Эрхэм уншигч та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.
Unread-ийн редакц та бүхэнд долоо хоног бүр дэлхий дахин өрнөж буй хамгийн чухал, хамгийн сонирхолтой мэдээллүүдийг тоймлон хүргэдэг билээ. Бидний эргэн тойронд заавал мэдэх, алдалгүй анзаарах учиртай асар их үйл явдал үргэлжилж, хүн төрөлхтөн гайхамшигт ололт, дэвшилтээр улам өөд мацсаар байна. Монголчууд бид үүнээс хоцрох эрхгүй.
Уламжлал ёсоор оны сүүлийн өдөр хүргэж буй тоймоороо бид сар бүрийн гол үйл явдлуудаас гадна салбар бүрээр онцлон багцаллаа. Та бүхэн өнгөрч буй 2024 он ямар завгүй, ямар онцгой байсныг эндээс харна гэдэгт итгэлтэй байна.
2025 онд уулзацгаая. Улам сонирхолтой жил хүлээж буй гэдэгт эргэлзэхгүй байна.

Нэгдүгээр сар: Задрал + Газардалт + Шагнал
I. Apple-ийн буулт хөгжүүлэгчдэд цоо шинэ боломжийг нээлээ.
Apple анх удаа гуравдагч талын хөгжүүлсэн App Store-ийг хүлээн зөвшөөрлөө. Үүнийг 2008 онд App Store гарснаас хойших iPhone-ийн экосистемд хамгийн том нөлөө үзүүлэх өөрчлөлт гэж шинжээчид үзэж буй.
II. Япон улс сарны гүрэн боллоо.
Япон саран дээр газардсан түүхэн дэх тав дахь улс боллоо. Үүний өмнө АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг л ийм амжилтыг эзэмшиж байсан юм. Өмнө нь 2 удаа астеройд дээр газардаж байсан JAXA-ийн хувьд SLIM нь товлосон байршлаас ердөө 100 метрийн орчимд төхөөрөмжөө буулгаж чадсан нь инженерчлэлийн том амжилт болов.
III. “Алтан бөмбөрцөг”-ийг “Oppenheimer” өнгөлөв.
Өнгөрсөн зуны гол хит “Oppenheimer” шилдэг бүтээлийн шагналыг оролцуулан нийт 5 цомыг хүртлээ. Харин хамгийн олон төрөлд өрсөлдсөн “Barbie” дөнгөж 2 төрөлд л ялалт байгууллаа. Телевизийн цувралын төрөлд энэ жил эцсийн бүлгээ цацсан “Succession” 4 цом хүртэж манлайлав.
Бизнес: Биткойн ETF арилжаалагдаж эхэллээ
Нийгэм: Улаанбаатарт хийн дэлбэрэлт болж, нийгмийг цочирдуулав
Спорт: “Канвон 2024” залуучуудын өвлийн олимпод Монголоос 12 тамирчин оролцлоо
Шинжлэх ухаан: Малариагийн анхны вакцин Камерунд хийгдэж эхлэв
Технологи: Apple-ийн Vision Pro хэрэглэгчдийн гарт хүрч эхэллээ
Хоёрдугаар сар: Үхэл + Рекорд + Хууль

