Бодлогын мэтгэлцээний ес дэх дугаар дижитал шилжилт, мэдээллийн технологийн сэдвээр үргэлжиллээ. Энэ удаагийн дугаарт оролцсон зарим нэр дэвшигч өгөгдсөн сэдвээс гадуур хувийн асуудлаа ярьж, цөөнгүй удаа мэтгэлцээний дүрмийг зөрчсөн тул хоёр болон гуравдугаар үеийн яриаг хассан гэдгийг сануулах нь зүйтэй.

Ес дэх удаагийн УИХ-д сонгуульд нэр дэвшиж буй нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр цөөнгүй зорилго зорилт багтсаныг уншигч та анзаарсан биз ээ. Тэгвэл эл салбарт ирэх дөрвөн жилд хийгдэх өөрчлөлт, шинэчлэл авчирч, хэрэгжих бодлого, шийдвэрийн талаар нам, эвслийн төлөөллүүд ийн ярьсан юм. 

1-р дугаарын тойм

2-р дугаарын тойм

3-р дугаарын тойм

4-р дугаарын тойм

5-р дугаарын тойм

6-р дугаарын тойм

7-р дугаарын тойм

8-р дугаарын тойм

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

9-Р ДУГААР “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?


Ардчилсан намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Ц.Жадамбаа - Их засаг олон улсын Их сургуульд Эрхзүйн бакалавр, хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалж, БНСУ-ын Сөүлийн үндэсний Их сургуулийн Инженерийн сургуулийг мэдээллийн технологи, бодлого төлөвлөлт инженерээр төгсжээ. Хуульч, мэдээллийн технологийн төлөвлөлтийн инженер мэргэжилтэй.

Монгол Ардын намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Н.Учрал - Их Британийн Buckingham-ийн Их сургуульд Олон улсын бизнесийн удирдлага, МУБИС-д Түүхч, Малайзын Limkokwing-ийн Их сургуульд Хүний нөөцийн удирдлага, Их засаг олон улсын Их сургуульд Эрхзүйч мэргэжлийг эзэмшсэн. Тэрээр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажилладаг.

ХҮН намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Эрдэнэбат - МУИС-ийг Хэрэглээний математикч, компьютерийн шинжлэх ухааны магистр, АНУ-ын DeVry Их сургуулийг Мэдээллийн технологийн инженерийн магистраар төгссөн. “Гэрэгэ системс” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн даргаар ажилладаг.

Ард түмний хүч намаас 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт нэр дэвшигч Л.Гүндалай - Зүүн Германы Халле хотын Мартин Лютерийн нэрэмжит Халле-Виттенбергийн Их сургуулийг Эмчийн мэргэжлээр төгссөн, Ард түмний хүч намын дарга.

Бүгд Найрамдах намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Б.Жаргалсайхан - ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Сансрын физикчээр төгссөн Бүгд Найрамдах намын дарга.

Шинэ нэгдсэн эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч А.Бархүү - Уралын техникийн Их сургуулийн барилгын дулаан агааржуулалтын инженерийн магистр, СЭЗИС-ийг банкны зээлийн эдийн засагчаар төгссөн. Монголын банкируудын холбооны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

ЮУ ЯРИВ? 

Ардчилсан намаас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Ц.Жадамбаа

1. АН-ын мөрийн хөтөлбөрт юун түрүүнд интернэтийн хүртээмжийг сайжруулж, түүгээр дамжуулан иргэдэд нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх тухай тусгасан. Хоёрдугаарт төрийн мэдээлэл ашиглагчийг хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлж, төрийн мэдээллийг нээлттэй, ил тод болгоно. Гуравдугаарт өгөгдлийн давтамж, давхардлыг арилгах чиглэл дээр ажиллана. Мөн хүүхэд бүрд компьютер өгөх хөтөлбөрийг санаачилж байгаа. (1-р үе Нээлттэй индэр)

2. Суурь дэд бүтэц, дата нь хийгдсэн байхад тэр үйлчилгээг төрөлжүүлэх, ангилах ажил бүх улс оронд хийгддэг. Одоо ганцхан асуудал үлдэж байгаа нь мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшил, ААН, компаниуд өөрсдөө програм бичдэг, төрийн үйлчилгээг цааш авч явдаг, үүнээс олсон ашгаараа стартап буюу өөрийнхөө төслийг санхүүжүүлдэг, цаашлаад тэрхүү төслөөрөө дэлхийд өрсөлдөх ирээдүйн төлөө явах ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн салбарын бодлого дан ганц аппын түвшинд буюу жижиг түвшинд байдаггүй гэсэн санаа юм. (2-р үе Халз мэтгэлцээн: “Төрийн цахим шилжилтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэхэд танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?”)

