижитал сэтгэлгээг үүсгэхдээ дараах шинжүүдийг бодолцож, өөрт тохирсон стратегиа бий болгох хэрэгтэй хэмээн зөвлөсөн аж. 

  • Өөр орчинд ажиллаж чаддаг

Гэрээс ажиллах, кофе шопоос ажиллах, түншийнхээ оффисоос ажиллах зэрэг зөвхөн өөрийн ширээ, өөрийн оффис, танил орчноос өөр газарт ч бүтээмжээ алдахгүй ажиллаж чаддаг байх. Интернет, компьютер байхад л хаанаас ч ажлаа гүйцэтгэж чаддаг байх нь эхний шинж. "Starbucks-аас ажиллах" гэдэг нэршил хүртэл гараад амжсан гэнэ шүү. 

  • Үүргээ чөлөөтэй сэлгэдэг

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар л өөрийн хийх ажлаа хязгаарладаггүй сэтгэлгээтэй байх. Карьерынхаа өсөлт, цаашдын зорилтуудтай уялдуулан төслүүд, үүргүүдээ сонгох боломжоор хангах нь ажил олгогчдод ч хамаатай. 

  • Мэдээлэл хуваалцдаг

"Мэдлэг бол хүч" гэдэг ойлголтыг март. " Олсон мэдлэгээ бусадтай хуваалцах нь илүү хүчтэй" гэсэн сэтгэлгээгээр олсон, мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хэлэлцэн, санаа оноогоо солилцдог байх нь илүү. Мэдээллийн эрин зуунд бид олон янзын мэдээ, нийтлэл, мэдлэгүүдийг энд тэндээс үзэж байгаа шүү дээ. Ялангуяа байгууллагын дотоод харилцааны хэрэгслүүд, чат апп-ууд хүчтэй нэвтэрч байгаа үед энэ бол огт боломжгүй зүйл биш. 

  • Хамтрах, харилцах шинэ арга замуудыг эрэлхийлдэг

Имэйлээс өөр мэдээлэл солилцох, ажлаа явуулах олон сонголт бий. Хамтран ажиллана гэдэг зөвхөн нүүр тулж уулзан, урт уулзалтаас гардаг ч ойлголт биш. Тухайн нөхцөл байдалд тохируулан өөр өөр хэрэгслүүдээр ажиллаж чаддаг байх нь дижитал сэтгэлгээний гол сууриудын нэг. 

  • Манлайлагчид болж чадахуйц

Орчин цагт ямар ч ажилтан бусадтайгаа санаа оноогоо шууд хуваалцаж, илүү нээлттэй, ил тод байдлаар сэтгэгдлээ дамжуулж, өөрийн чиглэлдээ эксперт болон манлайлагчид болох боломжтой болжээ. Дотоод сүлжээ, дотоод эвентүүд танд ийм боломжийг нээж өгч байна. 

  • Байнга суралцдаг

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хүн бүрийг тасралтгүй суралцагч байхыг шаардаж эхлэв. Гар утастай байхад л зузаан номыг халаасласан мэт болсон энэ үед шинэ зүйлсэд дасан зохицож, хурдтай суралцдаг чадвар үнэ цэнтэй болж байна. Сурахыг суралцах чадвар хамгийн чухалд тооцогдох цаг айсуй. 

  • Санаачилгаараа нэгддэг

Уламжлалт компанид тодорхой үүрэг хүлээсэн алба-газрууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчдыг хөгжүүлэх, холбох, сургах гол ажлыг гүйцэтгэдэг. Тэгвэл технологи ажилчид хоорондоо холбогдож, мэдээлэл солилцох, санаачилгаараа бие биетэйгээ нэгдэж, хэрэгцээ-шаардлагын дагуу асуудлыг шийдэх боломжоор хангаж эхэлжээ.

Мобиком Корпорацтай хамтран хүргэж буй таны бизнесийг дижитал шилжилтэд бэлтгэх цахим хөтчийн бусад дугаарууд 

Цагаан захт роботууд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх нь

Байгууллагын хүний нөөц, цахим соёлын хөтөч

Байгууллагадаа дижитал соёлыг бэхжүүлэх нь

Байгууллагаа аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлдэх нь