I. Алексей Навальный таалал төгслөө.
Оросын сөрөг хүчний лидер А.Навальный 47 насандаа шоронд нас барлаа. Тэрээр сүүлийн арав гаруй жилийн турш Путины дэглэмийг эсэргүүцэж, авилгал, хүний эрхийн зөрчлийн талаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.
II. Т.Свифт Грэммигийн рекордыг эвдлээ.
Тэрээр Midnights цомгоороо Грэммиг хүртсэнээр "Оны шилдэг цомог" шагналыг 4 дэх удаагаа хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо. Түүний өмнө домогт Ф.Синатра, П.Саймон, С.Вондер нар тус бүр гурван удаа энэ шагналыг хүртэж байв.
III. Анхны хиймэл оюуны хууль батлагдлаа.
Европын Холбооны 27 гишүүн орон 100%-ийн саналаар хиймэл оюунтай холбоотой зохицуулалт бүхий "AI Act"-ийг баталлаа. Дэлхийд анхны гэх тодотголтой уг хууль нь өргөн хэрэглээнд ашиглагдаж буй AI моделтой холбоотой эрсдлийг бууруулах, ёс зүйн заалтуудыг журамлах, нээлттэй-ил тод байдлыг хангах зорилготой юм.
Бизнес: Intuitive Machines саран дээр газардсан анхны хувийн компани боллоо
Спорт: Азид Катар, Африкт Кот Д'Ивуар тивийн хөлбөмбөгийн аваргаар тодорлоо
Шинжлэх ухаан: Neuralink хүний тархинд чип суулгах анхны туршилтаа амжилттай хийлээ
Энтертэйнмент: NFT-ийн лидерүүд нэгдэж, Yuga Labs Proofs-ийг худалдаж авлаа
Технологи: Google AI моделио Gemini нэрийн дор хөгжүүлэхээр боллоо
Гуравдугаар сар: Интернет + Бүтэлгүйтэл + Ялагч
I. Starlink Монголд үйлчилгээгээ нэвтрүүллээ
Энэ мэдээ Барселона хотноо явагддаг харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ Mobile World Congress-ийн үеэр ил болсон юм Энэ бол өргөн уудам газар нутагтай Монгол улсын хувьд алслагдсан бүс нутагт эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тогтмол харилцаа холбоог үүсгэх боломж олгох чухал мэдээ билээ.
II. Apple автомашин бүтээх төслөө зогсоолоо
Тэд 2015 оноос хойш Project Titan гэсэн нэрийн дор автомашин бүтээхээр ажиллаж байсан юм. Төдийлэн ил гардаггүй нууцлаг уг төсөлд 2000 орчим ажилтан ажиллаж байжээ. Apple-ийн хувьд жолоочгүй машины технологи нь төлөвлөсөнд хүртэл хөгжүүлэгдэж чадаагүй нь дээрх шийдвэрийн гол үндэс болсон гэнэ.
III. Оскарын наадмын ялагчид тодорлоо
Oppenheimer энэ үдшийн гол дүр нь байж, нийт 13 төрөлд нэр дэвшсэнээс 7-д нь ялалт байгууллаа. "Шилдэг баримтат кино"-ны шагналыг Украин, Оросын дайны үйл явдлыг харуулах "20 Days in Mariupol" хүртсэн бол Газын зурвасын хямралын тухай өгүүлсэн "The Zone of Interest" шилдэг гадаад киноны шагналыг гарджээ.
Бизнес: FTX-ийн үүсгэн байгуулагч С.Бэнкман-Фрид 25 жилийн хорих ял авлаа
Нийгэм: Их Британийн гүнж К.Мидлтон хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаагаа зарлалаа
Спорт: Леброн Жэймс 40 мянган онооны босго давлаа
Шинжлэх ухаан: Ondo Space Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг хөөргөлөө
Технологи: Linkedin тоглоомтой боллоо

