2025 оны анхны тоймоороо эргэн уулзаж байгаад баяртай байна.

Unread-ийн хамт олон бид жил бүрийн эхэнд тухайн жилийн өнгийг тодорхойлох хамгийн чухал, хамгийн нөлөөтэй арга хэмжээнүүдийг онцолж, гол тренд болон чиг хандлагуудтай хослуулан таамгаа дэвшүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн тухайд дэлхий, технологи, спорт, шинжлэх ухаан, энтертэйнмент гэсэн сэдвийн хүрээнд хүлээгдэж буй гол үйл явдлуудыг багцлан тоймоо бэлтгэлээ.

Хүн төрөлхтний хөгжил улам өөд тэмүүлж, бидний төсөөлөлд ч багтамгүй олон гайхамшигт үйл явдлуудтай зэрэгцэн амьдарч буй энэ цаг үед биднийг улам эерэг, улам өөдрөг ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

2025 оны турш бид та бүхэнд илүү чанартай, илүү агуулгатай тоймуудыг хүргэж, цаг завыг тань хэмнэн, мэдээлэлд ойр байх хэрэгцээг тань хангахаар улам хичээн ажиллах болно.

Танд шинэ оны мэнд хүргэе.


ДЭЛХИЙ

Бид өнгөрсөн оны таамагтаа ч дайныг зогсоно хэмээн оруулж байсан удаатай. Энэ удаад улам итгэлтэй, хамгийн түрүүнд онцолж байгаагийн шалтгаан бол мэдээж Д.Трамп.

Ирэх жилийн дэлхийн улс төр, нийгмийн өнгө тэр чигтээ Д.Трампаас хамаарна. АНУ-ын ерөнхийлөгчөөр “торолгүй” тодорсон түүний эргэн ирэлтийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Тэрээр АНУ-ыг нэгт тавих бодлого хэрэгжүүлж, НАТО болон Украйнд өгч буй санхүүжилтээ зогсоохоор зэхэж буй. Дайн зогсооход нэгхэн өдөр хэрэгтэй гэж ам алдаж байсан түүний бүрэн эрх нэгдүгээр сард эхлэнэ гэж тооцвол ирэх жил тэр чигтээ хэлэлцээрийн жил байж ч мэднэ. В.Путин ч оны эцсийн яриагаараа Трампын дуудлагыг хүлээж байгаагаа мэдэгдсэн

Германд ээлжит бус сонгууль явагдах гэж байгааг мөн анзаарах учиртай. Энэ сонгуулиар хэт барууны намуудаас бүрдсэн эвсэл ялалт байгуулах магадлал өндөртэй байгаа нь хөгшин Европын улс төрд том цохилт болно. Энэ шилжилт магадгүй Европт нүүрлээд буй дүрвэгсдийн хямралыг зогсоох эхний алхам байх боломжтой. Европ даяар дүрвэгсэд, цагаачдын хөдөлгөөнийг хязгаарлах тухай яриа, хэлцлүүд явагдсаар байгаа нь улам эрчимжих төлөвтэй.

Нөгөө талд Ойрх дорнодын асуудал нэг хэсэгтээ шийдэгдэхгүй бололтой. Сирид Б.Ассадын дэглэм нурсан ч энх тайван тийм амар тогтохгүй. Турк өөрсдийн ноёрхлоо хадгалах сонирхолтой, Израйлын дайнч хандлага зогсох шинжгүй байгаа үед дайны аюул зөвхөн Газын зурвасаар хязгаарлагдахгүй нь тодорхой.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий нийтийн хамгийн ихээр санаа зовних зүйл мөн. Бид сүүлийн жилүүдийн таамаг бүрдээ тухайн жилийг “түүхэн дэх хамгийн халуун жил болно” хэмээн бичиж, тэр бүр маань биелсээр ирсэн. Гэхдээ энэ удаад “залхуу” таамаг дэвшүүлэхийг хүссэнгүй, арай өөрийг сонголоо.

2025 оны COP29 чуулган Бразилд, Амазоны орчимд Белен хотноо явагдана. Энэ чуулганы үеэрх хамгийн том хүлээлт нь НҮБ-ын нэг удаагийн хуванцрыг хориглох тухай хэлцэл байх болно. 2022 онд анх эхэлж, 175 улсын нэгдэж боловсруулж буй хэлцлээр нэг удаагийн пластикийг тодорхой түвшинд хориглож, хаягдлыг бууруулахад чиглэж буй. Гэвч 2024 онд батлагдах байсан уг хэлцэл одоог хүртэл эцэслэгдсэнгүй. 2025 онд уур амьсгалын активистуудын хувьд хамгийн том ялалт нь энэ гэрээ байх болно.

