Шинэ мянган солигдох үед дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн жагсаалтыг нефть, банк санхүүгийн компаниуд тэргүүлж байв. Гэтэл хэдхэн жилийн дотор тэдгээр гигантууд байр сууриа технологийн салбарын компаниудад алдаж орхижээ. Хүний өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэв маягт шууд шингэсэн эдгээр технологийн компаниудын үнэлгээг юу ингэтэл өсгөөд байна вэ?

Энэ бол МЭДЭЭЛЭЛ.

Мэдээлэл бол байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө

Өгөгдөл бол дижитал эрин үеийн газрын тос, мэдээлэл бол боловсруулж гаргасан шатахуун гэж хэлж болно. Шатахуунгүй машин хол явахгүй шиг мэдээллээ ашиглаж чадаагүй байгууллага хөгжлөөс хоцорно, өрсөлдөөнөөс шахагдана.

Мэдээлэл нь хөрөнгөтэй адилхан хуучирдаг, үнэ цэн нь буурдаг, зөв ашиглавал үр өгөөж нь нэмэгддэг. Өнөөдөр мэдээллийнхээ үнэ цэнийг буурахаас өмнө оновчтойгоор ашиглаж байгаа компаниуд бизнесийн салбаруудад өөрчлөлт, тэсрэлт хийж байна. Цаашлаад компаниуд хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажилласнаар хамтдаа хөгжих боломжууд улам бүр нэмэгдсээр. Харамсалтай нь ихэнх байгууллага энэ хөрөнгөө зөв тодорхойлж, оновчтой ашиглаж чаддаггүйн учир нь дижитал эрин дөнгөж эхэлж, бүгд түүнд бэлэн болж амжаагүйтэй холбоотой.

Мэдээлэл гэхээр өгөгдлийн сан, файл, мэйл, цаасан дээр хадгалагдаж байгаа өгөгдөл зэрэг хамгийн түрүүнд толгойд орж ирж байгаа нь гарцаагүй. Гэхдээ ийм ярианд маш чухал үүрэгтэй, нэг том хэсгийг орхигдуулчих гээд байдаг талтай.

Энэ бол ажилтны тань тархинд байгаа мэдлэг юм.

Дээр дурдсан мэдээллүүд бол амьгүй мэдээлэл тул түүнийг хэрхэн боловсруулж, мэдлэгээр баяжуулснаас хамаарч хэр үнэ цэнтэй, амьтай бас үр өгөөжтэй мэдээлэл болж хувирах нь тодорхойлогддог. Тэгэхээр ийм мэдлэг, чадвартай ажилтнаа алдана гэдэг нь мэдээллийн хөрөнгөөсөө нэлээд чухал хэсгийг алдаж байна гэсэн үг.

Аж үйлдвэрийн 4-р хувьсал буюу энэ дижитал эринд танай компани хэр их мэдээллийн хөрөнгөтэйгээ тодорхойлж чадсан болов уу?

Мэдээллийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ?

Хэрэв мэдээлэл ийм үнэ цэнэтэй юм бол яагаад цөөхөн компани үүнийгээ үнэлж чадсан байдаг юм бэ? Зарим нь байгаа мэдээллээ зах зээлд хэдий хэр үнэ хүрч зарагдахаар нь буюу мөнгөн дүнгээр үнэлэхийг оролддог. Гэвч мэдээллийг дан ганц мөнгөн дүнгээр үнэлэх нь бас өрөөсгөл юм.

Жишээлбэл, Амазон, Алибаба зэрэг дэлхийн топ компаниудын хамгийн гол хөрөнгө бол мэдээлэл. Нэг талаас хэрэглэгчдийн эрэлтийн мэдээлэл, нөгөө талаас нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүний мэдээллийг нэгтгэх, тэдгээрийг уулзуулах нь эдгээр компаниудын хийдэг үндсэн ажил. Гэхдээ эдгээр компаниуд мэдээллээ мөнгөөр үнэлдэггүй. Учир нь мэдээлэл бол тэдний хувьд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай амьсгалах агаар нь, урсах цус нь юм. Тиймдээ ч тэд мэдээллээ мөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэж үзэн, гуравдагч компанид мэдээллээ худалдахаас татгалздаг.

Эндээс харахад мэдээлэл гэдэг бол компани бүрт харилцан адилгүй үнэ цэнтэй байдгыг ойлгож болно. Гол нь танай компанид ямар мэдээлэл байгаа, үүнээс ямар үр ашиг гаргаж болохыг нэн түрүүнд тодорхойлж, дата стратегийг гаргах хэрэгтэй. Уг дата стратеги нь гадаад орчинд танай компанийг үнэлэх бас нэгэн үнэлэмж болдог гэдгийг санаарай.

Дата стратегиа тодорхойлсноор тухайн мэдээллийг бүрдүүлэх, ашиглахад шаардлагатай шийдвэрүүд, хөрөнгө оруулалт зэрэг гол арга зам аяндаа тодроод ирдэг. Мөн үүнийгээ дагаад ажилтнууд тань тухайн мэдээллийн үнэ цэнийг ойлгож эхлэхээс гадна мэдээлэл бүртгэх, боловсруулах үйл ажиллагаанууд цэгцрэх, мэдээллийг түгээх, хадгалах, хамгаалах бодлогууд үүсэх, мэдээллийн чанар сайжрах зэрэг эерэг нөлөө бий болно.

Нэгэнт чанартай мэдээлэлтэй болсон бол одоо та түүнийг ашиглаж болно. Ашиглаад гарсан үр дүнгээ хэмжээд, түүнийг сайжруулах ямар боломж байгааг судлаад, сайжруулаад дахин ашиглаад гэх мэт цаашдаа энэ циклийг (cycle of data valuation) байнга үргэлжлүүлэх нь чухал. Гэхдээ дээр дурдсан ажлуудыг хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Үүнд сайн бодлого, сайн манлайлал, сайн баг, тохирсон технологи, процессын сайжруулалт гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг.

Дээрхи бүгдийг амжилттай хэрэгжүүлж чадвал танай компанийн мэдээллийн үнэ цэнийг тодорхойлоход тийм ч хэцүү биш байх болно.

BI TOOL - бизнесийг ухаалгаар удирдах хэрэгсэл

Товчоор хэлэхэд танай компани дээр бүрдсэн мэдээллийг ойлгомжтойгоор харуулах, шинжилгээ хийж, шийдвэр гаргалтыг түргэсгэхэд туслах зорилготой л програм хангамж. Энэ төрлийн хэрэгслүүд хангалттай олон бөгөөд өөрийн байгууллагад илүү тохиромжтойг нь судалж, сонгох нь чухал. Жишээлбэл, Мобиком ХХК-ийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Microsoft Power BI нь ашиглахад хялбар, тайлан үүсгэхэд хялбар мэргэжлийн мэдлэг төдийлөн шаарддаггүй хүчирхэг хэрэгсэл юм.

Ийм програмтай болчиход л бүх тайлангууд цэгцрээд, ажил хөнгөрөөд ирэх юм шиг буруу ойлгож болохгүйг төгсгөлд нь сануулъя. Учир нь энэ төрлийн програм нь танд байгаа мэдээллийг л цэгцэлж харуулах учир өмнөх дээр дурдагдсан мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх, хамгаалах ажлуудаа цэгцлэх нь таны эхэлж шийдэх ёстой асуудлууд юм шүү.

Мобиком Корпорацтай хамтран хүргэж буй таны бизнесийг дижитал шилжилтэд бэлтгэх цахим хөтчийн бусад дугаарууд

5G технологи ба Монгол: Сорилт, боломж, ирээдүй
Байгууллагадаа дижитал сэтгэлгээг төлөвшүүлэх гол алхамууд
Цагаан захт роботууд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх нь
Байгууллагын хүний нөөц, цахим соёлын хөтөч
Байгууллагадаа дижитал соёлыг бэхжүүлэх нь
Байгууллагаа аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлдэх нь

Unread