Дөрөвдүгээр сар: Хориг + Хуваагдал + Эгүнэ
I. TikTok-ийн хориг хүчинтэй боллоо
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 170 сая хэрэглэгчтэй TikTok-ийг нутаг дэвсгэртээ хориглох хоригт гарын үсэг зурлаа. Тэрээр апп-ыг хаах, эсвэл америк эзэнтэй компанид зарах эцсийн хугацааг 1-р сарын 19 хэмээн заажээ
II. Биткойны хуваагдал явагдлаа
Дөрвөн жил тутам явагддаг биткойны хуваагдал явагдлаа. Нийт 21 сая ширхэг зах зээлд нийлүүлэгдэх биткойны эх кодод бичигдсэн уг хуваагдах үйл явц нь криптовалютын үнэ цэнийг нэмэх, мөн нөгөө талаас инфляцийг хазаарлах зорилготой юм.
III. Монголын анхны LLM бүтээгдэхүүн танилцуулагдлаа
Монголын тэргүүлэх технологийн компаниудын нэг Bolorsoft үндэсний анхны хиймэл оюуны загварыг танилцууллаа. Уг загвар нь Egune Chat нэртэйгээр хэрэглэгчдэд хүрч буй.
Бизнес: Microsoft зохицуулагчдын шаардлагаар Teams, Office-ийг тусад нь зарж эхэллээ
Нийгэм: Венец хот жуулчдаас “нэвтрэх төлбөр” авч эхэллээ
Шинжлэх ухаан: NASA саран дээр төмөр зам байгуулах төслөө эхлүүллээ
Энтертэйнмент: Samsung 13 жилийн дараа ухаалаг утасны борлуулалтаараа тэргүүллээ
Технологи: И.Маскийн xAI анхны моделио танилцууллаа
Тавдугаар сар: 4o + Хувьсгал + Бааз
I. OpenAI шинэ моделио танилцууллаа
GPT-4o нэртэйгээр танилцуулагдсан уг модель нь өмнөх хувилбар болох GPT-4 Turbo-оос 2 дахин хурдтай атлаа 2 дахин хямд, мөн текст, видео, зурагтай харьцах чадвар нь эрс нэмэгджээ. Omni гэсэн үгийн утгыг агуулсан 4o-г GPT-4 хэрэглэгчид нэмэлт үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой гэнэ.
II. Хятад саран дээр байнгын бааз байгуулна
Хятадын сансрын агентлаг ирэх арван жилд саран дээр байгуулах байнгын бааз байгуулах төслөө зарлалаа. Тэд уг төслийн эхний бүтээн байгуулалтаа 2026 оноос эхлүүлэх бөгөөд 2035 он гэхэд бүрэн дуусгах гэнэ. Уг төслийг ОХУ, Пакистан, Египт, ӨАБНУ зэрэг орнуудтай хамтран хэрэгжүүлнэ гэнэ.
III. Google-ийн AI эмийн салбарт хувьсгал хийнэ
Alphafold 3 нэртэй уг модель нь хүний биеийн молекулын бүтэц, холбоос, харилцан үйлчлэлийг таамаглах зориулалттай бөгөөд шинэ төрлийн эм, бэлдмэлийг илрүүлэх үйл явцад онцгой нөлөө үзүүлэх боломжтой. DeepMind-ийн онцолсноор эрдэмтэд 10 сая орчим молекулын жагсаалтаас эм бүтээх ажлыг гүйцэтгэдэг байсан бол AI-ийн тусламжтайгаар дициллион буюу арвын ард 33 тэгтэй тэнцэхүйц хэмжээний сангаас хайлт хийх боломжтой болох аж.
Бизнес: Microsoft зүүн өмнөд азийн зах зээлд 5 тэрбум долларын хөрөнгө оруулна
Нийгэм: “Улаанбаатар марафон”-д 22 мянган хүн оролцож, рекорд тогтоолоо
Спорт: Олександр Усик мэргэжлийн боксын үнэмлэхүй дэлхийн аварга боллоо
Шинжлэх ухаан: Чилид дэлхийн хамгийн өндөр цэгт байрших телескоп нээгдлээ
Энтертэйнмент: Eurovision-ийн ялагчаар Швейцарийн уран бүтээлч Nemo тодорлоо
Зургаадугаар сар: Сонгууль + NVidia + Нэгдэл
I. УИХ-ын сонгуульд МАН дахин ялалт байгууллаа
Нийт сонгогчдын 69.3% нь саналаа өгч, Монголчууд 9 дэх парламентийн гишүүдээ сонголоо. Энэ удаагийн сонгууль анх удаа өргөтгөсөн 126 гишүүнийг сонгож, бүсчилсэн тойргоор, холимог тогтолцооны хүрээнд явагдсан. Сонгуульд сүүлийн 8 жил эрх барьсан МАН дахин ялалт байгууллаа. Шинэ парламентад АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл суудалтай болжээ.
II. NVidia дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо
AI-ийн давлагаанд хамгийн ихээр хожиж байгаа компани бол NVidia-ийн үнэлгээ 3.34 их наядад хүрлээ. Ингэснээр тэд Microsoft-ийг гүйцэж, анх удаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанид тооцогдох болов. 1991 онд тус компанийг үүсгэн байгуулсан Ж.Хуангийн хөрөнгө 117 тэрбум доллар болжээ.
III. Apple Intelligence зарлагдлаа
Apple OpenAI-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ChatGPT-г Apple-ийн төхөөрөмжүүдэд суулгах болсон нь хамгийн том мэдээ байлаа. Нөгөө талаас тэд Apple Intelligence гэсэн нэгдсэн системийн дор iPhone, iPad, Mac-ийн үндсэн апп-уудыг AI-тай холбож байгаагаа зарлав.
Бизнес: Skydance Paramount компаниуд нэгдэх болсноо зарлалаа
Нийгэм: Wikileaks-ийн үүсгэн байгуулагч Ж.Ассанж 1901 хоногийн дараа суллагдлаа
Спорт: Реал Мадрид 15 дахь удаагаа Аваргуудын лигт түрүүллээ
Шинжлэх ухаан: Хятад улс сарны цаад гадаргууд газардаж, цуглуулсан дээжээ авчирлаа
Энтертэйнмент: "Inside Out 2" 2024 оны хамгийн өндөр орлоготой кино боллоо.