Гурван таамаг:

1. Орос, Украин дайн зогсоох хэлцлийг эхлүүлнэ

2. Ойрх Дорнодын дайн зогсохгүй

3. Хуванцрыг хориглох зөвшилцөлд хүрнэ


МОНГОЛ

Их эвслийн засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдал 2025 оныг тэр чигт нь тодорхойлно. Парламентад хамгийн өндөр суудалтай гурван намаас бүрдсэн засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, түүнээс гурвыг нь ондоо багтаан хэрэгжүүлж эхэлсэн нь том амжилт болсныг онцлох хэрэгтэй. Чухам эдгээр төслүүд хөдлөх нь бидний ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт, амьдралын чанарын үзүүлэлтийг тодорхойлно.

Манай улсын эдийн засгийн өсөлтийг дийлэнх олон улсын байгууллагууд ихээхэн өөдрөгөөр төсөөлж буй. Гэхдээ дунджаар 6%-ийн өсөлтийн хангахад манай гол экспортын түүхий эд болсон нүүрсний үйлдвэрлэл өсөх ёстой. Тиймээс засгийн газрын зорилт болсон 100 сая тонныг экспортлох зорилгодоо ирэх онд хүрнэ хэмээн таамаглаж байна.

Монголыг сурталчлах жилийн хүрээнд аялал жуулчлалын зөөлөн хүчний бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, агаарын урсгалыг олон хотуудтай холбох ажил эрчимтэй явагдаж байгаа билээ. АНУ-тай агаарын тээврийн хэлэлцээр хийж, Чингис хаан онгоцны буудал анх удаа 2 сая зорчигч тээвэрлэжээ. Тэгвэл бидний удтал хүлээсэн 1 сая жуулчны босго 2025 онд хангагдах төлөв ажиглагдаж байна. Үүнд үндэсний компаниудын түншлэл, соёл, спортын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй.

Шинээр бүрдсэн парламент нийгмийн хамгийн чухал сэдвүүдээр сонсгол хийхээр зэхэж, төлөвлөж байгаа нь ирэх жилийн улс төрийн амьдралын хамгийн чухал сэдэв байх болно. Агаарын бохирдол, түгжрэл, хүний эрх гээд бидэнд зайлшгүй хэлэлцэж, өмнөх алдаанаасаа суралцах ёстой олон асуудлууд бий. Эдгээр асуудлуудыг урагш хөдөлгөхөд сонсгол хийж, мэтгэлцэж хэлэлцэх соёл эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой.

Үүнтэй холбоотой бид хамгийн сүүлийн таамаглалаа дэвшүүллээ. Агаарын бохирдлын голлох үзүүлэлт буурна хэмээн өөдрөг төсөөлснөө “аргаа барсан” хэмээн зөвтгөж болно. Бидэнд үүнээс илүү муудах эрх үнэндээ үгүй. Олон хүн, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьсан агаарын бохирдлоос зугтаах, шийдвэрлэх, шийдэх цаг улам багассаар байна. Тиймээс энэ жил бодит ахиц гарч, тэнгэр илүү цэлмэг, ирээдүй улам гэрэлтэй байна гэсэн хүлээлтээ үүгээр уламжиллаа.

Гурван таамаг:

1. Нүүрсний экспорт 100 саяыг давна

2. Монгол улс анх удаа 1 сая жуулчин хүлээн авна

3. Агаарын бохирдлын үзүүлэлт сайжирна


ТЕХНОЛОГИ

Ганцхан зүйл тодорхой. Ирэх жилийн тренд “мэдээж” хиймэл оюун байсаар л байх болно. Ямар түвшинд, хэрхэн, яаж гэдэг нь л сонирхолтой.

2023 оныг бид “AI-ийн тэсрэлтийн жил” гэж нэрлэж байсан бол 2024 оныг “AI-ийн түрэмгийллийн жил” байх болно хэмээн таамаглаж байлаа. Тэгвэл 2025 оныг “AI-ийн нутагшлын жил” байх болно хэмээн тунхаглаж байна.