3. Маш энгийн жишээ хэлэхэд цагдаа дээр хиймэл оюун ухаан аливаа хороонд хэдээс хэдэн цагийн хооронд ямар гэмт хэрэг бүртгэгдэж байна, тэр цагт нь цагдаагаа яаж байршуулах, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг тооцоолж өгдөг. Одоо бол үүнийг мэргэжлийн экспертүүд хийгээд сууж байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрүүлэх хамгийн боломжтой буюу ингэж л ашиглах ёстой. (3-р үе: Иргэдийн асуулт “Хиймэл оюун ухааны хөгжлилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?”)

4. Н.Учрал сайдын хэлдгээр хувийн хэвшлийн програм хангамжийг дэмжих чиглэлийн хуулиудыг баталсан учраас цаашид төрийн үйлчилгээг хувийн компаниуддаа өгөх хэрэгтэй. Монголын компаниуд Цахиурын хөндийд гаръя гэхэд наад зах нь онгоцны тасалбараас эхлээд асуудал гарна. Тэгэхээр эдгээр компани өөрийн гэсэн эх үүсвэр, мөнгөтэй байх хэрэгтэй бөгөөд тэднийг дэмжих эхний хөшүүрэг бол төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр дамжуулж хийх анхан шатны ажил юм. (4-р үе: Халз мэтгэлцээн “Төрийн цахимжилтын үед хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах вэ? Төр, хувийн хэвшлийн түншлэл үнэхээр ажиллаж байна уу?”)

5. Бид бодлогын түвшинд 5G сүлжээний шаардлагатай суурь сүлжээний дэд бүтцийн багтаамжийг хэрхэн нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн багтаахын тулд юу хийхэд анхаарч байгаа. (5-р үе: Хаалтын илтгэл)


Монгол Ардын намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Н.Учрал

1. МАН-ын мөрийн хөтөлбөрт хиймэл оюун ухаан, Big data-ийн агентлагийг бие даан байгуулах, Google, Amazon, Nvidia-тай хамтарч 1000 мэргэжилтэн бэлтгэж, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтыг тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)

2. Технологи цайндаа гардаггүй, авлига авдаггүй, арын хаалгаддаггүй. Тэгэхээр авлигын эсрэг хамгийн зөв шийдэл бол технологи. Төрийн үйлчилгээ цахимжиж, хүртээмж нь иргэдэд ойртсоноор төр иргэндээ очиж үйлчилдэг болсон байна. Орчин үеийн залуучууд технологийн дэвшлийг ашиглаад авлигыг бууруулах, нийгмийн хандлагыг өөрчлөх чиглэлээр олон ажил хийж байгаа. Энэ хамтын ажлын үр дүнд үсрэнгүй он жилүүд 2019 оноос хойш манай салбарт тохиож байна. (2-р үе: Халз мэтгэлцээн “Төрийн цахим шилжилтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэхэд танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?”)

3. Улс төрийн сонгууль болж буйтай холбогдуулаад манай салбарыг ямар нэг байдлаар улс төртэй холбохгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид өнгөрсөн хугацаанд Open data дээр 50 байгууллагын 1471 өгөгдлийг нэгтгэсэн. www.shilen.gov.mn дээр байгаа эдгээр 970 мянга орчим мэдээллийг яагаад нэгтгэсэн бэ гэвэл хиймэл оюун ухааныг төрийн бодлого шийдвэрт ашиглах гэж л тэр юм. Open data байхгүй, их өгөгдөл боловсруулаагүй цагт хиймэл оюун ухаан ярих боломжгүй. Дараагийн үе үеийн Засгийн газар энэ өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухааны сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. (3-р үе: Иргэдийн асуулт “Хиймэл оюун ухааны хөгжлилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?”)

4. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 5-р бүлэгт бид хийж байсан ажлаа, дараагийн дөрвөн жилд хийх ажлуудаа үндэслэл тооцоололтойгоор зорилго, зорилтууд бичсэн. Эцэстээ аль ч улс төрийн нам төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, хоорондоо өрсөлдөхгүй байх, бодлого үйл ажиллагаанд нь оролцохгүй байх, харилцаа холбооны салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаанаар ухаалаг шийдвэр гаргах ажлуудыг зорилтоо болгох л ёстой. (4-р үе: Халз мэтгэлцээн “Мэдээллийн технологийн салбар уул уурхайн дараа орох экспортын чухал салбар болох боломжтой юу? Үүний тулд ямар ажлууд хийх вэ?”)

