Шинэ оны мэнд.
Эрхэм уншигч танаа 2023 оноо үдэж, 2024 оноо угтан авч буй энэ цаг мөчид бид уламжлал ёсоор өнгөрсөн оны гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Бид сар бүрийг тодорхойлсон онцлох түлхүүр үгсийг салбар салбарын заавал мэдэх ёстой үйл явдлуудтай холбон тоймоо бэлтгэлээ.
Долоо хоногийн тоймтой үргэлж хамт байж, улам бүр хичээх сэдлийг төрүүлдэг эрхэм уншигчид та бүхэндээ талархлаа илэрхийлж, шинэ ондоо амжилт, ололтоор дүүрэн байхыг хүсье. 2024 онд бид танд илүү бүтээлч, илүү хүртээмжтэй контентыг түгээхийг хичээн ажиллах болно.
Сайхан баярлаарай.
НЭГДҮГЭЭР САР: ЦОМХОТГОЛ + ХЭЛЦЭЛ + АВАТАР
I. Технологийн компаниудын их цомхотгол өрнөлөө
Цар тахлын үеэр хэт тэлсэн технологийн салбар хөрсөн дээрээ бууж, их цомхотгол жилийн турш өрнөв. Энэ оны эхний сард л гэхэд Google, Microsoft, Amazon, Twitter зэрэг гигантууд нэгэн зэрэг шахуу цомхотголоо зарласан нь Цахиурын хөндийг тэр чигт нь донсолголоо. Amazon хамгийн их буюу 18 мянган ажилтнаа халсан бол Google 12 мянган хүнээ чөлөөлсөн нь нийт ажиллах хүчнийх нь 6%-тай тэнцэнэ. 2023 оны эцэс гэхэд нийт 191 мянган ажилтан зөвхөн технологийн салбарын цомхотголд өртжээ.
II. Microsoft OpenAI-д 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийв
ChatGPT-г бүтээгч Open AI 29 тэрбум долларын үнэлгээтэй нэмэлт хөрөнгө оруулалт татлаа.Уг компанид аль 2019 онд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан Microsoft дахин 10 тэрбум долларыг олгов. Хэлцлийн хүрээнд Microsoft хөрөнгө оруулалтаа нөхөх хүртлээ нийт орлогын 75%-ийг авах бөгөөд компанийн 49%-ийг эзэмшинэ. Ингэснээр тэд энэ жилийн туршид AI-д суурилсан давуу талаа Bing, Office 365, Teams зэрэг өөрсдийн үндсэн бүтээгдэхүүнүүдтэй хослуулж, байр сууриа улам бэхжүүлж чадлаа.
III. Avatar-ийн борлуулалт 2 тэрбум долларыг давлаа
Камерон дахиад л ялав. "Avatar 2" хоёр тэрбум долларын борлуулалтыг давсан түүхэн дэх 6 дахь бүтээл боллоо. Найруулагч Ж.Камероны "Titanic", "Avatar 1" бүтээлүүд нь энэ жагсаалтад багтдаг. Мөн гол дүрийн жүжигчин З.Салданагийн хувьд эдгээрээс 4-т нь тоглосон ховорхон амжилтын эзэн боллоо. Тэрээр "Avatar"-аас гадна "Avengers"-ийн цувралд тоглосон билээ. Түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй буюу 460 сая доллараар бүтэн уг кино одоогоор 2.3 тэрбум долларын орлогоор Avatar, Avengers: Endgame-ийн ард л бичигдэж байна.
Бизнес: MMC, Erdene Resource стратегийн түншлэл үүсгэв /MSE/
Нийгэм: Хуваагдсан дэлхий дэх хамтын ажиллагаа /Reuters/
Технологи: CES 2023-ын хамгийн, хамгийн /Gizmodo/
Энтертэйнмент: Алтан бөмбөрцгийн ялагчдыг эргэн санахуй /Vanity Fair/
Спорт: Н.Жокович 22 дахь их дуулгадаа түрүүллээ /ATP/
Шинжлэх ухаан: James Webb телескоп анхны дэлхийтэй төстэй гарагаа илрүүллээ /NASA/
Эргэн дурсах:
01.8-01.15: Алтан бөмбөрцөг + AI бооцоо + Озоны цоорхой
01.16-01.22: Давос + Цомхотгол + Аватар
01.23-01.29: Мөхлийн цаг + Ерөнхийлөгчийн хориг + Оскар горилогчид
Unread/7 хоногийн тойм
ХОЁРДУГААР САР: ГАМШИГ + ХОГВАРТС + ЧАТБОТ
I. Турк, Сирид хүчтэй газар хөдөлж, 59 мянган хүн амиа алдлаа.
9 цагийн зайтай явагдсан 7.8 болон 7.5 баллын газар хөдлөлт Турк, Сирийн хилийн ойролцоох суурин газрыг тэр чигт нь хамарч, сая сая хүний амьдралыг бүр мөсөн өөрчлөв. Нийт амиа алдагсдын тоо 59 мянгыг давжээ. 120 мянган гэмтэл авч, 1.5 сая хүн орон гэрээ алдаж, эдийн засагт 149 тэрбум долларын хохиол амсав. Ташрам дурдахад, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 мянга орчим аврагчид цаг хугацаатай уралдан авран хайх ажиллагааг явуулж байгаагийн дотор Монгол улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж амжилттай ажилласан билээ.
II. Харри Поттерын шинэ тоглоом энэ жилийн бүх рекордыг тогтоов.
Энэ оны хамгийн өндөр хүлээлттэй видео тоглоомд тооцогдож байсан "Hogwarts Legacy" нээлтээ хийхээсээ өмнө л дээд амжилт тогтоож, фенүүдийнхээ урмыг хугалсангүй. Домогт Харри Поттерын ертөнцөд өрнөх уг тоглоомын урьдчилсан борлуулалт Epic, Steam-ийн жагсаалтыг тэргүүлж, Twitch дээрх үзэлтийн тоо нь нэгэн зэрэг 1.2 саяд хүрч мөн рекорд тогтоосон. Улмаар нээлтийн эхний хоёр долоо хоногтоо 12 сая хувь зарагдсан уг тоглоом 5-р сар гэхэд тэрбум долларын орлогын босгыг давсан билээ. Зохиолч Ж.Роулингийн трансжендерийн үзэл баримтлалын улмаас уг тоглоомын бойкотлох давлагаа сошиалд хүчтэй өрнөсөн нь олны анхаарлыг татах бас нэгэн үндэс болсон юм.
III. AI-ийн өрсөлдөөн хайлтын салбарт нэвтэрч улам ширүүсэв.
AI-ийг эзэмших их тулаан талбар бүрд өрнөсөөр. 2-р сард Google, Microsoft дараалан өөрсдийн хайлтын системдээ AI чатбот нэвтрүүлснээ зарлав. Эхлээд Microsoft даруухан амжилттай Edge хөтөч болон Bing хайлтын системдээ ChatGPT-г нэвтрүүлсэн нь ихээхэн шуугиан тарьж, 24 цагийн дотор 1 сая шинэ хэрэглэгчтэй болжээ. Мэдээж хайлтын мангас Google зүгээр суусангүй. Тэд өөрсдийн хөгжүүлж буй "Bard" нэртэй хиймэл оюунаа танилцуулж, зөвхөн хайлтаас гадна Google Map, Gmail зэрэг бусад үйлчилгээнүүддээ интеграц хийхээ зарлав. Гэсэн ч танилцуулгын үеэр "Bard"-ын дэлгэцэн дээр гаргасан хайлтын хариулт нь "худлаа баримтыг харуулсан" нь ил болж, түүний улмаас Google-ийн толгой компани Alphabet-ийн үнэлгээ нэгхэн өдрийн дотор 100 тэрбум доллараар буурав. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл байлаа. Baidu, Alibaba, Naver, Amazon, Meta зэрэг топ компаниуд бүгд өөр өөрсдийн хэлээр, өөрсдий онцлогтой уялдуулсан AI-ийг хөгжүүлж эхэлж байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүсгэв.