Өнгөрсөн жил Google, Meta зэрэг томчууд AI-д ихээхэн хөрөнгө, анхаарал хаяж, алдсан байсан орон зайгаа нөхсөөр Microsoft, OpenAI-тэй ихэд ойрхон ирлээ гэж хэлж болно. Samsung, Apple, Google зэрэг масс руу бүтээгдэхүүн нийлүүлдэг топ компаниуд AI-ийг бүтээгдэхүүн, төхөөрөмж бүрдээ шингээж эхэлсэн нь “их хэрэглээ”-г өдөөх гол хүчин зүйл байх болно. Өөрөөр хэлбэл AI зөвхөн цөөхөн хэсэг нөхдийн “күүл” хэрэглээ биш, хүн бүрийн салшгүй хэрэглэх хэрэгсэл болох цаг ойртож байна гэсэн үг.

Meta-ийн Ray-Ban-тай хамтран гаргасан ухаалаг шил 2024 оны хамгийн амжилттай дебют байлаа гэж хэлж болно. Rabbit AI, Humane, Vision Pro гээд төдийлэн хүлээлтэд хүрээгүй төхөөрөмжүүдийн амжилтаас сургамж авсан цоо шинэ төхөөрөмж зах зээлд хит болох магадлалтай.

Ирэх жилийн өөр нэг анзаарах зүйл бол технологийн гигантууд болон зохицуулах байгууллагуудын харилцаа юм. Он гаргаад АНУ-д TikTok хориглогдох эсэх нь тодорхой болно. Д.Трамп дээд шүүхэд уг шийдвэрийг хойшлуулах хүсэлт өгсөн гэдэг нь TikTok үлдэх боллоо гэсэн үг огтхон ч биш. Хэдий тэр сонгуулийнхаа үеэр TikTok-ийг дэмжиж байсан ч бүр анх хаах ажлыг эхлүүлсэн нь өөрөө байсныг мартаж болохгүй.

Google-ийн хуваагдал бас тоглоомын дүрмийг өөрчлөх потенциалтай. Хайлтын зах зээлд Perplexity, SearchGPT зэрэг өрсөлдөгчид гарч ирж байгаа нь тэдэнд давуу талтай. Гэхдээ зохицуулагчид Chrome, Android-ийг салгах ёстой хэмээн мэтгэж буй. Хэдий шууд салгана гэдэг бараг “биелэгдэшгүй” даалгавар мэт санагдаж байгаа ч үр дүн ямар нэгэн байдлаар зах зээлд нөлөөлнө.

Үүнээс гадна Австралид сошиал медиаг өсвөр насныханд хориглосон нь бусад хууль боловсруулагчдад “халдварлах” магадлалтай. Үүнтэй уялдаад сошиал медиа хэрэглээн хумих, хязгаарлах, бүр тухайлбал сургуулиудад хорих зэрэг арга хэмжээг туршиж болох юм.

Жолоочгүй машины эрин үе ирж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Токио, Дубай зэрэг олон улсын хотууд анхны туршилтаа хийж эхэлсэн нь үүний баталгаа. Tesla, Uber-ийн удтал хүлээгдэж буй үйлчилгээнүүд энэ шилжилтийг түргэсгэнэ. Цахилгаан машины зах зээлд Хятадын компаниудын нөлөө хүчтэй мэдрэгдэж буй энэ үед Д.Трамп болон Европын холбооны импортын хориг ямар байдлаар тавигдах нь чухал нөлөө үзүүлнэ.

2024 он крипто зах зээлд зун ирснийг тунхагласан жил байлаа. 2025 онд ч зуны налгар, зугаатай өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Биткойны ханш нэг бус удаа рекордоо эвдэж, криптовалютын хэрэглээ өдөр тутмын амьдралд нэвтрэх цаг хэмээн бид тодорхойллоо.

Гурван таамаг:

1. АНУ TikTok-ийг хориглох шийдвэрээ цуцлана

2. Биткойн ханшийн дээд үзүүлэлтээ дахин эвдэнэ

3. AI-д суурилсан анхны хит төхөөрөмж гарна


СПОРТ

Евро, Олимптой жилийн дараа их спорт харьцангуй нам гүм жилийг угтаж байна. Гэхдээ энэ нь спортын хорхойтнуудад үзэх зүйл байхгүй гэсэн үг биш. NBA, NHL, NFL урд өмнө байгаагүй өрсөлдөөн тэнцүүхэн улирал өрнөж, Ла Лиг, Премьер лиг, Бундеслиг, Сери А-д шинэ аваргууд тодрох төлөвтэй байна.

Ирэх жилийг эмэгтэйчүүдийн спортын жил болно хэмээн тодотгох учиртай. Зургаадугаар сард Швейцарь улс эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн “Евро 2025” тэмцээнийг хүлээн авна. Мөн наймдугаар сард регбигийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга Англид явагдана. Крикетийн эмэгтэйчүүдийн ДАШТ ч зохиогдох хуваарьтай.