5. Мэдээлэл технологийн салбарт Үндэсний баялгийн сангийн орлогын нэгээс доошгүй хувийг зарцуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мөн www.mindgolia.mn дээр Монголын програм хангамж бүтээгчдийн нийт бүтээгдэхүүнийг байршуулж, шууд төр худалдан авах системтэй холбон төр, хувийн хэвшлийг өрсөлдөхгүй байх зарчмыг барьж ажиллана. (5-р үе: Хаалтын илтгэл)


ХҮН намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ц.Эрдэнэбат

1. Бид нүүрсийг л баялаг гэж харж байна. Гэтэл үнэндээ үнэлж баршгүй баялаг маань хүн юм шүү дээ. Тиймээс ХҮН намын хувьд бүтээгчдээ дэмжих нь нэгдүгээр зорилго байх болно. (1-р үе: Нээлттэй индэр)

2. Оюуны өмчийг нь хамгаалахгүй бол бүтээгч төрөхгүй. Тэгэхээр тэр санааг хамгаалдаг тогтолцоог бий болгож, хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын орчин чухал. Стартапын нөхцөл байдлыг ойлгодог хөрөнгө оруулагчид байхгүй байна. (2-р үе: Халз мэтгэлцээн “Технологид суурилсан гарааны бизнесийн экосистемийг хэрхэн дэмжих вэ?”)

3. Аливаа зүйлд мэргэжлийн хандах ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Хиймэл оюун гэдэг датагаар тэжээгддэг тул юун түрүүнд бид Дата төвийг хийж, өргөн утгаараа хөгжин асар их дата тэнд хадгалагдаж байж сая нэг хиймэл оюун ухаан ажиллана. (3-р үе: Иргэдийн асуулт “Хиймэл оюун ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?”)

4. Өнгөн дээрээ харахад төр, хувийн хэвшил хамтраад байгаа мэт боловч дотор нь орохоор тийм байдаггүй. Тэдний гол хамтрал бол төр олж байгаа орлогоосоо хувийн хэвшилтэйгээ хуваалцах ёстой явдал. Мөн төр янз бүрийн систем бүтээхгүй гэсэн зарчмыг гаргасан. Ялангуяа бүтээх үйл явцад нь битгий саад бол. Салбарын өөдөөс шулуухан хэлэхэд биднийг яаж дэмжих вэ гэж асуудаг. Битгий дэмж, харин биднийг тайван орхичих. (4-р үе: Халз мэтгэлцээн “Төрийн цахимжилтын үед хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах вэ? Төр, хувийн хэвшлийн түншлэл үнэхээр ажиллаж байна уу?”)

5. Би хоёр зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, энэ улсын гамшиг болсон авлигаас бид технологийн хүчээр л сална. Ямар нэг сайн хүн гарч ирээд сайн хууль хийгээд авлигаас салдаггүй юм байна. Муу хүн очоод ч хулгай хийж болдоггүй системийг бүтээх ёстой. Хоёрдугаарт, бид улс төр хийж байна гээд хүнээ байдаг энэ завхарлыг болимоор байна. Өнөөдөр бизнес, хувь хүн, улс төрд итгэлцэл гэж алга болсон. Үүнийг больё. Манай нам энэхүү нийгмийн гажгийг тогтолцооны сууриас нь засахгүй бол болохгүй юм байна гэж үзсэн. (5-р үе: Хаалтын илтгэл)


Ард түмний хүч намаас 4-р тойрог буюу Хөвсгөл, Орхон, Булган аймагт нэр дэвшигч Л.Гүндалай

1. Манай нам бол МАНАН, улс төр, эдийн засгийн бүлэглэлтэй холбоогүй, тэдний гар хөл биш цорын ганц нам юм шүү гэдгийг иргэд сонгогчдод итгэлтэйгээр хэлж чадна. (1-р үе: Нээлттэй индэр)

3. Нэгдүгээрт, хүүхдүүд интернэтээр үзэж болохгүй зүйлсийг үзэж байна. Үүнийг яагаад хааж чадаагүй юм бэ? Хоёдугаарт, сошиал орчинд нэгнийгээ гүтгэх, доромжлох, хуурамч хаягаар дайрах явдал цадигаа алдсан. Гуравдугаарт, манай улс өөрийнхөө платформыг яагаад хийгээгүй юм бэ? БНХАУ гэхэд л хувийн платформтой шүү дээ. (3-р үе: Иргэдийн асуулт “Хиймэл оюун ухааны хөгжлилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?”)

4. Бидний ярьж байгаа энэ сэдэв чухал. Гэхдээ өмнөх ажлуудаа хийж амжуулаагүй, сошиал ертөнцөөс хүүхдүүдээ хамгаалж чадаагүй байж ийм зүйл ярих хэрэггүй. (4-р үе: Халз мэтгэлцээн “Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хилийн чандад ажиллаж буй монгол инженерүүдийг татах бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?”)