Долоодугаар сар: Эвсэл + Халдлага + Саатал

I. Эвслийн засгийн газар байгуулагдлаа
126 гишүүнтэй парламент анхны хурлаа явуулж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаар улираан томилов. Тэрээр 2021 онд анх энэ албанд сонгогдож байсан билээ.Тэрээр засгийн газартаа АН, ХҮН намыг урьж, их эвслийн засгийн газар байгуулсан юм.
II. Д.Трампын амь насанд халдах оролдлого гарлаа
Түүнийг Пеннсилвани мужийн Батлер орчимд сонгогчдон хандан үг хэлэх үед зэвсэгт этгээд ойролцоох байшингийн дээвэр дээрээс гал нээсэн. 20 настай Т.Крүүкс гэх эрийн сум Трампын баруун чихийг шүргэж өнгөрсөн ч үзэгчдийн суудалд сууж байсан нэг хүний аминд хүрч, өөр нэг хүнийг хүнд гэмтээжээ.
III. Түүхэн дэх хамгийн том технологийн саатал тохиолоо
Кибер аюулгүй байдлын чиглэлээр дагнасан Crowdstrike хэмээх компани програмын шинэчлэлийн үеэр алдаа гарсан нь сая сая хэрэглэгчдэд нөлөөллөө. Зөвхөн Америкт л гэхэд онгоцны буудал, авиа компаниудын програм саатаж, 4000 гаруй онгоц хойшилж, цуцлагджээ.
Бизнес: Samsung Galaxy AI, Galaxy Ring-ийг танилцууллаа
Нийгэм: Ж.Байден сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлалаа
Спорт: ОУОХ цахим спортын олимпын наадмыг 2025 онд зохионо
Шинжлэх ухаан: Олон улсын математикийн олимпиадад Монголын баг 16-д бичигдлээ
Технологи: Xiaomi анхны нугардаг утсаа танилцууллаа
Наймдугаар сар: Олимп + Наймаа + Ус

I. Парис 2024 олимпын наадмаас Монголын баг 1 хүрэл медальтай буцлаа
Зуны олимпын 33-р наадам Францын нийслэл Парис хотноо явагдаж өндөрлөлөө. Нийт 206 орны 10,714 тамирчид 32 спортын төрөлд 329 багц медалийн төлөө өрсөлдсөн энэ наадмыг багийн дүнгээр АНУ-ын баг тэргүүллээ. 32-уулаа оролцсон монголчуудаас жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд өрсөлдсөн дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн нь цорын ганц медаль болов.
II. Ангараг гарагаас усны их нөөц илрүүлжээ.
NASA-ийн эрдэмтэд 2018 онд анх улаан нүдэн гараг дээр газардсан Mars Insight Lander-ийн 4 жилийн турш цуглуулсан хэмжилтийн датанд үндэслэн уг дүгнэлтийг хийжээ. Тэд Ангаргийг гадаргаас 10-20 км-ийн гүнд шингэн төлөвтэй ус байгааг тогтоосон нь гэнэ.
III.Mars групп Pringles-ийн толгой компанийг худалдаж авлаа.
35.9 тэрбум долларын үнэтэй уг хэлцэл АНУ-ын хүнсний салбарын хамгийн том наймааны нэг болж байна. Pringles, Eggo зэрэг алдартай брэндүүдийг эгнээндээ нэгтгэсэн Kellanova өнгөрсөн жил толгой компани Kellogg-оос салж, хүнс, хөнгөн зуушны чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулах болсон юм.
Бизнес: Ford анх удаа цахилгаан дугуй бүтээж эхэллээ
Нийгэм: Telegram-ийг үүсгэн байгуулагч П.Дуровыг баривчиллаа
Шинжлэх ухаан: Хятад улс Starlink-тэй өрсөлдөх хиймэл дагуулын төслөө эхлүүллээ
Энтертэйнмент: Oasis эргэн ирж байгаагаа зарлалаа
Технологи: Google нугардаг утсаа танилцуулав
Есдүгээр сар: Аварга + Шогун + Алхалт

I. Паралимпын наадам өндөрлөж, Монголчууд шинэ аваргатай боллоо
Францын Парис хотноо явагдсан Паралимпын наадамд манай улсын баг тамирчид урамтай амжилтыг үзүүлж, 1 алт, 3 мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Монгол улс анх удаа паралимпын эмэгтэй аваргатай болж, пара таэквондогийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн У.Сүрэнжав алтан медаль хүртлээ.
II. Shogun түүхэн дээд амжилт тогтоолоо
"Эмми 2024"-д тус бүтээл нийт 18 төрөлд ялалт байгуулсан нь бүх цаг үеийн түүхэн дээд амжилт боллоо. FX-ийн өөр нэг бүтээл “The Bear” инээдмийн төрөлд 11 шагналыг хүртэж, өөрсдийн өнгөрсөн жил тогтоосон рекордоо нэгээр ахиулав. Тэд 23 төрөлд нэр дэвшсэнээрэээ 2009 оноос хойш эвдэгдээгүй байсан “30 Rock”-ийн амжилтыг мөн шинэчилсэн юм.
III. Америк тэрбумтан сансарт түүхэн алхалт гүйцэтгэлээ
Хүн төрөлхтний түүхэнд анхны тодотголтой, 8 минут орчим үргэлжилсэн сансрын алхалтыг Америкийн 41 настай тэрбумтан Ж.Айзаакмэн гүйцэтгэлээ. Тэрээр өөрийн санхүүжүүлсэн SpaceX-ийн Polaris Dawn төслийн хүрээнд задгай сансарт гарсан анхны хувийн нисгэгч болжээ. 1965 оноос хойш нийт 12 улсын 263 хүн задгай сансарт алхаж байсан аж.
Бизнес: iPhone 16 зарлагдлаа
Нийгэм: Хятад улс Африк тивд 51 тэрбумын хөрөнгө оруулна
Шинжлэх ухаан: Microsoft цөмийн эрчим хүч ашиглана
Энтертэйнмент: Linkin Park эмэгтэй гоцлол дуучинтай болжээ
Технологи: OpenAI ашгийн төлөөх компани болно

Аравдугаар сар: МАН + Дайн + Туршилт
I. Орон нутгийн сонгуульд МАН илүүрхлээ
Улсын хэмжээнд ирц 53.1% байсан нь 2012 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт. Нийт 8000 гаруй суудлын төлөө 12 нам, эвслийн 17 мянган нэр дэвшигч өрсөлдлөө. Улмаар 21 аймгийн 14-т нь МАН ялалт байгуулж, нийт сумдын дийлэнхэд нь буюу 174-т нь тэд засаглах болжээ. Нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод МАН илт давуу ялалт байгуулж, одоогийн хотын дарга Х.Нямбаатар ажлаа үргэлжлүүлэх боллоо.
II. Starship түүхэн туршилт явууллаа
Хүн төрөлхтнийг Ангараг гараг луу тээвэрлэх учиртай “Starship”-ийн тав дахь туршилтын гол онцлог нь “Super Heavy” зөөгч пуужингийн хүчлүүрийг хөөргөх тавцан руу доошлон буух үед нь тусгай хавчаараар “барьж авч” чадсан нь байлаа.
III. Ойрх Дорнодын нөхцөл байдал улам хурцадлаа
Израйлын тагнуулын байгууллага тусгай ажиллагаа явуулж Хезболлагийн удирдагч Х.Насраллагийн аминд хүрснээс хойш Ойрх Дорнодын нөхцөл байдал таамаглахад улам бэрх болов. Үүний дараа Иран улс Израйлын төв ба өмнөд нутгууд руу нийт 180 пуужинг харважээ.
Бизнес: Tokyo Metro-ийн IPO амжилттай болж, 2.3 тэрбум босголоо
Нийгэм: МУИС дэлхийн чансаанд бичигдлээ
Спорт: Р.Надаль зодог тайллаа
Шинжлэх ухаан: Нобелийн шагналтнууд тодорлоо
Технологи: Tesla робот таксигаа танилцууллаа
Арваннэгдүгээр сар: Трамп + Хуваагдал + Хязгаарлалт
I. Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо
Сонгуулийн өмнө гол нэр дэвшигчдийг маш бага санал зааглаж, өрсөлдөөн тун ойрхон явагдах таамаг ихээр гарч байсан ч бодит байдал дээр Америкийн ард түмэн Трампыг, Бүгд найрамдах намыг сонгов. Д.Трамп савлах магадлалтай гэгдэж байсан 7 мужид бүгдэд нь ялалт байгуулж, нийт 312 электорал саналыг цуглуулснаар АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
II. Австралид хүүхдүүдэд сошиал медиаг хориглолоо
Австралид 16-аас доош насныханд сошиал медиаг хорилоо. Хуулиар 16-аас доош насны хүүхдүүд сошиал медиад аккоунт үүсгэхийг хориглож, технологийн компаниудыг шийдвэрийг хэрэгжүүлэх дэс дараалсан арга хэмжээг авахыг шаардав.
III. Google-ийг хуваах санал гаргалаа.
АНУ-ын зохицуулах байгууллагаас Google-ийг хайлтын зах зээлд монополчилж байна хэмээн үзэж, хуваах саналыг гаргажээ. Энэ тохиолдолд Google зөвхөн хайлтын бизнесээ тусад нь гаргахаас гадна веб хөтөч Google Chrome болон ухаалаг утасны үйлдлийн систем Android-ийг зарах шаардлагатай болох гэнэ.
Бизнес: Comcast уламжлалт телевизийн бизнесээ салгалаа
Нийгэм: ОХУ Google-ийг 20 дециллион доллараар торгов
Спорт: М.Тайсоны тулааныг 65 сая хүн шууд үзжээ
Шинжлэх ухаан: Antrophics үйлдэл хийж чаддаг AI агентыг танилцууллаа
Технологи: SearchGPT нээлттэй боллоо
Арванхоёрдугаар сар: Чип + Биткойн + Онц байдал
I. Google хамгийн хүчирхэг квант компьютерийг бүтээжээ
Willow нэртэй квант чипийг ашигласнаар хүн төрөлхтөн шинэ эм бүтээх, цөмийн технологи хөгжүүлэх, AI турших зэрэг олон төрлийн инновацыг эзэмшихэд ойртоно хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл одоогийн хамгийн хурдан супер компьютерийн 10 септилион буюу 10-ын ард 25 тэг бичсэнтэй тэнцэх жилийн турш ачааллаж шийдвэрлэх ажлыг тус квант компьютер ердөө 5 минутанд шийдэх чадалтай гэнэ.
II. Биткойны ханш дээд рекорд тогтоолоо
Биткойны ханш анх удаа 100 мянгыг давлаа. Энэ бол биткойны ханш он гарснаас хойш 126%-аар өссөн гэсэн үг. Мөн Монголын крипто зах зээлийн нүүр царай болсон ардкойны (ARDX) ханш болон арилжааны хэмжээ тогтвортой өссөөр 30,9 төгрөгт хүрсэн байна.
III. БНСУ-ын ерөнхийлөгч онц байдал зарлаж, огцорлоо
Юн Сок Ёл ерөнхийлөгч улс орон даяар гэнэтийн мэдэгдэл хийж, цэргийн онц байдал зарласан нь дэлхий нийтийг цочроолоо. 6 цаг орчим үргэлжилсэн онц байдал парламентийн гишүүдийн санал хураалтын дараагаар өндөрлөсөн. Энэ бол тус улсад 1980 оноос хойш анх удаа онц байдал зарласан тохиолдол болжээ. Үүнээс удалгүй парламентийн гишүүний олонхийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гарсан билээ.
Бизнес: Nissan, Honda нэгдэх хэлцлийг эхлүүллээ
Нийгэм: Т.Свифтийн түүхэн аялан тоглолт өндөрлөлөө
Спорт: 18 настай энэтхэг шатарчин дэлхийн аварга боллоо
Шинжлэх ухаан: Starlink хиймэл дагуулаас үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ
Энтертэйнмент: Astro Bot, Black Myth: Wukong оны шилдэг тоглоомоор нэрлэгдлээ

Өмнөх оны онцлох тойм нийтлэлүүд:
2015 оны онцлох үйл явдлууд
2016 оны онцлох үйл явдлууд
2017 оны онцлох үйл явдлууд
2018 оны онцлох үйл явдлууд
2021 оны онцлох үйл явдлууд
2022 оны онцлох үйл явдлууд
2023 оны онцлох үйл явдлуудUnread

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:
- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Сэтгэгдэл бичих (1)


B Bid 2025.01.02 66.181.186.114
"Агаарын бохирдлын чанар сайжирна" гэхээр бохирдол ихсээд, нэмэгдэнэ гэж ойлгоод бна, буурах биш сайжирна