Харин 2025 оны календарийн жилийн хамгийн том тэмцээн их спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн ДАШТ байх болно. Есдүгээр сард Токиогийн олимпын цэнгэлдэхэд 200 гаруй улсын 2000 гаруй тамирчид цуглах билээ.

Үүнээс гадна 2025 он цахим спортын хувьд их үсрэлтийн жил байх болно. ОУОХ-оос цахим спортыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2025 оны зун Саудын Араб улсад “Цахим спортын олимпын наадам” явуулах болсон нь маш том мэдээ. Энд ямар тоглоом багтахаас эхлээд улс, улсаараа өрсөлдөнө гэдэг нь өөрөө испортын комьюнитигийн хувьд ихээхэн анхаарал татах нь гарцаагүй.

Хөлбөмбөгийн фанатуудыг түүхэнд анх удаа 32 багтай зохиогдох клубын дэлхийн аварга хүлээж байна. Гэхдээ үүнээс илүү энэ цагийн К.Роналду, Л.Месси нарын карьер ирэх улиралд дуусах юм биш биз гэсэн асуулт анхаарал татаж буй. NBA-д ч бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг Л.Жэймст ижил асуулт тавигдах болсон. Хүүтэйгээ тоглох мөрөөдлөө биелүүлчихсэн түүнд өөр ямар зорилго үлдсэн байх билээ?

Гурван таамаг:

1. Л.Жэймс зодог тайлахгүй

2. Ливерпүүл Премьер лигт түрүүлнэ

3. Монголоос топ төрлүүдэд таван дэлхийн аварга төрнө


ШИНЖЛЭХ УХААН

НҮБ-аас 2025 оныг “Олон улсын квантын шинжлэх ухаан, технологийн жил” болгон зарласан нь санамсаргүй хэрэг биш. Google-ийн Willow нэртэй квант чипын технологи комьюнитиг тэр чигт нь донсолгож, квант компьютерийн зах зээлийн төлөв байдлыг тэр чигт нь өөрчилж орхив. Ялангуяа, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын тал дээр маш том дэвшил гарах боломжтой.

2025 онд Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалттай стартап тархинд чип суулгах анхны туршилтаа хийхээр зэхэж байгаа. И.Маскийн үүсгэн байгуулсан Neuralink-тэй төстэй NEO хэмээх уг стартапын туршилт энэ чиглэлийн судалгаа, хөгжүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

NASA-ийн хувьд дөрөвдүгээр сард сансрын цаг агаарыг судлах TRACERS хөлгөө хөөргөхөөр зэхэж байгаа. Сансрын шуурга, нарны эрчимжилт, нарны аймгийн бусад биетүүдийн идэвхжлүүд нь цаг агаарт хэрхэн нөлөөлдийг судлах уг төсөл бидний ертөнцөө танин мэдэх үйлсэд чухал нөлөө үзүүлнэ. Google-ийн GenCast AI ч эх дэлхийн цаг агаарыг алдалгүй тооцоолоход түлхэц болох потенциалтай.

Япон, Хятад улсуудын сарны судалгаа энэ жил ч үргэлжилнэ. 2024 онд саран дээр газардсан тав дахь улс болсон Япон гадаргууд судлах шинэ төслөө эхлүүлж, Хятад харин сарны цаад хэсгээс цуглуулсан хөрсний дээжийн анхны шинжилгээний дүнгээ олон нийтэд танилцуулах төлөвтэй байна.

Энэ жилийн эрүүл мэндийн технологийн чиглэлийн гол трендүүд нь нойр болон жин хасалт байх гэнэ. Тиймээс дэлхийн бараг бүх топ эмийн компаниуд эдгээр чиглэлд технологи хайж байгаа хэрэг. Хамгийн сүүлд Merck Хятадын стартаптай хамтран массад зориулсан тураах үйлчилгээтэй эм бүтээх болсноо зарласан билээ. Ozempic-ийн нөлөө энэ салбарт хамгийн их мэдрэгдэнэ. Үүнтэй зэрэгцэн Oura, Samsung зэрэг компаниуд ухаалаг бөгжөөр дамжуулан эрүүл мэндийн маш чухал үзүүлэлтүүдийг цуглуулах болсныг мартаж болохгүй.

Бусад бүх салбаруудын ижлээр шинжлэх ухаанд AI-ийн нөлөө энэ жил улам нэмэгдэнэ. Google-ийн Alphafold 3 л гэхэд эм бүтээх, эм илрүүлэх үйл явцыг хэдэн жилээр урагшлуулах болсон нь 2025 оноос үр дүнгээ өгч эхлэх учиртай.