5. Ард түмний хүч нам нь Монгол Улс даяар сүлжээ бий болгох тал дээр идэвхийлэн ажиллана. Төрийн зүгээс малчны гэрт интернэт шууд очдог байх системийг хямд үнээр олгох хэрэгтэй. Үр дүнд нь малчид маань мэдээлэл авч, бидний яриад байгаа бүх зүйл тэдэнд хүрнэ. (5-р үе: Хаалтын илтгэл)


Бүгд Найрамдах намаас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Б.Жаргалсайхан

1. Бүгд Найрамдах намын хувьд ядуурлаас иргэдээ гаргах, ирэх дөрвөн жилд 600 мянган айлын орон сууцыг яаралтай барих, өндөр хүүтэй зээл, лизингүүдийн хүүг бууруулах, МУ-ын эдийн засгийг 120 их наядад хүргэх зорилт тавин ажиллана. (1-р үе: Нээлттэй индэр)

4. Одоохондоо хиймэл оюун ухаан чатботын түвшинд л явж байна. Магадгүй ойрын 4-5 жилд лаборатори, шинжлэх ухааны ололт, амжилт, нээлт, тооцоолон бодох төвүүд, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаан ноёлох нь үнэн. Гэхдээ үүнээс өмнө ядуурлын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Ядуу хүнд юун хиймэл оюун ухаан ярих юм бэ? Яагаад 18 аймгийг шилэн кабелиар холбочихгүй байгаа юм бэ? Өнөөдөр манай улс бүх салбарт хэрэглээний түвшинд байна. Өөрсдөө хийж бүтээдэггүй болсон. Манай эдийн засгийн гол асуудал энэ байна. Аж үйлдвэрээ өөдөн татаж хөгжүүлэх бодлого төр засагт алга. Тийм учраас иргэд ядуурч байна. (4-р үе Халз мэтгэлцээн: “Мэдээллийн технологийн салбар уул уурхайн дараа орох экспортын чухал салбар болох боломжтой юу? Үүний тулд ямар ажлууд хийх вэ?”)

5. Бид 33 жилийн турш МАН, АН төрийн эрх барихыг харлаа. Үүнийг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр бидэнд хүн рүүгээ чиглэсэн бодлого байхгүй байна. Мал аж ахуй, мэдээллийн сүлжээ ярьж байгаа хэрнээ яагаад монгол хүний тухай ярихгүй байгаа юм бэ? Монголын ээжүүд энэ олон хүүхдээ яаж зовж тэжээж байгаа талаар яагаад ярихгүй байна вэ? (5-р үе: Хаалтын илтгэл)


Шинэ нэгдсэн эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч А.Бархүү

1. Манай эвсэл төр, нийгэм, эдийн засгийн шинэ бодлогуудыг хэрэгжүүлж, улсаа хөгжүүлэх гурван бүлэг, 91 заалттай мөрийн хөтөлбөрийг санал болгож байна. (1-р үе: Нээлттэй индэр)

2. Бид бүхэн УИХ-д өрсөлдөж байгаа нь үнэн бол өөрсдийнхөө бодлогыг гаргаад, уриалж манлайлаад зоригтой, шийдэлтэй баймаар байна. Монголд Цахиурын хөндийг бүтээж, Монголынхоо стартапуудыг жинхэнэ утгаар нь бий болгох бүрэн боломжтой. (2-р үе: Халз мэтгэлцээн “Технологид суурилсан гарааны бизнесийн экосистемийг хэрхэн дэмжих вэ?”)

3. Дижитал шилжилтийн хөгжил дээр дэд бүтцийн асуудал яригддаг. Өнөөдөр хэдхэн код зохиож, чатбот хийчхээд Н.Учрал сайд “Хиймэл оюун ухаан ашиглаж байна” гэж ярьж байна. Энэ бол үлгэр гэж шууд хэлье. (3-р үе: Иргэдийн асуулт “Хиймэл оюун ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?”)

4. Манай намын бодлогод урт хугацааны хөгжлийн дэд бүтцийг бий болгох, санхүү орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж тусгасан. Хэрэв сонгогчид биднийг сонгох юм бол саяны ярьсан бодлогын зүйлсийг, системтэйгээр, стратегитайгаар, дунд хугацааны хөтөлбөртэйгөөр, богино хугацааны төлөвлөгөөтэйгөөр хийх бүрэн боломжтой. (4-р үе: Халз мэтгэлцээн “Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хилийн чандад ажиллаж буй монгол инженерүүдийг татах бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?”)

5. Бид дижитал шилжилт рүү орж чадахгүй өнөөх цахим дээрээ гацсаар байна. Дижитал шилжилт рүүгээ үнэн бодитоор орох гэсээр байтал маш их хугацаа, хөрөнгө оруулалт болох вий. (5-р үе: Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.