Бизнес: Hybe SM Entertainment-ийг худалдан авлаа /CNN/
Нийгэм: Байден Украинд нэг жилийн ойгоор зочлов /NYTimes/
Технологи: Samsung-ийн Galaxy S23 танилцуулагдлаа /Unread/
Энтертэйнмент: Beyonce Грэммигийн амжилтыг эвдлээ /Variety/
Спорт: Леброн Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны рекордыг эвдлээ /NBA/
Шинжлэх ухаан: Эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтийн эсрэг эм туршигдлаа /Nature/
Эргэн дурсах:
01.30-02.05: Ultra + DC + AI
02.06-02.12: Microsoft vs Google + Газар хөдлөлт + Түүхэн оноо
02.13-02.19: Чатботын галзуурал + Хүрдгүй машин + Марио Парк
02.20-02.26: Нэг жил + Олеато + Ухаалаг уруул
Unread/7 хоногийн тойм
ГУРАВДУГААР САР: TikTok + Оскар + Дампуурал
I. АНУ TikTok-ийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэв.
АНУ-ын Конгресс TikTok-ийн асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгууллаа. "Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц", "Хятадын засгийн газрын нөлөөтэй" хэмээх тодотгол дагуулсан TikTok-ийн CEO Шоу Зи өөрийн биеэр сонсголд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөв. Нэр бүхий зургаан гишүүн ерөнхийлөгч Ж.Байденыг тусгай зарлиг гаргаж, зөвхөн Америкт л гэхэд 150 сая хэрэглэгчтэй болсон TikTok-ийг Америкийн нутаг дэвсгэрт хориглох эсвэл АНУ-ын компанид зарахыг шаардахыг шахсаар байлаа. TikTok-ийн CEO аюулгүй байдал хангах тал дээр жилд 1.5 тэрбум долларыг зарцуулж байгаа ч Хятадын нөлөөг үгүйсгэх хангалттай баримт харуулж чадаагүй. Хэдий TikTok-ийг олон мужийн захиргаа төрийн албаны хэрэглээний утсан дээр ашиглахыг хориглосон ч контент бүтээгчдийнх нь нөлөө улам нэмэгдсээр байгааг үгүйсгэх аргагүй.
II. "Everything Everywhere All At Once" Оскарыг өнгөлөв
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа шуугиан дуулианаар дүүрэн өнгөрлөө. Энэ үдшийн гол дүр нь нэр дэвшсэн 11 төрлөөсөө 7-д нь ялалт байгуулсан "Everything Everywhere All At Once" байв. Тус кино наадмын оргил шагнал болох "Шилдэг бүтээл"-ээс гадна "Шилдэг найруулагч, "Шилдэг оригинал зохиол" гэсэн шагналуудыг өөрийн болгосныг онцолъё. Малайз гаралтай М.Йео 60 насандаа Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж, энэ амжилтад хүрсэн анхны ази эмэгтэй болов. Мөн Б.Лийтэй хүүхэд насандаа дүр бүтээж олонд танигдсан Вьетнамд төрсөн Ке Кван "Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин"-ээр, 1978 оны "Halloween"-ийн од Ж.Лий Куртис "Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин"-ээр тус тус тодров. A24-ийн түүхэнд 100 сая долларын орлого олсон анхны кино болсон тус кино "Алтан Бөмбөрцөг", "BAFTA", "SAG" зэрэг топ 7 наадамд бүгдэд нь манлайлсан онцгой амжилтын эзэн болжээ.
III. Америкийн банкуудын дампуурал нийгмийг цочроов
Америкийн банкны салбарт 2008 оноос хойшхи хамгийн том хямрал тохиож байна. Цахиурын хөндийн технологийн салбарын хамгийн гол түнш Silicon Valley Bank ердөө 48 цагийн дотор үйл ажиллагаа нь доголдон дампуурлын ирмэгт ирж, улмаар засгийн газрын тусгай удирдлагад шилжлээ. Энэ хугацаанд тус банкны хэрэглэгчид нийт 42 тэрбум долларын татан авалтыг хийсэн нь өнгөрсөн жилийн Нобелийн шагналыг хүртсэн "банкнаас зугатаах" үзэгдлийн тод жишээ болов. SVB-ийн хувьд хөрөнгийн хэмжээгээрээ АНУ-ын зах зээлд 16-д эрэмблэгддэг банк. Гэхдээ 40 жилийн түүхтэй тус компани сүүлийн жилүүдэд технологийн стартап, венч хөрөнгө оруулагчдын хамгийн найдвартай түнш гэдгээрээ ялгарах болсон юм. Үүнээс гадна First Republic, Silvergate зэрэг салбарын тоглогчид дампуурлаа зарласан нь нийгэмд айдас төрүүлэв.
Бизнес: ChatGPT бизнесүүдэд нээлттэй болов /OpenAI/
Нийгэм: Ши Жинпинг 100%-ийн саналаар яллаа /BBC/
Технологи: MWC явагдлаа /TN/
Энтертэйнмент: "We ❤️ NYC" брэнд шинэчлэгдлээ /New Yorker/
Спорт: ОУОХ испортын тэмцээнээ зарлалаа /IOC/
Шинжлэх ухаан: 3D принтерээр бүтээсэн пуужинг хөөргөлөө /Engadget/
Эргэн дурсах:
02.27-03.05: MWC-ийн сонин + ChatGPT-ийн хэрэглээ + Tesla-ийн төлөвлөгөө
03.06-03.12: Гэнэтийн уналт + Тесла хот + Бинг тэсрэлт
03.13-03.19: Оскарын одод + Чатбот өрсөлдөөн + Сансрын өмсгөл
03.20-03.26: ТикТок сонсгол + Хэвлэсэн пуужин + Дизайны тулаан
Unread/7 хоногийн тойм
Дөрөвдүгээр сар: Max + Нэгдэл + Артемис
I. Warner Bros.Discovery стриминг платформоо шинэчиллээ
Warner Bros. Discovery-ийн гүйцэтгэх захирал Д.Заслав шинэ стриминг платформынхоо нэрийг албан ёсоор зарлалаа. Шинэ нэгдэл үүсэхээс өмнө бие даасан үйлчилгээ байсан HBO Max, Discovery-г нэгтгэсэн платформ цаашид "Max" гэсэн нэртэй байх юм. Эхний ээлжинд Америкийн зах зээлд нээгдэх уг үйлчилгээг 2024 оны эцэс гэхэд дэлхий даяар ашиглах боломжтой болох гэнэ. Олон шинжээчид чанартай, хит контентуудаараа алдартай HBO-г нэрнээсээ хасаж байгаа нь эрсдэлтэй алхам гэж дүгнэж байгаа. Гэхдээ удирдлагын зүгээс шинэ брэнд нь Netflix, Disney+-тэй өрсөлдөхүйц хоногшуулалт үүсгэх потенциалтай хэмээн үзэж байгаа нь энэ. Max-ийн зар сурталчилгаатай үйлчилгээ нь сарын 9.99 доллар байх бөгөөд илүү өндөр чанартай, олон хэрэглэгч зэрэг ашиглах боломжтой хувилбар нь 19.99 доллараар үнэлэгдэх аж.
II. UFC, WWE нэгдлээ
Дэлхийн тулааны спортын хамгийн алдартай хоёр брэнд нэгдэж байгаагаа зарлалаа. Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо UFC-ийг эзэмшигч Endeavor зохиомжит буюу "нохой" зодооны холбоо WWE-г худалдаж авсан нь энэ. 21 тэрбум долларын үнэлгээтэй болж буй шинэ нэгдлийн 51%-ийг Endeavor эзэмших ажээ. Үлдсэн 49% нь WWE-ийг хувьцаа эзэмшигчдэд ноогдоно. Дуэйн Жонсон, Халк Хоган зэрэг супер оддыг төрүүлсэн WWE-ийн хувьд эвент болон медиа нэгж нь тэдэнд 1 тэрбум долларын орлогыг дангаараа авчирдаг. Телевиз, дижитал дамжуулалтын эрх болон үнэнч үзэгчдийн суурь нь тэднийг UFC сонирхох болсон гол шалтгаан. UFC-ийн хувьд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зөвхөн өнгөрсөн жилийн орлого нь 1.3 тэрбум долларт хүрсэн юм. Тэд WWE, UFC-ийн нэгдэл нь дэлхийн хамгийн хүчирхэг энтертэйнмент брэндийг үүсгэж байгаа хэмээн онцолжээ.
III. NASA сарыг зорих нисгэгчдээ зарлалаа
Хагас зууны дараа эх дэлхийгээс саран дээр очих анхны хүмүүс тодорлоо. 2025 оны сүүлээр товлогдсон уг хөлгийн бүрэлдэхүүнд нийт 4 эрхэм багтсан байна. Эдгээрийн гурав нь Америк, нэг нь Канад улсын иргэн юм. Хөлгийн ахлагчаар 47 настай Рэйз Уайзмэн ажиллана. Тойрог замд 165 хоног ажиллаж байсан туршлагатай тэрээр сөнөөгч онгоцны нисгэгчээр ажиллаж байснаас гадна системийн инженерчлэлийн зэрэгтэй гэнэ. Хөлгийн нисгэгчээр ажиллах Виктор Гловер тойрог замд ажилласан анхны Африк гаралтай нисгэгч болж байсан нэгэн. Харин 44 настай Кристина Кохын хувьд саран дээр очих анхны эмэгтэй болох гэж байна. Тэрээр 2019 онд задгай сансарт гарсан анхны дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багт ажиллаж байв. Харин хөлгийн мэргэжилтнээр ажиллах Жереми Хансен сарыг зорих анхны Канад хүн болох учиртай.
Бизнес: Alibaba бизнесээ зургаан хэсэгт хуваах болсноо зарлалаа /CNBC/
Нийгэм: Д.Трамп эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдсан анхны ерөнхийлөгч боллоо /NYTimes/
Технологи: И.Маск X.Ai-ийг байгууллаа
Энтертэйнмент: Супер Мариогийн кино тэрбумын орлого оллоо /Variety/
Спорт: Монголын 3х3 баг Азийн аварга боллоо /FIBA/
Шинжлэх ухаан: Японы сарны хөтөлбөр бүтэлгүйтэв /CNBC/
Эргэн дурсах:
03.27-04.02: Хуваагдал + Завсарлага + Төгсгөл
04.03-04.09: Супер Марио + Шинэ Фанта + Сарыг эзлэгчид
04.10-04.16: Max + X.AI + P7
04.17-04.23: Starship-ийн дэлбэрэлт + Humane-ийн туршилт + Fox-ийн буулт
04.24-04.30: Нууц чат + Цөмийн хориг + Бүтэлгүй буулт
Unread/7 хоногийн тойм
Тавдугаар сар: Титэм + Fold + CEO
I. Их Британийн хаан Чарльз титмээ гардлаа.
Өдгөө 74 настай түүнд хааны титэм гардуулах ёслолын ажиллагаа 2 цагийн турш үргэлжилжээ. Түүхт ёс, уламжлалт дэгийн дагуу ёслолын ажиллагаа хамгийн сүүлд 1952 онд явагдаж байв. Энэ жилийн ёслолд нийт 2300 хүндэт зочин уригдаж оролцсоны дотор Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрийн хамтаар багтсан билээ. Хаан Чарльзын хүндэтгэлийн парадад нийт 2 сая гаруй иргэн оролцож, шинэ хаан болон хатанд баяр хүргэжээ. Амралтын өдрүүдээр уг ёслолтой холбоотой бэлэг дурсгалын зүйлс, хэрэглэлийн эрэлт нэмэгдэж, эдийн засагт 10 тэрбум долларын өсөлтийг авчрах тооцоог судлаачид гаргаад байсан юм. Тэрээр тус улсын түүхэнд хамгийн өндөр насандаа титэм зүүсэн эрхэм болж байгаа нь энэ. Түүний ээж хатан хаан Элизабет хамгийн удаан төр барьсан дээд амжилтыг тогтоож, 96 насандаа таалал төгссөн билээ. Ёслолын арга хэмжээний нийт зардал 125 сая доллар байжээ.
II. Google нугардаг утас танилцууллаа
Google-ийн шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж, програм шинэчлэлүүдээ танилцуулдаг I/O арга хэмжээ олон сонирхолтой мэдээллээр дүүрэн байлаа. Энэ өдрийн эхний од нь Google Pixel байв. Тэд анх удаа нугардаг загварын Pixel Fold-оо зарласнаас гадна Pixel Tablet, илүү хямд үнэтэй утас Pixel 7A-г танилцуулав. Нугардаг утасны трендэд өнгө нэмэх хүлээлттэй байгаа Pixel Fold-ийн хувьд 1799 долларын үнэтэй байх бөгөөд бүрэн дэлгэгдсэн үедээ 7.6 инчийн дэлгэцтэй болох аж. Гэхдээ энэ өдрийн жинхэнэ од нь Bard байв. Google-ийн ChatGPT болон Microsoft-д өгч буй хариулт Bard-ийг одоо хүн бүр ашиглах боломжтой болжээ. Үүнээс гадна Google-ийн үндсэн бизнес хайлт нь хиймэл оюунтай холбогдсноор хэрэглэгчид илүү олон сонголттой болж байна. Bard болон энэ өдөр зарлагдсан шинэ модель PaLM нь Google-ийн нийт 25 үйлчилгээтэй бүрэн интеграц хийснээ зарласан нь салбарыг донсолгосон хүчтэй мэдээ болов.
III. Twitter шинэ гүйцэтгэх захиралтай болов
Түүний нэр бол Линда Яккарино. Тэрээр 2011 оноос хойш дэлхийн хамгийн хүчирхэг медиа, энтертэйнмент компаниудын нэг NBCUniversal-ийн зар сурталчилгаа, түншлэл эрхэлсэн захирлаар ажиллаж байв. И.Маск жиргээнд явуулсан санал асуулгын дүнд ялагдаж, ойрын хугацаанд гүйцэтгэх захирлаа томилно гэдгээ амлаад байсан. И.Маскийн энэ томилгоо Twitter-ийг топ брэндүүдтэй ойртуулж, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгын илрэл болов. Өдгөө 60 настай Л.Яккарино уламжлалт медиагийн үр дүн хэмжилтийн загварчлал болон системийг шинэчилж, Apple, Snapchat, Youtube зэрэг дижитал компаниудтай урт хугацааны гэрээ байгуулснаараа алдартай. Хамгийн сүүлд тэрээр Peacock дижитал стримингийн стратеги дээр ажиллаж байжээ.
Бизнес: Arm 2023 оны хамгийн том IPO-г зарлалаа /Reuters/
Нийгэм: ДЭМБ цар тахал дууссаныг зарлалааа /WHO/
Технологи: Antrophic 450 сая долларын хөрөнгө оруулалт татлаа /Morning Brew/
Энтертэйнмент: "Баавгай болохсон" Каннын Фестивалд сонгогдлоо /Ub.life/
Спорт: 2026 оны ДАШТ-ийн лого, брэндинг зарлагдлаа /FIFA/
Шинжлэх ухаан: Microsoft цөмийн нэгдэх урвалын технологид хөрөнгө оруулав /The Verge/
Эргэн дурсах:
05.01-05.07: Төгсгөл + Титэм + Туслах
05.08-05.14: Google-ийн эргэн ирэлт + Vice-ийн гунигт дампуурал + Microsoft-ийн шинэ бооцоо
05.15-05.21: Твиттерийн өрсөлдөгч + ТикТок хориг + Тендерийн ялагч
05.22-05.28: IndexGPT + C919 + Build 2023
Unread/7 хоногийн тойм
Зургаадугаар сар: 126 + NVIDIA + Месси
I. УИХ-ын гишүүдийн тоо 126 болно
- Улсын Их Хурал түүхэн шийдвэр гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гишүүдийн тоог нэмлээ. Ингэснээр 2024 оны сонгуулийн дараагаар УИХ-ын гишүүдийн тоо 126 болон нэмэгдэх боллоо. Үүнтэй зэрэгцэн сонгуулийн тогтолцоонд мөн өөрчлөлт орсон. 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдах бөгөөд 78 гишүүн нь мажоритар буюу тойргоос, 48 гишүүн нь пропорционал буюу жагсаалтаар сонгогдоно. Оны сүүлд батлагдсан шинэ хуулиар томсгосон 13 тойргоор сонгууль явагдах нь тодорхой болсон билээ. Монгол улс хамгийн сүүлд 2012 онд холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байв.
II. Nvidia-ийн үнэлгээ 1 их наядыг давлаа
Чип бүтээгч Nvidia 1 их наядын клубт элссэн технологийн 6 дахь компани боллоо. Үүнээс өмнө Google, Microsoft, Amazon, Apple, Meta энэ амжилтыг үзүүлж байв. Хиймэл оюуны тэсрэлттэй холбоотойгоор хүчирхэг чипний хэрэглээ тасралтгүй нэмэгдэх болсон. 30 жилийн турш өндөр үзүүлэлт, хүч сайтай технологид бооцоо тавьсаар ирсэн NVidia-ийн борлуулалт үүнтэй зэрэгцэн нэмэгдсэн нь ч санаандгүй амжилт биш. Тэд сүүлийн 3 сард л гэхэд 2 тэрбум долларын ашиг олжээ. Хамгийн сүүлд Nvidia Computex 2023 арга хэмжээгээ хийсэн тэд DGX GH200 суперкомпьютерээ зарлаж, клоуд технологийн тусламжтай AI модель сургах замыг нээсэн. Мөн ACE хэмээх шинэ хөдөлгүүрээ зарласнаар видео тоглоом хөгжүүлэгчдэд AI-ийг ашиглах боломжтой болгосон билээ.
III. Месси АНУ-ыг сонголоо
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг Лионель Месси эцсийн сонголтоо хийж, Америкт карьераа үргэлжлүүлэх боллоо. Хамгийн сүүлд ПСЖ-д хүчин зүтгэж байсан тэрээр MLS-ийн Интер Майами багтай гэрээ байгуулжээ. Тус клубыг өөр нэг домог Д.Бекхэм эзэмшдэг юм. Өдгөө 35 настай Мессид Саудын Арабаас тэрбум доллартай тэнцэх гэрээний санал ирсэн тухай мэдээлэл гараад байсан. Мөн төрөлх клуб Барселона ч түүнийг авчрах оролдлого хийсэн нь талаар болжээ. Месси шинэ гэрээний хүрээнд Adidas-аас өмсгөлийн борлуулалт бүрээс хувь хүртэхээс гадна Apple-ийн шууд дамжуулалтын төлбөрөөс ч орлого авах гэнэ. Месси Америкт ирсэн нь 2026 онд ДАШТ-ийг хүлээн авах орны хувьд эерэг ПР болж байна. Интер Майами клубын тасалбарын борлуулалт 28 дахин нэмэгдэж, Инстаграм дагагчдын тоо нь 6 саяар өссөн байна. Мөн өмсгөлийн борлуулалт нь хэдийнээ түүхэн рекордыг эвджээ.
Бизнес: META шинэ VR төхөөрөмжүүдээ зарлалаа /The Verge/
Нийгэм: ОХУ-д төрийн эргэлт хийх оролдлого гарлаа /Reuters/
Технологи: АНУ хиймэл махыг хэрэглээнд зөвшөөрлөө /AP/
Энтертэйнмент: "Spider-Man: Across the Spider-Verse" бокс оффисыг тэргүүллээ /Variety/
Спорт: Манчестер Сити требл хийлээ /CNN/
Шинжлэх ухаан: Санчир гарагийн дагуулаас фосфор илрүүлжээ /Space/
Эргэн дурсах:
05.29-06.04: 126 гишүүн + 1 их наяд + Quest 3
06.05-06:11: Apple-ийн амбиц + Месси Майамид + Түүхэн требл
06.12-06.18: Шинэ аваргууд + Рубик эвлүүлэгч + Амьд гараг
06.19-06.25: Сүйрэл + Бослого + Тулаан
Unread/7 хоногийн тойм
Долоодугаар сар: Барбенхаймер + Threads + MEF
I. Барбенхаймерын халуурал дэлхийг нөмрөв.
Энэ зуны хамгийн өндөр хүлээлттэй кинонууд нээлтээ хийж, цар тахлын дараах бокс оффисын хамгийн эрэлттэй долоо хоног тохиолоо. Mattel-ийн домогт тоглоом барби, атомын бөмбөгийг бүтээгч Р.Оппенхэймерийн намтар кинонууд нээлтээ хийсэн даруйдаа хагас тэрбум долларын орлогыг олж, энэ жилийн гол рекордуудыг бүгдийг нь эвдэв. Barbie-ийн хувьд маркетингийн маш өвөрмөц, топ брэндүүдтэй хамтран ажилласан кампанит ажлаараа энэ зуны өнгийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй. Нээлтийн долоо хоногтоо л 374 сая доллар олсон нь 2023 оны хамгийн өндөр амжилт. Найруулагч Г.Гервигийн хувьд эмэгтэй найруулагчдын дебют долоо хоногтоо хамгийн өндөр орлого олсон амжилтыг мөн тогтоолоо. Тэгвэл алдарт найруулагч К.Ноланы ээлжит бүтээл "Oppenheimer" дэлхий даяар 174 сая долларыг цуглуулж, жагсаалтын 2-р байрт бичигдлээ. Эдгээр кинонууд хожим 2024 оны Оскарт хамгийн олон төрөлд нэр дэвших болсон билээ. Одоогоор Barbie нийт 1.4 тэрбум долларын орлого олсон бол Oppenheimer тэрбумын босго давах нь цаг хугацааны асуудал болоод байна.