Гурван таамаг:

1. Neuralink-ийн хятад өрсөлдөгчийн туршилт амжилттай болно

2. Ухаалаг бөгж баярын борлуулалтын бестселлер болно

3. AI-ийн бүтээсэн анхны эм туршилтаа эхлүүлнэ


ЭНТЕРТЭЙНМЕНТ

2025 он энтертэйнмент бизнесийн хувьд маш онцгой жил байх болно. Үүнийг хэдхэн жишээгээр тайлбарлая. Эхнийх нь, топ медиа компаниудын хуваагдал. Comcast уламжлалт телевизийн бизнесээ тусад нь гаргаснаа шинэ хөрөнгө оруулалт татахад хялбар болгох хэмээн тайлбарласан. Disney ABC, ESPN-ийг салгаж магадгүй гэхдээ зар сурталчилгааны зах зээлийн онцлогтой холбосон. Гэхдээ үзэгчдийн анхаарал кабелийн телевизээс стриминг рүү шилжиж байгаа нь хамгийн гол өөрчлөлт. Тиймээс Warner Bros, Disney, Fox зэрэг топ компаниудын хуваагдал, нэгдэл ч ирэх жил үргэлжлэх нь гарцаагүй.

Үүнтэй зэрэгцээд стриминг платформуудын нөлөө улам нэмэгдэнэ. Netflix спортын шууд дамжуулалт руу амжилттай нэвтэрч, М.Тайсоны тулаан, NFL-ийн тоглолтоороо рекорд тогтоов. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг 2027, 2031 онд дамжуулах эрхийг авсан нь ч тэд өөрсдөдөө итгэл төгс байгаагийн илрэл. Amazon NBA-д, Apple TV+ MLS-д хөрөнгө оруулаад амжсан. Энэ тренд цаашдаа ч үргэлжилнэ. Магадгүй аль нэг стриминг платформ хөлбөмбөгийн ДАШТ эсвэл олимпын наадмын шууд дамжуулалтын эрхийг үнэ цохиж өөрийн болгож мэдэх юм.

Apple TV+, Amazon-ийн кино театрын стратеги өөрчлөгдөх магадлалтай. Одоог дэлхийн хамгийн том технологийн компаниуд зөвхөн дижитал талбарт найдаж, өндөр үнээр бүтээгдсэн, топ жүжигчдийн бүтээлээ стримингдээ л нөөсөөр байгаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй л болов уу.

Ирэх жил биднийг домогт Ж.Ганнын Superman хүлээж буй. DC-ийн ертөнцийн шинэ эхлэл тэдний ирээдүйг шууд тодорхойлно гээд хэлчихэд буруудахгүй байх. Marvel-аас Fantastic Four-ийн шинэ кино бас өндөр хүлээлттэй байна. Харин үзэгчдийн хувьд Паразитийн найруулагч Б.Жон Хогийн “Mickey 17”-г удтал, тэвчээртэйгээр хүлээсээр байгаа. “How to train your dragon”, “Jurassic World”, “Karate Kid”-ийн шинэ ангиуд бокс оффисын өнгийг тодорхойлох биз ээ.

Ирэх аравдугаар сард гарах Grand Theft Auto VI тэр чигтээ бүтэн үеийн соёлын илэрхийлэл болох нь лавтай. Трэйлэр нь үзэлтээрээ рекорд тогтоосон уг тоглоом энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй тоглоом. Үүнээс гадна The Witcher, Doom, Ghost of Yotei, Football Manager-ийн шинэ тоглоомуудыг фенүүд нь тэсэж ядан хүлээж байна.

Гурван таамаг:

1. Lionsgate шинэ эзэнтэй болно

2. Superman DC Comics-ийн хамгийн амжилттай бүтээл болно

3. GTA VI бүх рекордыг эвдэнэ

Өмнөх оны нийтлэлүүд:

2016 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2018 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2021 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2022 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2023 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд
2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Unread Wrapped 2024 цуврал нийтлэл:

- Оны онцлох аппууд
- Би хэрхэн ажилладаг вэ? - Тусгай дугаар
- Оны онцлох стартапууд
- Оны онцлох номууд
- Оны онцлох кинонууд
- 2024 онд биднийг чимсэн онцлох 24 нийтлэл
- Атаархлын жагсаалт: 2024 оны онцлох нийтлэлүүд
- 2024 оны онцлох үйл явдлууд
- 2025 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд