2025 оны сүүлчийн өдрийн мэндийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэе.
Unread-ийн редакц үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бидний эргэн тойронд өрнөж буй хамгийн онцлох, хамгийн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэсээр ирсэн билээ. Эдгээр үйл явдлууд бидний харах өнцгийг тэлж, ойлголтыг зөрүүг багасгаж, санаа сэдэл олгож, шинэ мэдлэг, мэдээллээр цэнэглэдэг гэдэгт бид итгэдэг билээ. Долоо хоног бүр тоймыг уншсаар ирсэн эрхэм уншигч та бүхэндээ талархал илэрхийлье.
2025 он гайхшрал төрүүлсэн үйл явдлууд, урам зоригоор тэтгэх мөчүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Гэхдээ харамсал төрүүлсэн, бухимдлыг өдөөсөн, санаа алдуулсан хормууд ч цөөнгүй байсан нь тодорхой. Хүн төрөлхтөн ийм нэгэн оноо үдэж, итгэл найдвар дүүрэн шинэ оноо угтаж байгаа энэ цаг мөчид бид та бүхэнд 2025 оны тоймоо хүргэж байна.
Ирэх жилийн тойм нийтлэлүүдээрээ эргэн уулзацгаая.
Нэгдүгээр сар: Тангараг + Уран + Сюрприз
I. Д.Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 2 дахиа ялсан Д.Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Тэрээр ажлаа авсан эхний өдрөө 80 гаруй тушаал, зарлиг буулгав. Дэлхийн хамгийн хүчирхэг албан тушаалд очсон түүний шийдвэр, үгс, үйлдэл бүр энэ жилийг тодорхойллоо гэхэд буруудахгүй.
II. Монгол, Францын хооронд уран олборлох гэрээ байгуулагдлаа
1996 оноос эхтэй ураны төсөл албан ёсоор эхэлж, Монгол Улсын засгийн газар Францын “Орано Майнинг” компанитай тохиролцоонд хүрлээ. Энэ бол хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээгээрээ Оюутолгойн дараа бичигдэх томоохон гэрээ билээ.
III. DeepSeek-ийн AI модель Цахиурын хөндийг шуугиулав
Ердөө 5 сая доллараар Хятадад бүтээсэн R1 нэртэй модель нь зах зээлийн лидер ChatGPT, Claude-ийг тооцоолох чадвараараа гүйцлээ. Нээлттэй эхэд суурилсан, хөгжүүлэгчдэд үнэгүй энэ апп таталтаараа App Store-ийг тэргүүлэв. Энэ бол AI-ийн дайнд орон зай, мөнгө хөрөнгө хамгийн чухал биш гэдгийг баталсан, Цахиурын хөндийн аваргуудыг сандаргасан онцлох үйл явдал байлаа.
Бизнес: Онлайн гэрэл зургийн гол платформууд болох Getty Images, Shutterstock нэгдлээ.
Энтертэйнмент: “Алтан бөмбөрцөг”-ийн гол шагналуудыг “Emilia Perez”, “Shogun” хамлаа.
Спорт: NBA-ийн түүхэн дэх хамгийн дуулиантай наймаа явагдаж, Л.Дончич Лэйкэр боллоо.
Шинжлэх ухаан: NASA-ийн эрдэмтэд “Бенну” хэмээх астеройдын дээжээс 20 гаруй төрлийн органик молекулыг илрүүлжээ.
Технологи: Amazon-ийн Ж.Бэйзосын эхлүүлсэн “Blue Origin” 25 жилийн дараа анхны хүнд даацын пуужингаа хөөргөлөө.
Хоёрдугаар сар: Төлөв + Рекорд + Маргаан
I. Microsoft бодисын шинэ төлвийг нээжээ
Хий, хатуу, шингэн, тэгээд одоо топологи. 86 жилийн өмнө анх онолын түвшинд хөндөгдөж байсан уг төлвийг практикт баталснаар квант компьютерийн хөгжлийг эрс хурдасгаж чадлаа. Гарын алганд багтах квант чипэнд одоо дэлхийн бүх компьютерээс ч илүү хүчийг нэгтгэжээ.
II. Кендрик Ламар Грэммиг өнгөлөв
67 дахь наадмын хамгийн топ 5 шагналыг Кендрик Ламар хүртсэн юм. Үүнээс гадна Бэйонсе шилдэг кантри цомгийн шагнал хүртэж, Грэммигийн цомын тоогоо 35-д хүргэжээ.
III. “Ne Zha 2” түүхэн амжилт үзүүлэв
Уг бүтээл 2 тэрбум долларын орлого олсон анхны анимэйшн болов. Мөн төрөлх Хятадын зах зээлээс 1.4 тэрбум долларыг цуглуулсан нь ганц зах зээлээс хамгийн их орлого олсон кино болжээ. Мөн тэрбум долларын босго давсан анхны Холливүүдийн бус бүтээл болов.
Бизнес: Nissan, Honda-ийг нэгдэх төлөвлөгөө бүтэлгүйтэв.
Спорт: БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн наадам явагдлаа.
Шинжлэх ухаан: Египтэд 1922 оноос хойш анх удаа Фараоны бунханг илрүүлжээ.
Гуравдугаар сар: Анхдагч + Нөөц + Наймаа
I. “Anora” Оскарын үдшийг өнгөллөө
97 дахь удаагийн наадмын шилдэг бүтээлээр “Anora” тодорсон. Тус киноны бүтээгч Ш.Бэйкэр шилдэг найруулагч”, “шилдэг эх зохиол”, “шилдэг эвлүүлэг” зэрэг нийт 4 шагналыг хүртэж, ийм амжилт үзүүлсэн түүхэн дэх анхны эрхэм боллоо.
II. Олимпын хөдөлгөөн анх удаа эмэгтэй удирдагчтай боллоо
ОУОХ-ны ерөнхийлөгчөөр Зимбабвегийн иргэн, 41 настай Кирсти Ковентри сонгогдлоо. Усанд сэлэлтийн олимпын хошой аварга тэрээр 1894 оноос эхтэй тус байгууллагыг удирдах анхны эмэгтэй, хамгийн залуу, мөн эхний африк ерөнхийлөгч болов.
III. Google түүхэн дэх хамгийн том наймаагаа хийлээ
Google клоуд аюулгүй байдлын платформ Wiz-ийг 32 тэрбумаар худалдаж авлаа. Ингэснээр тэд уг зах зээлд Amazon, Microsoft-той өрсөлдөх давуу талаа нэмэгдүүлэв. Үүнээс өмнөх рекорд нь Motorola-г 13 тэрбумаар авсан нь байсан юм.
Бизнес: “Pokemon Go”-г бүтээгч Niantic-ийг Саудын Арабууд 3.5 тэрбумаар худалдан авлаа.
Нийгэм: БНСУ-ын цэцээс цэргийн онц байдал зарласан ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах шийдвэр гаргалаа.
Крипто: АНУ биткойноор стратегийн нөөц үүсгэх болсноо зарлалаа.
Спорт: Леброн Жэймс 50 мянган оноо авсан анхны тоглогч боллоо.
Технологи: Telegram 1 тэрбум хэрэглэгчтэй болжээ.
Дөрөвдүгээр сар: Тариф + Пап + Сэргэлт
I. Д.Трамп тарифын дайн эхлүүллээ
Тэрээр дэлхийн бүх улсад тариф ногдуулах шийдвэрээ зарласан нь эдийн засгийг тэр чигт нь донсолгож орхив. Уг шийдвэрийн дараах өдөр зөвхөн Америкийн зах зээл 2.5 их наядыг алдаж, S&P 500-ын үнэлгээ 5%-аар буурсан юм.
Католик шашны тэргүүн, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис 88 настай байлаа. Эгэл даруу, энэрэнгүй байдлаараа алдаршсан тэрээр 2023 онд Монгол улсад түүхэн айлчлал хийж байсан билээ.
III. В.Баффетт тэтгэвэрт гарна
Дэлхийн хамгийн алдартай бөгөөд амжилттай хөрөнгө оруулагчдын нэг тэрээр Berkshire Hathaway-ийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгнө гэдгээ зарлалаа. Өдгөө 94 настай Баффетын 1965 оноос хойш удирдаж буй тус компани өдгөө 1.1 их наядын үнэлгээтэй болжээ.
Бизнес: Prada гол өрсөлдөгчдийн нэг Versace-г 1.3 тэрбумаар худалдан авлаа.
Нийгэм: Австрали, Канад, Сингапурын сонгуульд эрх баригч намууд яллаа.
Шинжлэх ухаан: “Colossal Bioscience” хэмээх стартап 120 мянган жилийн өмнө мөхөж үгүй болсон чонын төрлийг генийн инженерчлэлээр эргэн “амилуулжээ”.
Технологи: Instagram-ийн шинэ апп Edits таталтын тоогоороо рекорд тогтоолоо.
Спорт: Chess.com 200 сая хэрэглэгчтэй болж, Хятадын их мастер Жү Венжүн дэлхийн аварга цолоо дөрөв дараалан хамгааллаа.
Тавдугаар сар: Нэгдэл + Лео + Ялалт
I. OpenAI шинэ үеийн төхөөрөмж бүтээнэ
OpenAI дэлхийн хамгийн алдартай дизайнер Жонни Айвийн “io” стартапыг 6.4 тэрбум доллараар худалдан авлаа. iPod, iPhone, iPad-ийн дизайныг гаргасан гэгдэх Ж.Айв AI-д суурилсан шинэ төхөөрөмж хөгжүүлнэ гэв.
II. 267 дахь пап Америкаас сонгогдлоо
Дэлхий даяар тэрбум гаруй сүсэгтнийг нэгтгэсэн католик шашины тэргүүнээр Р.Превост сонгогдож, Пап XIV Лео хэмээх нэрийг хүлээн авлаа. Өдгөө 69 настай Роберт Превост АНУ-д төрсөн анхны пап болов.
III. ПСЖ анх удаа Аваргуудын лигт түрүүллээ
Францын лигийн аварга ПСЖ Италийн Интер Миланыг буулгаж авсан нь энэ. 2011 оноос хойш Катарын хөрөнгө оруулалтын сан тус клубыг эзэмшиж, тэрбум илүү доллар зарцуулжээ
Бизнес: Хоол хүргэлтийн зах зээлийн лидер DoorDash гол өрсөлдөгч Deliveroo-г 3.9 тэрбумаар худалдаж авлаа.
Энтертэйнмент: “Mission Impossible”, “Lilo & Stitch”-ийн шинэ ангиуд нээлтээ хийж, зуны трендийг эхлүүллээ.
Зургаадугаар сар: 9 + 34 + 3х3
I. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо
Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн “Огцрох амархан” залуусын тэргүүлсэн жагсаалын дараа УИХ-аас түүнд итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Л.Оюун-Эрдэнэ 2021 оноос хойш 1516 өдрийн турш Засгийн газрыг удирдсан нь түүхэнд хамгийн уртад тооцогдоно.
II. Г.Занданшатар ерөнхий сайдаар томилогдлоо
Монгол Улсын 34 дэх ерөнхий сайд болсон тэрээр өмнө нь 2019-2024 онд УИХ-ын даргаар ажиллаж байв. Тэрээр ХҮН, ИЗНН-уудтай эвсэж, шинэ засгийн газраа байгуулсан юм.
III. Сагсчид дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатарт явагдсан 3х3-ийн дэлхийн аваргад манай эмэгтэй баг цахиур хагалав. Тэд Олимпын аварга Герман, дэлхийн аварга АНУ, Азийн №1 баг БНХАУ-ын багийг ээлж дараалан ялсаар багийн спортоор анхны дэлхийн медалийг эх орондоо авчирлаа.
Бизнес: Meta AI-ийн амбицдаа хүрэхийн тулд, Scale AI нэртэй стартапыг 15 тэрбумаар худалдаж авлаа.
Нийгэм: Израйл, Ираны хооронд өрнөсөн “12 өдрийн дайн” өндөрлөлөө.
Технологи: “Nintendo Switch 2” худалдаанд гарсан эхний дөрвөн өдрөө 3.5 сая хувь борлуулагдаж рекорд тогтоолоо.
Энтертэйнмент: Лэйди Гагагийн Бразилын Риод хийсэн тоглолтыг 2.5 сая үзэгч үзсэн нь Гиннесийн рекорд болжээ.
Спорт: Лос Анжелес Лэйкэрс 10 тэрбум доллараар зарагдаж, мэргэжлийн спортын хамгийн үнэтэй баг боллоо.

Долоодугаар сар: Айлчлал + Алт + Аварга
I. Японы эзэн хаан Монголд айлчиллаа
Монгол наадмын хүндэт зочин нь Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито болон Эрхэм Дээд хатан Масако нар байлаа. Энэ бол түүний хувьд эзэн хааны хувиар гадаад улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Мөн 24 настай Э.Батмагнай шинэ мянганд төрсөн анхны түрүү бөх боллоо.
II. Монголын математикчид түүхэн амжилтаа үзүүллээ
IMO-д манай сурагчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 18-р байрт оржээ. 11-р сургуулийн сурагч А.Ивээл Монголын багийн 9 дэх алтыг зүүв. Мөн манай улс 2029 онд уг олимпиадыг зохион байгуулах эрхийг авчээ.
III. Figma 2025 оны хамгийн амжилттай IPO-г хийлээ
Дижитал дизайны тэргүүлэх платформ Figma 68 тэрбумаар үнэлэгджээ. Adobe-тэй нэгдэх оролдлого нь бүтэлгүйтсэн тэдний ханш эхний өдрөө 300%-аар өсчээ.
Нийгэм: ОХУ-ын Камчаткийн хойг орчимд 8.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энтертэйнмент: Монгол Улсын Ардын Жүжигчин Э.Амартүвшин “Opera World”-ийн дэлхийн чансааг тэргүүлжээ.
Технологи: Nvidia 4 их наядын үнэлгээнд хүрсэн анхны компани боллоо.
Наймдугаар сар: Уулзалт + Оргил + Ангууч
I. В.Путин, Д.Трамп биечлэн уулзлаа
“Аляскийн уулзалт” нэртэй уг арга хэмжээ 3 цаг орчим үргэлжилжээ. 2019 оноос хойш анх удаа биечлэн уулзсан тэд Украйны дайныг дуусгах талаар хэлэлцэж, энх цаг наашлах найдлагыг төрүүлэв.
II. “Kpop Demon Hunters” зуны бокс оффисыг эзэгнэв
Netflix-ийн шинэ анимэйшн гарсан даруйдаа тус платформын хамгийн их үзэлттэй цуврал болжээ. Мөн Billboard-ийн топ 10-т дөрвөн дуу нь бичигдсэн нь урьд өмнө гарч байгаагүй үзүүлэлт болов.
III. The Mongolz “Esports World Cup”-д түрүүллээ
CS2-ийн дэлхийн шилдэг багуудын нэг The Mongolz Саудын Арабт өнгөлөг байж, Team Vitality, Aurora зэрэг топ багуудыг ялсан юм. Тэд энэ тэмцээнээс 500 мянган долларыг хожжээ.
Бизнес: “Keurig Dr Pepper” цай, кофены өөр нэг брэнд “JDE Peet’s”-ийг 18 тэрбумаар худалдан авчээ.
Крипто: Биткойны ханш анх удаа 120 мянгыг давж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтдээ хүрлээ.
Технологи: Meta-ийн текст суурьтай сошиал апп Threads 400 сая хэрэглэгчтэй болжээ.
Шинжлэх ухаан: Хамгийн том хар нүхийг илрүүлжээ. Дэлхийгээс 5 тэрбум гэрлийн жилийн зайд орших уг хар нүхний масс нарнаас 36 тэрбум дахин их.
Есдүгээр сар: Хийн хоолой + Дуу хоолой + Хөрөнгийн хоолой
I. Монголын нутгаар хийн хоолой дамжина
Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүдийн уулзалт явагдлаа. Уулзалтын гол үр дүн нь манай улсаар дамжих хийн хоолойн төслийг зарласан нь байв. 2600 км урттай уг хоолойн нийт өртөг 25 тэрбум доллар юм.
II. Балбад залуусын жагсаал төр эргүүлэв
Авилгалаас гадна тус улсын эрх баригчид Facebook, Instagram зэрэг 26 сошиал медиаг хаах шийдвэр гаргасан нь нийгмийн ундууцлыг төрүүлжээ. Улмаар Gen Z голцуу залуус засгийн газрыг огцруулж, цэргийнхэнтэй нийлэн төрийн эрхийг гартаа авав.
III. OpenAI аварга хөрөнгө оруулалтууд татаж эхэллээ
ChatGPT-5-аа зарласан даруйдаа OpenAI дата төвийн хүчин чадлаа нэмэгдүүлж эхэллээ. Тэд Nvidia, Oracle, Softbank-аас зуу зуун тэрбумын хөрөнгө оруулалт, гэрээг татаж, AI дайныг улам өдөөв.
Бизнес: Видео тоглоомын гигант EA 50 тэрбумаар үнэлэгдэн хаалттай компани боллоо.
Нийгэм: Америкийн улс төрийн активист Ч.Кирк олон нийтийн арга хэмжээний үеэр буудуулж, амиа алдав.
Технологи: Meta 799 долларын үнэтэй, Ray-Ban-тай хамтарсан шинэ ухаалаг шилээ танилцууллаа.
Энтертэйнмент: Эммигийн гол од нь “Adolescence” байж нийт 6 шагнал хүртжээ.
Аравдугаар сар: Гал зогслоо + Тэг зогслоо + Экспо зогслоо
2 жил үргэлжилсэн Газын хямралыг эцэслэсэн нь Д.Трампын хувьд олон улс дахь хамгийн том ялалт боллоо. ХАМАС, Израйлын талууд галаа зогсоож, хүмүүнлэгийн ажиллагааг эхлүүлжээ.
II. Монгол төр тэг зогсолт хийлээ
Эрх баригч МАН-ын даргын төлөөх тэмцэл төрийг дайрч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэг өдөр огцров. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэц аварч, суудалд нь үлдээв.
III. Т.Свифтийн шинэ цомог дэлхийг байлдан дагуулав
“The Life of a Showgirl” нэртэй уг цомог эхний өдрөө л 2.7 сая хувь зарагдаж, байж болох борлуулалтын бүх рекордыг шинэчилжээ. Мөн онлайн стримингийн платформ бүрд чартыг тэргүүлж, баримтат киногоороо бокс оффисыг ч давамгайлав.
Бизнес: 1 унц алтны үнэ түүхэнд анх удаа 4,000 долларыг давлаа.
Улс төр: Япон анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо. 64 настай Т.Санаэг үндсэрхэг үзэлтэйгээрээ алдартай.
Нийгэм: Нобелийн энх тайвны шагналаа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч М.Мачадо нэрлэгджээ.
Энтертэйнмент: 6 сар үргэлжилсэн “Дэлхийн экспо” хаагдлаа. Осака хотноо явагдсан уг экспог 25 сая хүн үзэж сонирхжээ.
Технологи: OpenAI ашгийн төлөөх компани болж байгаагаа зарлалаа. Microsoft тус компанийн 27%-ийг эзэмшинэ.
Арваннэгдүгээр сар: Шинэ дарга + Шинэ төлөвлөгөө + Шинэ бахархал
I. Н.Учрал УИХ-ын дарга боллоо
МАН-ын хуваагдал эцэслэгдэж, их хурлаараа шинэ даргаа сонголоо. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Учрал МАН-ын хамгийн залуу дарга болж, улмаар УИХ-ын даргаар томилогдлоо. 50 тэрбум долларын аварга хэлцэл эцэслэгдлээ
II. Kleenex, Huggies, Kotex-ийг эзэмшдэг Kimberley-Clark түүхэн дэх хамгийн том наймаагаа хийлээ.
Тэд Tylenol, Band-Aid-ийг үйлдвэрлэгч Kenvue-г худалдан авчээ. Ингэснээр тэд гэр ахуйн зах зээлд P&G-тэй өрсөлдөх байр сууриа улам бэхжүүлэв.
III. Украйны дайныг дуусгах төлөвлөгөөг танилцууллаа
АНУ-ын талаас ОХУ, Украйны талуудад дайныг эцэслэх 28 заалт бүхий төлөвлөгөөг танилцууллаа. Үүнд Украйнд сонгууль явуулж, Европын холбооны гишүүн болгох, мөн Европын холбоо, АНУ-ын дэмжлэгтэйгээр эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт хийх заалт оржээ. Газар нутгийн асуудал хамгийн тодорхойгүй хэвээр байна.
Бизнес: Tesla И.Маскад 1 их наядын урамшуулал олгох төлөвлөгөөг дэмжжээ.
Шинжлэх ухаан: Google сансарт дата төв байгуулах төслөө эхлүүллээ. Тэд AI-ийн дата төвийн хэрэглээг нарны эх үүсвэрээр шийдэхийг хүсэж байна.
Технологи: Alibaba Meta-тай өрсөлдөх ухаалаг шилээ гаргалаа. Quark нэртэй уг шил 500 доллараар зарагдана.
Энтертэйнмент: Physical: Asia-д Монголчууд өнгөлж, дэлхийд Монголыг сурталчлав.
Арванхоёрдугаар сар: Залгигч + Аврагч + Доргиогч
I. Netflix Warner Bros.Discovery-г худалдаж авна
Энэ бол медиа салбарын тоглоомын дүрмийг өөрчлөх аварга хэлцэл болов. Тэд Warner Bros.Discovery-ийн кино, студийн бизнесийг 78 тэрбумаар худалдан авах болжээ. Гэсэн ч Paramount телевизийн бизнесийг оруулаад 100 гаруй тэрбумаар авах санал явуулж, үнийн дайныг эхлүүлэв.
5 жилийн өмнөөс эхтэй TikTok-ийн хувь заяа тодорхой боллоо. 14 тэрбумаар үнэлэгдсэн тус компанийн Америк дахь бизнесийг Oracle, Silver Lake тэргүүтэй компаниуд эзэмшинэ гэв. Уг апп Америкт 130 гаруй сая хэрэглэгчтэй билээ.
III. Avatar-ийн шинэ анги бокс оффисыг доргиолоо
Домогт найруулагч Ж.Камероны ээлжит хит “Avatar: Fire and Ashes” эхний долоо хоногтоо л 560 сая доллар олов. Гэхдээ тус киноны өмнөх ангиуд бүгд 2 тэрбумын орлого олж байсан билээ.
Бизнес: Coursera, Udemy нэгдэж, онлайн боловсролын хамгийн том платформыг үүсгэлээ.
Технологи: Samsung анхны гурав нугардаг утсаа танилцууллаа.
Энтертэйнмент: “Zootopia 2” хамгийн хурдан 1 тэрбумын орлоготой болсон кино боллоо
Улс төр: УИХ-ын түр хороо Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол явууллаа
Өмнөх оны онцлох тойм нийтлэлүүд:
2015 оны онцлох үйл явдлууд
2016 оны онцлох үйл явдлууд
2017 оны онцлох үйл явдлууд
2018 оны онцлох үйл явдлууд
2021 оны онцлох үйл явдлууд
2022 оны онцлох үйл явдлууд
2023 оны онцлох үйл явдлууд
2024 оны онцлох үйл явдлуудUnread

Сэтгэгдэл бичих