II. Instagram Twitter-ийн өрсөлдөгчийг зарлалаа.
Instagram өндөр хүлээлттэй байсан текст суурьтай сошиал апп-аа танилцууллаа. Threads нь шууд утгаараа Twitter-тэй өрсөлдөж, бичил блогийн зах зээлийг эзлэх зорилготой юм. IG-ийн аккоунтаараа нэвтэрч, дагадаг хэрэглэгчдээ "дагуулаад" орох боломжтой гэдгээрээ давуу талтай Threads нь эхний өдрөө 30 сая таталттай болсон нь түүхэн үзүүлэлт байв. Эхний долоо хоногтоо л 100 сая хэрэглэгчтэй болсон нь мөн л түүхэнд байгаагүй амжилт болжээ
III. Монголын Эдийн Засгийн Чуулган явагдлаа.
10 дахь удаагийн Монголын Эдийн Засгийн Чуулган Улаанбаатар хотноо явагдлаа. Төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт энэ жил "Welcome to Mongolia" гэсэн сэдвийн хүрээнд зохиогдсон. Анх удаа зуны улиралд явагдсан уг чуулганд нийт 2000 гаруй зочид оролцож байгаагаас 800 гаруй нь гадаад улсаас хүрэлцэн ирж байна гэдгээрээ онцлогтой юм. Энэ жилийн арга хэмжээ Монгол улсын хамгийн том түнш Рио Тинтогийн 150 жилийн ойн баярын ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлогтой. Тус компанийн ТУЗ-ын дарга Д.Бартон тэргүүтэй хүндэт зочдоос гадна J.P.Morgan, Goldman Sachs зэрэг 50 гаруй банк, санхүүгийн салбарын тэргүүлэгч компаниуд Монголд ирэв. Тиймээс стратегийн зорилтот сэдвүүдэд хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж, шинэ санхүүжилтийн гарц энэ жилийн гол сэдэв болов. Энэ жилийн арга хэмжээ зөвхөн үндсэн хэлэлцүүлгээс гадна дагалдах арга хэмжээтэй явагдаж байгаа нь онцлохуйц байв. Залуучуудад зориулсан "MEF Youth", академик судалгааны тайлангууд хэлэлцэх "Index Stage" болон 10 гаруй соёлын арга хэмжээ чуулганы хүрээнд зохион байгуулагджээ. Энэ жилийн арга хэмжээг CNN, Bloomberg, FT зэрэг 10 гаруй олон улсын хэвлэл сурвалжлав.
Бизнес: Apple 3 их наядын үнэлгээтэй анхны компани боллоо /Fortune/
Нийгэм: Дэлхийн хамгийн халуун өдөр бүртгэгдлээ /Reuters/
Технологи: Meta ChatGPT-ийн өрсөлдөгчөө зарлалаа /FB/
Энтертэйнмент: Дэлхийн хамгийн том бөмбөлөгөн байгууламж ашиглалтад орлоо /The Verge/
Спорт: К.Ледеки 18 дахь алтаа хүртэж, Фелпсийг гүйцэв /CBS/
Шинжлэх ухаан: Роботоор элэг шилжүүлэн суулгав /New Atlas/
Эргэн дурсах:
06.26-07.02: 3 их наяд + Топ 1500 + №1
07.03-07.09: MEF + Threads + Донат
07.10-07.16: Ажил хаялт + Түүхэн нислэг + Шинэ фонт
07.17-07.23: Барбенхэймер + X + Llama 2
07.24-07.30: Нугардаг утасны эрин + Хамгийн халуун сар + Үүрд баяртай, жиргээ!
Unread/7 хоногийн тойм
Наймдугаар сар: X + Сар + Арилжаа
I. Энэтхэг улс сарны гүрэн боллоо.
Тэд АНУ, ОХУ, БНХАУ-ын дараа саран дээр газардсан дөрөв дэх улс, өмнөд туйлд буусан анхны улс болж байгаа нь энэ юм. Газардах мөчийг нийт 7.5 сая хүн шууд үзэж, дэлхий даяараа амьсгаа даран хүлээж байв. Тус улсын ерөнхий сайд Н.Моди шинжлэх ухааныг дээдэлсэн улс орон хөгжлийн замд хөтлөгддөг гэдгийг онцлон, дараагийн зорилгоо сансрын нисгэгчийг илгээх гэдгээ тунхаглажээ. Chandrayaan-3 хөлөг эх дэлхийгээ орхисноос хойш 22 хоногийн дараа сарны тойрог замд нэвтэрч, улмаар 2 долоо хоногийн дараа амжилттай газардсан нь энэ. Үүнээс өмнөхөн ОХУ-ын Luna-25 хөлөг ижил байрлалд газардах оролдлого нь бүтэлгүйтэж осолдоод байсан билээ. Энэтхэгийн хувьд 2019 онд Chandrayaan-2 хөлөг нь мөн газардаж чадалгүй осолдон, том хохирол амсаж байсан юм. Тэд цаашлаад саран дээр байнгын бааз үүсгэх, судлаачид урт хугацаагаар амьдрах нөхцлийг судлах зорилготой байгаа юм. Сонирхуулахад уг төслийн төсөв ердөө 75 сая доллар байсан гэнэ.
II. Twitter-ийн брэнд X болон өөрчлөгдлөө.
И.Маск мөрөөдлөө биелүүлж, Twitter-ийн нэрийг албан ёсоор X болгон өөрчиллөө. Хамгийн эхэнд логогоо сольсон тэрээр Playstore болон App Store дахь апп-ийн нэрийг ч тэр чигт нь өөрчлөв 24 цагийн дотор темплэйт ашиглан бүтээсэн логогоо тэрээр Сан Франциско дахь төв оффисынхоо дээвэрт мөн байрлуулаад амжсан. Twitter нэртэй хаягийг ч хуулж, апп, веб дээрх бүх тэмдэглэгээнүүдийг тэр чигт нь сольжээ. 44 тэрбум доллараар Twitter-ийг худалдаж авсан И.Маскийн хувьд зөвхөн сошиал медиа платформоос гадна төлбөр тооцоо, видео, онлайн худалдаа зэргийг бүгдийг нь багтаасан супер апп бүтээх амбицтай байгаа. Түүнийгээ "X" гэсэн нэрийн дор нэгтгэхээр зорьж байгаа юм.
III. Америкт хувцас загварын шинэ эзэнт гүрэн үүслээ.
Coach-ийн толгой компани Tapestry гол өрсөлдөгчдийн нэг Capri Holdings-ийг 8.5 тэрбум доллараар худалдан авлаа. Tapestry-ийн харьяанд Coach-аас гадна Kate Spade, Stuart Weitzman гэсэн брэндүүд багтдаг. Одоо тэд Capri-ийн Michael Kors, Jimmy Choo, Versace зэрэг брэндүүдийг эзэмших болж байна. Эдгээр зургаан брэнд нэгдсэнээр 75 улсын зах зээлд борлуулагддаг, 12 тэрбум долларын борлуулалтын орлоготой сүлжээ үүсэж байна. Зардал хэмнэх, нийлүүлэлтийн сувгаа нэмэгдүүлэх, талентаа хуваалцах замаар тэд илүү өндөр орлого олох боломжтой хэмээн итгэж байгаа юм. Үүнээс гадна тэд LVMH (Louis Vuitton, Dior, Givenchy), Kering (Gucci, Balenciaga, Yves Saint Laurent) зэрэг Европын топ компаниудтай өрсөлдөхүйц нөөцтэй болж байна. Сонирхуулахад, энэ зах зээлд дэлхийд тэргүүлэгч LVMH-ийн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого 87 тэрбум доллар байжээ.
Бизнес: Дэлхийн хамгийн том хэвлэлийн газруудын нэг Simon and Schuster зарагдлаа /CNBC/
Нийгэм: Улаанбаатарт их үер тохиолоо /Unread/
Технологи: Telegram сторитой болжээ /Techcrunch/
Энтертэйнмент: Hasbro медиа бизнесээ зарлаа /Hasbro/
Спорт: Зүүн Азийн Залуучуудын наадам Улаанбаатарт явагдлаа /UB2023/
Шинжлэх ухаан: Өрөөний температурд ажиллах супер дамжуулагчийн сураг /The Verge/
Эргэн дурсах:
07.31 - 08.06: Үер + LK-99 + Р.Жобс
08.07 - 08.13: 4000 алхалт + Луна-25 + Тэрбумын наймаа
08.14 - 08.20: Анхны наадам + Дэлхийн аварга + Бүтэлгүй нислэг
08.21 - 08.27: Газардсан нь + Баривчлагдсан нь + Тэврэлдсэн нь
Unread/7 хоногийн тойм
Есдүгээр сар: Пап + 15 + Дээж
I. Ромын Пап Монголд айлчиллаа
Католик шашины тэргүүн Ромын Пап Францис Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүний хувиар хийж буй төрийн айлчлал нь түүний Азид зочилж буй анхны тохиолдол болжээ. Сонирхуулахад, өдгөө 86 настай Пап 777 жилийн өмнө Монголын эзэнт гүрний хаан Гүюгээс ирүүлсэн Пап IV Иннокентэд ирүүлсэн захидлын хуулбарыг бэлэг болгон авчирчээ. Тэрээр айлчлалын эхэнд олон нийтэд хандан хэлсэн үгэндээ хоёр орны 700 гаруй жилийн түүхтэй харилцааг дурдаж, Монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн өв, хувь нэмрийг онцлон тодотгосон юм. Авилгалын асуудал, хөр хөнөөлийг цохон тэмдэглэсэн тэрээр Монгол нутгийн шашины эрх чөлөө, нүүдэлчин соёл иргэншлийн онцлогоор дамжуулан даян дэлхийн энх тайван, байгаль орчны асуудалд хамтын ажиллагаа үүсгэх хүсэл зорилготой байгаагаа илэрхийлжээ. Пап Францис шашин хоорондын уулзалтын үеэр “Хаана гэр байна тэнд амьдрал бий. Монгол гэр бол төөрсөн хүмүүсийн итгэл найдварын оч юм” хэмээн хэлснийг онцолъё.
II. iPhone 15 танилцуулагдлаа
Apple шинэ үеийн iPhone 15 утсаа танилцууллаа. iPhone 15 нь энгийн, Plus, Pro, Pro Max гэсэн хувилбаруудтайгаар худалдаанд гарах бөгөөд эхлэлийн үнэ нь 799 доллар байна гэнэ. Тэд дэлхийн хамгийн анхны 3 нанометрийн чипийг танилцуулсан нь видео тоглоом сонирхогчдын хувьд том мэдээ байв. Энэ бол гар утасны тоглоомын зах зээлд "хувьсгал болохуйц" үйл явдал гэсэн үг. iPhone 15 Pro-ийн хувьд сансрын стандарт гэгдэх титан их биетэй болсон нь гол давуу тал байлаа. Мөн тэд Европын холбооны шинэ зохицуулах журамтай холбоотойгоор бүх оролтоо USB-C болгон шинэчилжээ. Үүнээс гадна Roadside Assitance нэртэй функцийн тусламжтайгаар хиймэл дагуулын технологи ашиглан яаралтай түргэн тусламж дуудах, цаашлаад хүний амь аврах боломжтой болсон гэдгээ онцлов.
III. NASA анх удаа астеройдын дээжийг эх дэлхийдээ хүлээн авлаа
2016 онд хөөрсөн OSIRIS-REx хөлөг 7 жилийн дараа 250 грамм орчим хөрсний дээжийг Бенну хэмээх астеройдоос тээвэрлэн буусан нь энэ юм. Өөрөөр хэлбэл бид 2 тэрбум км-ийн зайг туулсан илгээмжтэй болсон гэсэн үг. Эрдэмтэд эндээс нарны аймгийн эхэн үеийн тухай судлах боломжтой гэж үзэж байгаа. Бүр цаашлаад, органик биетийн ул мөрийг илрүүлж, амьдралын эх үүсвэрийн талаар мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой. Бенну астеройд нь дэлхийгээс 500 сая жилээс өмнө үүссэн хэмээн судлаачид үзэж байгаа юм. NASA-ийн хувьд энэхүү дээжээ нээлттэй судалгаанд ашиглана гэдгээ мэдэгдээд байгаа. Үүнээс өмнө Японы сансрын агентлагийн Hayabusa хөлөг 2 удаагийн хөөрөлтөөр Рюүгү хэмээх астеройдоос 5 грамм орчим хөрс авчраад байсан юм. Эдгээр нь одон орон судлалд үлэмж нөлөө үзүүлэх боломжтой хэмээн тэд үзэж байна.
Бизнес: Медиагийн хамгийн хүчирхэг эрхэм Р.Мюрдок ажлаа өглөө /WSJ/
Нийгэм: Финлянд анхны дижитал пасспортыг нэвтрүүллээ /New Atlas/
Технологи: Meta Connect явагдлаа /The Verge/
Энтертэйнмент: "Сэр сэр салхи" Венецийн наадмаас шагнал хүртлээ /Screen Daily/
Спорт: Герман сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлэв /The Guardian/
Шинжлэх ухаан: Neuralink туршилтанд орох хүмүүсээ шалгаруулж эхлэв /Neuralink/
Эргэн дурсах:
08.28 - 09.03: Папын айлчлал + Нар судлаач + Зууны домэйн
09.04 - 09.11: Сэр сэр салхи + Андройд лого + Шинэ аварга
09.12 - 09.18: iPhone 15 + Google-ийн монополчлол + AI форум
09.19 - 09.25: Алсын илгээмж + Азийн наадам + Анхны туршилт
09.26 - 10.01: Meta AI + CS2 + CMF
Unread/7 хоногийн тойм
Аравдугаар сар: Дайн + Шагнал + Наймаа
I. Израйл, Палестины дайн эхэллээ.
Израйл улс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлалаа. Палестиний салан тусгаарлагч бүлэглэл Хамасын гэнэтийн дайралтын дараагаар 2 тал ээлж дараалан гал нээж, Газын зурвас орчимд хүмүүнлэг, геополитикийн асар том хямрал өрнөж байна. Одоогийн байдлаар 25 мянга орчим хүн амиа алдсаны 8000 гаруй нь хүүхэд байсан үзүүлэлт бий. Нийт 2.5 сая хүн орон байраа алдаж, ойр орчмын хуаранд амь зогоож байна. 2 тал 11-р сард 7 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрч, 400 гаруй барьцааны иргэдээ солилцсон билээ.
II. Нобелийн шагналтнууд тодорлоо.
Яг одоо шоронд хоригдож Ираны активист Н.Мохаммади Нобелийн энх тайвны шагналтан боллоо. Өдгөө 51 настай тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. Түүнд төрийн эсрэг суртал явуулсан хэргээр 31 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Утга зохиолын салбарын шилдгээр Норвегийн зохиолч, яруу найрагч Ж.Фоссе нэрлэгдлээ. "Үгээр илэрхийлж боломгүй зүйлсийн талаар инновацлаг жүжиг, зохиол туурвисных нь төлөө" хэмээн шагнал олгохдоо онцолсон байна. Харин Харвардын их сургуулийн эдийн засагч Клаудио Голдин хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн ялгаа, эрэгтэй эмэгтэй ажилчдын цалин хөлс, оролцооны ялгаатай байдлын талаарх судалгаагаараа энэ жилийн ялагч боллоо. Тэрчлэн сая сая хүний амийг аварсан Ковид 19-ын вакцины суурь болсон mRNA технологийг хөгжүүлсэн эрдэмтэд К.Карико (Унгар), Д.Вайсман (АНУ) нарт анагаах ухааны Нобелийн шагналыг олгожээ.
III. Microsoft-ийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт эцэслэгдлээ
Тэдний видео тоглоомын гигант Activision Blizzard-ийг 69 тэрбум доллараар худалдан авах хэлцлийг Их Британийн зохицуулах байгууллага хүлээн зөвшөөрчээ. Үүнээс өмнө тус байгууллага энэ наймааг монополийн шинж чанартай, шударга бус өрсөлдөөнийг өдөөнө хэмээн үзэж хориг тавиад байсан билээ. Энэ наймаа 2022 оны 1-р сард хамгийн анх зарлагдсан. Гэсэн ч Microsoft АНУ, Их Британи, Европын Холбоо тэргүүтэй нийт 16 улсын зохицуулах байгууллагад шалгагдаж, өрсөлдөгчидтэйгөө зөвшилцөж, шаардлагыг хангасны үндсэн дээр ийн ард нь гарч байна. Тэд Activision-ийн хамгийн алдартай тоглоом Call of Duty-г гол өрсөлдөгчид болох Sony, Nintendo-той хуваалцах тохиролцоо хийж, бүр клоуд тоглоомын бизнесээ Ubisoft-д зарахыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр Xbox-ийг эзэмшигч Microsoft-ийн портфолиод Call of Duty-ээс гадна Diablo, Guitar Hero, Warcraft, Overwatch зэрэг топ тоглоомууд нэмэгдэж байна. Үүгээр зогсохгүй Activision-ийн 2016 онд худалдан авч байсан гар утасны тоглоом бүтээгч King-ээр дамжин Candy Crush, Farm Heroes зэрэг хит тоглоом ч багтана. Тэд хэдийнээ Minecraft, Forza, Halo зэрэг хит тоглоомыг бүтээгчдийг эгнээндээ нэгтгээд байсан билээ.
Бизнес: Chevron, Exxon Mobil томоохон наймаа хийлээ /Reuters/
Нийгэм: НҮБ AI-ийн зөвлөл байгууллаа /UN/
Технологи: Starlink үүрэн холбооны үйлчилгээ үзүүлнэ /Starlink/
Энтертэйнмент: Т.Свифтийн концертийн кино бокс оффисыг эзэгнэв /Variety/
Спорт: Азийн наадам өндөрлөлөө /AP/
Шинжлэх ухаан: NASA астеройд судлах төслөө эхлүүллээ /NASA/
Эргэн дурсах:
10.02 - 10.08: Дайн + Нобель + Пиксел
10.09 - 10.15: Астеройдын эрэлд + Цалингийн ялгаа + Дуусдаггүй наймаа
10.16 - 10.22: Олимпын спорт + Теслагийн цэнэглэгч + Спрайт коктэйл
10.23 - 10.29: Баяртай, Чандлер! + AI дайн + Санчир судлаач
Unread/7 хоногийн тойм
Арваннэгдүгээр сар: Гэмтнүүд + Эргэлт + Humane
I. Криптогийн томчууд асуудалд орооцолдлоо
Крипто ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхэмүүдийн нэг Сэм Банкман-Фридийг шүүхээс гэм буруутай хэмээн үзлээ. Сар хагас үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн эцэст түүнийг нийт 7 хэрэгт буруутгаж байгаа юм. Үүнд мөнгө угаах, хөрөнгө оруулагчдыг худал мэдээллээр хангах, хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан зэрэг заалтууд багтаж буй. Тэрээр хамгийн ихдээ 115 жилийн ял авах боломжтой гэнэ. 2019 онд FTX нэртэй крипто бирж байгуулсан тэрээр Alameda нэртэй судалгааны байгууллагаараа дамжуулан нийт 8 тэрбум долларыг залилсан хэмээн үзэж буй. Хэрэглэгчдийн хөрөнгийг тэрээр эрсдэлтэй хөрөнгө оруулах, улс төрийн лоббид ашиглах, үнэтэй үл хөдлөх авах зэрэгт зарцуулсан гэдэг нь баримтаар батлагдаад байгаа юм. Тэгвэл үүний дараахан криптогийн өөр нэг лидер Жао Чанпен мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. CZ нэрээрээ танигдсан тэрээр 2017 онд Binance-ийг үүсгэн байгуулж, крипто арилжааны хамгийн том бирж болтол нь удирдсан билээ. Тэрээр 50 сая долларын торгууль төлж, гурван жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болов. АНУ-ын эрх баригчид Binance-ийн олон улсын акт, дотоодын журмыг зөрчиж 100 мянга гаруй сэжигтэй гүйлгээг хийсэн, түүнийгээ албан ёсоор тайлагнаагүйг онцлов. Эдгээр дунд Хамас, Ал-Каида, Кассам зэрэг террорист бүлгэмүүд, Иран, Хойд Солонгостой холбоотой бүлэглэлүүд хүртэл багтсан байх магадлалтай гэнэ. Сүүлийн 4 жилийн турш өрнөсөн шалгалтын дүнд Binance 4.3 тэрбум доллараар торгуулж, АНУ-ын зах зээл дэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоох болсон байна.
II. OpenAI-д засаглалын хямрал нүүрлэв.
OpenAI-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Алтман ажлаасаа халагдаж, дараахан нь эргэн ирж, ажлаа буцаан авав. Ашгийн бус статустай тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр маш гэнэтийн байсан. Хиймэл оюуны чиглэлд хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгддэг, OpenAI-ийн үүсгэн байгуулагчдын нэг Илья Суцкевер энэ "эргэлтийг" удирдаж, С.Алтманд шийдвэрийг танилцуулсан гэнэ. Энэ нь компанийн бизнесийн үйл ажиллагаа болон судалгаа шинжилгээний багийн хооронд үл ойлголцол үүссэнийг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэжээ. Үүний дараа Microsoft-ийн CEO С.Наделла болон компанийн дийлэнх ажилчид С.Алтманыг эргүүлэн авчрахыг шаардсан тухай мэдээ гарсан. Эх сурвалжууд ТУЗ огцрохоор зэхэж байгаа тухай мэдээлж байсан ч Twitch-ийн CEO-оор ажиллаж байсан Э.Шиарыг шинэ гүйцэтгэх захирлаар томилсноо зарласнаар хэлцэл амжилтгүй болсон нь тодорхой болсон юм. Харин С.Алтман болон өөр нэг үүсгэн байгуулагч Г.Брокман нар Microsoft-ийн хиймэл оюуны багийг удирдан ажиллах болсон тухай мэдээ гарсан билээ. Гэтэл үүний дараа компанийн 700 гаруй ажилтны дийлэнх нь түүнийг дагана гэдгээ захидлаар мэдэгдсэн нь эргэлтийн цэг болж, OpenAI-ийн ТУЗ огцорч, С.Алтман CEO-ийн албандаа эргүүлэн томилогджээ. Одоогоор энэхүү "драмагийн" шалтгаан тодорхой болоогүй л байна.
III. Анхны AI төхөөрөмж зарлагдлаа.
AI-ийн давлагаан дунд хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн стартапуудын нэг Humane анхны төхөөрөмжөө зарлалаа. AI суурьтай зүүдэг төхөөрөмж хөгжүүлж байсан тэд AI Pin нэртэй энгэрийн пинг танилцуулсан нь энэ юм. Humane-г Apple-ийн экс инженер, гэр бүлийн хосууд үүсгэн байгуулсан билээ. 699 долларын үнэтэй уг төхөөрөмж нь 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь энгэрийн төхөөрөмж, нөгөөх нь тогтоогч зориулалттай батарей. Snapdragon процессороор тоноглогдсон уг төхөөрөмжийг хэрэглэгч гарын хөдөлгөөн, дуу хоолойгоороо удирдах боломжтой. Мөн 13 мегапикселийн камер, гарын алган дээр ажиллах проектортой хосложээ. Уг төхөөрөмж нь сарын 24 долларын төлбөртэй нэмэлт үйлчилгээгээр дамжуулан дугаар, дататай ирэх учир ухаалаг гар утсыг орлох потенциалтай хэмээн үнэлэгдэж байна. Хэрэглэгч зөвхөн дуудлага хийх, мессеж уншихаас гадна камерыг ашиглан аливаа биетийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, шууд орчуулга хийх зэрэг олон үйлдэл гүйцэтгэх боломжтой ажээ.
Бизнес: Disney Frozen-ийн паркаа нээлээ /CNN/
Нийгэм: АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгчид уулзав /VOA/
Технологи: Дэлхийн хамгийн том агаарын хөлөг хөөрлөө /Techcrunch/
Энтертэйнмент: The Beatles AI ашиглан сүүлийн дуугаа цацлаа /Unread/
Спорт: Саудын Араб улс 2034 оны ДАШТ-ийг зохионо /CNN/
Шинжлэх ухаан: Starship-ийн түүхэн нислэг дахин бүтэлгүйтэв /Wired/
Эргэн дурсах:
10.30 - 11.05: Аймшгийн хурдан + Крипто шүүх + AI цугларалт
11.06 - 11.12: Аварга хөлөг + Дуудлага орчуулагч + iPhone-ийн алуурчин
11.13 - 11.19: OpenAI-ийн хямрал + Ерөнхийлөгчдийн уулзалт + Бүтэлгүй нислэг
11.20 - 11.26: Binance-ийн хямрал + Black Friday-ийн сэргэлт + Гал зогсоох хэлэлцээр
Unread/7 хоногийн тойм
Арванхоёрдугаар сар: IHC + Свифт + Cybertruck
I. IHC Esports PUBG-ийн дэлхийн аварга боллоо.
Туркийн Истанбул хотноо болсон PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын IHC Esports баг түрүүлж, түүхэн амжилт үзүүллээ. 3 жилийн өмнө 3-р байрт шалгарч байсан тус баг энэ удаад 400 мянган долларын шагнал хүртсэн юм. Тэмцээний 2-р байрт мөн Монголын баг Stalward Esports тодров. Харин 4 Merical Vibes-ийн хувьд дөрөвдүгээр байрт бичигдэж Монголын цахим спортын комьюнитигийн хувьд амжилт арвинтай тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор IHC Esports-ийн Zyol нэрлэгдсэн байна.
II. Т.Свифт оны онцлох хүнээр тодорлоо.
Time сэтгүүлийн оны онцлох хүнээр АНУ-ын дуучин, артист Тэйлор Свифт нэрлэгдлээ. Тэрээр эцсийн шатны шалгаруулалтад Барби, Ши Жинпинг, В.Путин, Холливүүдийн ажил хаялт зарласан уран бүтээлчид зэрэг 9 өрсөлдөгчийг илүүрхсэн нь энэ. Өдгөө 33 настай Т.Свифт энэ жил 45 дуутай аялан тоглолтоороо дэлхийг шуугиулсан. The Eras-ийн баримтат кино бокс оффисын түүхийг бичиж, 249 сая долларын орлого олсон юм. Мөн Биллбордын топ 10-т 5 альбом нь зэрэг бичигдсэн анхны уран бүтээлч болжээ. Spotify, Apple Music-ийн шилдэг артистаар тодорсон тэрээр тэрбумтаны статустай болсныг Bloomberg мөн зарлаад удаагүй байна. Үүнээс өмнө энтертэйнмент салбараас Rihanna, Beyonce, Jay-Z нар л ийм амжилт үзүүлж байв.
III. Tesla-ийн Cybertruck худалдаанд гарлаа.
Бүр 2021 онд хэрэглэгчдийн гарт очих хуваарьтай байсан Cybertruck-ийн нээлт сүр жавхлан дүүрэн өнгөрлөө. Нийт 2 сая хэрэглэгч хэдийнээ урьдчилгаа байршуулж, захиалга өгөөд байгаа уг машин сум нэвтэрдэггүй, ирээдүйлэг дизайнаараа хэдийнээ олон нийтийн ярианы сэдэв болж эхэлжээ. 5000 кг ачааг чирэх чадалтай гэдэг нь зах зээлд хамгийн эрэлттэй Ford F-150 Lightning-аас хагас тонноор илүү үзүүлэлт. Мөн чиргүүлтэй үедээ Porsche 911-ээс илүү хурд авах чадалтайгаа тэд үндсэн промогоороо нотлов. Нэг цэнэглэлтээр 547 км зам туулах Cybertruck-ийн эхлэл үнэ 61 мянган доллар байх ажээ.
Бизнес: Adobe, Figma-ийн наймааг зохицуулагчид зөвшөөрсөнгүй /CNBC/
Нийгэм: COP28 түүхэн эринийг эхлүүллээ /Euronews/
Технологи: Топ автомашины брэндүүд Tesla-ийн стандартад нэгдлээ /The Verge/
Энтертэйнмент: GTA VI-ийн трэйлэр рекорд эвдэв /Youtube/
Спорт: Ш.Охтани мэргэжлийн спортын хамгийн том гэрээг үзэглэлээ /MLB/
Шинжлэх ухаан: NASA 3D сансрын зураг бүтээх төслөө эхлүүллээ /NASA/
Эргэн дурсах:
11.27 - 12.03: Q + 99 + Cybertruck
12.04 - 12.10: Онцлох хүн + Gemini AI + Дэлхийн аварга
12.11 - 12.17: Unplug Tomorrow + Нэр дэвшигчид + Шинэ сургууль
12.18 - 12.24: Тоглоом хязгаарлав + Тугаа солив + Наймаа бүтэлгүйтэв
Unread/7 хоногийн тойм
Өмнөх оны нийтлэлүүд:
2015 оны онцлох үйл явдлууд
2016 оны онцлох үйл явдлууд
2017 оны онцлох үйл явдлууд
2018 оны онцлох үйл явдлууд
Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд